Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 217/МА2024/00014

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Х даргалж, шүүгч С.Ц, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Т.Д

Шүүгдэгч                                                          Д.Т-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Д, Л.Б

Нарийн бичгийн дарга                                Б.М нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Л.Б нарын давж заалдах гомдол болон прокурор Ж.Б-ын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Т-т холбогдох 232500000.... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Д-ийн Т, Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Г аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт О аймгийн Б сумын Б баг 11в-... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФД6204.....

 

Д.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр О аймаг Б сум Б багийн нутаг дэвсгэрт байрлах З хотхоны хажуугийн автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Ч.П-ийн эзэмшлийн ................ ОРБ улсын дугаартай “Тоёота П” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын онгорхой байсан цонхоор гараа оруулж, хаалганы цоожийг онгойлгон хууль бусаар нэвтэрч машины багаж хэсгээс цохилттой дрилл, шрупп мастер зэрэг багажуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 302.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

О аймгийн Прокурорын газраас: Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 Шүүгдэгч Т овогт Д-ийн Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр агуулах буюу автомашинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

 Шүүгдэгч Д.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, ... шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Т- болон түүний өмгөөлөгч Л.Б нар давж заалдах гомдолдоо:

 

... О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" хулгайлах гэмт хэргийн үйлдсэн гэх яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, О аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэхь хэсэгт Монгол Улсын иргэний "Хувийн өмчийн харилцааг хуулиар хамгаалсан" талаар зохицуулсан тухай зааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт "Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч", Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь энэ гэмт хэргийн "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх бөгөөд ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж байна гэж үздэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хор уршиг, учирсан үр дагавар үүссэн ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, 2 жилийн хорих ял оногдуулж хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

... Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Т-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн дараахь дүгнэлтийг гаргаж байна. Үүнд: Хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх ялгаа нь ойлгомжгүй тайлбарласан, хууль бусаар нэвтрэхдээ хаалга цоожийг эвдэж цонхыг хагалаагүй, хохирол болох эд зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн, түүнийг гадны нөлөөллөөс хамгаалсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлийг хэрэглэх ялгааг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл "Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-т “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”,

39.7 дугаар зүйл “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-д “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”.

39.8 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, 39.8 дугаар зүйлийн 1.6-д “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 3, 36.7, 2.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” зэрэг байдлууд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл. Нотолбол зохих байдал буюу 1.3. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл,

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн дэхь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл, 1.14.”Орон байр" гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт заасныг гэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайг энэ хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Ж.Б- эсэргүүцэлдээ:

 

“ ... Шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй, нэвтэрч орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар энэ гэмт хэргийн шинж хангагдана. Хулгайлах гэмт хэргийн тайлбар хэсэгт ... Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй талаар тодорхой тайлбарласан байдаг.

 

Гэтэл шүүх Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу “Тусгайлан хамгаалсан байр агуулах буюу автомашинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, уг үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй, гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй гэмт хэрэг юм” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинж буюу гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учраагүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх гэмт хэргийн шинжийг дурдаж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн үндэслэлд хамаарч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

 

2. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Гэтэл анхан шатны шүүх "...түүний үйлдсэн гэмт шинж, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж ... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан.

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т- “... хүн авчих вий гэж машины хаалгыг онгойлгож авсан” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь "...хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй” хэмээн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх байр суурьтай оролцсон байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх дээр үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүх урьдач нөхцөл (гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн) бүрдсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Иймд О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Т- тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: “... шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б тайлбартаа: “ ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б- дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна гэв.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг  шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Б нарын давж заалдах гомдол болон прокурор Ж.Б-ын эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр О аймгийн Б сумын Б багийн нутаг дэвсгэр “З” хотхоны хажуугийн автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ч.П-ийн эзэмшлийн ................ ОРБ улсын дугаартай “Тоёота П” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын онгорхой байсан цонхоор гараа оруулж, хаалганы цоожийг онгойлгон хууль бусаар нэвтэрч машины багаж хэсгээс эд зүйл хулгайлж 302.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр агуулах буюу автомашинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд гэмт этгээд энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Хохирогч Ч.П нь автомашинаа зогсоолд байрлуулан буухдаа бусдын хууль бус халдлагаас сэргийлэн хаалгыг нь түгжсэн боловч цонхыг хааж битүүмжлээгүй орхисон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогчийн “... гэрээсээ гарч ирээд машинаа үзсэн чинь жолооч талын арын цонх борооны хаалт хэсгээс жоохон доош дутуу хаагдсан байхаар нь үзсэн чинь суудал норсон байсан ... замд явж байхдаа арын цонхыг онгойлгоогүй, харин найз Б арын суудалд сууж явсан юм. Байрны гадаа Б буух үедээ арын цонхыг онгойлгосон байсныг нь би мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Бын “ ... намайг байрны урд буулгах гээд зогсож байхад би бөөлжих гээд байсан болохоор цонхыг нь доошлуулчихсан байж байгаад тэр чигээр нь орхиод буусан санагдаж байна ... ” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Т-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч нь өөрийн тээврийн хэрэгслийн цонхыг онгорхой орхисон үйлдэл нь хэн нэгэн этгээд түүний тээврийн хэрэгсэлд нэвтрэх зөвшөөрөл олгосон явдал бус боловч гэмт этгээд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх зэргээр хүч хэрэглэн тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж дотроос нь эд зүйл хулгайлсан тохиолдолд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу “тусгайлан хамгаалсан ... агуулах”-д нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар автотээврийн хэрэгсэл нь зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалттай бөгөөд хохирогч Ч.П нь өөрийн эд хөрөнгө буюу цохилттой дрилл, шрупп мастер зэргийг түр хадгалах зориулалтаар өөрийн автомашинд үлдээхдээ машиныхаа цонхыг онгорхой орхиж явснаар шүүгдэгч уг онгорхой цонхоор гараа оруулж машины хаалгыг онгойлгон дээрх эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаагүй, харин хулгайлах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний обьектив шинж болох “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар О аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул шүүгдэгч Д.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нарын “... хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Харин прокуророос Д.Т-т холбогдох хэргийг буруу зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т анхааруулах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

 

Шүүгдэгч Т овогт Д-ийн Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр агуулах буюу автомашинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Т овогт Д-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т 6 сарын хугацаагаар О аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т анхааруулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.Х

                        ШҮҮГЧИД                                                                 С.Ц

 

С.У