Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 217

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Батбаяр

хохирогч Э.Э түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо

шинжээч эмч Ө.Сарангэрэл

гэрч А.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин захын авто зогсоол дээр Э.Э-тай автомашины зогсоолоос болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

       

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эийг би машинаар мөргөөгүй. Би том хүүхдээ хажуудаа суулгаад бага хүүхдээ өвөр дээрээ авчихсан сууж байхад Э ирээд машины хаалга онгойлгож буцаагаад хүчтэй хаахдаа манай хүүхдийн толгойг машины хаалгаар цохихоор нь би машинаасаа бууж очоод Этай барилцаж аваад цааш нь түлхчихсэн юм. Тухайн үед манай хүүхдийн тархи хөдөлсөн байсныг бариачид бариулсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 3.092.000 төгрөгийг би төлж барагдуулсан. Түүний цалин хөлсөнд нэхэмжилж байгаа 2.600.000 төгрөгийг би төлнө гэв.

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын үед “Хархорин” захын  авто машины зогсоол дээр очтол нэг Кроун  машин зогсоол дээрээс ухраад гарч байсан.  Би энэ машины зогсоол дээр ороод зогсож болох юм байна гэж бодоод машинаасаа буугаад хараад зогсож байхад Б.Б машинтайгаа ирээд  намайг мөргөсөн. Мөргөхөд нь би газар унаагүй юм. Тэгээд би эргээд харахад хүн мөргөчихөөд бууж ирээд уучлалт гуйхгүй байгаад байхаар нь би машиных нь багаажин дээр нь зөөлхөн тогшоод уучлалт гуйсангүй гэж Бид хэлэхэд намайг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи солиотой амьтан байна” гэж хэлээд машиных нь хаалгыг ширүүрхэн хаачихаад явахад Б араас гарч ирээд намайг заамдаад, мөргөж унагаасан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Сэрэхэд А.Отгонжаргал намайг босгох гээд байж байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирсэн. Энэ хүн үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа гэж бодож байна. Би бодит хохирлоо нэхэмжилсэн. Би их гомдолтой байна. Надаас эмчилгээнд 3.092.000 төгрөг гарсан. Ажилгүй байсан хугацааны цалин 2.600.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эмчилгээний зардал төлөгдсөн. Одоо 2.600.000  төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Гэрч А.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Э өмнө нь гэмтэж бэртэж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед Б Эийг толгойгоороо мөргөөд хөлөөрөө дэгээдэж унагаасан гэв.

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Эийн биед үзлэг хийхэд тухайн үед толгой хэсгийн хуйх хавдсан, эмзэглэл ихтэй, толгойн томографикийн суман заадас дагасан хугаралттай байсан.  Суман заадас дагасан хугарал гэдэг нь толгойн зулай хэсгийг хуваасан заадас салсан гэж ойлгоно. Энэ гэмтэл нь толгойн урд хэсгээс мөргөх болон цохих үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. Ийм гэмтэл авсан хүн хэдий хугацаанд үйлдэл хийж явах боломжтой талаар  хугацааг нарийн тодорхойлох боломжгүй. Гэхдээ үйлдэл хийх боломжтой гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Хархорин захын гадна зогсоол дээр Отгонжаргалын хамт машинтай нь ирээд машиныг нь авто зогсоолд байрлуулж тавих гээд би машинаасаа буугаад Отгонжаргалд явах замыг нь заагаад зогсож байтал араас 64-95 УБЛ улсын дугаартай хөх өнгийн Тоёота Приус 20 маркийн машин ирээд намайг мөргөөд зогсохоор нь би эргэж хараад жолоочийг нь хүн мөргөчихсөн юм чинь машинаасаа буугаад ирэх болов уу гээд харсан чинь жолооч нь бууж ирэхгүй байхаар нь би багажин дээр нь 2-3 удаа тогшоод уг машины толь руу харсан чинь жолооч залуу толиндоо над руу салаавч гаргасан юм. Тэгэхээр нь би жолооч талын хаалган дээр нь очиж хаалгыг нь онгойлгоод чи хүн мөргөчихөөд уучлаарай ч байхгүй хүн доромжлоод гэж хэлсэн чинь нөгөө жолооч залуу холдох чинь яасан юм бэ хохь чинь зайлаарай пизда минь ална шүү гэсэн тухайн үед уг жолооч залуу өвөр дээрээ жаахан хүүхэд тэвэрчихсэн мөн цаад талд нь жаахан хүүхэд суучихсан байхаар нь за яршиг даа энэнтэй муудалцаад яахав гэж бодоод чи ч солиотой амьтан байна даа гэж хэлээд хаалгыг нь хаагаад цаашаа явсан чинь нөгөө жолооч залуу араас бууж ирээд миний энгэрээс заамдаад авахаар нь би зүгээр байгаарай цагдаа дуудна шүү гэж хэлж дуусаагүй байтал нөгөө залуу миний дух хэсэг рүү толгойгоороо мөргөөд би хойшоо ухаан алдаад газар унасан. Намайг ухаан алдаад газар унасны дараа уг залуу намайг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь Отгонжаргал намайг татаж босгох гээд дийлэхгүй байж байсан ба нөгөө жолооч залууд хандан чи хүн зодчихоод татаж босголцооч гэж хэлээд байж байсан. Тэгээд би ухаан орж сэргээд уг машины зургийг нь аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд тархи гавлын яс заадсаараа салсан, цусан хураа үүссэн, зүүн талын нүдний харааны 6 мэдрэл нь гэмтсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн юм. Би маш их гомдолтой байна, уг залууд зодуулж гэмтэл авснаас болж гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн ба дотуур цус алдаснаасаа болоод Сонгодо эмнэлэгт хэвтэн дурангийн хагалгаанд ороод гэртээ хэвтрийн дэглэм сахин эмчилгээ хийлгэсэн. Одоо хүртэл эмчилгээ хийгдэж байгаа. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 2.992.083 төгрөгийн зардал гараад байна. Цаашид миний эмчилгээнд хичнээн төгрөгийн зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Мөн тухайн үед би Бат-Сендвич ХХК-д түр ажилтнаар өдрийн 25000 төгрөгийн цалинтайгаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллахаар байсан юм. Хэрэв ажиллаж байсан бол 2.100.000 төгрөг авах байсан. Мөн миний зүүн нүдний гэмтлийг Монгол Улсад эмчилдэггүй Солонгос улсад эмчилдэг учраас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлмээр байна. ” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Сундуйдорж мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед байсан байх хадам ах Б, хадам ээж Алтанцэцэг, хадам дүү Сэлэнгэ, Энхбат, эхнэр Сэргэлэн, Б ахын хоёр хүүхэд нарын хамт Б ахын хөх өнгийн Приус-20 маркийн автомашинтай Хархорин худалдааны төв дээр очоод Алтанцэцэг, Сэргэлэн, Сэлэнгэ нар түрүүлээд Хархорин худалдааны төв рүү ороод Б ах бид хоёр хүүхдүүдийнх нь хамт автомашинаа зогсоолд байрлуулж тавих гээд үлдсэн юм. Тухайн үед бид нарын зогсож байсан газрын ард нэг зогсоол гарахаар нь уг зогсоол руу орох гэтэл нэг ах манай машин энэ зогсоол руу орох гэж байгаа юм гээд хаагаад зогсож байсан. Тухайн үед Б  ах нэг ой гарантай хүүгээ өвөр дээрээ тавьсан байсан ба ухрах араан дээрээ тавьсан байж байгаад тормозон дээрээсээ хөлөө аваад огцом хойш ухас хийгээд зогссон юм. Тэгсэн чинь нөгөө зогсоолыг хаагаад зогсож байсан эрэгтэй хүн Б ахын гупер руу гараараа нэг удаа хүчтэй цохиход нь Б ах цонхоо онгойлгоод яагаад байгаа юм бэ гэж асуухад нөгөө хүн чи дайрлаа ш дээ гэхэд нь Б ах хараад зогсож байгаа юм биш үү гэж хэлчихээд цонхоо хаасан юм. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүн өөрөө ирээд Б ахын талын хаалгыг онгойлгоод чи юу гээд байгаа пиздаа вэ гэж хэлээд машиных нь хаалгыг саваад хаасан чинь Б ахын хүү Анарын толгойг хаалгаар цохичихсон. Тэгсэн чинь Б ах хүүхдээ хажуу талын суудал дээр сууж байсан Энхбатад өгчихөөд машинаас буусан юм. Тухайн үед Анар уйлаад байсан болохоор дуугай болгох гээд аргадаж байгаад цонхоор хартал Б ах нөгөө хүнтэй заамдалцаад авчихсан байж байснаа барьцаа тавиулах гээд түлхчихсэн чинь нөгөө хүн хойшоо саваад унаж байгаа харагдахаар нь би машинаас буугаад очиход нөгөө хүн газар дээшээ хараад хэвтэж байсан.  Тэгтэл цаанаас нь нөгөө эрэгтэй хүнтэй хамт явсан эмэгтэй нь хүрч ирээд Б ахыг чи нуруун дээрээ гэмтэлтэй хүнийг яаж байгаа юм бэ  гээд орилоод хүрээд ирсэн тэгээд Б ах тэр эмэгтэйтэй хамт нөгөө хүнийг хоёр талаас нь түшээд дээш босгосон юм. Тэгээд нөгөө эмэгтэй нь цагдаа дуудаад цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан юм. Б ах уг хүний зодож цохиогүй, уг хүн хаалгыг нь саваад хүү Анарых нь толгойг хаалгаар цохиход Б уурлаад тэр хоёр барилцаж аваад л барьцаан тавиулах гээд түлхчихсэн хойш саваад уначихсан бусдаар зодож цохиогүй” /хх-ийн 19- 20/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Отгонжаргал мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 18-ны 13 цагийн орчим би танил Эийн  хамт  Хархорин худалдааны төвөөс юм худалдан авахаар манай компани 14-00 улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашинтай очоод Хархорин худалдааны төвийн төв хаалганы харалдаа хойд талд авто зогсоол дээр нэг автомашин ухраад гарах гэж байхаар нь би  машинаа уг зогсоолд байрлуулах гээд надтай хамт явж байсан Э надад яаж уг зогсоол руу орохыг зааж чиглүүлэх гээд машинаас буугаад уг сул гарсан зогсоолын хажууд зогсож байтал цаад талд байсан 64-95 УБЛ улсын дугаартай хөх өнгийн Приус 20 маркын автомашин ухарч ирээд Эийг мөргөчихсөн чинь Э уг машины багаажийг нь гараараа нэг удаа цохисон чинь зогссон. Тэгээд Э нөгөө машины жолоочийн хаалган дээр нь явж очоод юм ярьж байх шиг байснаа надад уг зогсоол руу орохыг заах гээд буцаад явж байтал нөгөө жолооч Эийн араас бууж ирээд Эийг хувцаснаас нь заамдаж аваад Эийг нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөөд хөлөөрөө дэгээдээд Э хойшоо саваад газар унасан. Тэгэхээр нь би Э дээр очих гээд машинаас бууж байх үед нөгөө залуу Эийн газар уначихсан байхад нь толгойн орой хэсэг рүү нь гараа цохичихоод цаашаа машин руугаа явчихсан юм. Тэгээд би Э дээр очсон чинь Э ухаан алдчихсан байсан. Тэгээд Эийг дуудаад сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь нөгөө жолооч дээр очоод энэ хүн чинь босохгүй байна би босгож чадахгүй байна чи хүн юм бол ирээд цаанаас нь өргөөд босгоодхооч гэсэн чинь ирээд бид хоёр нийлээд босгоод ирсэн чинь Э би хаана байна гэж хэлээд сэргэсэн юм” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Энхтайван мөрдөн байцаалтанд” 2017 оны 11 сарын 18-ны орой цагийг нь хэлж мэдэхгүй байна. Манай ах Э над руу утсаар яриад толгойгоо гэмтээчихлээ гэмтлийн эмнэлэг дээр байна хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очтол Эийн ахын баруун нүд нь хөхөрсөн хэл ам нь сонин болчихсон толгой өвдөөд, дотор муухайраад бөөлжис цутгаад байна гэхээр нь би яасан юу болсон юм бэ гэж асуухад Хархорин зах дээр хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд томографикийн зургыг нь авахуулаад жижүүр эмчид нь үзүүлсэн чинь тархины зулайн заадас яс нь салсан байна ясны цууралт нь нүд рүүгээ орсон байна тэрнээс болж нүд нь хөхөрсөн байна их ноцтой гэмтэл байна тархины гол судас дээр нь ясны үүрмэг унасан байна. Мөн цус хурсан байна  хэрэв тэр судаснаас цус шүүрсэн бол хагалгаа хийгээд нэмэргүй болж магадгүй, уг хүн нь элэгний цероз болон сахарын өвчтэй юм байна хагалгаагаа дийлэхгүй байх ар гэрийнхнийг нь дууд гэсэн. Эмчийн хэлсэн  тархины заадас салах гэмтэл нь их ховор байдаг их хүчтэй юмаар цохисон байна гэж хэлсэн. Одоо гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт цус шимэгдүүлэх эмчилгээ хийгдэж байгаа юм. Манай ах Э нь илүү дутуу зангүй энгийн л хүн байгаа юм “ /хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14425 дугаартай “Э.Э-ийн биед суман заадсын хугарал, сагитал синус дайрсан цусан хураа, толгойн оройн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.  Амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед ...миний ард зогсож байсан Кроун маркийн машин зогсоолоос гарахаар нь уг зогсоол руу нь орох гээд ухарсан чинь миний машины баруун талд зогсож байсан эрэгтэй хүн миний машины ар хэсэг рүү цохихоор нь би машинаа зогсоогоод цонхоо онгойлгоод яагаад машин цохиод байгаа юм гэж асуусан чинь нөгөө хүн би машинаа тавих гэж байна гэхээр нь би тавиулахгүй юу гэсэн чинь өмнөөс хэрэлдэх гээд байхаар нь би цонхоо хаасан чинь нөгөө эрэгтэй над руу муухай хараад зогсоод байхаар нь би толиндоо харж байгаад салаавч гаргасан чинь нөгөө эрэгтэй хүн ирээд миний хаалгыг онгойлгоод чи яагаад байгаа юм гээд над руу дайрахаар нь би яасан юм бэ гэсэн чинь урдаас хаалга савж хаахдаа миний өвөр дээр унтаж байсан 1 нас 10 сартай хүү Анарын толгойг хаалгаар цохичихоор нь би машинаас буугаад уг эрэгтэй хүний куртикнийх нь энгэрээс заамдаж өөр рүүгээ татаж байгаад буцаагаад түлхсэн чинь Э хойшоо саваад газар уначихаад буцаж өндийгөөд босоод иртэл цаад талд нь зогсож байсан Этай хамт явсан эмэгтэй хүн машинаасаа бууж ирээд чи бие муутай хүнийг зодлоо гэж хэлсэн чинь Э буцаад газар хэвтчихсэн юм” /хх-ийн 38/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 41/, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/, хүүхдийн  төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 43-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын авто зогсоол дээр Э.Этай автомашины зогсоолоос болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Э-ийн”...жолооч залуу араас бууж ирээд миний энгэрээс заамдаад авахаар нь би зүгээр байгаарай цагдаа дуудна шүү гэж хэлж дуусаагүй байтал нөгөө залуу миний дух хэсэг рүү толгойгоороо мөргөөд би хойшоо ухаан алдаад газар унасан...”/хх-ийн 18/, гэрч Э.Сундуйдоржийн “...цонхоор хартал Б ах нөгөө хүнтэй заамдалцаад авчихсан байж байснаа барьцаа тавиулах гээд түлхчихсэн чинь нөгөө хүн хойшоо саваад унаж байгаа харагдахаар нь би машинаас буугаад очиход нөгөө хүн газар дээшээ хараад хэвтэж байсан...” /хх-ийн 20/, гэрч А.Отгонжаргалын “...нөгөө жолооч Э-ийн араас бууж ирээд Эийг хувцаснаас нь заамдаж аваад Эийг нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөөд хөлөөрөө дэгээдээд Э хойшоо саваад газар унасан...нөгөө залуу Эийг газар уначихсан байхад нь толгойн орой хэсэг рүү нь гараа цохичихоод цаашаа машин руугаа явчихсан юм...” /хх-ийн 23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14425 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, хохиролын баримтууд /хх-ийн 7-12/,  хохирогчийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 81/,  Батсэндвич ХХК-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 82-84/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Тус дүүргийн прокурорын газраас Б.Б-д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзсэн болно.

 

Шүүх, эдгээр болон бусад байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах” санал дүгнэлт гаргасныг  хүлээн авах боломжтой гэж дүгнэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан хохирогчийн эмчилгээтэй холбогдох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Боос хохирогч Э.Эт 3.092.000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Э.Э эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2.600.000 төгрөгийг Б.Б-оос нэхэмжилж байх бөгөөд эдгээрийг нотлосон хохирогчийн цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Э.Э цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.