2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03638

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч:  Ф.Б*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н*******,

 Гуравдагч этгээд: Н******* ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, Ц.Э*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,

Шинжээч Г.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Ж******* Ф.Б******* нь хариуцагч Н*******т холбогдуулан хувьцааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №183/ШЗ2019/04984 дүгээр шүүгчийн захирамжаар Хонг Конгийн Олон улсын арбитрын төвийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн HKIAC/PA17079 тоот шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн №183/ГХ2019/0000461 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасийн дагуу төлбөр төлөгчид болох Н******* ХХК болон О ХХК /Төлбөр төлөгчид гэх/-аас ойролцоогоор 4 500 000 ам.долларыг түүнд тооцогдох хүү, зардлын хамт гаргуулж АНУ-ын иргэн Ж******* Б*******т (төлбөр авагч гэх) олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б явуулж байна. Төлбөр төлөгч Н ХХК болон төлбөр авагч Ж******* Б******* нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хувьцаа барьцаалах гэрээ, түүний дагуу гүйцэтгэх хуудаст "Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон Монгол Улсын хуулийн дагуу нэгдүгээр хариуцагч Н ХХК-ийн эзэмшиж буй С ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлж... хэмээн заасны дагуу барьцааны зүйл болох С ХХК-ийн хувьцааний үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-р хийлгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн үнэлгээгээр С ХХК-ийн нийт хувьцааны зах зээлийн үнэ цэнг 26 182 271 450 төгрөг хэмээн үнэлсэн байна. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, хөрөнгийг хэт өндөр, бодит бусаар үнэлснийг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийхдээ цэвэр хөрөнгийн үнэлгээний аргаар С ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг 19 229 803 680 төгрөг байх үнэлгээ хийсэн боловч компанийн орлогын хандлагын арга гэгчээр 26 182 271 450 төгрөгийн үнэ цэнтэй хэмээн хэтэрхий зөрүүтэй 2 янзын үнэлгээг хийж, үндэслэлгүйгээр өндөр дүнтэй үнэлгээг сонгож гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сард С ХХК-ийн бүх хөрөнгөд Сэлэнгэ Эстимэйт ХХК үнэлгээ хийсэн ба тийнхүү үнэлгээ хийгдсэнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд С ХХК-ийн уурхай дээр битүүмжилж, хураасан эд хөрөнгөнөөс байшин барилга нурсан, хулгайд алдагдсан, зарим тоног төхөөрөмж эвдэрч устсан, ихээхэн хэмжээгээр дутсан, нөхцөл байдал нь элэгдэж муудсан боловч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийхдээ бодит үнэлгээ хийсэнгүй. Үнэлгээний ажил гүйцэтгэх олон улсын стандартад зааснаар, ирээдүйд орлого олох боломжтой эсэхийг сайтар тогтоолгүй орлогын хандлагын аргыг үнэлгээ хийхэд ашиглах боломжгүй байдаг. Гэтэл С ХХК нь 2018 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Х гол уурхайг ашиглаагүй гэх тайлбар хийдэг. Үүнээс өмнөх хугацаанд С ХХК нь Х гол уурхайн нөөцийг сорчлон ашигласан, нинжа нар гэх хувиараа ашигт малтмал олборлогч нар хууль бусаар орж олборлолтын үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг хүчин зүйлсийн улмаас Х гол уурхайн ашиглах боломжтой бодит нөөц маш бага Үлдсэн гэх мэдээллийг бид тухайн уурхайд урьд өмнө нь ажиллаж байсан мэргэжилтнүүд болон орон нутгийн иргэдээс өгч байхад хангалттай хэмжээний баримт, мэдээлэл, судалгаагүйгээр С ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтооход орлогын хандлагын арга хэрэглэх үндэслэлгүй юм. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг баримтлаагүй, 4 дүгээр зүйлд заасан хараат бус байх, шударга байх, бодитой байх зарчмыг зөрчсөн байна. Түүнчлэн Хариуцагчаас шинжээч томилон Хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг гүйцэтгэхдээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болно. Иймд, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээ хийх олон улсын стандарт зөрчсөн байх тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн С ХХК-ийн хувьцааний үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. АНУ-ын иргэн бол байнга Монголд амьдардаг, аяладаг хүн юм. Тэгээд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөнгөө төлөөгүй учраас Арбитрын шүүхээр шийдвэрлэхээр маргаад шийдвэр гарч, 2019 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маш удааширсан. Данс хаах үйл ажиллагаа явагдсан. Үүнийг нь тухайн үед ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч нь данснуудыг мэдэгдэхгүй нээсэн байдаг. Тэгээд үнэлгээг хийлгүүлье гэсэн боловч хувьцааны биш хөрөнгийн үнэлгээг хийсэн байдаг. Гэтэл хувьцааны биш бүхий л хөрөнгийн үнэлгээг хийсэн. Тиймээс бид гомдол гаргаад үнэлгээ хүчингүй болсон. Энэ хугацаанд огт төлбөр барагдуулж байгаагүй. Бид үнэлгээг хийхээр хүсэлт гаргасан, үнийг санал авсан 36 тэрбумаар үнэлсэн учраас бид зөвшөөрөхгүй гэхэд шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолыг бидэнд мэдэгдээгүй. Бид хөндлөнгийн байгууллага томилуулъя гэж байсан юм. Үнэлгээний дүн гарч 26 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 зүйлд заасныг баримтлаагүй, үнэлгээ хараат бус бодитой байх зарчмыг зөрчсөн. Хэт өндөр гарсан гарсан гэж үзэж байна, нийт хувьцааны үнэ нь 26 тэрбум гарсан нь үндэслэлгүй, орлогын хандлагын аргаар хийсэн гэж тайлбарлаж байгаа хэт өндөр гарсан гэж үзэж байна гэв.

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 7 дахь жилдээ явж байгаа юм. Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Уг нь мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. 4 сая 600 000 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгө болох хувьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэсэн байдаг. Анх үнэлгээг гаргахдаа С ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гарсан байдаг юм. 21 тэрбумаар хөрөнгийг үнэлсэн байдаг. Гэтэл өр ширийг нь дурдаагүй байсан. Цэвэр хөрөнгөөр 21 тэрбум байсан байж дараа нь зөвхөн хувьцааг 26 тэрбумаар үнэлсэн нь үндэслэлгүй. Энэ талаар 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. С ХХК-ийн хувьцааны зах зээлийн үнэ цэн 26 тэрбум гэсэн бүүр өндөр үнэлгээ гаргаад ирсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компани байгаа юм, гэтэл уг компани нь анх үнэлэгдсэн үнээс үнэтэй гарсан байна. Учир нь энэ үндэслэлгүй үнэлгээ учраас хэзээ ч худалдан борлогдох боломжгүй юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шинжээч томилохоор заасан. Үнэлгээний 3 арга байдаг. Өртгийн /хандлагаар 7 тэрбум байгаа/, зах зээлийн аргаар боломжгүй гээд орлогын хандлагын аргаар тооцсон байдаг. Хэт өндөр тогтоосноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болно, тиймээс төлбөр авагчийн эрх ашиг нь зөрчигдөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д зааснаар эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна. Иймд хувьцааны үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хонг Конгийн Олон Улсын Арбитрын төвийн НКIAC/PA17079 дугаартай хэргийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Н ХХК, О ХХК нараас худалдан авах үнийн төлбөрийн үлдэгдэл болох 2.450.000 ам доллар дээр гэрээгээр тогтоосон хүү /төлбөр төлөгдөх хүртэл хой жилийн 6 хувиар тооцож улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй төлөх хүү/ болох 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тооцоолсноор 1.121.178 ам долларын хамтаар нийт 3.571.178 ам доллар, Арбитрын ажиллагааны зардлын 80 хувь болох 806.574 ам доллар болох ажиллагааны зардлын 80 хувь болох 806.574,29 ам доллар болон аливаа захиргааны болон Арбитрын бүрэлдэхүүний хөлс болох 10.450 ам доллар нийт 3.571.178 ам доллар, 69.237,64 ам доллар нийт 817.027,29 ам долларыг төлбөр төлөгдөх хүртэл / жилийн 6 хувиар тооцож, улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй / төлөх нэмэгдүүлсэн хүү болох 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-нийг дуустал тооцоолсноор 7.989,60/ ам долларын хамтаар нийт 77.227,24 /ам долларыг Н******* ХХК-аас гаргуулах 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах С ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ойролцоо орших гянт болдын баяжмал үйлдвэрлэдэг" Х" уурхайн мөнгөн гүйлгээ, орлого, зарлага, үйлдвэрлэлийн талаарх сар тутмын мэдээлэл, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах жин, WO3 хувь хэмжээ, тээвэрлэлтийг зардал, бусад зардал, хүлээн авсан орлого зэрэг үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн сар тутмын бүртгэл 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах Хн уулын ажлын тайлан Монгол улсын засгийн газарт өгсөн байдлаар Х дахь шинэ баяжуулах үйлдвэрийн өртөг / барилга, машин механизм тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн зардал зэргийг оролцуулан/ Х уурхай дахь шинэ барилга ажлын байрны өртөг /материал тоног төхөөрөмж болон тохижуулалтын зардал зэрэг оролцуулах/ Х гол уурхайн үйл ажиллагаа буюу сайжруулалтад ашигласан зээлийн дүн /хүүгийн хүү хэмжээ болон эргэн төлөлтийн хуваарь зэргийг оролцуулан/ С ХХК-ийн биелүүлээгүй байгаа хуулиар хүлээсэн үүрэг. Х шол уурхайтай холбоотой одоогийн баяжмалын гэрээнүүдийн талаарх мэдээлэл хоорондын санхүүгийн хэлцлүүдийг оролцуулан С ХХК болон хоёрдугаар хариуцагч нарын хоорондох харилцааны талаар мэдээлэл гаргуулан, Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээ хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон Н ХХК-ийн эзэмшиж буй С ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан төлбөр төлөгч Н ХХК-ийн эзэмшиж буй С" ХХК-ийн 2587645 ширхэг хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19290634/01 тогтоолоор битүүмжлэн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19290634/10 дугаар тогтоолоор хураасан. Талуудаас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/84 дүгээр тогтоолоор "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Г.Б*******ыг томилон зах зээлийн үнийг тогтооход 26.182.271.450 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээний талаар төлбөр төлөгч Н******* ХХК, О ХХК, болон төлбөр авагч Ж******* Ф.Б*******т тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн тайлбарыг бол дэмжиж оролцож байгаа. 2019 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн, энэ ажиллагаанд миний бие эхнээс нь явсан. Төлбөр бүрэн төлөгдөөгүй биш, хэсэгчлэн төлөгдсөн. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Төлбөр төлөгч нарын зүгээс удаашруулсан зүйл байхгүй. Энэ бол худалдаж авсан нь зөвхөн лиценз байсан. Авснаас хойш техник технологи, бүхий л зүйлийг хийсэн, сайжруулсан. 3,5 сая байсан эд хөрөнгө 26 тэрбум болсон гэдэг нь үндэслэлгүй гэсэн нь худлаа. Тоногт төхөөрөмж хураагдсанаас хойш тоногдсон гэдэг энэ талаар гомдлоо гаргаад шалгуулсан зүйл байхгүй. Төлбөр төлөгч нар хадгалалт хамгаалалтад байгаа. Энэ талаар хулгайд алдагдсан гэх баримтгүй. Данс хаасан талаар төлөх төлбөр нь үнэлгээнээс бага байгаа гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, НШШГГ-ын 2023.03.17-ны өдрийн 4-140/5155 тоот мэдэгдэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.03.15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 121 дугаар тайлан, НШШГГ-ын 2023.04.27-ны өдрийн 4-180/8113 тоот мэдэгдэл, 2023.04.25-ны өдрийн №5/02 тоот Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ж Ф.Б*******ын тайлбар, гадаад хэл дээрх хувь гэсэн баримтуудыг,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ГХ2019/0000461 дүгээр Гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 дүгээр Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Н******* ХХК ба О ХХК-ийн Хонг конгийн олон улсын арбитрын төвийн баримталдаг Uncitral-ын арбитрын дүрмийн дагуу явуулсан арбитрын ажиллагааны эцсийн шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №19290634 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.05.23-ны өдрийн мэдэгдэл, 2019.06.11-ний өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.12.27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н******* ХХК-ийн 2022.12.26-ны өдрийн 2022/15 тоот итгэмжлэл, 2022.12.28-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, О ХХК-ийн 2022.12.28-ны өдрийн 1/569 тоот мэдэгдэл, Н******* ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай хүсэлт, Т.Мын хүсэлт, С ХХК-ийн 2022.12.28-ны өдрийн 1/13 тоот албан бичиг, НШШГГ-ын 2022.02.07-ны өдрийн 1/12 тоот Тогтоол хүчингүй болгох тухай, 2023.02.18-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан баримт, С ХХК-ийн 2023.02.18-ны өдрийн 1/05, 1/04 тоот Албан бичиг, Н******* ХХК-ийн 2023.02.18-ны өдрийн 02, 01 тоот албан бичиг, О ХХК-ийн 2023.02.18-ны өдрийн 1/75, 1/76 тоот албан бичиг, Д.Б*******гийн гараар бичсэн хүсэлт, 2023.03.14-ний өдрийн 3/84 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.03.14-ний өдрийн 11 дүгээр тушаал, 2023.03.16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, НШШГГ-ын 2023.03.17-ны өдрийн 4-140/5152, 4-140/5154тоот, 4-140/5153 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын 2023.03.17-ны өдрийн 4-140/5155 тоот албан бичиг, 2023.03.31-ний өдрийн 2-140/6141 тоот албан бичиг, 2023.04.14-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2023.04.25-ны өдрийн Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.03.29-ний өдрийн 4/4 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, НШШГГ-ын 2023.04.03-ны өдрийн 4-140/7165, 4-140/7167, 4-140/7166, 4-140/7164 тоот мэдэгдэл, 2023.03.15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан, СХХК-ийн С ХХК-ийн аудитын тайлан, СХХК-ийн 2022.03.30-ны өдрийн STA20203/134 тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар гэсэн баримтуудыг,

Гуравдагч этгээдээс Н******* ХХК-ийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №183/ШЗ2019/04984 дүгээр шүүгчийн захирамжаар Хонг Конгийн Олон улсын арбитрын төвийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн HKIAC/PA17079 тоот шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн №183/ГХ2019/0000461 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасны хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 688 дугаартай шийдвэр гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувьцааны үнэлгээг үндэслэлгүйгээр хэт өндрөөр үнэлсэн, үнэлгээг гаргахдаа зөвхөн орлогын аргаар тооцсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, мөн үнэлгээг гаргуулахаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шинжээч томилсон атал 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлтийг гаргасан нь уг үнэлгээ үндэслэлтэй, бодитой тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д зааснаар төлбөр авагчийн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн, шинжээчийн дүгнэлтийг хуульд зааснаар талуудад танилцуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Гуравдагч этгээд нь хувьцааны үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон, үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлага хангасан, шинжээч томилох тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор шинжээчийг томилсон болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний албан бичгээр нотлогдоно, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж оролцоно гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хонг конгийн олон улсын Арбитрын төвийн баримталдаг UNCITRAL-ын Арбитын дүрмийн дагуу явуулсан арбитрын ажиллагааны 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн эцсийн шийдвэрээр ...А.Оролцогч талууд энэхүү ажиллагааны Нэхэмжлэгч нь Ж Ф.Б*******, энэхүү ажиллагааны Хариуцагчид нь Н ХХК, О ХХК,

a.Нэгдүгээр хариуцагч нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон түүний 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээ №1-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна,

b.Нэгдүгээр хариуцагч нь худалдан авах үнийн төлбөрийн үлдэгдэл болох 2 450 000 ам.долларыг, худалдах худалдан авах үнийн гүйцэтгээгүй дүнгээс тооцох гэрээгээр тогтоосон хүү буюу төлбөр төлөгдөх хүртэл жилийн 6 хувиар тооцож, улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй хүүгийн хамтаар нэхэмжлэгчид төлсүгэй,

c.Нэгдүгээр хариуцагч нь төлбөр төлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох 69 237,64 ам.долларыг төлбөр төлөгдөх хүртэл уг дүн дээр жилийн 6 хувиар тооцож, улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй төлөх нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар нэхэмжлэгчид төлсүгэй,

d.Хоёрдугаар хариуцагч нь зөвхөн дээрх (2) хэсгээр шийдвэрлэсэн дүнг нэгдүгээр хариуцагчтай хамт түүнтэй хамтран болон дангаараа /jointly and serverally/ хариуцагчид төлсүгэй,

e.2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа барьцаалах гэрээний 10 дугаар зүйлд зааснаар гэрээний зөрчил үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу дээрх 10 дугаар зүйлд зааснаар барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.

f.Хариуцагчид нь төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон Монгол Улсын хуулийн дагуу нэгдүгээр хариуцагчийн эзэмшиж буй С ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлэх,

g.Нэгдүгээр хариуцагч нь нэхэмжлэлийн /24/-т заасан баримт бичгүүд ба эсхүл мэдээллийг нэхэмжлэгчид гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах С ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ойролцоо орших гянт болдын баяжмал үйлдвэрлэдэг Х уурхайн мөнгөн гүйлгээ, орлого, зарлага, үйлдвэрлэлийн талаарх /сар тутмын/ мэдээлэл, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах /жин, WОЗ хувь хэмжээ, тээвэрлэлтийн зардал, хадгалалтын зардал, бусад зардал, хүлээн авсан орлого зэрэг/ үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн /сар тутмын/ бүртгэл, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах Хын уурхайн уулын ажлын тайлан /Монгол Улсын Засгийн газарт өгсөн байдлаар/, Х уурхай дахь шинэ баяжуулах үйлдвэрийн өртөг /барилга, машин механизм, тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн зардал зэргийг оролцуулан/, Х уурхай дахь шинэ барилга, ажлын байрны өртөг /материал, тоног төхөөрөмж болон тохижуулалтын зардал зэргийг оролцуулан/, Х уурхайн үйл ажиллагаа буюу сайжруулалтанд ашигласан зээлийн дүн /хүүгийн хувь хэмжээ болон эргэн төлөлтийн хуваарь зэргийг оролцуулан/, Х уурхай дахь хүргэлтийн урьдчилгаа төлбөрийн дүн /урьдчилгаа төлбөрийн эргэн төлөх хуваарь болон баяжмал хүргэхтэй холбоотой аливаа урт хугацааны үүрэг зэргийг оролцуулан/, С ХХК-ийн биелүүлээгүй байгаа хуулиар хүлээсэн үүрэг, Х уурхайтай холбоотой одоогийн баяжмалын гэрээнүүдийн талаарх мэдээлэл, мөн хоорондын санхүүгийн хэлцлүүдийг оролцуулан С ХХК болон хоёрдугаар хариуцагч нарын хоорондох харилцааны талаарх мэдээллийг гаргаж өгсүгэй,

h.Хариуцагчид нь хамтран болон дангаараа /jointly and serverally/ хүлээх хариуцлагын дагуу өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн гаргасан арбитрын ажиллагааны зардлын 80 хувь буюу 806 574.29 ам.доллар болон аливаа захиргааны болон Арбитрын бүрэлдэхүүний хөлсийг 100 хувь нэхэмжлэгчид төлөх-ийг даалган тус тус шийдвэрлэжээ.

 

5.2.Н******* нь Хонг конгийн олон улсын Арбитрын төвийн HKIAC/PA17079 дугаартай хэргийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ГХ2019/00461 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №19290634 дүгээр тогтоолоор үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Н******* ХХК-ийн эзэмшиж байсан С ХХК-ийн хувьцааг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн, үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, шинжээч томилсон тогтоол үндэслэлгүй гэж маргаж байна.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55 дугаар зүйлийн 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

 

7.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэж, Оюуны ундраа ХХК, Н******* ХХК, С ХХК-иас тус тус үнийн санал ирүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Н******* ХХК-ийн эзэмшилд байгаа С ХХК-ийн нэг бүрийн үнэ 1 000 төгрөг, 10 731 513 ширхэг нийт 10 731 513 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааны үнэлгээ хийлгэхээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, шинжээч Г.Б*******ыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3/84 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон болох нь тогтоогдож байна.

 

7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

7.3.Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр захирлын тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх үнэлгээчнээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 19120001 тусгай зөвшөөрлийн дугаартай үнэлгээчин Г.Б*******ыг томилсон байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3/84 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлээр шинжээч Г.Б*******т Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 17, 18, 19, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль сануулан танилцуулж шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулжээ.

7.4.Мөн хэрэгт авагдсан баримтаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 121 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар С ХХК-ийн нийт хувьцааны зах зээлийн үнэ цэн 26 182 271 450 төгрөг болохыг тодорхойлж, үнэлгээний тайланг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээлцсэн баримт үйлдэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

7.5.Хариуцагч нь дээрх үнэлгээний тайланг талуудад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үнэлгээний тайлантай 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр танилцаж, гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаандаа гаргасан байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хувьцааны үнэлгээг үндэслэлгүйгээр хэт өндрөөр үнэлсэн, шинжээч томилсон тогтоолыг танилцуулж, мэдэгдээгүй, С ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг 21 тэрбумаар үнэлсэн атлаа зөвхөн хувьцааг нь 26 тэрбумаар үнэлсэн нь үндэслэлгүй, С ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд уг компани нь анх үнэлэгдсэн үнээс хувьцаа нь үнэтэй гарсан нь эргэлзээтэй, уг компани нь үйл ажиллагаа явуулахгүй байхад үнэлгээг орлогын хандлагаар тооцсон буюу шинжээч томилсны маргааш нь хөрөнгийн үнэлгээг шууд гаргасан нь бодитой гарсан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарласан.

8.1.Хариуцагч, гуравдагч этгээд нар нь үнэлгээ үндэслэлтэй, үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлага хангасан, шинжээч томилох тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсон болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн албан бичгээр тус тус нотлогдоно гэж мэтгэлцсэн.

8.2.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тайланд ...Нэг.Ерөнхий мэдээлэл, 1.1.Үндсэн хүчин зүйлс болон дүгнэлт. Үнэлгээний огноо: 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, үзлэгийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, үнэлгээний ажлыг хийх үндэслэл: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 1/3 дугаартай шинжээч томилох тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/84 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэв гэжээ.

8.3.Мөн иргэний шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Б/07 тоот албан бичигт ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээч томилох тогтоолд дурдсан Н ХХК-ийн эзэмшиж буй С ХХК-ийн хувьцааг үнэлэх ажил хийгдэж байна. Үнэлж буй хөрөнгүүд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байрлалтай учир цас их орсон, даваа замууд хаагдсан зэрэг шалтгаанаас болж шинжээч хөрөнгийн байдалтай танилцахад хугацаа их зарцуулсан. Иймд шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг 14 хоногоор сунгаж өгнө үү гэсэн байна .

8.4.Дээрх үнэлгээний тайланд үзлэгийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, үнэлгээний ажлыг хийх үндэслэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/3 дугаартай шинжээч томилох тогтоол гэж дурдсан боловч энэ тогтоол нь хэрэгт болон хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдаагүй байх бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Б нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3/84 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, шинжээч Г.Б*******ыг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

8.5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 тоот албан тоотоор шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг сунгуулж байсан, шинжээчийг 2023 оны 01 сарын 06-нд томилсон нь үнэлгээний тайланд тусгагдсан, мөн шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг сунгасан албан тоотоор нотлогдоно гэсэн боловч шинжээч томилох тогтоол нь хэрэгт авагдаагүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас шинжээчээр Г.Б*******ыг тухайн өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс шинжээчээр томилсон талаарх тушаал нь хэрэгт болон шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдаагүй байх тул шинжээч Г.Б*******ыг шинжээчээр томилж, түүнд хуульд заасан эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулах ажиллагааг хийгээгүй байхад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үзлэг хийж, хөрөнгө үнэлсэн тайлан гаргасан гэж дүгнэхээр байна.

8.4.Өөрөөр хэлбэл шинжээч Г.Б******* нь үнэлгээг нэг хоногийн дотор гаргаагүй, 2023 оны 01 сарын 20-ноос хойш хийсэн гэсэн боловч түүнийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №11 дүгээр захирлын тушаалаар шинжээчээр томилж, түүнд хууль сануулж, эрх үүргийг тайлбарласан баримт хэрэгт авагджээ.

 

9.Мөн шүүх хуралдаанд шинжээч Г.Б******* нь шинжээчийн дүгнэлтийг өртгийн болон орлогын хандлагаар үнэлсэн, үнэлгээг хийхдээ заавал 3 аргыг баримтлах шаардлагагүй, хөрөнгийн нөхцөл байдлаас шалтгаалан аль аргыг хэрэглэхийг шийдвэрлэдэг гэсэн боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан, хувьцааны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо энэ хандлагын аргыг хэрэглээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

9.1.Өөрөөр хэлбэл хэдийгээр орлогын хандлагын аргаар хувьцааны үнэлгээг хийх боломжтой гэх шинжээчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй боловч зах зээлийн үнэлгээг тогтоохдоо бусад аргуудтай хослуулан ашиглах нь илүү оновчтой, орлогын хандлагаар ихэвчлэн компанийн ирээдүйн орлого, мөнгөн урсгалыг тооцож үнэлдэг байхад компани сүүлийн жилүүдэд ажиллаагүй байхад энэ хандлагын аргыг ашигласан нь эргэлзээтэй, үнэлгээ бодитой бус гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

10.Иймд нэхэмжлэгч АНУ-ын иргэн Ж******* Ф.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №121 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай тайланг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №121 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН