| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01044/И |
| Дугаар | 192/шш2025/02032 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/шш2025/02032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******-өд холбогдох,
зээлийн төлбөр 13.360.354 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.101.435,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48.111,23 төгрөг, нотариатын төлбөр 23.000 төгрөг, нийт 15.532.900,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч *******өд холбогдуулан зээлийн төлбөр 13.360.354 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.101.435,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48.111,23 төгрөг, нотариатын төлбөр 23.000 төгрөг, нийт 15.532.900,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагчаас 15.532.900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй 292 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байна. Манай талаас үндсэн гэрээгээ цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч өөрөө зээл аваагүй гэж байна. Манай банкны зүгээс зээлийг өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй ирж, И-Монголиагаар нэвтэрч, өөрийгөө баталгаажуулсны дараа хувь данс руу нь олгогддог. Хариуцагч өөрөө аваагүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Зээл авсан хугацаанаас хойш холбогдоход хариуцагч төлөх боломжгүй гэж хэлсэн. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан ... гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... би зээлийг аваагүй, данс руу ороод, гарсан талаар нэхэмжлэгч байгууллагатай очиж уулзахдаа хэлсэн. Сардаа 100,000 төгрөг юм уу, 200,000 төгрөгөөр төлөх саналаа хэлсэн. Би эвлэрнэ гэсэн бодолтой байна. Нэгэнт миний нэрээр зээл гарсан тул төлж таарах байх, би өөрөө очоогүй, гэрээ хийгээгүй, гарын үсэг зураагүй. Тоон гарын үсэг авсан юм уу гэж сүүлд очиж уулзахдаа ажилтанд нь хэлсэн. Боломжоороо төлье гэхэд цаашаа ярилцъя гэсэн. Би өөрөө гарын үсэг зурж авсан бол хүлээн зөвшөөрнө. Би өөрийн биеэр очоогүй ... гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Банкны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Хувь хүнд банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээний хуулбарууд, зээл зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагчаас: иргэний үнэмлэхний хуулбараа ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч М Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч *******өд холбогдуулан зээлийн төлбөр 13.360.354 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.101.435,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48.111,23 төгрөг, нотариатын төлбөр 23.000 төгрөг, нийт 15.532.900,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14,190,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан ... гэрээг манай салбарт өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ очиж байгуулдаг ... М банк дахь хувь дансанд шилжүүлсэн ... гэж тайлбарласан,
хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын талаар ... өөрийн биеэр очоогүй. 8 дугаар сард уулз гэхэд нь очсон ... авсан хүн нь 6 дугаар сард нас барсан, надтай хамт амьдарч байсан хүн авсан ... гэж маргасан.
4. Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч *******тэй 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №МD00001622 дугаартай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №LD00001622 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр №6000152163 дугаартай Цахим зээлийн гэрээ-г тус тус байгуулан 14.190.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцаж тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 14.190.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд буюу түүний тус банкны харилцах 8734043116 тоот дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 7-17/
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч М банк ХК, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
7. Зохигчийн хооронд байгуулсан Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 3.3.3-т Банкнаас зээлийн мөнгөн дүнг Зээлдэгчийн нэр дээрх банкны дансанд шилжүүлсэн өдрөөс зээлийг олгосонд тооцно гэж, 4.2.2-т Зээлдэгч нь энэхүү гэрээ, Цахим зээлийн гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу эргэн төлөх үүрэгтэй гэж, 8.3.1-т Зээлдэгч авч ашигласан зээлийг эргэн төлөх нөхцлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй бол банк санаачилгаараа гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хураамжийг хугацаанаас нь өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах эсхүл гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.
8. Нэхэмжлэгч М Банк нь гэрээнд заасан үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлсэн, харин хариуцагч ******* нь зээлийн гэрээнд заасан зээлийн төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
9. Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч ******* нь М банк ХК-тай байгуулсан гэрээний үүргээ 2024 оны 6 дугаар сараас хойш биелүүлээгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөр 13.360.354 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.101.435,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48.111,23 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.
10. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг, үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээх, нэхэмжлэгч М.Банк ХК нь хариуцагч *******өөс шаардах эрхтэй гэж үзнэ.
11. Иймд хариуцагч *******өөс зээлийн төлбөр 13.360.354 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.101.435,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48.111,23 төгрөг нийт 15.509.900,71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-нд олгож шийдвэрлэлээ.
12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагчаас нотариатын төлбөр 23.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
13. Хариуцагч ******* нь М банк ХК-тай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээ-нүүдэд зурагдсан гарын үсэгийг ... би өөрөө зураагүй, нэг болохоор мөн ч юм шиг, эсхүл биш юм шиг харагдаж байна. Тоон гарын үсэг байж магадгүй ... гэж тайлбарласан боловч түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт гаргаагүй болно.
14. Тодруулбал хариуцагч *******ийг нэхэмжлэгч М Банктай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээ-нүүдийг байгуулсан байна гэж дүгнэсэн болохыг тэмдэглэлээ.
15. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
16. Нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 235.615 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар Дагдандоржийн Баярмөнхөөс зээлийн төлбөр 13.360.354 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.101.435,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48.111,23 төгрөг, нийт 15.509.900,71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Дагдандоржийн Баярмөнхөөс нотариатын төлбөр 23.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 235.615 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ