| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 142/2025/00022/И |
| Дугаар | 192/шш2025/02506 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 192/шш2025/02506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нөхөр *******тай би 2018 оноос эхлэн гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн бөгөөд, энэ хугацаанд бидний дундаас 2020 оны 09 дүгээр сарын 26-нд хүү ******* маань төрсөн, одоо 4 настай. Сүүлийн үед таарамжгүй харилцаатай байх болсон тул тусдаа амьдарч байна, тусдаа амьдраад нэг жил орчим болж байна. Үүнээс өмнө хамт амьдарч байсан. Одоо хүү ******* маань надтай хамт амьдарч байгаа, бид хамт амьдарч байсан ч гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хурим хийж байж гэрлэлтээ батлуулах гээд хүлээж байсан. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул хүү *******ийн эцгээр төрсөн эцэг Т.Төммандахыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд хүү *******ийн эцгээр төрсөн эцэг *******ыг тогтоож, *******аас хүү *******т хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү ... гэв.
2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиндоо тэтгэлэг төлнө ... гэв.
3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхэд эрүүл өсч байгаа гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00369 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Хулан-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү ******* төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хүү *******ийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг *******аар овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байх тул хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзлээ.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
8. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
9. Мөн хүү ******* нь эх Э.Хулан-Эрдэний асрамжинд байгаа, эх нь хүүхдээ өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул энэ нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.
10. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас хүү ******* төрснөөр эцэг *******, эх ******* нарт хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна.
11. Хариуцагч ******* нь хүү *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
12. Иймд хүү *******ийг эх ******* асрамжинд үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
13. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг ******* нь хүү *******тэй уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д сануулах нь зүйтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Хулан-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Төрмандахын Батхишигийг эх Э.Хулан-Эрдэний асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны баталгаажих түвшингийн 50-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх *******, эцэг ******* нарт мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг ******* нь хүү *******тэй уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д сануулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Хулан-Эрдэийэ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ