Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01204

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01204

 

Э.Ү-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01252 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ү-н нэхэмжлэлтэй хариуцагч А.Б, Л.Т, М.Б, Б.М нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч А.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч А.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Л.Т , М.Б , Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ү нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангиас зохион байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож эрхийн улсын Ү-2205002596 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42-115 тоот хаяг орших 35 м.кв талбайтай орон сууцыг 41 000 000 төгрөгөөр худалдан авч ялагч болсон. Тэрээр дээрх орон сууцны төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т заасны дагуу хуулийн хугацаанд нь бүрэн дүнгээр төлсөн. Э.Ү нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд болсон. Улмаар Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсээс Э.Ү г Ү-2205002596 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42-115 тоот хаягт орших 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн дээрх орон сууцандаа чөлөөтэй оршин суух, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Учир нь дээрх орон сууцанд А.Б гэх хүн оршин суудаг болохыг сүүлд олж мэдсэн. А.Б гэх этгээдэд дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх талаар урьдчилан мэдэгдэхээр тус орон сууцанд удаа дараа очсон боловч тэрээр хаалгаа тайлахгүй, тус орон сууцанд нэвтрүүлэхгүй байсаар өдийг хүрсэн бөгөөд ийм байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хугацаатай шаардлага хүргүүлсэн, мөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар шаардлага хүргүүлсэн боловч ямар нэг шийдтэй хариу өгөөгүй. А.Б-н нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаж буй дээрх үйлдэл удаан хугацаанд үргэлжлэх тусам эрх ашиг улам хохирч, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон бусад зардлын өр төлбөр үүсэх, гуравдагч этгээдийн өмнө үүрэг үүсэх гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Э.Ү нь өөрийн өмчлөлийн Ү-205002596 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42-115 тоот хаяг орших 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгөхийг А.Б т даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байх хугацааны төлбөр тооцооны өр төлбөртэй болох нь харьяа холбогдох байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг цахилгааны төлбөр 54 932 төгрөг, СӨХ-ны төлбөр 175 450 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 779 775,98 төгрөг, нийт 1 010 157,98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрх шаардлагаасаа татгалзсан. Иймд Э.Ү-н өмчлөлийн Ү-2205002596 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б миний бие нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр нэхэмжлэлдээ ...тус орон сууцанд удаа дараа очсон боловч тэрээр хаалгаа тайлахгүй, орон сууцанд нэвтрүүлээгүй, ...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хугацаатай шаардлага хүргүүлсэн, мөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөлгүй өдий хүрсэн гэсэн боловч дээрх хугацаанд Э.Ү нь манай гэрт надтай уулзахаар нэг ч удаа ирээгүй бөгөөд А.Б т ямар нэгэн шуудангийн баримт, шаардлага зэргийг хүлээлгэж өгөөгүй болно. Маргаан бүхий орон сууц нь А.С гэж хүний өмчлөлийнх байсан. А.С нь хариуцагч А.Б-н эгч юм. Хариуцагч нар 2014 оноос хойш хууль ёсны өмчлөгч А.С-ийн зөвшөөрлийн дагуу тухайн орон сууцанд амьдарч байгаа. Орон сууцыг хуулийн байгууллагуудаас 2018 онд битүүмжилсэн, уг битүүмжлэл одоо ч хүчинтэй байгаа. Гэтэл ямар учир шалтгаанаар 2020 онд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч орон сууцны өмчлөлийг хууль бусаар шилжүүлэн авсан гэж хариуцагч талаас үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ү нь хариуцагч М.Б д холбогдох болон орон сууц ашиглалтын зардалд 1 010 157,98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч эрхийн улсын Ү-2205002596 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Б , Л.Т , М.М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28 800 төгрөг, хариуцагч А.Б , Л.Т , Б.М нараас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ү д олгож шийдвэрлэжээ.

 

хариуцагч А.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 115 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар дуудлага худалдааны ялагч Э.Ү д шилжүүлж, бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. Хэргийн материалд авагдсан /хх-98-99/ Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоолоор эрүүгийн 1810012510459 дугаартай хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор яллагдагч А.С-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205002596 дугаартай маргаан бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 байр 115 тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр, мөн хэргийн 100-101 дүгээр талд авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолоор тус үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэр тус тус нотлох баримтаар авагдсан, энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба /хх-97/ Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10д/4454 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Э.Ү г 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-133/ олгогдсон буюу Э.Ү нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч шаардах эрхтэй этгээд мөн эсэх нь буюу нотлох баримт нь эргэлзээтэй байхад нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч, хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй этгээд мөн гэж үнэлж, дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ талаарх шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, шүүх хуралдаанд хариуцагч Б.М ийг биечлэн оролцох эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4, 30.5 дах заалтуудтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ү нь хариуцагч А.Б, Л.Т, М.Б, Б.М нарт холбогдуулан Ү-2205002596 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, орон сууцны ашиглалтын зардалд 1 010 157,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын зардалд 1 010 157,98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч М.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, дээрх орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Талууд маргааны зүйл болж буй орон сууцны нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр үүссэн эсэх, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсхүл хууль бус эсэх талаар маргаж байна.

 

Хэргийн 106-107 дах талд авагдсан баримтаас үзвэл Дархан-Уул аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаар захирамжаар А.С-ээс 40 015 000 төгрөгийг гаргуулан Ахим ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205002596 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын Ү-2205002596 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, орон сууцны өмчлөлийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Ү д шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор тэрээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Иймд нэхэмжлэгч Э.Ү нь дээрх орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан авснаар А.С-ийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Ийнхүү нэхэмжлэгч Э.Ү нь дуудлага худалдаагаар маргаж буй орон сууцыг худалдан авснаар уг орон сууцны өмчлөгч болсон нь хэргийн 133 дах талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан А.С-ийн зөвшөөрлөөр уг орон сууцанд амьдарч байгаа гэж маргасан боловч дээрх орон сууц дуудлага худалдаагаар худалдан борлогдож өөр өмчлөгчтэй болсноор А.С-ийн өмчлөх эрх дуусгавар болсон үеэс хариуцагч нарын эзэмшил хууль бус болно.

 

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Ү-н Ү-2205002596 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Б , Л.Т , Б.М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч М.Б д холбогдох болон орон сууц ашиглалтын зардалд 1 010 157,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч талаас Хан-Уул дүргийн прокурорын газар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах, хариуцагч Б.М ийг биечлэн оролцуулах тухай хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно. Учир нь иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй бол хэргийн оролцогч шүүхэд хүсэлт гарган шүүхийн журмаар бүрдүүлдэг байна. Хариуцагчийн дээрх байгууллагуудаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь зохигч өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна талууд хуульд заасны дагуу нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж, хариуцагч Б.М д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж тус тус шүүх дүгнэж эрх хэмжээнийхээ хүрээнд эдгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч А.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ