Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/341

 

 

 

 

     2024           03            20                                       2024/ДШМ/341

Ч.Ч-, И.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О-, тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл, С.Уламбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЦТ/815 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.Ч-, И.О- нарт холбогдох эрүүгийн 1941000430308 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч-,

 

О-,

 

Шүүгдэгч Ч.Ч- нь нийтийн албан тушаалтан буюу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ***ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн хотхоны 5 дугаар байрны 1 тоотод байрлах, 134.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 197.254.000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа боловч дээрх орон сууцыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн эх С.И-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч хөрөнгө, орлогоо нуусан,

мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Х яамны газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “***” ХХК-иар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд 150.000.000 төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн дүү И.О-ийн нэрээр тус амины орон сууцыг бариулах гэрээг байгуулж өөрийн хөрөнгө, орлогоо нуусан,

дээрх орон сууц худалдан авсан болон амины орон сууц захиалан бариулсан 347.254.000 төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” ХХК-иас газрын тос олборлох зориулалттай өрмийн тоног төхөөрөмжийг хямд үнээр худалдан авч, өөрийн төрсөн дүү И.О-ийн үүсгэн байгуулсан “М” ХХК-иар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Д” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 191.380 ам.доллараар зарж, уг үйл ажиллагаанаас олсон ашгаас тус орон сууцыг худалдан авсан гэж тайлбарласан боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Д” ХХК-иас тоног төхөөрөмжийн төлбөр 191.380 ам.долларыг “М” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 457044110 дугаартай дансаар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, уг мөнгийг Ч.Ч-ын төрсөн дүү И.О- дээрх орон сууцыг худалдан авснаас хойш хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.долларыг өөрийн Худалдаа хөгжлийн банкны *** данс руу шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг бэлнээр гаргуулан авч өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон ба Ч.Ч- нь өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт,

 шүүгдэгч И.О- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөгчийн “Уг өрмийн сэлбэг зарж олсон 191.380 ам.долларыг хэрхэн зарцуулсан бэ” гэсэн асуултад “...2015 оны сүүлээр одоо манай ах Ч-ын амьдарч байгаа Төгөл хус хотхон дахь байрыг 110.000 ам.доллароор авсан. Компанийнхаа данснаас би үлдсэн мөнгөө өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкныхаа дансанд татчихсан байсан. Тэгээд өөрийнхөө данснаас яг аль данс гэдгээ санахгүй байна данснаасаа бэлнээр авч байр зарсан хүнд нь өгсөн. Хэн гэдэг хүнээс худалдаж авснаа санахгүй байна. Манай ээж очиж гэрээ хийсэн. Зарын дагуу тэр байрыг олсон. Уг байрыг ээжид авч өгсөн боловч ээж амьдрахгүй гээд би эндээ амьдарна гээд манай ахынх Төгөл хус хотхон дахь байранд амьдрахаар болсон, одоо ч амьдарч байгаа. 2020 онд 75.000-80.000 ам.доллароор хувьцаа худалдаж авсан, хувьцаа авахдаа мөн өөрийнхөө Хас банкны ам.долларын данснаас шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгөнөөс Нүхтэд 150.000.000 төгрөгөөр байшин захиалж бариулсан, Хас банкныхаа ам.долларын данснаас шилжүүлсэн. Тэгээд өөр жижиг сажиг зүйлд хэрэглэсэн. ...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

И.О-ийн үйлдлийг мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуулаг овгийн Чулуундаваагийн Ч-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуулаг овгийн И-гийн О- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэдгээрийг цагаатгаж, Ч.Ч-, И.О- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ч.Ч- нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ***ахлах мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтаар ажиллаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн хороо хотхоны 5 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 134.5 метр квадрат талбай бүхий, 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 197.254.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууц худалдан авах гэрээг өөрийн төрсөн эх С.И-гийн нэрээр байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 100.000 ам долларыг бэлнээр арилжааны банкны данс руу орлого хийх замаар шилжүүлсэн, улмаар тухайн орон сууцанд гэр бүлийн хамтаар оршин сууж байсан үйл баримт тогтоогдсон. Тухайн орон сууцыг Ч.Ч- нь анхнаасаа эхнэрийн хамт очиж орон сууцыг үзсэн, 100.000 ам.долларыг бэлнээр авчирч, хэлсэн данс руу нь арилжааны банкаар дамжуулан бэлэн орлого шилжүүлсэн байдаг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг өөрийн төрсөн эх С.И-гийн нэрээр байгуулж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн хөрөнгө, орлогын хууль ёсны эх үүсвэрийг тайлбарлах, мэдүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх орон сууцыг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийн талаар шүүгдэгч Ч.Ч- нь хэд хэдэн удаа харилцан адилгүй тайлбаруудыг гаргасан байдаг.

Тухайлбал, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “...Төгөл хус хотхон дахь орон сууц болон Нүхтийн аманд байрлалтай амины орон сууцыг “*” ХХК-иас худалдан авсан тоног төхөөрөмжийг “Д” ХХК-д худалдан борлуулж олсон орлогоор худалдан авсан бөгөөд төрсөн дүү болон эхийн нэр дээр бүртгэлтэй тул хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй”,

2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “...Төрсөн дүү И.О- нь “Ш” ХХК-иас худалдан авсан тоног төхөөрөмжийг “Д” ХХК-д худалдан борлуулж олсон орлогоор худалдан авсан бөгөөд миний бие тухайн тоног төхөөрөмжийг худалдах үйл ажиллагаанд тусалсан, миний орлого биш...”,

2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Төгөл хаус хотхон дахь орон сууцыг төрсөн эх С.И- өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан, надад хамааралгүй эд хөрөнгө” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдийг өгөх замаар орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарласан боловч дээрх тайлбарууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад няцаан үгүйсгэгдсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгч И.О-ийн арилжааны банкнууд дахь дансны хуулга зэрэг баримтуудаар И.О- нь “Д” ХХК-д тоног төхөөрөмж борлуулсан үйл ажиллагааны улмаас бий болсон 191.380 ам долларыг “М” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 457044110 тоот дансаар хүлээн авч, орон сууцыг худалдан авсан цаг хугацаанаас хойшхи цаг  хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам долларыг өөрийн эзэмшлийн 468004192 тоот данс руу шилжүүлэх, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11.000 ам долларыг бэлнээр зарлагдах зэргээр өөр зүйлд зарцуулсан болох нь нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх И.О- нь “Ш” ХХК, “Д ХХК-тай хамтарч үйл ажиллагаа явуулж орлого олсон бөгөөд уг орлого нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн, дээрх үндэслэлээр шүүгдэгч Ч.Ч-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Мөн шүүхээс хэрэгт цугларсан зарим нотлох баримт буюу арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл нь хуульд нийцээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Ч.Ч-, И.О-, С.И- нарын арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэдгийг прокурорын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөн. Хуульд зааснаар данс эзэмшигчийг, данс эзэмшигч байхгүй тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан боловч хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байдаг. Гэхдээ үзлэг хийсэн ажиллагаа нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хувьд буюу “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Худал мэдүүлэх” гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд яллах болон цагаатгах талын ач холбогдолгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. “Д” ХХК-д тоног төхөөрөмж борлуулсан үйл ажиллагааны улмаас бий болсон 191.380 ам долларыг И.О- нь хэрхэн зарцуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан түүний дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн магадлагаа зэргээр хангалттай нотлогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд И.О- нь “Өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 468004727 тоот данснаас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 110.000 ам.доллар гарган авч, өөрийн ах Ч.Чулуунбаатарт өгсөн” гэх мэдүүлгээс өөрөөр мэдүүлдэг. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бусдад шилжүүлж буй 100.000 ам.доллар нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр И.О-ийн данснаасаа гарган авсан мөнгө мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. И.О-ийн данснаасаа гарган авсан 110.000 ам.долларын эх үүсвэрийг шалгаж үзэхэд “М” ХХК-ийн үйл ажиллагааны орлого байдаг бөгөөд И.О- нь тухайн цаг хугацаанд уг компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. “М” ХХК нь “П” ХХК-тай тээврийн үйл ажиллагаа хамтран явуулдаг бөгөөд олсон орлогыг нягтлан бодогч И.О- түр хугацаанд өөрийн арилжааны банкны данс руу шилжүүлэн авсан байдаг. “М” ХХК-ийг Хятад Улсын иргэн Ван Чан Жан үүсгэн байгуулсан бөгөөд одоо тус компанийн 42 хувийг Монгол Улсын иргэн Ундраа, 58 хувийг Ван Чан Жан нар тус тус эзэмшдэг. И.О- нь тус компанийн хувьцааг эзэмшдэггүй, үүсгэн байгуулахад оролцоогүй тул түүнтэй хамааралгүй компани юм. И.О- нь тус компанид нягтлан бодогчоор ажиллаж, сар бүр тогтмол цалин хөлс авдаг байсан бөгөөд хөрөнгө захиран зарцуулах эрх олгосон баримт бичиг байдаггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт И.О-ээс энэ хөрөнгийг захиран зарцуулах эрх байгаа эсэхийг асуухад “Энэ бол миний хувийн асуудал бөгөөд надад зөвшөөрөл өгсөн баримт бичиг байхгүй, би өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа.” гэсэн тайлбар хэлдэг. И.О- энэ данснаасаа шилжүүлсэн бол 2 жил гаран хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад энэ талаар хэлээгүй зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудаас дүгнэхэд И.О-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 468004727 тоот данснаас гарсан 110.000 ам.доллар нь Төгөл хус хотхон дахь орон сууцыг худалдан авсан мөнгө биш болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасан боловч анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч И.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” үйлдлийг Худал мэдүүлэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нь шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон, харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй болон хэрэг гарах үеийн цаг агаарын болон гэрэлтүүлгийн зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсхүл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.О-ээс 2020 оны 8 дугаар сарын 18, 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мөрдөгч нь мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах нийтлэг журмыг баримталсан байхаас гадна мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,”, 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхтэй болохыг гэрчид тайлбарлаж, И.О-д Үндсэн хуулиар баталгаажсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулж, түүний зөвшөөрлийн үндсэн дээр мэдүүлэг авах ажиллагааг үргэлжлүүлсэн байх тул хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. И.О- нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “...Уг өрмийн сэлбэг зарж олсон 191.380 ам.долларыг хэрхэн зарцуулсан бэ” гэсэн мөрдөгчийн асуултад “...2015 оны сүүлээр одоо манай ах Ч-ын амьдарч байгаа Төгөл хус хотхон дахь байрыг 110.000 ам.доллароор авсан. ...Уг байрыг ээжид авч өгсөн боловч ээж амьдрахгүй гээд манай ах Төгөл хус хотхон дахь байранд амьдрахаар болсон, одоо ч амьдарч байгаа...” гэж бодит байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлгийг өгсөн. Түүний дээрх мэдүүлэг нь бодит байдлаас зөрүүтэй болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргах явцдаа ч маш тодорхой илэрхийлсэн. Тодруулбал, тэрээр Төгөл хус хотхон дахь байрыг төрсөн эх С.И- худалдаж авсан гэж өөрийн урьд өгсөн мэдүүлгийг няцааж мэдүүлсэн. И.О-ийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр бодит байдлаас зөрүүтэй байдлаар мэдүүлсэн мэдүүлэг нь төрсөн ах Ч.Ч-ын өгсөн мэдүүлэгтэй ижил агуулга бүхий байгаа нь түүний мэдүүлгийг бататгах, гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төөрөгдүүлэх зорилготой болох нь нотлогдож байна. Мөн И.О-ийн дээрх байдлаар зориуд худал мэдүүлсэн мэдүүлэгт дурдагдсан үйл баримтууд нь Ч.Ч-ын холбогдсон хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой буюу тухайн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хөрөнгийн эх үүсвэрийн талаар байхад анхан шатны шүүхээс “...зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал нь тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь зориуд мэдүүлэг өгөх ямар санаа, зорилготой байсан нь нотлогдохгүй байна..” гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шалгах ажиллагаа нь нэг талаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгагдаж байгаа этгээд хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлах, нөгөө талаас мөрдөгч, прокурор түүнийг нь няцаах үүрэг хүлээж явагддаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О- нарын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Ч- нь нийтийн албан тушаалд хаана, аль хэлтэс, газарт, хэдэн оны хооронд ямар ажил алба эрхэлж байсан талаараа маргадаггүй.

Улсын яллагч Ч.Ч-ын төрсөн дүү, төрсөн эхийнх нь хөрөнгөнүүдийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр түүнийх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутай гэж харин Ч.Ч- түүний өмгөөлөгч нар эдгээр хөрөнгө нь Ч.Ч-ын хөрөнгө, орлого биш түүний ээж, төрсөн дүүгийнх нь хөрөнгө байх тул бусдын хөрөнгө, орлогыг Нийтийн албан тушаалтан Ч.Ч- нь тайлбарлах үүрэг хүлээхгүй гэж мэтгэлцэж маргасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас буюу 2020 оны 10 дугаар сараас Ч.Ч-ын өмгөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ч.Ч-ын хамаарал бүхий 14 хүнээс нэгэн зэрэг, Ч.Ч-аас тухайн өдөр хоёр удаагийн мэдүүлэг авч, эрүүдэн шүүх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг хуулиар хориглосон бүх заалтыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Мөнхсонор хэрэгжүүлсний улмаас хүнд нөхцөл байдалд орсон тул Ч.Ч- болон түүний гэр бүлийн гишүүд өмгөөлөгч авахаар надад хандсан. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ хэрэгт хяналт тавьж буй прокурор 5, 6 удаа өөрчлөгдсөн. Хяналт тавьж буй прокурор хөрөнгийн эх үүсвэр, дансны хуулгыг бүрэн гүйцэд шалгах ёстой байсан. Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл нь мөрдөгчийн магадлагаатай таарч байгаа. Нэг дансны хуулгыг аваагүй бөгөөд түүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. С.И-гийн төрсөн дүү болох Канад Улсад байдаг Баттөмөр гэх хүний явуулж байсан 169.000 ам.долларын үлдэгдэлтэй данс нь цагаатгах нотлох баримт байсан боловч түүний дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаанд огт тусгаагүй. И.О- 110.000 ам.доллар авч, тухайн орон сууцыг худалдаж авахад 100.000 ам.долларыг өгсөн бөгөөд ээж нь 169.000 ам.доллароос тухайн мөнгийг нь буцаан өгсөн байдаг. С.И- нь хөрөнгийн эх үүсвэрээ нотолсон байдаг. Баттөмөр Монгол Улсад жилд 1 удаа эхнэр, хүүхэдтэйгээ ирдэг бөгөөд Монгол Улсад байх хугацаандаа Төгөл хус хотхон дахь орон сууцанд амьдардаг байсан. Ч.Ч- нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, хууль бусаар орлого олсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Ч.Ч-ын эх болон дүүгийн хөрөнгийг Ч.Ч-ын хөрөнгө гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ховор тохиолдолд дангаар зүйлчлэгддэг. Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт цаг хугацааны асуудлыг анхаарах шаардлагатай. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орон сууцыг худалдан авч, 2019 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 онд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. 2015 оны 7 сард Ч.Ч-ын ээж С.И-, түүний дүү И.О- нар нь Төгөл хус хотхоны 5 өрөө орон сууц, авто зогсоолыг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрүүдээ бичгийн болон бусад баримтуудаар маш тодорхой, ойлгомжтойгоор, хангалттай нотолж энэ тухайгаа удаа, дараа мэдүүлсэн. Эдгээр орон сууц, авто зогсоолын төлбөр 100.000 ам.доллар нь Ч.Ч-ын хөрөнгө гэдэг нь ямар ч баримтаар нотлогддоггүй. Энэ орон сууц, авто зогсоолыг ээж нь худалдан авч өмчлөгч болоход түүний хүү Ч.Ч- нь ямар оролцоотой, ээждээ хэрхэн тусалж байсан, яагаад ээжийнхээ өмчлөлийн байранд ганц хүү нь гэр бүлээрээ түр оршин сууж байсан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж тодорхой баримтуудаар нотлогдсон үйл баримт юм. Улсын яллагч Ч.Ч-ын хэд хэдэн удаа харилцан адилгүй тайлбарууд гаргасан гэжээ. Ч.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэх 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж цуглуулж бэхжүүлсэн мэдүүлэг, тайлбар байсан учраас эдгээрийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавьж байсан прокурорт мөн шүүхийн хэлэлцүүлэгт, шүүхэд өмгөөлөгч нар гаргаж байсан. Прокурор орон сууц, авто зогсоолын төлбөр гэх 100 000 ам.долларыг И.О- ямар данснаасаа хэзээ, хэнд, юунд зарцуулсан гэдгийг Ч.Ч-ын ээж С.И-гийн данс дахь орлого, зарлагын гүйлгээ, бусад баримтуудтай харьцуулан шинжлэн судалж нотлох баримтуудыг үнэн, зөв хэрэгт ач холбогдолтой талаас нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа нь И.О- нь тоног төхөөрөмж борлуулсан үйл ажиллагааны улмаас бий болсон 191.380 ам.долларыг хэрхэн зарцуулсан гэдгээ шүүхэд хүснэгтээр маш тодорхой харуулж нотлох баримттай ижил ба орлого, зарлага бүр нь таардаг. Прокурор И.О-ийг хууль сануулсны дараа 2021 оны 06 дугаар сарын 2-ны өдөр худал мэдүүлэг өгсөн гэж, харин И.О- түүний өмгөөлөгч нар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг хууль зөрчиж авсан тул нотлох баримтаар тооцохгүй байх, мөн олон жилийн өмнөх тоо, тооцоолол буюу 18 ширхэг өөрийн дансны орлого, зарлагын гүйлгээг нэг бүрчлэн санах боломжгүй байсан ба мөрдөгч тухайн өдрийн мэдүүлгийг гуйвуулан дутуу, буруу бэхжүүлсэн гэж маргасан. И.О-д мөрдөгч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх онцгой эрхийг нь тайлбарлахгүйгээр мэдүүлэг авсан. И.О- нь цалингаас өөр орлогогүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар И.О- нь дилер хийдэг, хувьцаа авч зардаг, долларын валютын ченж хийдэг бөгөөд 18 данстай тул тухайн 18 дансны гүйлгээг шалгуулах хүсэлт гаргаж байсан. Төгөл хусын гараашны, Нүхтийн барилгын эх үүсвэрийг баримтаар гаргаж өгсөн. Тухайн хөрөнгө нь Ч.Ч-ын хөрөнгө биш тул тайлбарлах боломжгүй. И.О- энэ талаар тодорхой тайлбарласан байдаг. Ч.Ч-ыг орон сууц худалдаж авахад идэвхтэй оролцсон гэдэг боловч Ч.Ч- нь айлын ганц хүү бөгөөд ээж нь 70 гарсан настай хүн, Канадад байдаг ах нь орон сууц авахыг захисан тул ээж нь орон сууц сонгох, гэрээ байгуулахад хүү Ч.Ч-ыг дагуулж явсан байдаг. Ч.Ч-ын Москва хороолол дахь орон сууцанд аав нь амьдардаг, 3а-35 тоот 2 өрөө орон сууцанд ихэвчлэн амьдардаг талаар цагаатгах талын бүхий л нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Прокурорын эсэргүүцэлд 2020 оны 8 дугаар сарын 18, 2021 оны 6 дугаар сарын 02, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй гэж бичсэн байна. Эдгээр мэдүүлгүүдийн зөрүүг арилгах үүрэг нь мөрдөгч, прокурорт байсан. 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өглөөнөөс орой хүртэл мэдүүлэг авсан бөгөөд И.О- тухайн үед жирэмсэн байсан, хоол, цай өгөөгүй тул хууль зөрчиж авсан мэдүүлэг гэж үзэн нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. И.О-ийг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж прокуророос үзэж байна. И.О-ийн эзэмшлийн 18 данс нь байнгын орлого, зарлагын гүйлгээ хийгддэг бөгөөд 2015 оны орлого, зарлагын гүйлгээг 2020 онд санах боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ бүрэн гүйцэд мэдүүлж чадаагүй зүйлсээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр залруулж мэдүүлсэн байдаг. 2 дугаар хавтас хэргийн 55-58 дугаар талд авагдсан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг тайлбарлаж, сануулаагүй. И.О- шүүн таслах ажиллагаанд саад учруулж, зориуд худал мэдүүлсэн зүйл байхгүй. Харин орлого, зарлагын гүйлгээний хувьд тоо тооцооллын зөрүү байсан. И.О- “Монголиан интернэйшнл ойл транспортэйшн” ХХК-ийн хууль ёсны дагуу олсон орлогыг захиран зарцуулсан, завшсан эсэх нь тусдаа асуудал юм. Үүнийгээ эдийн засгийн ил тодын тайланд тайлагнасан нь хэрэгт авагдсан. И.О-ийн Нүхтэд байрлах орон сууц худалдаж авсан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ болох цагаатгах нотлох баримтыг гэрт нь үзлэг хийж хурааж авсан хэр нь хавтас хэрэгт авагдаагүй. И.О-ийг худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн хэр нь түүний бүх дансыг битүүмжилсэн. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд данс битүүмжлэх ажиллагаа явуулах шаардлагагүй талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. И.О- одоо ч “М” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Амины орон сууцыг арилжиж, өөр байр авсныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулах хүсэлт гаргахад шалгалгүй, хэрэгт хамааралгүй Батбаяр гэх хүний байрыг битүүмжилсэн байдаг. Ч.Ч-ыг гэм буруутайд тооцохын тулд уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор, мөрдөгч нь нэг өрх айлын бүхий л гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийг, найз нөхөд, хамт олон, ангийн хүүхдүүд зэргээс мэдүүлэг авахдаа тулгасан, хөтөлсөн асуулт тавьж хариултаа авсан, мэдүүлэг өгөхийг албадсан, эрхийг нь хязгаарласан, эрүүдэн шүүсэн, хүнлэг бус харьцсан зэрэг хууль бус үйлдэл гаргаж байсан талаар хэргийн оролцогч нар удаа, дараа гомдол гаргаж байсан нь хэрэгт авагдсан байгаа тул И.О- нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн, ахыгаа шалгуулахгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төөрөгдүүлэх зорилготой байсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О- нарын өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн бөгөөд энэ талаар тайлбар, гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Тусгай субъектэд гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт гомдол гаргасан бөгөөд одоо шалгагдаж байгаа. И.О- гэрчээр мэдүүлэг өгөх үед мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус заасан эрхийг сануулаагүй байдаг. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохоор хуульчилсан. Шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор гэрч зориуд худал мэдүүлдэг. Харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тусгаж чадаагүй шалтгаанаар, эсхүл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхыг Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар тогтоолд заасан. Ч.Ч- нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн цаг хугацаанд шалгуулж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Ч.Ч-ыг Нүхтийн байранд очиж барилга барихад туслалцаа үзүүлсэн, барилгын материал авч өгч байсан гэж байна. Тухайн үед дүү И.О- нь жирэмсэн, гэрээсээ ажиллаж байсан бөгөөд Ч.Ч- ажилгүй байсан тул туслалцаа үзүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2014 онд тангараг өргөсөн төрийн албан хаагч бөгөөд үүнд маргадаггүй. Харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн гэм буруу дээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн маргаж оролцож байсан. Би хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд цаг тухай бүрд нь гаргаж өгдөг байсан. 2 дугаар хавтас хэргийн 235-250, 3 дугаар хавтас хэргийн 1-8 дугаар хуудсуудад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс миний болон миний эхнэр Наранцацралтын 2015-2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, зөрчил илрээгүй тул хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн байдаг. Намайг анхнаасаа хэн нэгэн этгээдийн мэдээллээр хэрэг нээж, гүйцэтгэх ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 зүйл заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь батлагдсан мэтээр үзэж байсан. Миний ээж болон дүүгийн өмч нь миний өмч биш бөгөөд би үнэн, зөвөөр тайлбарлаж чадахгүй тул хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Анх 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид гэр, албан тасалгаанд үзлэг хийж, намайг битүү орчинд өдөржин суулгасан. Мөрдөгч “Танай дүү 5 сартай жирэмсэн юм байна. Хажуу талын өрөөнд худлаа, үнэн яриад сууж байна. 3.000.000.000 орчим төгрөг дансаар нь орж гарсан байна. Энэ ямар учиртай мөнгө вэ.” гэж надаас асуусан. Анх намайг дуудаж авчирсан прокурорын тогтоолыг уншихад миний дүү И.О- болон хүргэн дүүгийн хамаарал бүхий компаниудын үйл ажиллагааг шалгаж байна гэж ойлгосон. Тухайн үед би тулгамдаад, мөн миний даралт ихсээд эрүүл мэндийн байдал хүнд байсан тул дараа дахин мэдүүлэг өгөхөд зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг сэжигтнээр дуудаж, Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан тул би Т.Урангэрэл өмгөөлөгчийг авсан. Тухайн үед Мөнхсонор мөрдөгч надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авсан. Би 4 жил гаран хугацаанд ажилгүй байсан бөгөөд нэр төр, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон. Миний хамаарал бүхий бүх хүмүүсийн санхүүг шалгасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд И.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бэлэн бусаар орж ирсэн мөнгийг гаргаж зарцуулахад банк өндөр шимтгэл авдаг. Тиймээс би “” ХХК-иас өөрийн данс руу мөнгө авахдаа ч шимтгэлийн зардлыг байгууллага дээр гаргахын тулд чекээр бэлнээр авдаг байсан. Тухайн орон сууцыг худалдсан хүн рүү төлбөрийг дансаар шилжүүлбэл тухайн хүн зарлага хийхэд би давхар шимтгэл төлөх байсан. Иймд би тухайн мөнгийг бэлнээр гаргаж өгсөн. Доллар бэлнээр гаргуулахад өндөр шимтгэлтэй байдаг. Би тухайн үед 1 нас гарантай, 2 сартай хоёр хүүхэдтэй, манай нөхөр хөдөө ажилладаг бөгөөд банканд очих боломжгүй байсан тул хэд хоногийн өмнө бэлнээр гаргаж өгсөн. Тухайн мөнгө нь орон сууц худалдаж авсан мөнгө биш байсан бол тухайн бэлнээр гаргаж авсан 110.000 ам.долларыг юунд зарцуулсан байх вэ. Ч.Ч- хаанаас 100.000 ам.доллар гэнэт гаргаж өгсөн байх вэ. Би гар дээр бэлэн мөнгө авч эргэлдүүлж байгаагүй. Би олон нялх хүүхэдтэй, гэрээсээ ажилладаг байсан тул миний бүх гүйлгээ данснаас дансны хооронд байсан. Би чекээр мөнгө авсан ч буцаад тухайн мөнгөн дүнгээр миний данс руу ордог байсан. Намайг 2021 оны 6 дугаар сард “193.000 ам.доллароос Төгөл хус хотхон дахь орон сууц худалдаж авах мөнгийг өгсөн.” гэж худал мэдүүлсэн гэж байна. “Төгөл хус хотхон дахь орон сууц, Нүхтийн байрыг авсан. Гэхдээ би 193.000 ам.доллароос төлсөн, өөр мөнгө надад байсан.” гэж мэдүүлэхэд мөрдөгч “Юун мөнгө вэ.” гэж асуусан. Би “М ХХК-аас орж ирсэн мөнгөнөөс өгсөн.” гэж хэлэхэд мөрдөгч энэ талаар мэдүүлэгт тусгаагүй. 2021 оны 12 дугаар сард өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлж, мөрдөгч хүлээн зөвшөөрч мэдүүлэгт тусгасан. “МХХК-ийн орлого нь татвар төлсөн, хууль ёсны дагуу олсон орлого болох нь, мөн би өөрийн авч хэрэглэсэн мөнгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тайлагнасан нь хэрэгт тус тус авагдсан. Надтай хамааралтай бүх компаниудад дахин хяналт, шалгалт хийлгэх талаар Авлигатай тэмцэх газраас бичиг өгч байсан. Татварын байгууллагаас тухайн компаниуд нь татварын эрсдэлийн хүлээн зөвшөөрөгдөх түвшинд байх тул хяналт, шалгалт явуулах үндэслэлгүй байна гэж үзсэн. Миний дансанд орж ирсэн мөнгөнүүд нь бүгд компанийн мөнгө бөгөөд би жил бүр хөрөнгийн татвар төлдөг, үүнийгээ төлмөөр байгаа талаараа удаа дараа прокурорт хүсэлт гаргаж байсан боловч татгалзсан тул одоо манай компаниуд татварын эрсдэлтэй түвшинд орсон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ч-, И.О- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Ч- нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн хотхоны 5 дугаар байрны 1 тоотод байрлах, 134.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 197.254.000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа боловч дээрх орон сууцыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн эх С.И-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч хөрөнгө, орлогоо нуусан,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “***” ХХК-иар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд 150.000.000 төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн дүү И.О-ийн нэрээр тус амины орон сууцыг бариулах гэрээг байгуулж өөрийн хөрөнгө, орлогоо нуусан, дээрх орон сууц худалдан авсан болон амины орон сууц захиалан бариулсан 347.254.000 төгрөгийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 шүүгдэгч И.О- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Ч.Ч-ын өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийн компаниар гадаадын хөрөнгө оруулалттай компанитай хамтарч, үйл ажиллагаа явуулж түүнээс олсон ашгаа орон сууц худалдан авах, орон сууц захиалгаар бариулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, И.О-ийн “” ХХК дээрх хугацаанд “” ХХК, “” ХХК-тай хамтарч үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэдний компанийн санхүүгийн тайлан болон бусад баримтаар ямар хэмжээний орлого орсон, зарлага гарсан нь санхүүгийн тайланд тусгагдсан.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нэгэнт шүүгдэгч Ч.Ч-ын хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаа явуулж олсон орлого баримтаар тогтоогдож байхад түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй,

шүүгдэгч И.О-ийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал нь тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан байдлаар тогтоогдохгүй байна. И.О-ийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлгийн хэргийн нөхцөл байдлыг гүйцэт ойлгоогүй, өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйтэй холбоотой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтооход нөлөөгүй буюу шүүн таслах ажиллагааг төөрөгдүүлэх зорилго агуулаагүй гэж үзнэ. ...” хэмээн тус тус дүгнэж, Ч.Ч-, И.О- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтуудаас “....Ч-ын хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаа явуулж олсон орлого баримтаар тогтоогдож байхад түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. ...”, “...И.О-ийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлгийн хэргийн нөхцөл байдлыг гүйцэт ойлгоогүй, өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйтэй холбоотой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтооход нөлөөгүй буюу шүүн таслах ажиллагааг төөрөгдүүлэх зорилго агуулаагүй. ...” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Ч.Ч-, И.О- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр Ч.Ч-ын “...Баянзүрх дүүргийн хотхоны 5 дугаар байрны 1 тоот орон сууц болон Нүхтийн аманд байрлалтай амины орон сууцыг “Ш” ХХК-иас худалдаж авсан тоног төхөөрөмжөө “Д ХХК-д зарж олсон орлогоор худалдаж авсан бөгөөд төрсөн дүү И.О- болон ээжийн нэр дээр бүртгэлтэй тул хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй. ...” /2хх 43-45/, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “...уг тоног төхөөрөмжийг хадам эгч Н.Сүрэнжав “” ХХК-иас худалдаж аваад Н.Сүрэнжав эгчээс төрсөн дүү И.О- худалдаж авчихаад дараа нь “М” ХХК-иар “” ХХК-д зарж борлуулсан. Би бол тэр тоног төхөөрөмжийг зарахад нь тусалсан, миний орлого биш. ...” /2хх 48-50/, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар “...2015 онд ээж маань Төгөл хус хотхонд байр авсан, тэр үйл ажиллагаанд би хүүгийн хувиар худалдаж, авах засах, хайх олох гээд бүхий л үйл ажиллагаанд оролцсон. Яг ямар эх үүсвэрээр яаж авсныг ээж тайлбарлана. ...хөрөнгийн эх үүсвэр нь надаас гараагүй болохоор бусдын өмчийг өөрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлэх шаардлагагүй. ...” /10хх 127-129/,

гэрчээр И.О-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...2011 оны 3 дугаар сараас 2013 оны 12 сар хүртэл “Х” ХХК-д нягтлан бодогчоор, 2013 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 сар хүртэл “” ХХК-д нягтлан бодогчоор, “” ХХК-г үүсгэн байгуулан захирлаар ажилласан. ...Миний өөрийн захиалсан орон сууц, уг амины орон сууцыг захиалан бариулж буцаан үнэ хүргэж заръя гэсэн бодолтой байгаа. Энэ амины орон сууцыг 150 сая төгрөгөөр захиалсан. Мөнгийг би өөрөөсөө өгсөн. Хас банкны ам.долларын 5002062766 данснаас Хас банкны төгрөгийн 5002051769 данс руугаа шилжүүлээд гэрээнд заасан данс руу 150 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Энэ шилжүүлсэн мөнгө бол миний дээр мэдүүлсэнчлэн “***” ХХК-ийн 2 ачааны автомашиныг өөр компанид түрээсэлж олсон орлого юм. ...” /2хх 51-54/, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...2015 оны сүүлээр одоо манай ах Ч-ын амьдарч байгаа хотхон дахь байрыг 110.000 ам.доллароор авсан. Компанийхаа данснаас би үлдсэн мөнгөө өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкныхаа дансанд татчихсан байсан. Тэгээд өөрийнхөө аль данс гэдгээ санахгүй байна, данснаасаа бэлнээр авч байр зарсан хүнд нь өгсөн. Манай ээж очиж гэрээ хийсэн. Уг байрыг ээжид авч өгсөн боловч ээж амьдрахгүй гээд манай ахынх Төгөл хус хотхон дахь байранд амьдрахаар болсон, одоо ч амьдарч байгаа. 2020 онд 75.000-80.000 ам.доллароор хувьцаа худалдаж авсан, хувьцаа авахдаа мөн өөрийнхөө Хас банкны ам.долларын данснаас шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгөнөөс Нүхтэд 150 сая төгрөгөөр байшин захиалж бариулсан, Хас банкныхаа ам.долларын данснаас шилжүүлсэн. ...” /2хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд болон бусад гэрч нарын мэдүүлэг,

мөн “...орон сууц худалдан авсан болон амины орон сууц захиалан бариулсан 347.254.000 төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “***ХХК-иас газрын тос олборлох зориулалттай өрмийн тоног төхөөрөмжийг хямд үнээр худалдан авч, өөрийн төрсөн дүү И.О-ийн үүсгэн байгуулсан “***” ХХК-иар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “*** газрын тос Монгол” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 191.380 ам.доллараар зарж, уг үйл ажиллагаанаас олсон ашгаас тус орон сууцыг худалдан авсан гэж тайлбарласан боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад “*** газрын тос Монгол” ХХК-иас тоног төхөөрөмжийн төлбөр 191.380 ам.долларыг “***” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 457044110 дугаартай дансаар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, уг мөнгийг Ч.Ч-ын төрсөн дүү И.О- дээрх орон сууцыг худалдан авснаас хойш хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.долларыг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг бэлнээр гаргуулан авч өөр зүйлд зарцуулсан. ...” гэх улсын яллагчийн дүгнэлт болон яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг  хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлд хамаарах юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дээр дурдсан нөхцөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болохгүй.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзэх үндэслэл бий болохыг ойлгохоос бус хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэл хамаарахгүй болно.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЦТ/815 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Ч.Ч-, И.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН