Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

хохирогч Д.Г

шүүгдэгч Т.А Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 11-268 тоот нийтийн байрны гадна Д.Гтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно. Тухайн үед би эрүүл байсан бөгөөд Г ахыг би цохисон нь үнэн. Харин Г ах Энхсайханыг цохихыг би хараагүй. Шүүхэд өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би нийтийн байранд өрөө хөлсөлдөг юм. Тэгээд 2017 оны 11 сарын 16-ны орой 21 цагийн орчим бие засах гээд гарсан чинь жорлонгийн орчим нил мөс болоод хөлдсөн байсан. Би хөл муутай болохоороо мөсөн дээр уначих байх гэж бодоод муу усны нүхэнд шээе гэж бодоод зогсож байтал миний амьдардаг түрээсийн байрыг хариуцдаг залуу намайг шээх гэлээ гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би та нар мөсөө арилгачих гэж хэлээд зогсож байтал гэнэт миний хажуугаас баруун нүд рүү хэн нэгэн цохисон. Тэгэхэд нь би ухаан алдаад унасан. Удаагүй сэргэхэд намайг цохисон хүн байгаагүй, намайг хэн цохисныг ч би мэдээгүй. Би босоод шууд эмнэлэг явсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад цагдаад хандсан. Намайг А гэдэг залуу цохисон байсан. Би Аыг танихгүй. Би 2012 онд барилгын ажил хийж байгаад толгой дээрээс арматур төмөр унаж зоогдоод одоо груптэй байдаг юм. А надад 1 сая төгрөг өгнө гэж тохироод дөнгөж сая миний дансанд 500.000 төгрөг шилжиж орсон. Одоо үлдсэн 500.000 төгрөгөө өгчихвөл миний хувьд гомдол санал гээд байх юмгүй. Залуу хүнийг хөнгөн шийтгээсэй гэж бодож байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Г мөрдөн байцаалтанд” 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед өөрийн амьдардаг нийтийн байр руу орох  гээд явж байгаад хашаан дотор орж ирээд угаадас асгадаг хэсэг рүү бие засах гээд зогсож байтал байрны эзэн хүрч ирээд цаад 00-руугаа орж бие зас гэхээр нь чи энэ мөсөө цэвэрлэ гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгсэн хажуунаас үл таних залуу баруун нүд орчим цохисон би нэг мэдсэн газар унасан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж баруун нүдний доод зовхи хэсэг 5 оёдол тавиулсан...”/хх-ийн 13/

“...Эмчилгээний зардалд 1 сая төгрөг гарсан ба үүнийг А өгнө гэсэн. Гэхдээ одоог хүртэл өгөөгүй эмчилгээ хийлгэсэн баримт гээд байх зүйл байхгүй би хадгалаагүй...” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14367 дугаартай “Д.Ггийн биед тархи доргилт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний  гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн багадаа нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтэн Т.Аын мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед хажуу нийтийн байранд манай найз Мөөжиг гээд залуу байдаг юм. Тэднийд кино асуугаад буцаад гараад ирсэн чинь манай байрны эзэн Энхсайхан гээд ахыг нэг залуу боочихсон зогсож байхаар нь чи болиоч гээд би баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон юм тэгсэн тэр залуу доошоо суучихсан. Тэгэхээр нь би доошоогоо бууж Цоож гээд дүүгээсээ мөнгө асуучаад гэмтлийн ойролцоо караокед суусан. Тэгээд орой нь гэртээ ирсэн чинь цагдаа ирээд намайг аваад явсан юм. Тэр өдөр би Мөөжиг гээд найзындаа ороод эхнэртэй нь жаахан маргалдаад сэтгэл санаа жаахан тийм байна гэж хэлсэн чинь  надад аяганд 100 гр орчим архи хийж өгсөн би тэрийг нь уучихаад гарсан юм” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, ял шалгах хуудас /хх-ийн 26/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 49, 54,  57 /, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1721 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хх-ийн 52/, ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 61/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.А 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 11 дүгээр гудамжны 268 тоотод байрлах нийтийн байрны гадна Д.Гг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

хохирогч Д.Г-гийн”...хажуунаас үл таних залуу баруун нүд орчим цохисон би нэг мэдсэн газар унасан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж баруун нүдний доод зовхи хэсэг 5 оёдол тавиулсан...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Түүнчлэн яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуулиар хамгаалагдсан эрхтэй боловч мөрдөн байцаалтын явцад Т.А үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...чи болиоч гээд би баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон юм тэгсэн тэр залуу доошоо суучихсан...” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг нь хохирогч Д.Ггийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Т.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Т.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүхээс шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Т.А урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар  5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  уг хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сар 16 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 4 жилийг нэмж нэгтгэн түүнд нийт 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Дээрх ялаас 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаартай шүүгчийн захирамжаар Т.Аын эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Гэтэл Т.А шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Т.Аын энэ байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Иймд Т.Аод  2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 9 жил 1 сарын хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгов.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Т.Аын өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр, мөн Т.Аод энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.

 

Хохиролтой холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г “би Аоос нийт 1 сая төгрөг нэхэмжилсэнээс А миний дансанд өнөөдөр 500.000 төгрөг шилжүүлсэн байна.  Үлдсэн 500.000 төгрөгийг нь удахгүй өгнө гэсэн” гэж мэдүүллээ.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 642.000 төгрөгийн баримт авагдсанаас 500.000 төгрөгийг төлөгдсөнд тооцож үлдэх 142.000 төгрөгийг шүүгдэгч Т.Аоос хохирогч Д.Гд олгохоор шийдвэрлэв.

 

Харин бусад хохиролоо хохирогч Д.Г нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Т.Аоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.