| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03626/И |
| Дугаар | 192/ШШ2025/03916 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/03916
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: М.Х*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ю.Б-д холбогдох,
19 749 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Мөнхцэцэг овогтой Х******* миний бие 100 айлд байршилтай чулууны барилгын материалын дэлгүүрт худалдагч хийдэг. Ю.Б******* гэгч үл таних эрэгтэй анх 2024 оны 5 дугаар сарын эхээр манай дэлгүүрээр үйлчлүүлэн, цаашид барилгын бараа материалын хэрэгцээ гарвал гээд миний утасны дугаарыг авч улмаар Ю.Б******* миний цахим захидал илгээн харьцаж зүс танил болсон. Улмаар Ю.Б******* миний ажил үүргийн онцлогийг судалж мэдсэний үндсэн дээр надтай харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлж миний итгэлийг бага багаар олж авч, анх 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр надаас машины мотор эвдэрчихлээ гэж 3 000 000 төгрөгийг түр хугацаагаар зээлэхийг хүссэн, би итгээд түүний нэр дээрх Хаан банкны 5077******* тоот данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараачаас мөн надтай ажил хэргийн холбоо тогтоох, хамтран ажиллах зорилгоор Шаланз гэх том оврын ачааны машин худалдан авч, манай компанийн ачаа тээврийг зөөж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлхээр нь үнэхээр тийм юм байна гэж бодоод, тухайн саналыг нь хүлээн авсан. Тэгтэл Ю.Б******* нь өөрийн нэр дээрээ цалингийн зээл авсан гэж байсан ба тухайн зээлийн үлдэгдэл 58 000 000 төгрөг байгаа энэ зээлийг хааж өгч тус болооч, би энэ зээлийг хаачихвал эргүүлээд 100 000 000 төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ гээд намайг шалаад байсан тул би хэлсэн үгэнд нь итгэж мөнгө зээлэхээр болсон. Ю.Б******* хэлэхдээ зээлээ хаачихвал эргүүлээд дахин зээл аваад чамаас зээлсэн мөнгөө шууд буцаагаад өгчихнө гэдэг санал тавьсан. Ю.Б*******ийн банкнаас зээлсэн байсан зээлийг төлөхийн тулд миний Хаан банкны 5076******* тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ю.Б*******ийн Хаан банкны 5077******* тоот данс руу 42 800 000 төгрөгийг шилжүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны 427******* тоот данс руу 14 700 000 төгрөг нийт 7 удаагийн гүйлгээгээр нийт 57 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Ю.Б*******ийг зээлээ төлүүлсний нь дараа зээлээ аваад надаас авсан мөнгөө төл гэдгийг хэлэхэд, олоогийн энэ ажилд ороод удаагүй байгаа тул миний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 6 сар хүрээгүй болохоор дахин зээл гарахгүй байна, оны сүүлчээр буюу 12 сард зээл гарахаар байна гэж хэлээд надад өгөх төлбөр тооцоогоо хойшлуулсан. Ю.Б*******ийг зээлсэн мөнгөө өгөөч гэж хэлэхэд, Ю.Б******* нь Солонгос улс руу виз мэдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд дансны хуулга өндөр, орлого зарлагын гүйлгээ сайтай байх хэрэгтэй байна чи миний дансанд ахиухан мөнгө оруулж гаргаад өгөөч гэсэн санал тавихлаар нь би мөнгө төгрөгөө бүтэн олж авахын тулд тэр саналыг нь хүлээн зөвшөөрч 57 500 000 төгрөгөөс гадна Ю.Б*******ийн Худалдаа хөгжлийн банкны 427******* тоот данс болон Хаан банкны 5077******* тоот данс руу олон удаагийн давтамжтайгаар тухайлбал: 3 сая, 4,5 сая, 4,1сая төгрөгийг дундажлан шилжүүлж байсан, гүйлгээний утга дээр нь тээвэр, түлш, гэх зэрэг байдлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 60 699 000 төгрөгийг виз мэдүүлэгт нь зориулж зээлсэн. Ю.Б******* нь надаас зээлж авсан 57 500 000 төгрөгөөс эргүүлж надад 45 000 000 төгрөгийг өгсөн. Үүнээс надад өгөөгүй үлдэгдэл нь 12 500 000 төгрөг. Виз мэдүүлэгтээ зориулж авсан 60 699 000 төгрөгөөс 53 449 900 төгрөгийг буцааж өгсөн үлдэгдэл 7 249 100 төгрөгийг өгөөгүй. Ю.Б******* бид хоёрын хооронд бичгийн гэрээ байхгүй энэ бүх мөнгөө зээлсэн харилцаа маань аман байдлаар тохиролцож мөнгө зээлсэн. Би үлдэгдэл мөнгөө яаралтай өгөхийг шаардаж утсаар ярьж, мессеж бичиж байсан ч янз бүрийн шалтгаан тоочиж өгөхгүй байсаар сүүлдээ миний утасны дугаарыг авахгүй, ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй болсон. Иймээс хамгийн сүүлд би өрөө нэхэж 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр уулзахад намайг хэл амаар доромжилж, өгөхгүй , чаддаг юм бол заргалдаад ав гэж хэд хэдэн удаа миний биед халдан түлхэж, хэл амаар доромжилсон. Миний зүгээс Ю.Б*******д шилжүүлсэн мөнгөн дүн нийт 118 119 000 төгрөгөөс Ю.Б******* над руу бага багаар цувуулан, эргүүлэн шилжүүлэхдээ дутуу шилжүүлдэг байсан. Ингээд надад буцааж өгөх мөнгөн дүн эцсийн байдлаар нийт 19 749 100 төгрөг огт эргүүлж өгөөгүй тул Ю.Б*******эс 19 749 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х******* нь хариуцагч Ю.Б*******д холбогдуулан 19 749 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 19 749 100 төгрөгийн 3 249 100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэв.
2.Үлдэх 16 500 000 төгрөгийг хариуцагч 2025.08.20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 5 500 000 төгрөгөөр төлнө... гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 19 749 100 төгрөгийн 3 249 100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16 500 000 хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 696 төгрөгийн 128 348 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 128 348 төгрөг, хариуцагчаас 128 348 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.Х*******ын нэхэмжлэлтэй, Ю.Б*******д холбогдох 19 749 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 19 749 100 төгрөгийн 3 249 100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16 500 000 хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 696 төгрөгийн 128 348 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 128 348 төгрөг, хариуцагчаас 128 348 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН