Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01202

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01202

 

 

Д.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/01374 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ны нэхэмжлэлтэй хариуцагч БХЗХТБАА холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №102/ШШ2016/00679 тоот шүүгчийн захирамжаар 26 855 401 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 146 113 төгрөгийн хамт гаргуулан Капитал банк ХХК-д олгохоор захирамжилсан байдаг. БХЗХТБАА албаны шийдвэр гүйцэтгэгч Д.О нь иргэн Л.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б дугаар байрны 580 тоот хаягт байрлалттай Эрхийн Улсын Бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20.57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан бөгөөд шинжээчээр томилсон ба шинжээчийн хөрөнгийн үнэлгээг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан. Тухайн үнэлгээнд иргэн Л.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б дугаар байрны 580 тоот хаягт байрлалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20.57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 30 964 600 төгрөгөөр үнэлсэн байдаг. Дээрх үнэлгээний компани нь үл хөдлөх эд хөрөнгийг ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б дугаар байрны 580 тоот хаягт байрлалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20.57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны шинжээчийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00679 дүгээр захирамжаар Д.Э аас 27 001 514 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Э-ны зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 москвагийн гудамж 48Б байр, 580 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж 30 964 600 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Хэтэрхий бага үнэлсэн гэж нэхэмжлэгч хэлж байгаа бол ямар баримт дээр тулгуурлаж гомдож байгаа нь тодорхойгүй байна. Шинжээчийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилж, хууль сануулсан байдаг. Шинжээч үнэлгээ гаргахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал байхгүй, хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж шуурхай зээлийн зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар зээл авч 1 өрөө байрыг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас өр төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч шүүхийн шийдвэр гарснаас хойш 644 000 төгрөг төлсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Ямар шинжээч томилох гэж байгаагаа мэдэгдсэн, татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг тогтоосон. Нэхэмжлэлд дурдаж байгаа ямар зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ хийсэн нь тодорхойгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээний 3 аргаар өртөг үнэ, жишиг үнэ буюу зах зээлийн аргаар, зохих тохируулгыг хийгээд 30 464 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн дүгнэлтийн хувьд хуульд нийцсэн. Өртгийн, зах зээлийг, жишиг үнийн дагуу дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Холбогдох баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Манай банкны хувьд банкны эрх хүлээн авагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Манай зүгээс 500 000-600 000 төгрөг төлүүлэхийг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-ны хариуцагч БХЗХТБАА холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нь тухайн өдөр шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн авалгүй шүүх хуралдааныг явуулсан. Тус шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагын дагуу зохих хуулийн мэдлэггүй надаас Иргэний хууль болон бусад хуулийн дагуу үндэслэлээ тайлбарлахыг шаардсан ба үүнтэй холбоотойгоор хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Тус шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Гэтэл дээрх үйл баримтууд нь өмгөөлөгч Ц.Э т байсан ба өмгөөлөгчийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч БХЗХТБАА холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00679 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэг 26 855 401 төгрөгийг Д.Э 2016 оны 3 дугаар сард төлбөрийн 10 хувь болох 2 685 540 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард төлбөрийн 20 хувь болох 5 371 080 төгрөг, 2016 оны 5 дугаар сард төлбөрийн 70 хувь болох 18 798 781 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх16-17 дах тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 02534 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ Москвагийн гудамж, 48б байр, 580 тоот хаягт байрлах, 20.5 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16251093/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16251093/10 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй. /хх18-19 дэх тал/

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч Д.Э аас үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан /хх21/ уг үнэлгээний саналыг төлбөр авагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт /хх22/ гаргаж улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцож чадаагүй тул Мөнх оргил трейд ХХК-ийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/02 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх25/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

БХЗХТБАА алба нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Мөнх оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ Москвагийн гудамж, 48б байр, 580 тоот хаягт байрлах, 20.5 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 30 964 600 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-28-41 дэх тал/

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/358 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Э д гардуулан өгчээ. /хх42 дах тал/

 

Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн нь тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзсан, орон сууцыг ижил байршил, хэмжээ, өрөө бүхий орон сууцуудтай харьцуулж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хямд үнэлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, Монгол Улсын зах зээлд тухайн үл эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж БХЗХТБАА холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Э-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйг залруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлахаар өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж анхан шатны шүүх уг хүсэлтийг нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь Ц.Э ыг өмгөөлөгчөөр авсан боловч өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан тул өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх өмнө нь нэхэмжлэгчийг эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан, Ц.Э гэх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангахгүй орхиж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/01374 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ