Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01379

 

 

 

 

 

 

 

 

 

“Тк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01111 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Тк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.У-, Б.Э- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 64,089,175.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Ү.У-, Б.Э- нар нь 2017 оны 03 сарын 16-ны өдөр дугаар 105200468510 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Мөн 2017 оны 03 сарын 16-ны өдөр 105200468510 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 хороолол, 19 дүгээр байр, 20 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц барьцаалсан.

          Зээлдэгч Ү.У-, Б.Э- нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 7,462,482.76 төгрөг, үндсэн хүүнд 2,386,464.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,750.68 төгрөг, нийт 9,858,698.00 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,537,517.24 төгрөг, үндсэн хүү 32,649,293.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,902,364.62 төгрөг, нийт 64,089,175.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

          Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 07 сарын 25, 2017 оны 09 сарын 05, 2017 оны 09 сарын 15, 2017 оны 10 сарын 26, 2017 оны 10 сарын 19, 2018 оны 01 сарын 18-ны өдрүүдэд зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж зээл төлөх тодорхой хугацаа өгсөн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017 оны 03 сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна.

          Иймд зээлдэгч Ү.У-, Б.Э- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,089,175.18 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч тал хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 32,649,293.2 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан, үүргийн зөрчил 2017 онд үүссэн байхад зөрчлийг арилгахаар шүүхэд хандаагүй, хуулиар хугацаа зогсохгүй гэсэн давуу байдлаа ашиглаж өнөөдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж зээлдэгч нарын эдийн засгийн байдлыг хэт дордуулж байна.

          Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний дагуу нийт 35,000,000 төгрөгийг зээлсэн, банканд нийт 9,858,698 төгрөгийг төлсөн байхад одоо нийт 64,089,175 төгрөг нэхэмжилж байгаа нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч нарын эрх ашигт илтэд хохиролтой байна. Шударга ёсны үүднээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүд үл маргах журмаар 41,400,000 төгрөгийг төлөх саналтай байна.

          Барьцааны гэрээний эд хөрөнгийн өмчлөгч нарт холбогдуулж нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байх тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

         

          Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 232 дугаар зүйлийн 282.8, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.У-, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 42,537,517.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,551,658 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 478,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.У-, Б.Э- нараас 370,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ илт их байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 21,551,658 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн.

          Зээлийн гэрээний 3.2.4, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нар нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн барьцааны эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

          Учир нь барьцааны гэрээг 2017 оны 03 сарын 16-ны өдөр байгуулсан бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байхад зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь гэрээ байгуулах үед л төлөөлөл хэрэгжүүлж байгаа хэлбэр юм.

          Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсэгт тус тус зааснаар барьцааны эрхээ шаардах эрхтэй. Барьцааны гэрээний 2.13, 6.1-д заасан болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан болно.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

          Нэхэмжлэгч “Тк” ХХК нь хариуцагч Ү.У-, Б.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,537,517.24 төгрөг, зээлийн хүү 32,649,293.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,902,364.62 төгрөг, нийт 64,089,175.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1-р хороолол, 19-р байр, 20 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 47/

          Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын маргаанд хамааралтай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар гаргасан зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хуульд заасан шаардах эрхийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. 

 

          Тодруулбал, хэрэгт авагдсан барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс үзэхэд уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Э-, Г.Дашдэжид, Б.Энх-Алдар, Б.Энхцэцэг нар бүртгэгдсэн байна. /хх 12-14, 15-16, 27/

 

          Анхан шатны шүүх “нэхэмжлэгч “Тк” ХХК барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан атлаа зөвхөн өмчлөгч Б.Э-ыг хариуцагчаар татаж, өмчлөгч Г.Дашдэжид, Б.Энх-Алдар, Б.Энхцэцэг нарыг орхигдуулсан” нөхцөл байдал болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан “...Шүүх шаардлагатай гэж үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж болно...” гэх тайлбар /хх 59/, хариуцагч талаас гаргасан “...Хэрэв гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр шийдвэл өмчлөгч нарын эрх, ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна...” гэсэн тайлбар /хх 59/ зэргийг харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцээгүй байна.

 

          Тодруулбал, зохигчдын хэн аль нь “гуравдагч этгээдээр бусад өмчлөгч нарыг оролцуулснаар хэргийг хянан шийдвэрлүүлэх боломжтой” гэх агуулгатай тайлбарыг гаргаж байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан бөгөөд гуравдагч этгээдтэй холбоотой асуудлыг тодруулж, ажиллагаа хийгээгүй атлаа “барьцааны гэрээний үүргийг зөвхөн Б.Э-аас нэхэмжлэгч шаардах эрхгүй” үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

          Түүнчлэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан байтал анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн буюу анзыг хүүтэй адилтган үзсэн нь 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

          Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэсэн иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалтыг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд тайлбарлан хэрэглэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

          Талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд барьцаа хөрөнгийн бусад өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01111 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тк” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн нийт 335,908.29 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР