Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 229

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

хохирогч Ц.О

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Х.Б  2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75-601 тоотод оршин суух гэртээ эхнэр Ц.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халуун ус цацаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт ”Би эхнэр Отай 15 жил хамт амьдарч амьдралын төлөө явж байгаа. О намайг элдвээр хэлж доромжилж гэрээс байнга хөөж туудаг. Танай ээж, аав чинь өнгөрөхдөө ийм байдалтай байсан гэх мэтчилэнгээр элдвээр хэлдэг тэр нь надад маш хэцүү байдаг. О эхэлж хэрүүл үүсгэж намайг цохиж зодчихоод, тэрэнд нь намайг эсэргүүцэл үзүүлэхээр байнга цагдаа дууддаг. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өглөө намайг гэртээ байж байхад манай дүү Алдартуяа над руу утсаар залгаад О манай нөхөртэй хов жив ярьсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад ширээн дээр байсан аягатай халуун цайг аваад ширээн дээрээ цохисон чинь халуун цай цацраад Оын биед хүрсэн. Түүнээс биш Оыг би санаатайгаар гэмтээж халуун цайгаар түлэх санаа огт байгаагүй. Би амьдралдаа өмнө нь нэг удаа алдаж байсан болохоор сайхан амьдрахын төлөө зүтгээд л явж байна. Урд шөнө л гэхэд намайг хөөгөөд чемодантай хувцас үүдэнд тавьсан. Би эгчийндээ очиж хоноод өнөөдөр хуралд ирж байна. О бид хоёрын иргэний маргаан одоо иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлал дээр байгаа гэв. 

 

Хохирогч Ц.О  шүүхийн хэлэлцүүлэгт: Би Бтай 15 жил хамт амьдарч байна.  Б нэг жилд нэг хүүхэн, нэг машин сольдог юм. Б намайг арай дэндүү доромжилсон. Би Х.Б-ын дүү Алдартуяа гэх охинтой найзууд байгаа юм. Алдартуяагийн найз Ариунаа гэх хүүхэн Х.Б-тай гэр бүлээс гадуурх харилцаатай. Байр хөлсөлж хамт амьдардаг байсан. Алдартуяагийн нөхөр Эдэнгээ утсаар надад хэлэхдээ танай нөхөр Х.Б Ариунаатай гэр бүлээс гадуурх харилцаатай, 13 дугаар хороололд хамт байр хөлсөлдөг гэж хэлсэн. Дараа нь Эдэнгээ намайг уулзъя гэхээр нь  би цайны газар очиж уулзсан юм. Надад Эдэнгээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх санал, хүртэл тавьж байсан. Тэгэхээр нь би их гайхаад, Х.Б намайг шалгаад байгаа юм байхдаа гэж хүртэл бодсон. Эдэнгээтэй уулзаад 4 цаг 20 минутын үед  гэртээ орсон.  Х.Б хэд хоногийн дараа над дээр ирсэн. Ус цацдаг өдөр Алдартуяа Х.Бтай утсаар ярьж байхдаа “наадахаа алаад өгөөч” гээд байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд “Би 2003 оноос хойш Х.Бтай албан ёсоор гэр бүлээ батлуулан хамт амьдарч байгаа юм. Х.Б нь 2005 оноос эхлэн архи уугаад намайг өөрийнхөө дарамтанд байлгах гэдэг мөн Б нь өөрөө их огцом ууртай уурлахаараа үснээс татаж зодож цохидог бөгөөд хэд хэдэн удаа би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч цагдаагаар шийдүүлдэг байсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрх хязгаарлах арга хэмжээ авхуулж байсан...Б нь намайг өөрийнхөө эрхшээлд байлгах гэдэг бөгөөд өөрийнх нь хэлдэг үг нь чи манай эцэг эхийн толгойг залгисан одоо миний толгойг залгих гэж байна уу гэх зэрэг үл ялих шалтгаанаас болж  намайг дарамталж зоддог. /хх-ийн 10/

Уг хэрэг гарахын өмнөх өдөр Бтай хамт ажил хийдэг байсан хоёр танил манай гэрт ирж бид нар хамт архи уусан юм. Тэгээд шөнөдөө уг хоёр хүн хоорондоо маргалдаад цагдаа дуудаад эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн юм. Тэгээд маргааш нь Б бид хоёр гэртээ байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Тэгтэл Бын дүү Алдартуяа утсаар ярьсан бөгөөд намайг муулаад байх шиг байсан. Тэгээд би уурласан бөгөөд уг асуудлаас болж Б бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгтэл Б намайг цай хийгээд өгчих гэхээр нь би ус буцалгагчинд ус буцалгаад хоёр аяганд хуваагаад хийсэн бөгөөд нэг аягатай усанд нь цай найруулах гээд Бын урд талд тавьсан байсан. Тэгээд би Бын эсрэг ширээний дэргэд сууж байтал гэнэт л зүүн талын гар руу нойтон халуун зүйл мэдрэгдээд явчихсан. Тэгээд би сандраад хартал Бын урд талд хийсэн байсан халуун ус асгарсан байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 84/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Мягмарсайхан мөрдөн байцаалтанд” Би Ц.О-ын төрсөн эгч нь байгаа юм...2005 оноос эхэлж  О, Б нар муудалцаж эхэлсэн бөгөөд Б эхнэр болон хамаатан саднаа ядуу гуйлгачингаар нь дуудаж доромжилдог миний мэдэхээр бол Оыг жирэмсэн байх үед нь гар хүрч байсан гэж байсан. Б нь миний мэдэж байгаагаар гэртээ хонох нь багасаад гадуур хоноод байдаг юм байна лээ...2014 онд бага хүүхэд нь өлгийтэй байхад Б нь Оыг гэртээ байхад нь биеийг нь хөх эрээн болтол зодож байсан...” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Жавхлантуяа мөрдөн байцаалтанд” Би Б-ын төрсөн эгч нь байгаа юм. Х.Б зан аашийн хувьд төлөв даруу зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй учир нь зүрх муутай тамхи татдаг...Оыг Турк явж ирснээс хойш Оын зан байдал өөрчлөгдөж дахиж явна гээд байдаг болсон. Тэгээд энэ асуудлаас болж байнга хэрэлдэж маргалдаад байдаг юм...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Алдартуяа мөрдөн байцаалтанд” Би өөрийн төрсөн ах Б, түүний эхнэр О нарын хувийн амьдрал гэр бүлийн харилцааны талаар мэдүүлэг өгөх гэж байна...О нь 2006 онд том хүүгээ төрсний дараагаас түүний зан байдал нь өөрчлөгдөж хүүхдээ орхиод хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог байсан. О нь Турк явчихаад ирсэн бөгөөд ирснийхээ дараагаас зан ааш нь тэс өөр болсон...О манай эх эцэгтэй харьцаж байгаа нь хүртэл дээрэнгүй хэл амаар доромжилж  байдаг байсан бөгөөд манай эх бие нь тааруу эмнэлэгт хэвтээд үр хүүхдүүд нь асар ч байх үед хүртэл О Б-ыг утсаар залгаж дуудаж чи дахиад л нөгөө бузруудтайгаа явж байна уу бөгсийг нь баярлуулаад улаан машинаараа зугаалаад явж байна уу тэр чигээрээ зайлаарай гэж утсаар ярьж байсныг нь би сонсож байсан. Тэгээд О нь хүүхэд халуураад байна гэртээ хурдан ир гэх зэргээр дууддаг байсан...Манай нөхөр Эрдэнэбаатар Оюу толгойд ажилладаг бөгөөд 22 хоног ажлаад 7 хоног амардаг. Эрдэнэбаатарын зүгээс О, Б нарын хувийн амьдралд ямар нэгэн байдлаар оролцдоггүй, харин О нь манай нөхөр рүү залгаад намайг хэл амаад доромжлоод янхан гичийгээр нь дуудсан байсан бөгөөд энэ асуудлаас болж манай нөхөр надад уурлаж байсан. Тэгээд маргааш өглөө нь Б над руу залгаад би Од уурлаад халуун ус санаандгүй цацчихлаа гэж хэлсэн”  /хх-ийн 70/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Х.Б мөрдөн байцаалтанд ”Тухайн өдөр манай дүү Алдартуяа над руу залгаад манай нөхөртэй О уулзсан гэж  ярьсан бөгөөд тухайн асуудлаас болоод О бид хоёр маргалдсан. Тухайн үед би маргалдахаасаа өмнө Оыг цай хийгээд өгчих гээд урдаа халуун цай тавиулсан байсан. Тэгээд маргалдаж байх үед О миний урд талд ширээний дэргэд сууж байсан бөгөөд би уурлаж байх үедээ гараа саваад ширээн дээр байсан халуун цайг алгадаад тухайн цай нь цацрахдаа Оыг оночихсон юм. Би болгоомжгүй уурлаж байхдаа гараа саваад халуун ус цацчихсан юм...” /хх-ийн 85/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1709 дугаартай ”Ц.Оын биед зүүн бугалганд 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17/, ял шалгах хуудас /хх-ийн 22/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 27/,  Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75-601 тоотод оршин суух гэртээ эхнэр Ц.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халуун ус цацаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Ц.О-ын”...би Бын эсрэг ширээний дэргэд сууж байтал гэнэт л зүүн талын гар руу нойтон халуун зүйл мэдрэгдээд явчихсан. Тэгээд би сандраад хартал Бын урд талд хийсэн байсан халуун ус асгарсан байсан...” /хх-ийн 84/, яллагдагчаар Х.Б:... О миний урд талд ширээний дэргэж сууж байсан бөгөөд би уурлаж байх үедээ гараа саваад ширээн дээр байсан халуун цайг алгадаад тухайн цай нь цацрахдаа Оыг оночихсон юм. /хх-ийн 85/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1709 дугаартай дүгнэлт /хх-ийн 76/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудаар яллагдагчаар Х.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... О миний урд талд ширээний дэргэж сууж байсан бөгөөд би уурлаж байх үедээ гараа саваад ширээн дээр байсан халуун цайг алгадаад тухайн цай нь цацрахдаа Оыг оночихсон юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй бөгөөд

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Х.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэж,

 

шүүгдэгч Х.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг  тус тус дурьдаж байна.