| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2316001690211 |
| Дугаар | 2024/ДШМ/09 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/09
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Д.Б,
Иргэний хариуцагч Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, М.Э,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Э (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Б-д холбогдох эрүүгийн 2316001690211 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
З овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .............................................-т жолоочоор ажиллаж байсан, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт .............. аймгийн .............. сум ............ баг ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ................ регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь .................. аймгийн .............. сумын нутаг дэвсгэрт байрлах .................. бөөний төвийн гаднах хогийн цэг дээр хог ачихаар ажиллаж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас анхаарал болгоомжгүй байдлаар ... ... ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж Ж.Т-ын хүзүү, толгой хэсэгт нь мөргөж түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт аксоны тархмал гэмтэл, хүзүүнд зулгаралт, хүзүүний арын булчинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд Ж.Т нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч З овгийн Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (Гурав) жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хэмжээг 115,500,000 (Нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоож, үүнээс шүүгдэгч Д.Б-аас 23,100,000 (Хорин гурван сая нэг зуун мянга) төгрөгийг, иргэний хариуцагч буюу ............................... газраас 92,400,000 (Ерэн хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ээс зан үйлийн зардалд 6,959,050 (Зургаан сая есөн зуун тавин есөн мянга тав) төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж холбогдох нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн эмчилгээ, сувилгаа болон зан үйлийн зардалд нийт 3,836,000 (Гурван сая найман зуун гучин зургаан мянга) төгрөг төлсөн, хэрэгт хавсаргасан 1 (Нэг) ширхэг CD, улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 (Хоёр) хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 10 (Арав) хуудас баримтуудыг тус тус хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гэж 115,500,000 /нэг зуун арван таван сая таван зуун мянган төгрөгийг/ гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлын дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хэмжээнээс хасч өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч Д.Б нь ............. аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт байрлах .................. бөөний төвийн гаднах хогийн цэг дээр хог ачихаар ажиллаж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас анхаарал болгоомжгүй байдлаар ... ... ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж Ж.Т-ын хүзүү, толгой хэсэгт нь мөргөж түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт аксоны тархмал гэмтэл, хүзүүнд зулгаралт, хүзүүний арын булчинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд Ж.Т нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байна.
4. Энэ үйл баримт нь:
4.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ж.Т бид хоёр 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр .............................................-т ажилд орох анкет хүсэлт авч очиж өгсөн. Тухайн өдрийн орой манай нөхөр Ж.Т руу .......................... газраас утсаар яриад маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох талаар хэлж ярьсан. Тэгээд манай нөхөр Ж.Т 2023 оны 08 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа явсан юм. Тэгээд орой 16 цагийн үед над руу ................................ газраас танай нөхөр Ж.Т .................. худалдааны төвийн гадна ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Би тухайн үед очоогүй юм. Орой манай нөхрийн нагац эгч Ж над руу утсаар яриад танай хүн ухаан орохгүй сэхээн амьдруулах тасагт хэвтсэн гэж хэлсэн. Тэгээд би очоод өөрийн нөхөр болох Ж.Т-ыг эмнэлэгт сахиад 7 хоносон. Тухайн үед эмчилгээ хийгдэж байсан яг ямар оноштой байсан талаар мэдээгүй. Тэгээд манай нөхөр Ж.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-нд эмнэлэгт нас барсан. Амь хохирогч эмнэлэгт байхдаа ухаангүй хоол унд идэж ууж чадахгүй байнга эмийн эмчилгээтэй байсан. Би талийгаач нь ямар шалтгааны улмаас нас барсан мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан тул гомдолтой байна. Тухайн асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 74-р хуудас),
4.2. Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 17-ны өглөө ажил дээрээ ирээд байж байсан чинь нярав Н нэг тушаал барчихсан Ж.Т нь өнөөдрөөс эхэлж ажилд орж байгаа юм байна гэж хэлж байсан. Тэгээд 09 цагт ажилчдадаа зааварчилгаа өгөөд байж байсан чинь өрөөнд нэг танихгүй залуу орж ирсэн. Тухайн үед би шинээр ачигчаар ажилд орж байгаа хүн мөн үү гэж асуусан чинь мөн байна гэж хэлсэн. Нэрийг нь асуухад Т гэсэн тэгээд би аюулгүй байдлын зааварчилгаан дээр нэрийн гараараа бичээд зааварчилгааг танилцуулаад жолооч Д.Б-тай хамт ажилд гарах талаар хэлээд зааварчилгаан дээр гарын үсэг зуруулаад ажилд нь гаргасан. Ж.Т нь манай байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилд ороод эхний өдөр ажиллаж байсан. Би хог нягтаршуулах үйлдвэр дээр байж байсан чинь 14 цагийн үед над руу манай нярав Н утсаар залгаад Д.Б жолоочтой ажиллаж байсан ачигч .................. бөөний төвийн гадна ухаан алдсан гэж хэлсэн. Би тухайн газарт яваад очиход .................. бөөний төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хойд буланд газарт хэвтэж байсан тэгээд түргэн тусламжийн машин орж ирээд үзээд эмнэлэг рүү авч явсан. Жолооч Д.Б-аас юу болсон талаар асуухад Ж.Т, Д.Б нар .................. бөөний төвийн зүүн талын хойд хэсэгт байрлах хогийн цэгээс хог ачиж байгаад эхлээд гадна байсан хогийн хамж хийчхээд хогийн саванд байсан хогийг авах гээд ухрах үйлдэл хийхдээ ачигч Ж.Т-ыг ард зайгаа хараад машины толинд үзэгдэхээр зогсоод хэлээрэй гэж хэлчхээд машиндаа ороод ухрах үйлдэл хийсэн тухайн үед толинд Ж.Т харагдахгүй байсан тэгээд машинаа зогсоогоод бууж ирээд харсан чинь Ж.Т-ын малгай машины хажууд унасан байхаар нь очоод үзсэн чинь Ж.Т газарт унасан байсан гэж Д.Б хэлсэн би тухайн үед хараагүй болохоор мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 85-р хуудас),
4.3. Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ................... газрын даргаар ажилладаг. Тухайн албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад нэг ачигчийн орон тоо гарсан байсан. Би тухайн үед ээлжийн амралттай байсан боловч ажил дээр очоод Ж.Т-ыг дуудаж уулзаад манай байгууллагад анкет өгсөн байна одоо ажилд орох боломжтой эсэх талаар асуухад би боломжтой гэж хэлсэн. Тухайн үед эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд би туршилтын хугацаанд ажлын хувцас олгох боломжгүй өөрийнхөө хувцастай ирнэ бээлий маскийг албанаас өгнө гэж хэлээд өнөөдөр бичиг баримт болон бусад шаардлагатай материалуудаа өгөөд маргааш нь ажилдаа гарна гэж хэлээд Ж.Т нь манай байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс тушаал гаргаад ажилд орсон юм. Тухайн өдөр жолооч Д.Б-тай хамт ачигчаар ажиллаж байсан. Ж.Т нь өөрийн ажлын байран дээрээ байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 77-р хуудас),
4.4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 04-07 дугаар хуудас),
4.5. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 08 дугаар хуудас),
4.6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...1. талийгаач Ж.Т-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт, аксоны тархмал гэмтэл, хүзүүнд зулгаралт, хүзүүний арын булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдээс тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт, аксоны тархмал гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй шинэ гэмтлүүд болно. 4. Талийгаач Ж.Т нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн №4126 тоот өвчний түүхийг үзэхэд оношилгоо эмчилгээ зөв хийгдсэн байна. 5. Талийгаач Ж.Т нь тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, аксоны тархмал гэмтлийн улмаас уушгины зогсонгишилын хатгалгаагаар хүндэрч нас баржээ. 6. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаачийн цусанд Шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл илэрсэнгүй...” гэх 35 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 92-97-р хуудас),
4.7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “...1. Ж.Т-ын биед хүзүүний түвшинд тодорхойгүй нугасны мэдрэлийн гэмтэл, гэмтлийн дайрлага, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлийг тухайн цаг хугацаанд авсан байх боломжтой болно...” гэх 227 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 197-199-р хуудас),
4.8. Шинжээч М.Д-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...1. ... ... ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б /ДЮ.............../ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байна. 2. Энэ буруутай үйлдэл нь осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. 3. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар Д.Б /ДЮ.............../ нь жолоодох эрхийн В С D ангиллын ........... дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 4. Амь хохирогч Ж.Т /ДЮ................../ нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 6. Шинжилгээний явцад шинээр тогтоогдсон зүйл байхгүй болно...” гэх 05 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 192-194-р хуудас) зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, эдгээр нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоосон байна.
6. Мөн тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Ж.Т-ын хүзүү толгой хэсэгт мөргөсөн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
8. “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.
9. Хууль зүйн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
10. Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
11. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (Гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тухай шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
12. Шүүгдэгч Д.Б-ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.
Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээр тогтооно.” гэж заажээ.
Уг аргачлалаар тооцоход 2022 онд эрэгтэй хүний дундаж наслалтыг Үндэсний статистикийн хорооноос 67,3 нас гэж тогтоосон. Амь хохирогч нь 25 настай байсан тул зөрүү 42 нас үүнийг гэмт хэрэг үйлдэгдсэн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгийг 5 дахин үржүүлсэнтэй /550,000х5=2,750,000/ тэнцэх байдлаар үржүүлэхэд 2.750.000х42=115,500,000 (Нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөг байна.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдлыг тал бүрээс харгалзан үзэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 115,500,000 (Нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоож үүний 20 (Хорь) хувь буюу 23,100,000 (Хорин гурван сая нэг зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас, 80 (Ная) хувь буюу 92,400,000 (Ерэн хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч .......................... газраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх Х.Ж-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
13. Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн эмчилгээ сувилгаа болон зан үйлийн зардалд 3,836,000 (Гурван сая найман зуун гучин зургаан мянга) төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
14. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ц.О
Ш.Б