| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2018/0251/э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,
улсын яллагч Г.Ганхөлөг
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Д.М 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Ж.О-г хардалтын улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Энэ хэргийг би үйлдсэн нь үнэн. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Ж.О мөрдөн байцаалтанд “ 2017 оны 11 сарын 16-ны өдөр Мы төрсөн өдөр нь болсон...2017 оны 11 сарын 17-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 01-14 тоотод байрлах гэртээ амрах гээд байж байтал Мы оюутан ангийн найз Бумаа манай гэрт ирээд хоёулаа хамт гаръя гээд гуйгаад байхаар нь би М руу утасдаж хэлээд Бумаа бид хоёр гараад Өргөөгийн урд талын нийтийн караокед орж суусан. Мыг ярихаар нь би байгаа газраа зааж өгөөд хүрээд ир гэтэл ирээгүй. Би нэг шил пиво ууж дуулж байгаад 05 цаг өнгөрч байхад гэртээ ирээд 06 цагийн үед ороо засаад унтах гэж байтал М гаднаас бага зэрэг архи үнэртүүлчихсэн орж ирээд чи хаагуур явж байгаад ирж байгаа пизда вэ гээд миний бөгс рүү өшиглөтөл би цаашаа ор руу унасан. Би босож ирээд би ямар өөрийнхөө найзуудтай явсан биш танай найз чинь гэрт ирээд гарсан ш дээ чамд хэлээ биз дээ чи хүрээд ирэхгүй яасан юм бэ гэтэл толгой руу гараараа түлхээд багананаас унаж ирсэн жижиг тулгуур модоор зүүн талын шуу хэсэгт 3-4 удаа цохиод нуруу руу мөн цохиод байхаар нь өвдөөд байна ш дээ болиоч гээд гарыг түлхэх гэтэл миний зүүн гарыг хойш нь мушгиад цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би өвдөөд байхаар нь уйлтал чи муу юундаа чанга орилоод байгаан гээд гараараа ам дараад байсан. Би амьсгалж чадахгүй болоод ирэхээр гараа авчихаад дахиад дараад байсан. Тэгээд намайг уйлаад сууж байтал толгой руу гараараа 2-3 удаа цохиход нь би орны толгой мөргөчихсөн. Зодож байхдаа хашааны банхар, гичий, янхан, чи ийм ш дээ жомбогдоод явдаг гээд хэл амаар доромжлоод байсан. Мөн гараараа хоолойны хойноос боож татаж байгаад өөрөө нилээн тайвшраад больсон. Би ах, эгч нарыгаа дуудна гэтэл М утас булааж авчихаад гэрээс гаргахгүй байсан. Би бие засчихаад ирье гэж хэлж гэрээс гараад хажуу айл руу ороод эгчийнхээ утасны дугаарыг өгөөд манай нөхөр намайг зодоод байна дуудаад өгөөч гэж хэлчихээд гэртээ орсон. Бид хоёр гэртээ сууж байтал нэг цагийн дараа байх манай эгч болон цагдаа хүрээд ирсэн. Хажуу айлын хүн цагдаа дуудсан байсан...М надаас уучлалт гуйгаад бид хоёр одоо хамт амьдарч байгаа учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Загдраднаа мөрдөн байцаалтанд “2017 оны 11 сарын 18-ны шөнө би гэртээ нэхий илдэж байсан чинь манай эхнэр Энхсүрэн хажуу айл шуугилдаад байна гэсэн. Тэгтэл өглөө 10 цагийн үед О орж ирээд манай нөхөр М намайг гэрээс гаргахгүй зодоод утас хурааж авсан би бие засчихаад ирье гэж худал хэлээд гараад ирлээ гээд надад ах, эгч нарынхаа утасны дугаар гээд 5-6 утасны дугаар өгөөд, бас цагдаад дуудаад өгөөч гэсэн. Би хэсгийн цагдаа дээр очсон байхгүй байхаар нь утсаар цагдаа дуудаж өгсөн...Өмнө нь хэд хэдэн удаа шуугилдаад хэрэлдээд байдаг байсан М согтуу ирэхээр ийм зүйл болдог. Би Мд та нар шуугилдаад унтуулахгүй байна шүү гэж хэлж байсан...”/хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14414 дугаартай “Ж.О биед дух, зүүн сарвуу, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт,
Сэжигтэн Д.М мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цагийн үед ажлаа тараад Зүүн Нарангийн 01-14 тоотод гэртээ иртэл хамтран амьдрагч О гэртээ байхгүй байсан. Би утас руу нь залгатал найзтайгаар хамт караокенд сууж байна гээд хаана ямар караокед хэнтэй сууж байгаагаа хэлэхгүй байхаар нь уур хүрээд гэрээс нь гараад өөрийнхөө гэр рүү очсон. Тэгээд утас руу нь хэд хэдэн удаа залгатал утсаа авахгүй байсан. Би унтаж байгаад 4 цагийн үед сэрээд 4 цагийн үед гэртээ очиход О ороо засаад зогсож байсан. Чи яагаад утсаа авахгүй унтраачихсан юм хаагуур яваад ирж байгаан гэтэл юм дуугарахгүй байхаар нь хөөе юм асуугаад байна ш дээ гээд цамцнаас нь таттал юм дуугарахгүй байхаар нь үүр цайтал хаагуур явдаг юм бэ гээд зүүн талын гар руу нь хүчтэй түлхтэл хойшоогоо саваад газар уначихаад нь хөлнөөс нь татаад орон дээр суулгатал танай найз Бумаатай хамт байж явж байгаад ирсэн гээд бид хоёр маргалдаж байхад О багананаас барьсан байхаар нь би гар дээр нь дарж тавиулахад дээрээс нь жижиг мод унасан. Би Оыг цаашаа бай гэж түлхтэл дахиад газар унасан. Би энэ үед газар унасан баганын модыг аваад гуя руу нь 2 удаа цохисон. Босгож ирээд орон дээр хэвтүүлээд гарыг нь хойш нь мушгиад хоолойг нь багалзуурдаж байгаад зүүн гараараа 2 гарыг нь толгойных нь дээр бариад цээжнийх нь аймхай хэсэгт баруун гарын тохойгоороо хэд хэдэн удаа хүчтэй дарсан. Уйлаад орилохоор нь дуугүй байгаач гээд гараараа амыг нь дартал амьсгаа нь боогдох гээд байхаар нь гараа аваад хөнжлөөр толгойг нь бүтээгээд баруун талын гуяны дотор хэсгээр базтал хаалга хүн тогших шиг болохоор нь би хаалга руу очтол хүн байгаагүй. Нөгөө талын орон дээр очиж хэсэг сууж байтал О уйлахаа болиод чимээгүй болчихоор нь очоод хөнжлийг нь сөхөөд хартал амьсгаа нь давхцаад байх шиг байхаар нь цээжин дээр дахиж гараараа дараад босгож ирээд нурууных нь хойд тал руу гараа зангидаж байгаад цохисон. Хэсэг тайвшраад багананы модыг буцааж тогтоох гэж байхад О уйлаад байсан. Тэгээд мод газар уначихаар нь чимээгүй байгаач гээд аваад хана руу шидтэл буцаж ойхдоо О толгойг цохичихсон. Тэгтэл Оы амьсгаа нь давхцаад байхаар нь би Оыг зүүн тал руу дарж хэвтүүлээд нурууг нь илээд толгойг нь барьж үзтэл дух нь хавдчихсан байсан...” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Мы ял шалгах хуудас /хх-ийн 43/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/ оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 1 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Ж.О бие махбодид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:
хохирогч Ж.О “...М гаднаас бага зэрэг архи үнэртүүлчихсэн орж ирээд чи хаагуур явж байгаад ирж байгаа пизда вэ гээд миний бөгс рүү өшиглөтөл би цаашаа ор руу унасан...толгой руу гараараа түлхээд багананаас унаж ирсэн жижиг тулгуур модоор зүүн талын шуу хэсэгт 3-4 удаа цохиод нуруу руу мөн цохиод байхаар нь өвдөөд байна ш дээ болиоч гээд гарыг түлхэх гэтэл миний зүүн гарыг хойш нь мушгиад цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би өвдөөд байхаар нь уйлтал чи муу юундаа чанга орилоод байгаан гээд гараараа ам дараад байсан. Би амьсгалж чадахгүй болоод ирэхээр гараа авчихаад дахиад дараад байсан. Тэгээд намайг уйлаад сууж байтал толгой руу гараараа 2-3 удаа цохиход нь би орны толгой мөргөчихсөн. Зодож байхдаа хашааны банхар, гичий, янхан, чи ийм ш дээ жомбогдоод явдаг гээд хэл амаар доромжлоод байсан. Мөн гараараа хоолойны хойноос боож татаж байгаад өөрөө нилээн тайвшраад больсон...”/хх-ийн 13/, гэрч Л.Загдраднаагийн”...өглөө 10 цагийн үед О орж ирээд манай нөхөр М намайг гэрээс гаргахгүй зодоод утас хурааж авсан би бие засчихаад ирье гэж худал хэлээд гараад ирлээ гээд надад ах, эгч нарынхаа утасны дугаар гээд 5-6 утасны дугаар өгөөд, бас цагдаад дуудаад өгөөч гэсэн. Би хэсгийн цагдаа дээр очсон байхгүй байхаар нь утсаар цагдаа дуудаж өгсөн...”/хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14414 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Д.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй боловч түүний мөрдөн байцаалтын явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар давхар батлагдаж байна.
Шүүгдэгч Д.М, хохирогч Ж.О нар хамтран амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл Прокуророос Д.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.