| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/04918/И |
| Дугаар | 192/ШШ2025/03907 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/03907
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц******* ХХК,
Хариуцагч: Г.Б,
Хариуцагч: Ч.С нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 46 116 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А******* ХХК нь иргэн Г.Б*******, Ч.С******* нартай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ20220408 тоот зээлийн гэрээ байгуулж 21 000 0 00 төгрөгийг сарын 2.8% хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Тус зээлийн гэрээнд Ц******* ХХК нь өөрийн хөрөнгөөр батлан даалтын гэрээ давхар хийсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ф20220408 тоот барьцааны гэрээгээр ******* улсын бүртгэлийн дугаартай TOYOTA PASSO M-500 Маркийн автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1-д болон 3.2.3-д зааснаар Зээлдэгч Г.Б*******, Ч.С******* нар нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгчтэй зээлдэгчийн гэрт уулзаж, утсаар удаа дараа зээлээ төлөхийг сануулж, мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар өнөөг хүрч байна. Зээлдэгч Г.Б******* болон Ч.С******* нартай зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3% хувийн алданги тооцох, зээл олголтын шимтгэл 1 хувиар тооцож авахаар тохирсон бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 21 000 000 төгрөг, үндсэн хүү 9 741 200 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, шимтгэл 210 000 төгрөг, нийт 41 451 000 төгрөг болсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 41 451 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Иргэн Г.Б*******, Ч.С******* нар нь Авто зээл платформ ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр ЗГ-20220408 тоот Зээлийн гэрээ" Зээлдэгч Г.Б*******, хамтран зээлдэгч Ч.С*******, барьцаалуулагч Г.Б*******тай Ф-20220408 тоот "Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ", Батлан даагч Ц******* ХХК-тай БД20220408 тоот Батлан даалтын гэрээ" тус тус байгуулсан байна. ЗГ-20220408 тоот Зээлийн гэрээгээр зээлдэгч нь 21,000,000 сая төгрөгийг 4 сарын хугацаагаар сарын 2.8%-ийн хүүтэй зээлж зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэл хангуулах хүрээнд Ф- 20220408 тоот Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ", БД20220408 тоот Батлан даалтын гэрээ" тус тус байгуулсан байна. Зээлдэгчид нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөгний төлөлт хийгээгүй бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээл 21,000,000 төгрөг, үндсэн хүү 14,403,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, шимтгэл 210,000 төгрөг нийт 46 116 000 төгрөгийг хариуцагч талаас фидуцийн зүйлийг оролцуулан нэхэмжилсэн. Зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч болохын хувьд Г.Б*******, хамтран зээлдэгч болохын хувьд Ч.С******* нь энэхүү нэхэмжлэлд хариуцагч гэж тодорхойлогдсон бөгөөд Ц******* ХХК нь БД20220408 тоот Батлан даалтын гэрээ-гээр Зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхэд гарсан нийт зардлыг хариуцах үүрэг тус тус хүлээсэн байна. Ц******* ХХК-ийн мэдээллийг улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд хамтран зээлдэгч Ч.С*******ийн 100% эзэмшлийн хуулийн этгээд байна. Зээлдэгч талууд гэрээ байгуулснаас хойш төлөлт хийгээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж үүрэг гүйцэтгүүлэгч талд амаар болон бичгээр илэрхийлж байсан боловч үүргээ биелүүлээгүй тул хариуцагч тал Г.Б*******, Ч.С*******, Ц******* ХХК-аас нийт /фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай toyota passo машиныг оролцуулан 46 116 000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Ц******* ХХК, И.Б*******, Ч.С******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 116 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 46 116 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хариуцагч Ц******* ХХК-ийн төлөөлөгч Ч.С*******, иргэн Г.Б*******, Ч.С******* нар хүлээн зөвшөөрч байна.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 46 116 000 төгрөгийн 16 116 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлнэ.
3.Төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлснээр барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota passo M-500 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж, хариуцагч нарт 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө... гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 46 116 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас 16 116 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч нар 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх, төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлснээр барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota passo M-500 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж, хариуцагч нарт 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 793 /365 206+89 587/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй, бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц******* ХХК, И.Б*******, Ч.С******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46 116 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 46 116 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас 16 116 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч нар маргаангүйгээр хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх, төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлснээр барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota passo M-500 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж, хариуцагч нарт 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 793 /365 206+89 587/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН