Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0384

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0384

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.З *******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ө*******,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,

Гуравдагч этгээд: Х ХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н, Л.А, Б.О, Ч.Г, Н.Ж,

Маргааны төрөл: Х ХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э (цахим), гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Л.А, Б.О, Ч.Г, Н.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас Нийслэлийн Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамж дагуу үйлчилгээний зориулалтаар олгосон 2947 м.кв газрыг үндэслэн хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг Х ХК-д олгожээ.
  3. Нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 018 дугаар барилгын ажлын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3709 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д зааснаар нэхэмжлэлийг буцаажээ.

3.1. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 018 дугаар барилгын ажлын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТО дугаар барилга угсралтын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4717 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5293 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

3.2. Дээрх захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0690 дүгээр тогтоолоор ...Г.З *******гээс Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан Барилга, хот байгуулалтын яамны барилгын угсралтын ажил гүйцэтгэх ТО дугаартай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах татгалзсугай гэж өөрчилж шийдвэрлэснээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас Нийслэлийн Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017\08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Музейн барилгын тухайд: *******н барилгыг 1905 онд Оросын худалдаачин Гудвинцалын захиалгаар Герман Улсын архитекторын боловсруулсан зураг төслөөр Орос улсын барилгачид 1912-1913 онуудад барьсан гэж үздэг. Тус барилгыг Хятадын банк, Оросын улаан армийн төв, Улсын их дэлгүүр, Урчуудын хорооны үзэсгэлэнгийн танхим зэргээр ашиглаж байгаад 1966 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс ардын зураач Н.Ц агсны санаачилгаар музей болгосон.

Музейн барилга нь Г хэлбэртэй, 35.8 х 58.1 м хэмжээтэй, 2335.4 м.кв талбайтай, үзүүллэгийн танхим нь 2 болон зүүн хойд хэсэг дэх 3 давхартаа байрлаж нийт 1583.3 м.кв талбай эзэлдэг. Музей нь газар эзэмших улсын гэрчилгээгээр олгосон кадастрын зургаар 2682 м талбайтай, үүний 1474 м.кв талбайд 3 хэсэг барилга бүхий цогцолбор байрладаг байна.

Барилгын бүтээц нь чулуун бетон суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, доороо хэсэгчилсэн зоорьтой. Уг барилгын тохижилт аюулгүй байдлыг хангахтай холбоотой арга хэмжээг Засгийн газраас 2005, 2006, 2007, 2010, 2012, 2013, 2013, 2017, 2020 онуудад авч хэсэгчилсэн засвар, тохижилтын ажил хийж боломжийн хэрээр анхаарал хандуулж ирсэн.

Тус музейн барилга нь монголын шинэ үеийн түүхийн гэрч болон эх төрх бүрэн бүтэн байдлаа хадгалж үлдсэн, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой түүхэн барилга, архитектурын дурсгал хэмжээн үзэж 2008 оны Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор Ардын намын төв хороо, Ардын засгийн газар түр байрлаж байсан байшин анхны Өндөр хоршоо-ны 2 давхар байшин нэртэйгээр улсын хамгаалалтын зэрэглэлд анх орж, 2020 оны Засгийн газрын 13 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан жагсаалтад мөн анхны Өндөр хоршоо хоёр давхар байшин хэмээн нэршлээр орсон нь тухайн барилгын үнэ цэнэ ач холбогдлыг баталгаажуулсан гол баримт юм.

Нүүдэлчдийн соёлын өлгий нутаг Монгол орон түүх, соёлын асар арвин дурсгалтай ч хотжилт суурин соёлын түүх уламжлалыг илэрхийлсэн түүхэн барилга, архитектурын дурсгал цөөн болох нь улсын хамгаалалтын зэрэглэлд байдаг түүх, соёлын үл хөдлөх 197 дурсгалаас 6 ширхэг л уран барилгын дурсгал байгаагаас харагдана.

Түүхэн уран барилга гадна үзэгдэл байдлаараа тухайн цагийг үеийн дурсамж түүхийг илэрхийлэх төдийгүй барилгын дотоод бүтээц материал, урлан бүтээсэн арга ажиллагаа зэрэг бүх зүйл нь барилгын хөгжлийн түүх, соёл, нийгэм эдийн нөхцөл байдлын талаарх олон мэдээллийг бидэн өгүүлж байдаг онцлогтой, дахин давтагдашгүй эх сурвалж болдог.

*******д монгол орны болон гадаад орны дүрслэх урлагийн 2000 орчим үзмэр, үнэт өв хадгалагдаж байдгаас 71 үзмэр нь Засгийн газрын 1995, 1998, 2002, 2005, 2011, 2015 оны тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл-ийн жагсаалтад орсон байдаг. Тус музейд Монголын төр, нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, урлахуй ухааны сод билэг төгөлдөр Өндөр гэгээн Занабазарын дахин давтагдашгүй монголын төдийгүй хүн төрөлхтний бахархал болсон 120 гаруй цутгамал бүтээлүүд цогцоороо хадгалагдаж байдгаараа онцлогтой. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын гол цөм зорилго бол Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий болгох билээ. Улсын Их Хурлаас баталсан Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгийн Зорилго 1-д ... эх хэл, эх түүх, өв соёлыг нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно хэмээн заасан байдаг.

Музейн үзмэрийн тухайд: Энэхүү түүхэн уран барилгын дурсгал, түүх, соёлын хосгүй үнэт зүйл нь монголын өвөг дээдсийн бүтээсэн үнэт зүйл, үндэсний ондоошлын нэгэн гол илэрхийлэл юм.

Гэтэл Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус музейн зүүн талд Х ХК-ийн оффисын зориулалтай барилга барихаар төлөвлөж /2017 он барилга угсралтын ажил гүйцэтгэх ТО дугаартай зөвшөөрөл, 018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч/ 2018 оны 07 дугаар сард улсын баяр наадмын өдрүүдэд барилгын ажил эхлүүлсэн.

Х ХК-ийн барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл дуусгавар болсон боловч барилгын ажлыг сүүлийн хэдэн сар зөвшөөрөлгүй явуулснаар барилга угсралтын ажлын чичирхийлэл музейд өдөр шөнөгүй мэдрэгдэж, өндрийн 2 кран музейн барилга дээгүүр өдөр, шөнөгүй эргэлдэж байна.

Г.З *******н барилгын оношилгоо Экспертизийн тайлан 2023-д музейн барилгын нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэж бичсэн байна:

1. Барилгын үндсэн бүтээцүүдийн геометр хэмжээ нь зураг төслийн дагуу гүйцэтгэсэн ба барилгын үндсэн даацын элементүүдийн даацад нөлөөлөхөөр өөрчлөлт хийгдээгүй.

2. Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм БНбД22.01.01/2021-н шаардлагуудтай хийсэн харьцуулалтаас харахад 12 үзүүлэлтээс 6-г хангаагүй.

3. Барилгын тоосгон ханын бүтээцийн арматуран тор байхгүй.

4. Барилгын угсармал хучилтын бүтээцийн хотойлтын хэмжээ БНбД22.01.01/2021-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн.

5. Тоосгоны шахалтын бат бэх БНбД22.01.01/2021-н шаардлагыг хангаж байгаа боловч өргийн зуумагын бат бэх энэ нормын шаардлагыг хангахгүй.

6.БД22-105-18 нормын дагуу барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг хялбаршуулсан аргаар үнэлэхэд хангалтгүй гарч байна. Иймд барилгын газар хөдлөлт тэсвэршлийг сайжруулах арга хэмжээг шат дараалалтай авах.

7. Барилгын хувийн хэлбэлзэл нь аналитик тооцоогоор хөндлөн чиглэлд 0.214 сек, дагуу чиглэлд 0.216 сек байна. Харин MCSEIS MTNeo багажаар шалгасан үр дүнгээр барилгын хувийн хэлбэлзэл нь хөндлөн чиглэлд 0.188 сек, дагуу чиглэлд мөн адил 0,263 сек байна гэж дүгнэгдсэн байна.

Эндээс харахад музейн барилгыг үндсэн материал тоосгоны чанар сайн одоогийн нормыг хангаж байгаа ч тухайн үед барилга угсралтын ажилд норм дүрэм байгаагүйгээс өргийн зуумагын бат бэхийн чанар муу, ханын бүтээцийн арматуран хийгдээгүй, газар хөдлөлт тэсвэршил муу гэж дүгнэгдсэн тул хүчилтгэл хийх зайшгүй шаардлага гэж үзсэн байна.

Эрсдэлийн тухайд: Х ХК-ийн доошоо 3 давхар дээшээ 28 давхар 3000 м.кв талбай эзлэн баригдаж буй барилга нь музейн тусгай хамгаалалтын бүсээс 5 метрийн зайнд оршин 100 жилийн насжилттай чулуун бетон суурь, тоосгон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй 1600 м.кв талбай эзлэн орших 2 давхар барилгад нөлөөлөхгүй байх үндэслэл байхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Харин нөлөөллийн хэмжээ хэр байхыг тогтоолгох шаардлагатай байгаа юм.

Түүхчид тухайн газар барилга баригдахаар өмнө Баруун Сэлбэ гол урсдаг байж. Иймээс ч Х ХК-ийн хуучин барилгын доороос ус гарч түүнийг соруулах ажил байнга хийгдэж ирсэн байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Х ХХК шинээр баригдаж байгаа барилга нь төлөвлөлтийн дагуу 28 давхар баригдахад хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсэж музейн барилга өргөгдөх магадлал өндөр байна. Ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх зэрэг сөрөг нөлөө гарна хэмээн үзэж байна.

ХХБ-ын оффисын шинэ барилгын нөлөөлөл музейн барилга, түүнд хадгалагдаж байгаа монголчуудын оюуны үнэт өв болсон 2000 орчин үзмэр эд өлгийн зүйлд эрсдэл учруулж байгаа нь барилга угсралтын ажлын явцын нөлөөллөөс шууд ажиглалтаас тодорхой байна. Ажиглалт тандалт бол эрсдэлийг тодорхойлох нэг арга хэмээн олон улсын зарчимд бий.

Уран барилга, архитектурын дурсгал нь тухайн орны төдийгүй хүн төрөлхтний түүхийн нэгэн гэрч болохын хувьд дэлхий нийтийн ач холбогдолтой бүх нийтийн өв гэж үзсэн. ЮНЕСКО-ын 1972 онд Парис хотноо болсон Ерөнхий бага хурлын 17 дугаар чуулгаар батлан гаргасан Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах олон улсын конвенци-д Монгол Улс 1990 онд нэгдэн орсон. Тус конвенцид манай орон нэгдэн орсны хувьд ICOMOS-оос баталсан хөшөө дурсгал, архитектурын болон археологийн өв, модон барилга, түүхэн хот зэргийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах талаар батлан гаргасан олон улсын дүрэм, зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэг хүлээдэг.

1965 оны Венец хотод батлагдсан Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын харти-ийн Хадгалалт хамгаалалт бүлгийн зургаадугаар зүйлд:

Хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах ажлыг явуулахдаа тэдгээрийн орчин тойрны байдлыг анхаарах. Хэрэв уламжлалт орчин нь хэвээр байгаа бол түүнийг хадгалж үлдээвэл зохино. Өнгө ба массын харьцааг өөрчлөхүйц шинэ барилга байгууламж, өөрчлөлт, шинэчлэлтийг уг орчинд байлгаж болохгүй, 2013 оны Австралийн ICOMOS-ийн хуулиар баталсан соёлын ач холбогдол бүхий дурсгалт газрын харти буюу Буррагийн Харти-ийн Хадгалалт хамгаалалтын зарчимд:

2.1. Соёлын ач холбогдол бүхий газрыг хадгалж хамгаалах ёстой.

2.4. Соёлын ач холбогдол бүхий газруудыг хамгаалах ёстой ба эрсдэлд оруулах эсвэл эмзэг байдалд орхихгүй байх ёстой.

ICOMOS-ийн 2003 оны Архитектурын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим-д

1.2. Архитектурын өвийн үнэ цэнийг зөвхөн түүний харагдах гаднах дүр төрх байдалтай нь холбож болохгүй. Учир нь энэ бол тухайн улс орны соёлын шууд тусгал болж байдаг учраас түүнийг хүндэтгэж, хамгаалах шаардлагатай,

1.7. Архитектурын өвд хор хөнөөл болон гаднын нөлөө илэрсэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авч (тухайлбал, газар хөдлөлтийн дараа), бүтэц болон жинхэнэ хэмжээ өөрчлөгдөхөөс зайлсхийхийн тулд урьдчилсан сэргийлэх ёстой.

2.1. Асуудлын хамрах хүрээ болон төрлөөс хамааран олон салбарын мэргэжилтнээс бүрдсэн багийг судалгааны эхний үе шатнаас буюу талбайд эхний судалгааг хийх, судалгааны хөтөлбөр, төлөвлөгөөг бэлтгэхээс эхлэн ажиллуулах хэрэгтэй.

Дөрөвдүгээр зүйл. Энэхүү Конвенцод нэгдсэн орон бүр юуны өмнө өөрийн нутаг дэвсгэрт байгаа дээр дурдсан 1, 2 дугаар зүйлд заасан соёлын болон байгалийн өвийг илрүүлэх, хамгаалах, хадгалах, сурталчлах төдийгүй хойч үедээ өвлүүлэн өгөх үүрэг хүлээх,

Тавдугаар зүйл. Энэхүү Конвенцод нэгдэн орсон орон бүр өөрийн нутаг дэвсгэрт байгаа соёлын болон байгалийн өвийг аль болох үр ашигтай хамгаалах, хадгалах, идэвхтэй сурталчлах боломжийг хангах үүднээс өөрийн орны нөхцөлд тохирсон арга хэмжээг бололцоогоороо авахын тулд: в) тухайн орон соёлын болон байгалийн өвдөө учирч буй аюулыг арилгах ажлын арга барилыг төгөлдөржүүлэх, шинжлэх ухаан техникийн шинжилгээ судалгааг хөгжүүлэх шаардлагатай болохыг заасан.

Х ХК барилга барихаар төлөвлөж барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ямар ч арга хэмжээ авахгүй, одоо ч авахгүй байгаа нь үндэсний хууль тогтоомж төдийгүй орон улсын харти зарчмыг ноцтой зөрчсөн байгаа юм. Энэ нь цаашлаад олон улсын өмнө Монгол Улсын нэр хүнд дордон нэгэн шалтгаан болохыг үгүйсгэхгүй байна.

Иймд дараах хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын тухайд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон барилгын эскиз болон ажлын зураг зэргийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ; 2. Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын угсралтын ажил гүйцэтгэх Т0 дугаартай зөвшөөрөл; гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус газраас Нийслэлийн засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны 360 тоот шийдвэртэй, 18 дугаар нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Жуулчны гудамжны дагуу үйлчилгээний зориулалтаар олгосон 2947.8 м.кв газрыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МХ дугаартай Хны оффис, банкны үйлчилгээтэй 28 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

Нэхэмжлэгч этгээдээс ... тус барилга нь баригдсанаар барилгын норм ба дүрэмд зааснаар бусад барилга, объектоос зай хэмжээ болон нарны ээвэрлэлтийн норм дүрэм зөрчсөн гэжээ. Барилгын норм ба дүрмийн 30.01.04 Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 2 дугаар зүйлийн 2.11-д... Хэрвээ зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд 2 барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно" гэж заасан. БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зааснаар барилгын гал тэсвэржилтийн зэргээр нь үзвэл Хны барилга болон зэргэлдээ барилгууд нь гал тэсвэржилтийн 1,2 дугаар зэрэгтэй тул 6 метр байхад норм хангагдана гэж заасан. 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 5/14 тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.8-д заасны дагуу эх загвар зургийг баталсан.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоол-оор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар тус байгууллага нь Х нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/1176 дугаартай албан бичгээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох тухай хүсэлт гаргасныг судалж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2-д зааснаар Барилгын тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасан бүрдүүлэх материалуудыг бүрдүүлсэн тул 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 018 дугаартай барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Уг зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон байна. Хны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээс тус газарт барилгын ажлын зөвшөөрөл сунгуулахаар хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс архитектур төлөвлөлтийн даалгавар үүгээр төлөвлөсөн төлөвлөлт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Тэгээд архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан шаардлагаа хангахгүй байна, хэт ойрхон байна, Барилгын норм дүрэм зөрчсөн гэж маргадаг. Уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон Х ХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд хот төлөвлөлт болон барилгажилтын норм дүрэмд нийцсэн БНбД30.01.04, үүнийг дагаж мөрдөх хавсралтын нийтлэг хүснэгт болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд заасны дагуу уг барилгын үе шатны зөвшөөрлүүдийг судалж норм дүрэм, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд нийцүүлэн тус газраас баталсан. Энэ архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу банкны үйлчилгээний зориулалттай 28 давхар барилгыг барьж ашиглалтад оруулахад Г.З *******н бат бэх чанар, аюулгүй байдалд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байдлаар тусгагдсан байгаа. Тэгээд бичгээр гаргасан дэлгэрэнгүй тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
  2. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тухай: Г.З дүрслэх урлагийн музейн захирал П.Б******* нь Төгс овогтой Эыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн этгээдийг төлөөлөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай. Харин хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй билээ. Уг хэргийн хавтаст тус музейн хуулийн этгээдийн дүрэм эсхүл музейн захирал П.Б*******д музейг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгосон баримт бичиг авагдаагүй байна. Улмаар тус музейн хуулийн этгээдийн дүрмээр музейн захиралд музейг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгосон эсэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн тус музей нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх музей байрлах газрыг 00 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг бөгөөд тус гэрчилгээ нь 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 15 жилийн хугацаатайгаар олгогдсон болох нь хавтаст хэрэг 12-т авагдсан баримтуудаар батлагдаж байна. 2023 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд музей тус музей байрлах газрыг эзэмших эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нэхэмжлэлд ... дараах хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү. Υγнд ... архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон барилгын эскиз болон ажлын зураг хэргийг баталсан үйлдэл гэж оруулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар үйлийн 1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж, мөн хуулийн 37 дугаар үйлийн 37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус заасан. Барилгын ажил нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсны дараа эхэлдэг бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг болон ажлын зургийг батлуулах нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах зориулалтаар хийгддэг үйл ажиллагаа болно. Улмаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл нь аливаа шууд үр дагавар бий болгох боломжгүй буюу барилгын ажлыг эхлүүлэх үндэслэл болоогүй мөн барилгын ажлыг эхлэлийг зөвшөөрсөн захирамжилсан үйл ажиллагаа биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага дахь бус захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү. Үүнд: .... дараах хууль архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон барилгын эскиз болон ажлын зураг зэргийг баталсан үйлдэл" хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болсон нь уг хэргийн хавтаст авагдсан нотлох баримтуудаар батлагдсан тул дор дурдсан нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн М3Х дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль ёсны дагуу, бүхий л шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн, тавигдсан шаардлагуудыг хангаж авсан байдаг. Жишээлбэл, нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Орчны барилгуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийлгээгүй гэжээ. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахад тус үнэлгээг хийлгэх шаардлагагүй байдаг. Мөн Хны шинэ тов оффисын барилгын суурийн бэхэлгээний ажлын зургийн магадлалыг 2018 онд хийлгэсэн гэвч нэхэмжлэгч нь шинээр баригдах барилгын суурийн бэхэлгээний ажлын зураг тосолд магадлал хийлгээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ оруулжээ. Харин барилгын ажлын зургийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын норм ба дүрмийн 30.01.04 Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 2 дугаар зүйлийн 2.11-д ... зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны ороо хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд 2 барилгын хооронд нь ойртуулан байрлуулж болно гэж, мөн дүрмийн 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зааснаар барилгын гал тэсвэржилтийн зэргээр нь үхэхэд Хны барилга болон зэргэлдээ барилгууд нь гал тэсвэржилтийн 1, 2 дугаар зэрэгтэй тул 6 метр байхад норм хангагдана гэж заасанд үндэслэн баталсан байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 16.3.1-т заасан үндэслэл бүрдээгүй тухай: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т ... захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан. Гэтэл маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг зэргийг баталсан үйлдлийн улмаас Г.З *******н аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол 2018 оноос хойш огт зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй эсэх нь батлагдаагүй бөгөөд тус шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна.

Нэхэмжлэлд дурдагдсан эрсдэлүүдийн тухай: Хны шинэ тов оффисын барилгын ажил нь 2018 онд эхэлсэн байдаг. Тус барилгын ажлын дуу чимээ их, чичиргээ үзүүлэх магадлалтай ажлууд нь 2019 онд бүрэн хийгдэж дууссан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тус барилгын зоорины ВОЗ, ВО2 давхруудын каркас угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд мөн зоорины давхруудын харалдаах буцаан дүүргэлтийн бетоныг бүрэн цутгасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээ одоо ч авахгүй байгаа нь үндэсний хууль тогтоомж ноцтой зөрчсөн байгаа юм" гэжээ. Гэвч буцаан дүүргэлтийн бетон цутгах ажлын зорилго нь Худалдаа хөгжлийн шинэ төв оффисын барилгын ойр орчмын барилга, байгууламж, авто болон явган хүний замын инженерийн шугам сүлжээнүүдийн аюулгүй байдал мөн барилгын суурийн ухмалын хөрсний бэхэлгээний ханын аюулгүй байдлыг хангах юм. Тус ажлыг гүйцэтгэснээр музей болон бусад ойр орчмын барилга, байгууламж, зам талбай болон нийтийн эзэмшлийн дэд бүтцэд учрах эрсдэл огт байхгүй болсон билээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Х ХК шинээр баригдаж байгаа барилга нь төлөвлөлтийн дагуу 28 давхар баригдахад хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсэж музейн барилга өргөгдөх магадлал өндөр байна. Ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх зэрэг сөрөг нөлөө гарна хэмээн үзэж байна гэж, мөн ХХБ-ын оффисын шинэ барилгын нөлөөлөл музейн барилга, түүнд хадгалагдаж байгаа монголчуудын оюуны үнэт өв болсон 2000 орчим үзмэр эд өлгийн зүйлд эрсдэл учруулж байгаа нь барилга угсралтын ажлын явцын нөлөөллөөс шууд ажиглалтаас тодорхой байна. Ажиглалт тандалт бол эрсдэлийг тодорхойлох нэг арга хэмээн олон улсын зарчимд бий гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа аливаа нотлох баримтад буюу шинжээчийн эсхүл мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэгт үнслэлгүй, зөвхөн өөрийн ажиглалт, тандалтад үндэслэн музейн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж дүгнэн гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь мэргэжилтнүүдийн дүгнэлтээр гэсэн боловч холбогдох дүгнэлт нь хавтаст хэрэгт байхгүй байгаа болно.

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

  1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Г.З ******* буюу хуучнаар өндөр дэнж нэртэй газарт хамгаалалтын бүс тогтоосон. Энэ бол сансрын зургаас харагддаг гэдэг. Гэвч нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 гэсэн заалт байгаа. Энэ заалт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр буюу нэмэлтээр Соёлын өвийг хамгаалах тухай хуульд орсон. Нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад баримт бичгүүд нь 2017 он, 2018 онуудад гарсан буюу Соёлын өв хамгаалах тухай хуулийн холбогдох хэм хэмжээ батлагдаагүй байхад батлагдсан баримт бичгүүд байгаа. Түүнчлэн хамгаалалтын бүс үнэхээр тогтоосон юм уу, үгүй юм уу гэдгийг хуучин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Пүрэвээгийн Баттулгын хүсэлтээр сансрын зургийг хэргийн материал татуулж авсан. Үүнд хамгаалалтын бүс тогтоосон нийтдээ 2000 м.кв талбай байгаа. Үүнд Г.З *******н зүүн талд баригдаж байгаа Х ХК-ийн төслийн газар хамааралгүйгээр хамгаалалтын бүсийн гадна байгаа нь тогтоож байгаа. Энэ нь хэргийн материалын 6 дугаар хавтасны 154 дүгээр тогтоолд авагдсан нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад өндрийн хязгаар эсхүл хамгаалалтын бүс тогтоосонтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэхэмжлэлийн үндэслэлүүд нь дараах байдлаар хүчингүй болж байна. Хоёрдугаарт Барилгын норм дүрэм зөрчсөн буюу нийт талбайн 71%-д барилга барих гэж байгаа үйлдэл нь буруу гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын ард барилгажих талбайн схем зураг гэдэг зураг авагддаг. Энэ зураг яадаг вэ? гэхээр архитектур төлөвлөлтийн даалгаврын нүүрэн дээр барилгын талбайн барилгажих талбай болон бусад ерөнхий мэдээллүүд тусгадаг. Харин яг хэдэн м.кв талбайд нь ямар хэмжээнд нь барилга барих гээд байна вэ? гэдгийг архитектур төлөвлөлтийн даалгаврын ард байгаа барилгажих талбайн схем зураг дээр тодорхой тусгадаг байгаа. Тэгэхээр барилгажих талбайн схем зураг дээр нийт эдэлбэр газар нь 2947 м.кв барилгажих талбай нь 2058.4 м.кв буюу яг 69%-д нь хангагдаж байгаа. Тэгэхээр энэ архитектур төлөвлөлтийн даалгавар дээр байгаа 2094 м.кв гэдэг тоо нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас батлахдаа техникийн алдаа гаргасан харагдаж байгаа. Манай инженерүүд болон төслийг хэрэгжүүлэгчийн зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавар ард байгаа барилгажих талбайн схем зурагт тусгагдсан 2058.4 м.кв талбайд багтааж барилгажих талбайгаа төлөвлөж, барилгын ажлаа өрнүүлж байгаа. Түүнчлэн Барилгын норм дүрэм болон холбогдох Барилгын тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг өмнө нь энэ хэргийг хянан шийдвэрлээд хүчингүй болгосон. Тухайн хэргийн материалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт явуулаад аливаа Барилгын норм дүрэм болон Барилгын тухай хуулийг зөрчөөгүй байна гэдэг дүгнэлтүүд нь гараад өмнөх хэргийн материалд тодорхой хавсрагдаад явчихсан байгаа. Тэгэхээр үүнд заавал тодорхой тайлбар дурдаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн зүгээс Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг буюу 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.22 гэсэн олон заалтуудыг дурдаад Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаад байгаа. Гэтэл Хот байгуулалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. буюу зорилт хэсгээс нь харвал энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт суурьшил болон харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтцийг бүрдүүлэх гэх мэтчилэн хот байгуулалт, хотын төлөвлөлтийн тухай асуудлыг дурдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаад байгаа нэхэмжлэлийн үндэслэлийн гол шаардлага нь гуравдагч этгээд буюу Х ХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь манай барилга байгууламж дотор хадгалагдаж байгаа музейн эд өлгийн зүйлс, үзмэрүүдэд сөргөөр нөлөөлж байна гэдэг үндэслэлийг тайлбарладаг. Гэтэл Хот байгуулалтын тухай хуульд Барилгын норм дүрэм, барилгажих талбай, барилга барихад шаардагдах хэм хэмжээний талаар ямар нэгэн зохицуулалт огт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэдэг шаардлага үндэслэл нь үндэслэлгүй болж байна. Дөрөвдүгээрт нарны ээвэрлэлттэй холбоотой шаардлагыг зөрчсөн, огт нар тусахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэтчилэн үндэслэлийг дурддаг. Гуравдагч этгээдийн зүгээс хэргийн материалд нарны ээвэрлэлт буюу нөлөөллийн талаар ******* ХХК-иар гүйцэтгүүлсэн нарны ээвэрлэлтийн талаар дүгнэлтийн хувьд гаргаж өгсөн. Энэ нь Барилгын норм ба дүрмийн 30.01.04 хэсэгт заасан нарны ээвэрлэлттэй холбоотой бүхий л шаардлага стандартыг хангаж байгаа талаар дүгнэлтийг гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсөн. Тэгэхээр энэ хэсгийн үндэслэл няцаагдаж байна. Түүнчлэн Хот тосгоны төлөвлөлт болон барилгажилтын норм ба дүрэм БНбД30014-ийн 6.2-ын тайлбарт зааснаар гудамж замын сүлжээг нэгдсэн систем байхаар төлөвлөнө, хот тосгоны орон зайн тогтолцоо, хүн амын өсөлт, дугуйтай болон явган зорчигч, тээврийн хөдөлгөөний эрчим тэдгээрийн байнга өсөн тэлж байх явцтай уялдуулна гэх заалтыг зөрчсөн гэж байгаа. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн буюу нэхэмжлэгчийн маргаж байгаа МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн схем зураг зогсоолын тоо зэрэг нь холбогдох норм стандартад нийцүүлж төлөвлөсөн гэдэг нь архитектур төлөвлөлтийн даалгавар түүнчлэн барилгын эскиз зураг барилгажих талбайн схем зурагт авагдсан зогсоолын тоо талбай бусад инженерийн шугам сүлжээтэй хэрхэн уялдаж байгаа талаар дэлгэрэнгүй тусгасан байгаа. Тэгэхээр үүнийг нэхэмжлэгч энэ шаардлагыг хангаагүй байна гэж нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан нь хүчингүй болгуулахаар маргаж байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар, бусад баримт бичгүүдтэй танилцаагүй нь харагдаж байгаа. Түүнчлэн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн 3.2, 3.3.1, 7.5.9-ийг зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженер хангамжийн болон эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын нөхцөл шаардлагад нийцүүлэн ирүүлэх тухайн барилга байгууламжийн байдлыг тогтоож баталгаажуулан түүнчлэн галын аюулгүй байдлын дүгнэлтийг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулна гэж заасан байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс нэгдүгээрт үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн тэсвэржилтийн дүгнэлтийг гаргуулаад хэргийн материалд хавсаргасан. Тэгэхээр энэ бүх баримт болон үндэслэлүүдээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай дурдаад байгаа холбогдох дүрэм журам, хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлүүд нь бүгдээрээ үгүйсгэгдэж байна. Хоёрдугаарт хариуцагчийн зүгээс ямар үндэслэлээр хариу тайлбарынхаа үндэслэлийг гаргаж ирж байгаа вэ? гэхээр нэхэмжлэгчийн эрх, ашиг нь зөрчигдөөгүй. Яагаад зөрчигдөөгүй вэ? гэхээр нэгдүгээрт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ хэргийн үйл баримтыг 2018 оны зун буюу наадмын өдрүүдэд Х ХК нь шинэ барилгын төслөө эхлүүлсэн. Ингэхдээ маш их хэмжээний доргилт чичирхийлэлт үүсгэж манай барилга байгууламж болон дотор нь хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлсэд их хэмжээний ноцтой сөрөг нөлөөлөл учруулахаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж байгаа юм. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн өмнөхийн өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн газар хөдлөлт тэсвэржилтийн дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Тэр дүгнэлтүүд цаг хугацаа орон зайн дарааллын хувьд яасан бэ? гэхээр Х ХК шинэ барилгын төслийг хэрэгжүүлээд барилгын суурийн бетоныг цутгаж эхэлсний дараа авагдсан дүгнэлт байгаа. Тэгэхээр өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар хэрвээ Х ХК барилгын ажлын төслийг эхлүүлэхдээ суурийн бетоныг цутгасан ажил нь ямар нэгэн байдлаар Г.З *******н барилга байгууламжид сөргөөр нөлөөлсөн бол тухайн дүгнэлтэд Х ХК-ийн барилгын ажилтай холбоотойгоор сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна гэдэг дүгнэлтүүд гараад ирэх байсан. Гэтэл ямар байдлаар тийм дүгнэлт гараагүй. Хоёрдугаарт Х ХК-ийн шинэ барилгын төслийг эхлүүлэх цаашид үргэлжлүүлэх барих явцад нэхэмжлэгч болон бусад инженерийн шугам сүлжээ зэргэлдээ бусад барилга байгууламжид эрсдэл аюул учруулж болохуйц хамгийн өндөр эрсдэлтэй ажил нь суурийн бетоныг цутгах ажил байсан. Энэ суурийн бетоныг цутгах ажлыг Х ХК болон түүний ерөнхий гүйцэтгэгч компаниуд холбогдох инженерийн тооцоолол болон бусад шаардлага Барилгын норм дүрэмд заасан шаардлагуудыг хангаад суурин бетоны цутгах ажлыг хийж гүйцээд дуусгачихсан байгаа. Үүнээс хойшоогоо ямар нэгэн байдлаар бусад инженерийн шугам сүлжээ холбогдох, эргэн тойрны барилга байгууламжид их хэмжээний сөрөг нөлөөлөл учруулахуйц дуу чимээ, доргилттой ажил хийгдэхгүй. Тэгэхээр хамгийн их хэм эрсдэл үүсгэж болохуйц ажил нь хийгдээд дуусчихсаны дараа Г.З *******н барилга байгууламж болон доторх эд өлгийн зүйлсэд нь ямар нэгэн сөрөг нөлөө учраагүй байгаа учраас үүнтэй холбоотойгоор цаашид ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл учирна гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс шинжээч томилоод шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ шинжээчийн дүгнэлт ямар учиртай дүгнэлт гарсан гэхээр суурийн бетоны цутгах ажлыг ямар нэгэн байдлаар гуравдагч этгээд Х ХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу хийсэн тохиолдолд хажуугийн барилга байгууламжид сөрөг нөлөөлөл учрах эсэх гэдэг асуултад хариулт авахаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтэд нэгдүгээрт суурийн бетоныг цутгах ажил зураг төслийн дагуу хийгдчихсэн байна. Хийгдсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар инженерийн шугам сүлжээ холбогдох бусад барилга байгууламжид сөрөг нөлөө учрахгүй гэдэг дүгнэлт гарчихсан. Энэ дүгнэлттэй холбоотойгоор Х ХК-ийн зүгээс ямар тайлбар гаргаж байгаа вэ? гэхээр суурин бетоныг цутгах ажлыг ихэвчлэн Монгол Улсад шороо хайргаар дүүргэлтийг хийдэг. Х ХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс эргэн тойрны барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс суурийг бетоноор цутгасан байгаа. Тэгэхээр цементээр буюу бетоноор цутгасан. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ? гэхээр нэгдүгээрт суурийг цутгахдаа хайрга буюу шороогоор цутгавал ямар нэгэн аюул учруулахгүй гэсэн дүгнэлт гарчихсан байгаа. Үүнийг бид илүү давуулж биелүүлээд суурийг нь бетоноор буюу цементээр цутгаад инженерийн шугам сүлжээ холбох, эргэн тойрны барилга байгууламжид ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөллийг учруулахгүй байхаар дээд зэргээр хангаад төслийн ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд бусад холбогдох хариу тайлбарын үндэслэлийг хэргийн материалын нотлох баримтыг шинжлэн судалж дууссаны дараа дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт хэсэг дээр тайлбарлана гэжээ.
  2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХК-ийн барилгын суурийг хийхийн тулд эргэн тойрны 3 барилга болон урд болон зүүн талын авто замд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулахгүйн тулд хөрсний бэхэлгээ хийгдэж байгаа. Энэ хөрсний бэхэлгээ гэдэг зүйлийг хийхдээ Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Монгол Улсын стандартыг хангаж хийгдэж байгаа. Тэгээд хөндлөнгийн шинжээч байгууллагын гаргасан дүгнэлт байгаа. Сая Г.Н төлөөлөгч маань мэргэжлийн хэллэгийг жоохон өөрчлөөд хэлчихсэн. Түүнийг тайлбарлачихъя. Тэр дүгнэлтэд хөрсний бэхэлгээний ажлыг хийх явцад мөн Х ХК-ийн барилгыг барих явцад хэрвээ зураг төслийн дагуу хийвэл эргэн тойрны барилга болон авто замуудад ямар ч сөрөг нөлөө байхгүй гэдгийг үзүүлж байгаа. Харин ******* ХХК гээд байгаа энэ зураг төслийн автор гэдэг компани нь Х ХК-ийн хөрсний бэхэлгээний барилга болоод Х ХК-ийн барилгын ажил маань өнөөдрийг хүртэлх хугацаанд явахдаа зураг төслийн дагуу явсан байна гэдэг дүгнэлт. Энэ 2 дүгнэлтээс дүгнээд хэлэхэд манай барилга нэгдүгээрт зураг төслийн дагуу барьсан байна гэдгийг зураг төслийн автор буюу ******* ХХК нотлоод өгчихсөн. Хоёрдугаарт хөндлөнгийн шинжээч байгууллага зураг төслийн дагуу барилга нь дахин тооцоо хийгээд үзсэн ч тэр эргэн тойрны барилгадаа огт нөлөөгүй байна гэдэг дүгнэлт гаргачихсан. Энэ нь фото зураг дээр зүүн талд харагдаж байгаа хөрсний бэхэлгээ гэдэг нь саяын эргэн тойрны барилгын аюулгүй байдлыг хангах зорилгоор хийсэн зүйл. Энэ хөрсний бэхэлгээ нь дангаараа байхдаа буюу өмнөх фото зурагт байна. Энэ нь барилгын дотор талын хана, энэ хөрсний бэхэлгээний хана. Энэ хийцдээ буюу дундуур ямар чигжих элемент хийгээгүй байх үедээ хөрсний бэхэлгээ маань эргэн тойрны барилга буюу Г.З *******д ямар ч сөрөг нөлөөгүй гэдэг дүгнэлт гарчихсан байгаа. Харин өнөөдрийн нөхцөл байдал дээр бид хөрсний бэхэлгээ нь дангаараа байхдаа гаднын барилга байгууламжид ямар ч хор хөнөөл үзүүлэхгүй байх байтал бид нэмээд завсраар энгийн барилга үүнийг шороогоор дүүргэдэг бол бид эрсдэлийг 0% руу дөхүүлэх зорилгоор хэчнээн энэ маань бүрэн аюулгүй байдлыг хангаж байгаа ч гэсэн завсраар нь зориудаар дахин бетон цутгалт хийж чигжиж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хөрсний бэхэлгээ маань дангаараа аюулгүй байдлаа хангахаасаа гадна бетон цутгалттай нийлээд зоорины хануудтай нийлээд эргэн тойрны барилгад ямар ч хэмжээний газар хөдлөлт учирсан байсан ч гэсэн эргэн тойрны барилгад огт нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийн нотолгоо гэсэн үг. Г.З *******н өөрсдийнх нь хийлгэсэн газар хөдлөлтийн баллд нөлөөтэй юу, нөлөөгүй юу гэдэг дүгнэлт нь манай Х ХК-ийн барилгын ажил явагдах үед барилгын ажил нь тухайн Г.З *******д нөлөөлөх үү гэдэг тэс ондоо дүгнэлт байгаад байгаа. Дээр нь манай төслийн хамгийн эрсдэлтэй байж болохуйц барилга угсралтын ажил буюу хөрсний бэхэлгээний ажил нь 2018 оноос 2021 оны хооронд хийгдээд дуусчихсан. Тэгэхээр 2021 оноос хойш барилгыг хэдэн он хүртэл үргэлжлүүллээ гэхэд тэр хугацаанд хийгдэх барилгын ажил маань эргэн тойрны барилга байгууламж, авто замд огт нөлөө үзүүлэхээргүй буюу чичиргээ үзүүлэхээргүй барилгын ажил явагдахаар байгаа. гэжээ.
  3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны актын хууль зүйн үндэслэлийг зөрчигдсөн эсэх хүрээнд хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2 архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг баримт бичгийг дурдана. 2015 оны архитектур төлөвлөлтийн даалгавар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг хүчингүй болгох гэдэг 3 шаардлага байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр 2015 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд хавтаст хэрэгт угаасаа хүчингүй тэмдэг дарагдаад авагдчихсан. 2015 оны архитектур төлөвлөлтийн даалгаар 2017 онд шинэчлэгдэн батлагдаад 2017 оны архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын эскиз зураг батлагдаад явсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2015 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд эрх зүйн үйлчлэлгүй болчихсон захиргааны акт байгаа. Хоёрдугаарт нэхэмжлэгч музейн барилгын нэхэмжлэлд дурдсан барилгатай холбоотой ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бэ? гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Эсрэгээрээ ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч Г.З *******н барилгын хэвийн ашиглалт болон музейн үзмэрүүд болон музейн хэвийн үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн байдлаар энэ барилга саад болоогүй. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй болох баримтаар тогтоогдоно. Үүнийг нотлох баримт судлахад дурдаад явчихна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр асуудал бол хамгаалалтын бүсэд хамаарахгүй газар гэдэг нь тогтоогдсон. Хоёрдугаар үндэслэл нь барилгажих талбайн хувьд Хот төлөвлөлтийн тухай хуульд заасан 30% гэдэг шаардлага хангагдаж байгаа. Энэ бол архитектур төлөвлөлтийн даалгаврын эскиз дээр солбилцлоор нь заагаад өгчихсөн. Эргэлтийн цэгүүдийн солбилцлоороо 1 төлөвлөж буй байршил гээд 2058.4 м.кв гэдэг энэ солбицлоор нь тооны машинаар бодоход ч гэсэн гараад ирнэ. Нийт 2947.8м.кв-аас 69%-иа хангаж байгаа гэдэг нөхцөл байдал байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 1 дүгээр нүүрний 6 дугаар мөрөнд барилгажих талбай гэхэд нь 2094.0 м.кв гэж бичиглэлийн алдаа гарчихсанаас болоод нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 71% гэж Хот төлөвлөлтийн тухай хууль зөрчиж байна гэдэг. Үүнийг ямар нэгэн байдлаар маргаангүйгээр хавсралтын хэсгийг солбилцолтой уртраг, өргөрөг тэмдэглэчихсэн зургаас хувийг гаргаад ирэхээр 69% болж байгаа. Ийм эргэлзээгүй үйл баримт тогтоогдоно. Үүн дээр барилгажих талбайгаа зөрчөөд нийтийн эдэлбэрийн юм уу, бусдын эзэмшил ашиглалтад байгаа талбайтай давхцуулж барилгыг төлөвлөсөн гэдэг үйл баримтууд няцаагдана. Хоёрдугаарт төлөөлөгч нар дурдчихсан учраас би давхцуулахгүй. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт байгаа. Эхнийх нь нарны ээвэрлэлтэд хийсэн дүгнэлт, 2 дахь нь суурийн бэхэлгээний ажил цаашдаа энэ барилга баригдсан тохиолдолд ойр орчмын барилгад нөлөөлөх физик, химийн нөлөөлөл байна уу, үгүй юу гэдгийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн холбогдох этгээдүүд шүүхээс шинжээчээр томилогдоод гарчихсан дүгнэлтдээ барилгын шинжлэх ухааны үндэстэй тооцооллоо хийгээд гаргачихсан дүгнэлт хэрэгт байгаа. Энэ дүгнэлтээр ямар нэгэн байдлаар барилга баригдсан тохиолдолд суурийн бэхэлгээний ажил, барилгын үйл ажиллагаатай холбоотой барилгын хийц эдэлбэр янз бүрийн юмнуудад сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна гэсэн байгаа. Хоёрдугаарт А даалгавар, эскиз зураг, барилгын иж бүрэн зургаар Барилгын хөгжлийн төвөөр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иж бүрэн магадлал хийгдсэн. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйл дээр газар хөдлөлтийн бүсээсээ хамаараад иж бүрэн магадлалын дүгнэлт гаргаж байж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилгын ажлын зураг төсөл батлагддаг хуулийн зохицуулалттай. Энэ магадлалын дүгнэлтээр ч гэсэн шинжлэх ухааны тооцоолол юмнууд нь хийгдчихсэн. Энэ баримтуудаар ямар нэгэн байдлаар барилгын ашиглалтад сөргөөр нөлөөлөхгүй нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнээс үзэхээр ямар нэгэн байдлаар орц гарцыг нь хаасан, нарны ээвэрлэлтийг нь хаасан, барилгынх нь бат бөх байдал, эдэлгээ чанар хийцэд сөрөг нөлөө үзүүлсэн, барилгаа хэвийн ашиглахад нь саад учруулахуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас 2017 оны А даалгавар, түүний үндсэн дээр баталсан эскиз зургийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, зөрчигдөөгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байгаа гэжээ.
  4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь нэхэмжлэгчийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг. Гэтэл хууль ёсны ашиг сонирхол буюу нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн өмнөх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримт шинжээчийн дүгнэлтийг харахаар нэхэмжлэгч байгууллага буюу Г.З *******н өөрийнх нь барилга Монгол Улсын холбогдох стандарт шаардлагуудыг хангаагүй. 100 жил, түүнээс олон жилийн насжилттай болчихсон, хүчитгэл хийх шаардлагатай байгаа гэдэг нь баримтаар тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр манай гуравдагч этгээдийн зүгээс барилгын ажил тодорхой хэмжээнд стандартын дагуу явагдаж байгаа. Нэхэмжлэгч буюу Г.З *******д ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдэг нотлох баримтууд хэргийн явцад шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар авагдсан гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгч буюу төр өөрөө Монгол Улсад байгаа хууль тогтоомжийнхоо дагуу Монгол Улсын барилгын стандартад заасныг биелүүлэхгүй байж жишээлбэл биднийг Барилгын норм ба дүрмийг зөрчсөн гэж байгаа бол өөрсдөө соёлын үнэт өвөө хамгаалах, хамгаалж байгаа барилгыг нь хүчитгэх ажлууд хийгдэж байх ёстой. Тэгээд өнөөдөр энэ ажлуудаа хийгээгүй тухайн барилга нь өөрөө Барилгын норм ба дүрмийг хангахгүй байгаа нь хууль ёсны ашиг сонирхол гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа гэж төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар захиргааны актыг хүчингүй болгох тухай яригдаж байгаа. Энэ өмнө нь бас яригдаж байсан. Одоо бол нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой асуудал яригдаж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилга барих эрх олгож байгаа захиргааны акт уу, үгүй юү? Үнэхээр захирамжилсан шинж байгаа юу, үгүй юү гэдэг асуудал өмнө нь бас яригдаж байсан. Мөн дээрээс нь хууль бус болон энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байх урьдчилсан шаардлагууд тавигдаж байгаа. Тэгтэл өнөөдөр бидний яригдаж байгаа зүйл яг хууль бус гээд жишээлбэл нэхэмжлэгчийн ярьж байгаа 70%, 30%-ийн харьцаа болон бусад Хот байгуулалтын тухай хуульд заасан шаардлагууд хангагдсан гэж бидний зүгээс үзэж байгаа. Мөн жишээлбэл нэхэмжлэгчээс сүүлд нэхэмжлэл гаргахдаа соёлын өдийн фактууд, олон улсын конвенцүүдийг дурдсан байдаг. Бидний хэрэглэх ёстой хэм хэмжээ мөн үү, биш үү? Тухайн фактууд жишээлбэл Монгол Улс нэгдэн орсон уу, Улсын Их Хурал соёрхон баталсан уу? гэдэг талаар ямар нэгэн баримт байхгүй. Мөн тухайн фактууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу биеллээ олж Монгол Улсад мөрдөгдөх ёстой болохоос биш жишээлбэл тунхгийн шинжтэй. Факт бол тухайн улс орон дотоодын эрх зүйн хэм хэмжээгээрээ нөхцөлийг бүрдүүлнэ гэж зааж байгаа тунхгийн шинжтэй заалтууд байгаа. Нэгдэж орсон улсууд өөрсдийн хууль тогтоомж батлах чиг үүргийнхээ хүрээнд тухайн стандартуудыг хангадаг. Гэтэл үүнд нэгдэж орсон эсэх,  фактууд Монгол Улсад ямар нэгэн эрх зүйн үйлчлэл үзүүлэх эсэх, ямар хариуцлагатай юм эсхүл барьж болохгүй юм уу? гэдэг хариуцлагын тухай зохицуулалтууд огт байхгүй. Мөн бидний хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн баримтаас үзэхэд өнөөдөр гуравдагч этгээд Х ХК-ийн зүгээс өнөөдрийн байдлаар энэ төсөл дээр 196,127,414,000 төгрөг төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн явж байгаа. Тэгэхээр өнөөдөр маргаан бүхий актыг хүчингүй болгох эсэхэд хөрөнгө оруулалт яах вэ? гэдэг дараагийн асуудал яригдана. Гуравдагч этгээд өөрсдөө хохироод үлдэх асуудал яригдаж байгаа. Бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол яригдана гэдгийг энэ ташрамд хэлье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ч.Ө*******, Б.Э******* нараас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

2.1. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Э 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд шүүхэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна. гэж зааснаар нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан байна.

2.2. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Ч.Ө******* оролцон хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг, мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* оролцон мөн хэргийн матераилтай танилцах хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.

2.3. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ч.Ө*******, Б.Э******* нар үйлчилүүлэгчийнхээ материgлтай танилцсан гэж тайлбарлан шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй байна.

2.4. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ч.Ө*******, Б.Э******* хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаас хойш удаа дараагийн шүүх хуралдаан болон шүүх хуралдаан хойшилсон хугацаанд шүүхэд ирээгүй, шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах итгэл төрүүлэхүйц үйл ажиллагаа явуулахгүй байгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удсан талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

2.5. Өмгөөлөгч Б.Э*******өөс ирүүлсэн хүсэлтэд дурдсан давхцсан гэх шүүх хурал нь түүний оролцон товлуулсан энэ өдрийн хурал товлогдсонос хойш товлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

  1. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хэргийн оролцогч нар харилцан тохиролцон эвлэрээгүй байна.
  2. Маргаан бүхий Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас  баталсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжтай, нэгж талбарын 18 дугаар бүхий газарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн 28 давхар оффис, банкны үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барихаар төлөвлөжээ.
  3. Нэхэмжлэгч Г.З *******гээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз зураг болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... Х ХК-ийн шинээр баригдаж буй барилга нь төлөвлөлтийн дагуу 28 давхар баригдахад хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсч музейн барилга өргөгдөх магадлалтай, ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх сөрөг нөлөө үүсч болзошгүй, түүнчлэн барилгын ажлыг эхлүүлэхдээ музейн барилгад хадгалагдаж байгаа монголчуудын оюуны өв болсон 2000 орчим үзмэр эд өлгийн зүйлд эрсдэл учирч болзошгүй, ойр орчмын барилгуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээг хийлгээгүй, шинээр баригдах барилгын суурийн бэхэлгээний ажлын зураг төсөлд магадлал хийлгээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
  4. Хариуцагчаас ... Барилгын норм дүрмийн 30.01.04 Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 2.11, БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан журмын дагуу Х ХК-ийн барилга болон зэргэлдээ барилгууд нь гал тэсвэржилтийн 1, 2 дугаар зэрэгтэй тул 6 метр байх нормыг бүрэн хангасан, ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.8-д заасны дагуу эх загвар зургийг баталсан гэж; гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... Архитектур төлөвлөлтийн даалгавруудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй, тус барилгын ажил нь 2018 оноос эхэлсэн бөгөөд дуу чимээ их, чичиргээ үзүүлэх магадлалтай ажлууд нь 2019 онд бүрэн хийгдэж дууссан бөгөөд зоорийн давхруудын каркас угсралт, зоорийн давхуурдын харалдаа буцаан дүүргэлтийн бетоныг бүрэн цутгаж дууссан. Тодруулбал буцаан дүүргэлтийн бетон цутгах ажлын зорилго нь Хны шинэ төв оффисын барилгын ойр орчмын барилга, байгууламж, авто болон явган хүний замын инженерийн шугам сүлжээнүүдийн аюулгүй байдал мөн барилгын суурийн ухмалын хөрсний бэхэлгээний ханын аюулгүй байдлыг хангадаг буюу тус ажлын үр дүнд музей болон бусад ойр орчмын барилга байгууламж, зам талбай болон. Нийтийн эзэмшлийн дэд бүтцэд учрах эрсдэл огт байхгүй, барилгын суурийн бэхэлгээний ажлын зураг төсөлд магадлалыг 2018 онд хийлгэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байна.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар захиргааны шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд оршдог.

7.1. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаар хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон байна.

7.2. Нэгэнт хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон дээрх 2015 оны 07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангахгүй болсон тул нэхэмжлэгчийн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

  1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.барилга байгууламжийн баримт бичиг гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг;, 4.1.16.барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг;, 4.1.30."зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;, 4.1.43.эх загвар зураг /эскиз/ гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг. гэж тус тус заажээ.
  2. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5246 дугаар захирамжаар шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн барилга архитектурын сургуулийн Р******* төв-аас ирүүлсэн дүгнэлтэд ... Х ХК-ийн шинэ оффисын барилгын суурийн ухаасын ханын бэхэлгээний тооцоог Т******* ХХК-д гүйцэтгэсэн инженер геологийн дүгнэлт болон Гоо ван ХХК-д боловсруулагдсан барилгын бүтээцийн зургийг үндэслэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм дүрмийн дагуу тооцож үзэхэд: Уг төслийн суурь В3-В1 хүртэл давхрын цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ хийсэн суурийн ухаасын ханы бэхэлгээний бүтээц нь хүч сулруулах ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр зургийн дагуу хийсэн тохиолдолд төлөвлөж буй барилгын баруун талд байрлах *******н барилгад нэмэлт суулт болон хазайлт өгөхгүй гэж дүгнэсэнээс үзвэл Х ХК-ийн шинээр баригдаж буй барилга нь нэхэмжлэгч Г.З *******н барилгад сөрөг үр дагавар учруулахгүй болох нь тогтоогдож байна.

9.1. Өөрөөр хэлбэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас баталсан Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зураг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу гуравдагч этгээдийн барилга баригдсан тохиолдолд нэхэмжлэгч Г.З *******н барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүй, нарны ээвэрлэлтэд нөлөөлөхгүй, одоо гүйцэтгэсэн байгаа барилгын суурийн бодит байдал нь архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барилгын эскиз болон ажлын зураг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.

  1. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно. Хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. гэж зааснаар Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Өндөр хоршоо хэмээх түүхт барилга (*******)-ын хамгаалалтын бүсийг тогтоожээ.

10.1. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулал, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2564 дүгээр албан бичгээс үзвэл дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүсэд гуравдагч этгээд барьж байгаа барилга ороогүй болох нь нотлогдож байна.

  1. Иймд нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас баталсан Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зураг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэгчид сэргэх, эрх хууль ёсны сонирхол байхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх дүгнэлээ.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ, 44.3.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс, 45 дугаар зүйлийн 45.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно: 45.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр; гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардал 6,000,000 (зургаан сая) төгрөгийг улсын төсвөөс төлжээ.

12.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар шинжээчийн зардал болох 6,000,000 (зургаан сая) төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 10.9.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар нэхэмжлэгч Г.З *******н Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас баталсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.16, 4.1.30, 4.1.43, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З *******н Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз зураг болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал 6,000,000 (зургаан сая) төгрөгийг шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 1******* тоот дансанд тушаахыг нэхэмжлэгч Г.З ******* (захирал П.Б*******)-д даалгасугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН