| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0540/З |
| Дугаар | 128/ШШ2025/0526 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******,
Хариуцагч: Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П******* нарын хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******, хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0713819 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0713819 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б*******ыг тээврийн хэрэгслээр мал тээвэрлэхдээ мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан бөгөөд холбогдогч иргэн Б.Б******* нь уг зөрчлөө хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.
2.2. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг прокурор Н.Н******* хүлээн авч танилцаад, мал эмнэлгийн гэрчилгээгүй тээврийн хэрэгслээр мал тээвэрлэсэн байх боловч үүний улмаас ямар нэгэн өвчин тархаасан, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдуулсан, мал амьтныг тарчлаан зовоосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь буруу тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
3. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ээс гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* би, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн Иргэн Б.Б******* нь Төв аймгийн Эрдэнэ сумаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороoнд отор нүүдлийн зориулалтаар Бонго-3 ******* УАХ маркийн тээврийн хэрэгслээр мал эмнэлгийн гэрчилгээгүй 4 тооны үхэр тээвэрлэсэн гэх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 25 дугаартай материалыг прокурорт 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлснийг шалгалтын явцад хянасан.
3.2. Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогч Б.Б*******ын мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0713819 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан.
3.3. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн А/67 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар,-ын 3.4 дэх хэсэгт зааснаар Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш чиглэсэн тохиолдлууд буюу худалдаалах, төхөөрөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, мал амьтан шилжүүлэн авах, отор нүүдэл хийх, хээлтүүлэгт ашиглах болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлгийн гэрчилгээ заавал авна. Худалдаалах зорилгоор бус, хувийн хэрэгцээндээ тээвэрлэж яваа бага хэмжээний мах, махан бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ авахгүй байж болно гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар зохицуулсан.
3.4. Гэтэл материалд цугларсан нотлох баримтуудаар Б.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл 4 тооны үхэр тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч үүний улмаас ямар нэгэн өвчин тархаасан, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдуулсан, мал, амьтныг тарчлаан зовоосон нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнийг Зөрчлийн тухай хуулийн 13.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, хууль буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр хүнд шийтгэл оногдуулсан байна.
3.5. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П*******гийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0713819 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар Б.Б*******ыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж байна... гэжээ.
4. Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П******* гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.П******* би 2025 Хан-Уул дүүргийн Өлзийтийн хяналтын цэгт хуулиар хүлээсэн чиг үүргээ оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын хэрэгжүүлэх явцад Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр рүү отор нүүдэл, үржлийн зориулалтаар Бонго-3 маркийн ******* УАХ тээврийн хэрэгслээр иргэн Б.Б******* нь 4 толгой үхрийг мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4.2. Тухайн зөрчил нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Мал эмнэлгийн гэрчилгээний загвар хэрэглэх заавар"-ын 3.4 дэх хэсгийн Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш чиглэсэн тохиолдлууд буюу худалдаалах, төхөөрөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, мал, амьтан шилжүүлэн авах, отор нүүдэл хийх, хээлтүүлэгт ашиглах болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлгийн гэрчилгээ заавал авна. Худалдаалах зорилгоор бус, хувийн хэрэгцээндээ тээвэрлэж яваа бага хэмжээний мах, махан бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ авахгүй байж болно" заалтыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан "Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах нөхцөл байдал үүссэн" тул 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
4.3. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 7.11, 7.12 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт 1.1, 3.1, 3.2, 3.6, 6.1, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/67 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7, 27 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллаагүй байна. Иймд Нийслэлийн Мал эмнэлийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.П******* би 2025 оны 06 дугаар сарын 17-ны 713819 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу иргэн Б.Б*******ыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгууль шийтгэл ногдуулж, шийдүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* нь Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П*******гийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №0713819 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.
2.1. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П******* нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №0713819 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б*******ыг Бонго-3 маркийн 43-36 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 ширхэг үхрийг мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэн мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Иргэн Б.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн 100900000608 тоот дансанд торгуулийн 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөг (тавин мянга)-ийг төлсөн байна.
2.3. Үүнийг дүгнэлт гаргагчаас хүчингүй болгуулахаар ... Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар зохицуулсан. Гэтэл материалд цугларсан нотлох баримтуудаар Б.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумаас 4 тооны үхэр тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч үүний улмаас ямар нэгэн өвчин тархаасан, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдуулсан, мал, амьтныг тарчлаан зовоосон нөхцөл байдал тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр хүнд шийтгэл оногдуулсан гэж, хариуцагчаас ... Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 7.11, 7.12 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1, 3.1, 3.2, 3.6, 6.1, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/67 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7, 27 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллаагүй тул шийтгэл оногдуулсан гэж тус тус тайлбарлан маргасан.
2.4. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ, 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална гээд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх журам-ын 3.4-д Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш чиглэсэн тохиолдлууд буюу худалдаалах, төхөөрөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, мал, амьтан шилжүүлэн авах, отор нүүдэл хийх, хээлтүүлэгт ашиглах болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлгийн гэрчилгээ заавал авна. Худалдаалах зорилгоор бус, хувийн хэрэгцээндээ тээвэрлэж яваа бага хэмжээний мах, махан бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ авахгүй байж болно гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь мал эмнэлгийн гэрчилгээний загвар хэрэглэх зааврыг батлах эрх хэмжээтэй байх бөгөөд уг батлагдсан журам, зааврыг зөрчсөний улмаас өвчин тархаасан, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдсан эсхүл мал амьтныг тарчлаан зовоосон бодит нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулсан байна. Мөн эрх бүхий албан тушаалтан нь оногдуулах болсон шийтгэлийнхээ үндэслэлийг шүүхэд нотлох үүргийг хүлээжээ.
2.6. Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь иргэн Б.Б*******ыг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл 4 тооны үхрийг мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэсэн нөхцөл байдлыг тогтоосон хэдий ч уг тээвэрлэсэн нөхцөл байдлын улмаас өвчин тархаасан эсхүл тархаах боломжтой байсан эсэх, мал гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг алдагдуулсан, мал амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн эсэхийг шалган тогтоолгүйгээр зөвхөн ... мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөн гэх үндэслэлээр иргэн Б.Б*******ад Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
2.7. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ гээд 6.44-д мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 6.15, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.19 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.25, 10.27, 10.29, 11.2, 13.5, 13.9 дүгээр зүйл, 13.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гэж зааснаар мал эмнэлгийн хяналтын байцаагч нь Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн үйлдэлд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байх боловч зөрчлийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.8. Энэ талаарх дүгнэлт гаргагчийн ... Хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь буруу, өвчин тархаах нөхцөл байдлыг шалган тогтоох боломжгүй байсан бол тухайн иргэнийг буцаан явуулах боломжтой байсан гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
2.9. Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн прокурорын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П*******гийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №0713819 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.П*******гийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0713819 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА