| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01090/И |
| Дугаар | 192/шш2025/02031 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/шш2025/02031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын хүсэлттэй,
цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, гэрч *******, гэрч *******, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Миний бие 1987 оны намар цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд татагдахад захиргааны хүмүүсийн алдаанаас болж Чимидрэгзэнгийн Чинбат гэдгийг Бадамхандын Чинбат болж бүртгэсэн байна. Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалд оруулахаар архиваас лавлагаа авахад овгийн зөрүү гарсан учраас Бадамхандын Чинбат биш Чимдрэгзэнгийн Чинбат болохоо тогтоолгох хүсэлтэй байна.
Миний бүх бичиг баримтууд Чимэдрэгзэнгийн Чинбатаар байгаа. 1987 оны Хилийн 0146 дугаар албанд 2 жилийн алба хаасан болохоо нотлохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрчээр өөрийн төрсөн дүү Бадамхандын Бадамхатанг мэдүүлэг өгүүлэхээр ирүүлсэн. Бид хоёр эх, эцэг нэгтэй бөгөөд эцэг, эх маань тусдаа амьдарч, дүү маань эхээрээ овоглосон. Би эцгээрээ овоглосон. Бид хоёрын баримт бичигт төрсөн эцэг нь Б.Чимэдрэгзэн, төрүүлсэн эх нь М.Бадамхатан гэж байгаа. Бичиг баримтын зөрүүг гаргаж, Чимэдрэгзэнгийн Чинбат нэрээр цэрэгт алба хаасан 2 жилээ нийгмийн даатгалд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Бадамхандын Чинбат гэсэн нэрээр Хилийн цэргийн 0146 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 онын 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 02/3649 дугаартай лавлагаа, жолоочийн үнэмлэхийг бүрдүүлсэн.
4. Нэхэмжлэгч Ч.Чинбатын хүсэлтээр гэрч *******, гэрч ******* нараас мэдүүлэг авсан.
5. Шүүхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэгч *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1, ХААТР-21, хаягийн хуудас №7 гэсэн баримтууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч Ч.Чинбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Чинбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
3. Нэхэмжлэгч Ч.Чинбатын нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Нэхэмжлэгч Чимэдрэгзэнгийн Чинбатын нь Бадамхандын Чинбат гэсэн нэрээр Хилийн цэргийн 0146 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 онын 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь:
нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, уг лавлагаанд Чимэдрэгзэнгийн Чинбат, 1968 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн гэх хэсэг /хх-ийн 3/,
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 357 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4/,
Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд Чимэдрэгзэнгийн Чинбат, 1968 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эцэг-Баатарын Чимэдрэгзэн, эх-Мижиддоржийн Бадамханд гэх хэсэг /хх-ийн 5/,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 02/3649 дугаартай лавлагаа, уг лавлагаанд Бадамхандын Чинбат нь Дорнод аймгаас цэрэгт татагдан, цэргээс халагдсан гэх хэсэг /хх-ийн 6/,
Жолоочийн үнэмлэхийн хуулбар, уг үнэмлэхэд Чимэдрэгзэнгийн Чинбат гэх хэсэг /хх-ийн 7/,
Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд Бадамхандын Чинбат гэх хэсэг /хх-ийн 23/,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн ХААТР-21 баримт, уг баримтын 7-д Чимэдрэгзэнгийн Чинбат, 9-д төрсөн газар-Дорнод аймаг, Баян-Уул сум, 1968 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн гэх хэсэг /хх-ийн 20/,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаягийн хуудас №7 баримт, уг баримтын 1-т Чимэдрэгзэнгийн Чинбат, 1968 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 3-т төрсөн газар-Дорнод аймаг, Баян-Уул сум гэх хэсэг /хх-ийн 21/,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн ХААТР-21 баримт, уг баримтын 5-т Чимэдрэгзэнгийн Чинбат, 1968 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 7-д төрсөн газар-Дорнод аймаг, 16-д Цэргийн алба хаасан, 1987-1991 он гэх хэсэг /хх-ийн 22/,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08/722 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагаа /хх-ийн 25/,
Нэхэмжлэгч Ч.Чинбатын хүсэлтээр түүний цэргийн алба хаасан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч *******гийн өгсөн мэдүүлгийн: Миний төрсөн ах. Эцэг, эх маань тусдаа амьдрахдаа эх маань намайг авч үлдсэн. Эцэг маань нас барж, ах маань хамт амьдрах болсон. Эхийн нэрээр ахыг овоглож буруу бичсэн байна. Би эхээрээ овоглодог, ах маань эцгээрээ овоглодог. 1987 онд 2 жилийн цэргийн алба хаасан. Хаана хаасан талаар мэдэхгүй байна гэх хэсэг,
Гэрч *******гийн өгсөн мэдүүлгийн: би 1983 онд том ахынх эхнэр болсон. ******* 1987 онд цэрэгт явсан. *******ын эцэг Чимэдрэгзэн, эх Бадамханд гэдэг. Хаана хаасан талаар мэдэхгүй. Цэргийн алба хаагаад ирсэн гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Нэхэмжлэгч Чимэдрэгзэнгийн Чинбатыг цэргийн алба хаахад нь Бадамхандын Чинбат гэж төрсөн эх Бадамхандаар овоглон зөрүүтэй бүртгэл хөтөлж, Бадамхандын Чинбат гэсэн нэрээр цэргийн алба хааснаар түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.14-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ыг цэргийн алба хаасан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Чимэдрэгзэнгийн Чинбатыг Бадамхандын Чинбат гэсэн нэрээр Хилийн цэргийн 0146 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 онын 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ