Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Доржханд

            Шүүгдэгч Д.Шинэбаяр

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарт холбогдох 2318001280319 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Далаахан овогт Даваахүүгийн Шинэбаяр, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар үйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Монгол Улсын иргэн, Буурал овогт Сандагийн Батсүрэн, 1981 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ орчин төв”-ийн хажууд алт мөнгө авах үйл ажиллагаа явуулдаг Ү.Бат-Эрдэнэд хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор газрын дуудлага худалдаанд орж газар авах гэж байгаа талаараа хэлж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж сарын 5 хувийн хүүтэй 30,000,000 төгрөгийг зээлж С.Батсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5045177458 дугаарын дансаар шилжүүлэн авсан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөл оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдэж, Ү.Бат-Эрдэнэд 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Далаахан овогт Даваахүүгийн Шинэбаяр, Буурал овогт Сандагийн Батсүрэн нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярт 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Батсүрэнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Батсүрэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван ван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярт оногдуулсан 9 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярын цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаатай хорих ялыг тус тусад нь эдлүүлж,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ү.Бат-Эрдэнийн 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч С.Батсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин, Дарь эх гудамж, 29 тоотод байх 103 м.кв хэмжээтэй хувийн орон сууцыг битүүмжилсэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Батсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч нар нь хэдийгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэх үед хохирлыг бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Шинэбаярт хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах боломжгүй гэж үзсэн. Ингэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд үл нийцсэн шийдвэр боллоо.

Түүнчлэн шүүгдэгч Д.Шинэбаярт урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.5.12-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 27.000.000 төгрөгөөр торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаатай хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Д.Шинэбаярын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр болж байна.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Д.Шинэбаярт хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 27,000,000 төгрөгөөр торгох ялыг төлж барагдуулах бодит боломж үүсэхгүй байдалд орууллаа.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Шинэбаяр нь өөрөө л торгох ялыг төлөх үүрэгтэй болохоос хэн нэгэн /ар гэрийнхэн/ төлөх үүрэг хуулиар байхгүй. Эрүүгийн хуульд заасны дагуу ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын дүнгээс хамаарч ахин хорих ял нэмж оногдуулахаар байдалд хүрч байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Д.Шинэбаярын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал, хохирогч Ү.Бат-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч нар хохирогчид хохирлыг барагдуулсан тул хөнгөн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болох “...шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн хууль ёсны шалгуурыг баримтлан анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэнд нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү.Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Шинэбаярыг биечлэн оролцуулах хүсэлтэй... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Шинэбаярт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсантай холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Д.Шинэбаярт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд уг торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэснийг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болж байна. Шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай саналыг прокурор гаргахаар хуульд заасан. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Шинэбаяр тайлбартаа:

Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож, ухаарч байна. Дахин алдаа гаргахгүй. Ар гэрийн байдал хүнд, аавын бие муу байгаа байдлуудыг харгалзан үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Доржханд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт 4 хэргийн нийгмийн аюулгүй шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болоод тухайн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулсан. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., З.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарыг бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ орчин төв"-ийн хажууд алт мөнгө авах үйл ажиллагаа явуулдаг иргэн Ү.Бат-Эрдэнэд “газрын дуудлага худалдаанд орж газар авах гэсэн юм” гэж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх хашаа байшингийн гэрчилгээгээ түүнд барьцаалан сарын 5 хувийн хүүтэй 30.000.000 төгрөгийг зээлж С.Батсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5045177458 дугаарын дансаар шилжүүлэн авсан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдэж, Ү.Бат-Эрдэнэд 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэргээр тодорхой үйлдэл хийсэн тогтоогдвол залилах гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Иймд шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Д.Шинэбаярын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч өмгөөлөгчөөрөө дамжуулан “хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” талаар хэлүүлсэн байдал,

Түүнчлэн шүүгдэгч Д.Шинэбаяр урьд буюу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байснаас Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх шатанд 10,000,000 төгрөгийг төлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 9 сарын хугацаатай хорих ялыг багасгаж 8 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. “ гэсэн хуулийн энэхүү шаардлагыг үндэслэл болгон шүүгдэгч Д.Шинэбаярт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 17 000 000 төгрөгийг ямар хугацаанд хэрхэн төлөхийг зааж өгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолын 2., 4., 6 дахь заалтад дурдсан шүүгдэгч Д.Шинэбаярт оногдуулсан 9 сар хорих ял гэснийг 8 /найм/ сар гэж тус тус өөрчилсүгэй гэж мөн шийтгэх тогтоолын  3 дахь хэсэгт “ 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр” гэсний дараа шүүгдэгч Д.Шинэбаярт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 17 000 000 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар хорих ялыг эдэлж дууссанаас хойш 1 /нэг/ жилийн дотор буюу сар бүр 1.416.666 төгрөг /нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг / төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Шинэбаярт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 10 000 000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Д.Шинэбаяр, С.Батсүрэн нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ

                    ШҮҮГЧ                                                        Б.МАНЛАЙБААТАР