Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0402

 

2025       05     26 128/ШШ2025/0402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Г

Маргааны төрөл: нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэж байгаа эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжаар иргэн Д.Лд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 200 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон байна.

3. Иргэн Д.Лэс уг газар эзэмших эрхийг иргэн Д.Г шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. 

4. Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаар дүгнэлт болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус хүлээн авсан байна. 

5. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20/1725 дугаар албан бичгээр болон 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18/285 дугаар сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн Д.Г  хүргүүлжээ.

6. Дээрх улсын байцаагчийн дүгнэлт, мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон байна.

7. Дээрх захирамжийг эс зөвшөөрч иргэн Д.Г 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Засаг даргад гомдолд гаргасныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01-03/4717 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

8. Улмаар иргэн Д.Гоос тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д.Г би иргэн Д.Лэс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны захирамжаар эзэмшиж байсан тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 585 м.кв газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжаар шилжүүлэн авсан. Тухайн үед Д.Лх газар эзэмших эрх нь ямар нэг доголдолгүй, хүчин төгөлдөр байсан гэсэн тул энэ эрхийг надад шилжүүлэн захирамж гарсан юм. Би өнөөдрийг болтол газрын төлбөрийг тухай бүр төлж ямар нэг зөрчилгүйгээр эзэмшиж байсан.

Тухайн газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжаар надад мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулалгүйгээр хүчингүй болгосныг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрөө төлөхөөр дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд очиход надад хүчингүй болгосон захирамжийг гардуулан өгснөөр олж мэдсэн. Энэ захирамж нь иргэн миний газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01-03/4717 дугаартай албан бичгээр гомдолд хариу өгсөн болохыг 07 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай утсанд зурвас ирүүлснээр цахимаар гардан авсан болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийг дараахь үндэслэлээр хууль зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:

- Дүүргийн Засаг дарга энэ захирамжийг гаргахдаа надад мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй тул сөрөг нөлөөлөл бүхий тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх,  хуульд заасан захиргааны актын талаар төрийн байгууллагад тайлбар санал гаргах эрхийг нь хязгаарлаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн.

- Тус А/ дугаар захирамжийн үндэслэх хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд шинээр нэмсэн, өмнө нь хуульд байгаагүй Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.4 дэх заалтыг үндэслэл болгосон нь хуулийг буцаан хэрэглэсэн үйлдэл байх бөгөөд энэ нь Монгол Улсын эрх зүйн системийн үндсэн зарчмуудын нэг болох хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим, тухайлбал Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан хуулийг буцаан хэрэглэхийг хориглох, шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний аль нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр хуучин хэвээр байх заалтыг зөрчсөн тул хууль бус захирамж байна.

- Тус захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх үндэслэл болгож, газар эзэмшигч газраа эзэмших явцдаа газрын тухай хууль тогтоомжид газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор заасан зөрчил гаргаагүй боловч тогтоомж дүүргийн Засаг дарга анх захирамж гаргахдаа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргах ёстой нутаг дэвсгэрт газар эзэмшүүлж хууль бус захирамж гаргажээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Газрын тухай хуульд 21 дүгээр зүйлийн 21.5.4 дэх заалтыг шинээр нэмж, энэ байршилд газар эзэмшүүлэх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэдэг болсноор 2014, 2015 онд дүүргийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлсэн шийдвэр хууль бус болохгүй, харин энэ нь хуулийг буцаан хэрэглэсэн хууль бус үйлдэл болно.

-  Мөн тухайн газрыг анх 2014 онд дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Д.Лд эзэмшүүлсэн, 2015 онд мөн л дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг Д.Г надад шилжүүлж эзэмшүүлсэн тул газрыг анх бусдад эзэмшүүлснээс хойш 10 жил, эрх шилжүүлж надад эзэмшүүлснээс хойш 9 жил өнгөрсөн байхад газар эзэмших эрхийг 2024 оны 05 дугаар сард хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор заасныг зөрчсөн.

Дээрх бүх үндэслэлээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Гоос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр энэ захирамж маань Д.Гийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/ дугаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан газрын гэрээ гэрчилгээг хүчингүй болгосон захирамж байгаа. Хүчингүй болгосон захирамж маань хууль зөрчсөн, үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа.

Нэхэмжлэлийн агуулгын хувьд Д.Г нь иргэн Д.Лэс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны захирамжаар эзэмшиж байсан амины орон сууцын зориулалттай газрыг нь хуульд заасан баримт бичгийг бүрдүүлээд, нотариатаар батлагдсан гэрээ хийгээд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн A/ дугаар захирамжаар шилжүүлэн авсан. Түүнээс хойш газрын төлбөрөө тухай бүрд нь төлөөд ямар нэгэн газрын зөрчилгүйгээр газраа эзэмшиж ирсэн. Гэтэл тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар мэдэгдэл сонсох ажиллагаа явуулалгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий акт буюу 2025 оны А/ дугаар захирамж гарсан болохыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.Г газрын төлбөрөө төлөхөөр Газар зохион байгуулалтын албанд очсоноор мэдсэн. Төлбөр төлөхөөр бүртгэлийн программаас төлбөрийн үлдэгдэл нэхэмжлэлийн дугаараа харах шаардлагатай болоход төлбөрийн байцаагч нар нь хүчингүй болсон байна гэдгийг мэдэгдсэн. Тухайн захирамжаа 06 дугаар сарын 17-ны өдөр гардаж аваад 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хүчингүй болгосон захирамж хуулийн үндэслэлгүй байна, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга шүүхэд хандаж асуудлаа шийдүүл гэдэг хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаар дамжуулаад 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Тухайн захирамж нь дараах байдлаар хууль зөрчөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа.

Сонсох ажиллагаа явуулаагүй. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 01-ний ийм тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн гэдэг хариу ирүүлээд байгаа. Тэгэхээр энэ мэдэгдлийг гардуулж өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд ямар нэгэн шийдвэрийн улмаас эрх, хууль бус ашиг сонирхол нь хөндөгдөх гэж байгаа талаар мэдэгдэл гардуулах үүргийг захиргааны байгууллага хүлээж биелүүлнэ гэсэн ийм заалт байгаа. Тэгэхээр үүнийг гардуулаагүй, мэдэгдээгүй шүүхэд ирүүлсэн баримт дотроос ийм албан бичгүүд байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд хэрэгт үүнийг гардуулсан, сонсох ажиллагаа явуулсан, тайлбар саналыг нь авсан баримтууд ирээгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх үүрэгтэй. Ялангуяа эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулсан талаар болон газартай холбоотой маргаантай эсвэл зөрчилтэй холбоотой бүх баримтыг баримтжуулж Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар хүчингүй болгох гэж байгаа шийдвэрийнхээ хувийн хэргийг хөтлөх ёстой байсан. Ийм хувийн хэрэг ирүүлээгүй. Тэгэхээр хувийн хэрэг нэгтгэж бүрдүүлээгүй учраас өмнө нь ийм хариу өгч байсан гэдэг өөрсдийнх нь бланк дээрээ буулгачихсан албан бичгүүд ирээд байгаа. Үүнийг гардуулсан баримт байхгүй, тайлбар санал авсан баримтууд байхгүй. Мэдэгдэл өгөөгүй учраас тайлбар санал гаргаагүй. Ямар бодит нөхцөл байсан бэ? гэдгийг судлаагүй гэсэн үг. Бодит нөхцөл байдлыг судалж байж шийдвэр гаргах үүрэг нь мөн захиргааны байгууллагад байдаг. Нотлох баримтыг цуглуулах, бодит нөхцөл байдлыг судлах, шаардлагатай тохиолдолд шийдвэрийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж болзошгүй этгээдийг 2 талын уулзалт хуралд дуудах гэж хуульд мэдэгдэх сонсох ажиллагааг хэрхэн явуулах тухай маш тодорхой бичсэн, журамлаад өгчихсөн байгаа. Энэ журмыг биелүүлээгүй байж байгаад төлбөрөө төлөх гэж ирэхэд нь захирамж чинь хүчингүй болсон гэдэг мэдээлэл өгсөн. Мэдэгдэл өгөөгүй мэдэгдээгүй гэдгийг өөр юугаар нотолж болох вэ? гэхээр 20 дугаар хороог хариуцаж ажиллаж байсан н.М гэж дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүчингүй болсон захирамж нь гарсан байтал 045 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Г шаардах хуудас өгдөг. Тухайн шаардах хуудас нь ямар агуулгатай вэ? гэхээр танайх эзэмшүүлсэн газрыг хойшоо зам руу 1.4м сунгасан байна. Энэ газраа татаж эзэмшүүлсэн нэгж талбарын эргэлтийн цэгүүдээр хашаагаа барь гэж өөрсдөө буулгана гэхэд нь газар зохион байгуулагч өөрөө хажууд нь зогсож байгаад барьсан байсан хашааг нь буулгуулаад зам тал руугаа харсан хойд талын хашааг нь буулгуулаад 1.4м татуулсан байдаг. Гэтэл 05 дугаар сарын 14-ний өдөр захирамж нь гарчихсан. Захирамжийн төслийг тухайн хороог хариуцсан мэргэжилтэн бэлдээд Засаг даргадаа өргөн барих ёстой. Тэгэхээр үүнд өөр мэргэжилтэн байсан юм уу, эсвэл тэр хүн мэдсээр байж нэхэмжлэгчийг давхар хохиролд оруулсан юм уу? Хашаа зөөнө ажлын ямар зардал гарах вэ гэдгийг баталчихсан байдаг. Тийм байхад энэ ажлыг 05 дугаар сарын 15-ны өдөр хийгээд яваад байсан. Тэгэхээр энэ болгоноос юу харагдаж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нэхэмжлэгчид мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт захиргааны байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулаад явсан. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаа биелүүлээгүй гэдэг өөр олон баримтыг дурдаж болно. Бүгд хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэж хэрэгт өгсөн баримтаар бид мэдэж байгаа, өмнө нь бидэнд гардуулаагүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болгох талаар мэдэгдэл өгч байсан гэсэн баримт байгаад байгаа. Тэгэхээр сая гаргаж өгсөн нотлох баримтаар нэгж талбарын дэлгэрэнгүй мэдээлэл дээр харагдаж байгаа. Д.Г гэдэг хүн нийт 3 удаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан. 1 нь 2015 онд Д.Лэс газар эзэмших эрхийг шилжүүлж авах тухай хүсэлт гаргасны дагуу гэрээ гэрчилгээ олгогдсон. Дараа нь 2019 онд тухайн иргэний нэр дээр байгаа газраа өөрийнхөө аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлье гэдэг хүсэлтийг гаргасан. Тэгэхээр энэ хүсэлтийг ерөөсөө судалж үзээгүй баримт материал нь алга болсон. Дүүргийн газрын албанд нэр шилжүүлэх гэж байгаа тохиолдолд гэрээ гэрчилгээгээ эх хувиар нь өгдөг. Тэгээд гэрээ гэрчилгээ нь алга болсон. Тэгээд А/ гэдэг захирамжийг үндэслээд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дүүргээс дахиад шинээр гэрээ гэрчилгээ бичиж олгосон байдаг. 3 дахь гаргасан хүсэлт нь юу вэ? гэхээр 2020 оноос эхлээд шинэ egazar болон түүнтэй холбоотой программууд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шат шатдаа дамжаад бүрэн цахимд шилжсэнтэй холбогдуулаад 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай газрыг цахим бүртгэлд хамруулж өгнө үү гэсэн 3 хүсэлт гаргасан. Тэгэхээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлж байгаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлж байсан гэдэг баримтыг саяын дурдсан цахим бүртгэлд бүртгүүллээ гэдэг хүсэлтийг шийдвэрлэсэн байдлаас нэгж талбарын дэлгэрэнгүй мэдээллээс харагдана. 2022 оны 08 дугаар сард хэрвээ хүчингүй болголоо гэж мэдэгдэж байсан бол 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим бүртгэлд бүртгэлээ баталгаажуулах хүсэлтийг нь хангаж шийдвэрлээд бүртгэж авахдаа мэдэх ёстой. Энэ талаар баримтууд нь хэрэгт байж байгаа. Тэгэхээр мэдэгдээгүй гэдгийг давхар нотолж байгаа асуудал байна. Мэдэгдэл хүргүүлээгүй гэдэг нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 иргэний оролцоог хангах захиргааны байгууллагын үндсэн зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа. Хоёрдугаарт маргаан бүхий актын үндэслэл хэсэгт 3 баримтыг дурдаж захирамж гаргасан. Нэгдүгээрт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.4 дэх заалт болон 2 байгууллагын албан бичгийг дуудаж байгаа. Тэр албан бичиг нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/451 дүгээр захирамжийг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийг, Хот байгуулалт, хотын стандартын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гэсэн 2 байгууллагын баримтыг дурдаж байгаа. Энэ захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, үндэслэл нь буруу, хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр маш олон нэмэлт өөрчлөлтүүд орсон. Бараг Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга шиг газар эзэмшүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа бүрд өөрчлөлт оруулсан. Тэгэхээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орсон нэмэлтээр 21 дүгээр зүйлийн 21.5.4 дэх заалтад юу гэж заасан бэ? гэхээр Д.Гийн байрлаж байгаа нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлнэ, дүүргийн Засаг дарга ерөөсөө газар эзэмшүүлэх эрхгүй гэдэг. Тэгэхээр 2015 онд газар эзэмших эрхээ шилжүүлээд авчихсан, нэхэмжлэгчийн нэр дээр эзэмших эрх нь үүсчихсэн газарт өнөөдөр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө гэсэн заалтыг хэрэглээд захирамж гаргаж байгаа нь Монгол Улсын эрх зүйн системийн үндсэн зарчмууд болох хуулийг буцаан хэрэглэхийг хориглох зарчмыг зөрчиж байгаа. Энэ зарчмыг зөрчсөн төдийгүй Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заагаад хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэж заагаад өгчихсөн. Тэгээд шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний аль нэг талын хууль ёсны ашиг сонирхол хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байх заалтыг зөрчөөд байгаа. Тэгэхээр буцааж хэрэглэхээс гадна хориглосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчих гэж байна гэдэг хуулийн заалтыг нэхэмжлэгч буюу газар эзэмших эрхийн гэрээний нэг талд хохиролтойгоор хэрэглээд явчихсан. Үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. Захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.4 гэдэг заалтыг хэрэглэхдээ 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг бас давхар бариад байгаа. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 гэдэг нь Засаг дарга өөрөө хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэж гаргасан шийдвэрээ хүчингүй болгох заалт. Шийдвэр гаргасан этгээд тухайн шийдвэр нь бусад этгээд болон газартай холбоотой хууль тогтоомжийг зөрчиж байгаа бол хүчингүй болгоно гэсэн заалтыг бариад байгаа. Тэгэхээр 2015 оны Засаг даргын үйлдэл нь зөрчилтэй үйл ажиллагаа биш, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хамаарахгүй үйл баримт байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн засаг дарга захирамж гаргах ёстой нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх хууль бус захирамж гаргажээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Энэ нь дээр дурдсан хууль буцаан хэрэглэсэн үйлдэл болно. Нэг үндэслэл байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг заагаад өгчихсөн. Үүнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нөхцөл байгаагүй. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус гэж үзсэн тохиолдолд Д.Г газар эзэмшүүлсэн нэр шилжүүлсэн захирамжийг хууль бус гэж үзэхгүй байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээрт эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй, хоёрдугаарт хууль бус захиргааны актыг эерэг нөлөөлөлтэй байсан ч хүчингүй болгож болно гэж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хууль хэдийгээр хууль бус байсан ч 5 жилийн дотор хүчингүй болгох гэж заасан. Гэтэл энэ анх эзэмшүүлснээс 15 жил, Д.Г шилжүүлснээс хойш 9 жилийн дараа эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг шинээр гарсан хуулийг эргүүлж хэрэглэн хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 заасныг зөрчсөн шийдвэр байна. Тэгэхээр дээр дурдсан үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсэг хүчингүй болох хуулийн үндэслэл бүрджээ гэж үзэж байгаа. Үүн дээр нэмж тайлбарлахад Б ХХК-ийн дулааны шугам болон инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлууд яригддаг. Үүнд зайлшгүй тайлбар хэлэх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт маргаан бүхий актын үндэслэлд инженерийн шугам сүлжээтэй холбоотой хуулийн заалтууд үндэслэл болж авагдаагүй. Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас шүүхээс лавлагаа гаргуулж нотлох баримтуудыг авсан. Хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас ирүүлсэн материал дээр мэдээллийн санд шүүлт хийж үзэхэд уг газраар манай болон бусад хэрэглэгчийн эзэмшлийн дулааны шугам дайран өнгөрөөгүй байна гэдэг лавлагааг ирүүлсэн. Хоёрдугаарт Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн лавлагаагаар бохирын шугамууд 1.5-2.2м-ийн зайтайгаар байрлаж байна. 1 шугам нь үндсэн газраа буюу одоо маргаж байгаа газрын хойд талаар зам дагуу 2.2м-ийн зайтай бохирын шугам явж өнгөрдөг тухай баримт ирсэн. Одоо маргаж байгаа газрын урд талын хил хязгаараас 7.5м-т буюу 0.5га эзэмшил газар дээгүүр нь дайран өнгөрсөн шугамын талаар лавлагаа ирсэн. Тэгэхээр 7.5м эзэмшил газрын урд хилээс хол байгаа учраас хуулийн хамгаалалтын бүс гэдэг заалтад хамаарахгүй. Энэ албан бичигт өөрсдөө дурдаж өгсөн бохирын шугамаас хоёр тийшээ 5 метрийн зайтай хамгаалалтын бүс авна гэдэгт 7.5м зайтай байгаа учраас хамаарахгүй. Хоёрдугаар ойртчихсон байна гэсэн 1 шугам байгаа. 2.2м-ээр эзэмшил газрын хойд талын зам дагуу хил хязгаар луу ойртжээ гэдэг лавлагаа ирсэн байна. Тэгэхээр энэ лавлагаанд зааснаар 2.2 метр ойртсонтой холбогдуулаад хүчингүй болгох, газрыг чөлөөлөх ч гэдэг юм уу? ийм шаардлага байхгүй. Харин барилга байшин барихаар аливаа газар шорооны ажлыг хийхдээ шугамыг хамгаалалтын бүсэд барилга, хашаа барихгүй байх, шугамын засвар үйлчилгээний ажлын үед ажил гүйцэтгэх бололцоог бүрдүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмж гэх юм уу, ийм тодорхойлолт лавлагааг ирүүлсэн. Элдэв шугам байгаа гэдгийг захирамжийнхаа үндэслэлд дурдаж өгөөгүй хэр нь ээ тийм шугам байгаа гэж тайлбарлаад байгаа асуудлууд ямар нэгэн хууль зөрчөөгүй, эзэмшихийг хориглосон газарт олгогдоогүй. Энэ газар дээр олгогдсоноороо хүчингүй болгох үндэслэл бүрдэхгүй байгаа. Цахилгааны шугамын тухайд мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас баримт ирсэн. Тэгэхээр энэ баримтад юу гэж дурдсан бэ? гэхээр 2 ширхэг ойртсон шугам байна. Энэ нь лавлагаанд 1103510 киловаттын дэд станцын П51 гэдэг 2 ширхэг кабель, энэ цэвэрлэх дэд станцаас П52 гэсэн 2 ширхэг 10000-ын кабель ойртсон байна. Огтлолцож байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмж байхгүй байна гэсэн. Цахилгааны цахилгаан түгээх сүлжээ компаниас ийм лавлагаа ирсэн учраас инженерийн шугамтай холбоотойгоор захирамжийнхаа үндэслэлд дурдаагүй гэж ойлгогдож байгаа. Яагаад гэвэл хуулиар хориглосон эсвэл хүчингүй болгох нөхцөл байдал цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугамтай холбоотойгоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Захирамжийнхаа үндэслэл хэсэгт заагаагүй гэж үзэж байгаа. Захирамжийн үндэслэл хэсэгт дурдагдаад байгаа Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/451 дүгээр захирамжийг үндэслэж шийдвэр хүчингүй болгосон гэж зааж байгаа. А/451 хэрэгт авагдсан байгаа. Энэ захирамж Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу өмнө дурдсан нэмэлт өөрчлөлтүүд ороод дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх, нэр шилжүүлэх, ер нь газартай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхаар нийслэлд шилжүүлчихсэн. Хуулиараа нийслэл авчихсан байгаа. Нэгэнт дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлэхээ больсон үйл ажиллагаануудыг захирамжаар дүүргийн Засаг дарга, дүүргийн газрын албанд хуулийн дагуу зарим эрхээ шилжүүлж болно гэдгээр эрх шилжүүлэх тухай захирамж байгаа. Тэгэхээр үүнд Д.Гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүхий шийдвэр биш, 2 Засаг дарга хоорондоо хуулийн дагуу зарим эрхээ бие биедээ шилжүүлсэн захирамж байгаа. Захирамжийн хүчингүй болгох үндэслэл болно гэж үзээд байгаа Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 тоот мөрдөгчийн тэмдэглэл гэж байгаа. Үүнийг судлаад үзэхээр иргэн Д.Г гэдэг 1 ширхэг ч нэр байхгүй. Ямар хэрэг үүсээд мөрдлөгийн ажиллагаа явагдсан бэ? гэхээр тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга байсан этгээдийг авлигатай холбогдуулж шалгасан тэмдэглэл. Энэ бол нэгдүгээрт эрх бүхий этгээдийн шийдвэр биш. Хоёрдугаарт Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх хүчингүй болох үндэслэл болох баримт бичиг шийдвэр биш байгаа. Тэгэхээр үүнийг нарийн шүүгээд үзэхээр мөрдөгчийн тэмдэглэлд н.У******* гэдэг хүнд газар олгосон асуудлыг нь авлигатай холбоотой байна гэж үзсэн байдал ажиглагдаж байгаа. Манай маргаж байгаа хэрэгт хамаагүй учраас би нарийн ширийн яримааргүй байна. Өөр этгээдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотой үүсгэсэн хэргийн мөрдөгчийн тэмдэглэл байж байгаа. Тэгэхээр энэ маань Д.Гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хоёрдугаарт Хот байгуулалт, хотын стандартын газрын хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 111302/052180 гэдэг дүгнэлт ирсэн учраас үүнийг үндэслэж хүчингүй болгосон гэж захирамжийнхаа үндэслэлд дурдаад байгаа. Б гэж өнөөдөр гуравдагчаар орох хүсэлт гаргаад хэрэгсэхгүй болгосон компанийн захирал хүртэл улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаанд оролцож н.Сэргэлэн гэж гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр Д.У******* гэдэг хүнд газар олгосон асуудалд хяналт шалгалт хийгээд хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гаргасан. Өнөөдөр маргаж байгаа газар буюу нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй газартай ямар нэгэн холбоотой улсын байцаагчийн дүгнэлт гараагүй. Тэгэхээр өөр хүнд холбогдолтой, нэхэмжлэгчид огт хамаагүй баримтыг үндэслэл болгоод газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байгаа. Захирамжийн үндэслэлд дурдаагүй боловч өмнө явж байсан хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэж байдаг байхад гаргасан албан бичиг байдаг гэдэг тайлбар өгөөд байсан. Тэгэхээр энэ албан бичиг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга н.Д******* гэдэг хүний гарын үсэг зурсан албан бичиг нь улсын байцаагчийн дүгнэлт биш, ямар нэгэн байдлаар заавал үүрэг болгосон баримт бичиг биш юм. Н.Д******* гэдэг хүний гарын үсэгтэй 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0201/4126 гэдэг албан бичиг байгаа. Тэгэхээр энэ албан бичигт мөн Д.Гийн тухай, өмнө Д.Г газар эзэмших эрхээ шилжүүлсэн Д.Лх тухай асуудлыг хянаж шалгаагүй, үүнтэй холбоотой албан бичиг биш юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэж толгойг нь биччихээр газрын албаныхан болон дүүргийн хуульч нар улсын байцаагчийн дүгнэлт гэж үзээд байдаг юм шиг байна лээ. Тэгээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ийм дүгнэлт гарсан гээд байдаг. Энэ нь нэгдүгээрт дүгнэлт биш албан бичиг, орлогч дарга нь гарын үсэг зурсан. Хоёрдугаарт энэ дээр Д.Гой холбоотой асуудал байхгүй, Д.Л******* гэдэг хүний тухай бичээд байна. Мөн хэргийн материалуудтай танилцаад явж байхад Б гэдэг компани өөрөө өнөөдөр би гуравдагчаар оръё Д.Гийн эзэмшсэн газар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа гэж хүсэлт гаргаад байгаа боловч хамгийн дээд талдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар луу хүртэл бичсэн. Энэ нь хэргийн материалд байж байгаа. Мэдээж дүүрэгтээ бичээд, нийслэлдээ бичээд, тэгээд Засгийн газарт бичсэн байх гэж бодож байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг байдаг. Шат шатад бичсэн албан бичиг гомдол гэж нэрлээд байгаа зүйлүүдэд ерөөсөө Д.Гийн болон Д.Лх тухай нэг ширхэг ч гомдол гаргаж байгаагүй, Д.Л******* гэдэг хүний нэр яваад байдаг. Д.Л******* гэдэг хүн нь зөвшөөрөлгүйгээр төмрийн хаягдлыг зарах контейнер байгуулаад манай шугаман дээр үйл ажиллагаа явагдаад байна гэж хяналтын байгууллагууд, захиргааны байгууллагуудаас шат дараалан гомдол бичсээр байгаад Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ирдэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар чиг үүргийн дагуу Нийслэлийн засаг даргад шилжүүлдэг. Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргад шилжүүлдэг. Д.Л******* гэдэг хүн тухайн газар дээр нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад хашаа бариад хаягдал төмөр зарж байтал дээрээс ирсэн бичгүүд явсаар байгаад дүүргийн газрын албанд ирээд газрыг нь чөлөөлөх үйл ажиллагаа явагдсан гэж байгаа юм. 2022 онд газрыг нь чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байтал Д.Л*******, төрсөн ах нь болох н.Бямбасүрэн гэдэг 2 хүн ирээд бид нар өөрсдөө буулгаад аваад явчихъя. Та нар манай хашааг эвдээд байна гэж авч үлдсэн. Үүнийг бид Б гэдэг компанийн бичсэн гомдлоос эш татаж байгаа. Тэгэхлээр гомдолд дурдсанаар дүүргийн газрын алба газар чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байтал тэр 2 хүн өөрсдөө чөлөөлье гэж хэлээд яваад өгөхөөр нь хашаагаа дахиж бариад үйл ажиллагаа явагдаад байна гэж дахиад дүүргийн Засаг даргадаа гомдол гаргасан байдаг. Тэгэнгүүт газар чөлөөлөх үйл ажиллагаа нь шууд гомдлыг хүлээж аваад газар дээр очоод трактороор түрээд буулгачихдаг үйл ажиллагаа биш, энэ бол шат дараалсан ажиллагаа. Энэ ажиллагаа явж байх хооронд тухайн үеийн дүүргийн Засаг дарга байсан хүнийг Авлигатай тэмцэх газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирсэн бичгийн дагуу газар чөлөөлөхгүй байна гээд өгчихдөг. Тэгээд Авлигатай тэмцэх газраас дахиад Засаг дарга руу бичиг ирдэг. Тэр бичиг нь газрын албан дээр ирдэг. Тэгээд хариуцагчийн төлөөлөгчөөс өмнө хурал ороод хойшлоход гаргаж тайлбар бол хэнд холбогдолтой ямар байгууллагаас, ямар агуулгатай ийм бичгүүд ирээд байна гэдгийг ялгаж салгадаггүй. Авлигатай тэмцэх газраас 2 удаа бичиг ирсэн, Хот байгуулалт, хотын стандартын газраас улсын байцаагчийн дүгнэлт ирсэн. Тэгээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн албан бичгийг улсын байцаагчийн дүгнэлт гээд байгаа юм. Ингээд Д.Гой холбоотой олон бичгүүд ирсэн учраас хүчингүй болгосон гэж тайлбарлаад байдаг. Гэтэл захирамж дээрээ дурдаад үндэслэл болгоод байгаа болон дурдаагүй боловч амаар шүүх хурал дээр гаргаад байгаа тайлбаруудыг нэг бүрчлэн шалгаад албан бичиг, үндэслэлүүдийг нь үзэхээр Д.Гой холбоотой тайлбар тодорхойлолт лавлагаа ирүүлээд байгаа Б гэдэг компани хүртэл ерөөсөө Д.Гой холбоотой гомдол саналыг төрийн ямар ч шатны байгууллагад хэзээ ч гаргаж байгаагүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдоно. Б гэдэг компани хамгийн сүүлд хаана ямар шугам яваад, хэзээ баригдсан шугам Д.Гийн газартай давхцаж байгаа талаар лавлагаа мэдээлэл өгнө үү гэхээр 2006 онд манайх энэ шугамыг хувьчилж авсан гэж бичээд байдаг. Үүнийг хувьчилж аваагүй гэдэг нь хэргийн материал дотор байгаа захирагчийн ажлын албанаас тухайн шугамыг засварлах зөвшөөрөл хүссэн албан бичиг болон бусад инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас ирээд байгаа албан бичгүүд хэргийн материал дотор байгаа. Энэ шугам нь 2 дугаар цахилгаан станц, 4 дүгээр цахилгаан станц хоёр нийлээд уураа гадагшлуулдаг шугам юм байна. Тэгэхээр энэ бүх албан бичгүүдээс харагдаж байгаа. Шугамын засвар үйлчилгээгээ хийнэ гэж зардал татаас авч байгаа. Гэтэл энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй байна гэсэн 3, 4 байгууллагаас ирсэн албан бичиг хэргийн материал ирсэн байсан. Засвараа хийхгүй гэж нарийн мэргэжлийн хэллэгээрээ шугамынхаа нэрийг бичээд байршлыг нь заагаад зэвэрснээс болоод уур алдаад байна. Тэгээд үүнээс болоод манай харьяаны юнителийн газар доогуурх кабелийг түлээд хохирол учруулсан. Тэгээд өөр бусад байгууллагуудаас ирсэн засвар үйлчилгээгээ хийгээч гэдэг шаардлагуудыг их тавьдаг юм байна. ҮҮн дээр байгууллага хувьчилж авсан өөрийн шугам би зассан ч болно, засахгүй ч байж болно гэдэг ийм эрхтэй гэж хэлэх гэж байгаа бол тийм эрх байхгүй. Нэгдүгээрт хувьчилж авсан баримт бичиг алга байна. Хоёрдугаарт захирагчийн ажлын албанаас өгсүүлээд төрийн бүх байгууллагуудад танай үйл ажиллагааг нь хариуцсан энэ шугам гэж бичээд байгаа. Тэгэхээр энэ шугамынхаа засвар үйлчилгээг хийдэггүй, үүргээ биелүүлдэггүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн хохирол гэмтэл учрахаар хүмүүс рүү энэ хүний буруугаас гэж албан бичиг өгөөд байдаг байдал харагдаж байгаа. Тэгэхээр жишээлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр захирагчийн ажлын албанаас олон байгууллага олон жилийн турш засвар үйлчилгээ хийгээч гэж шаардсан байна. 2017 оноос эхлээд гомдол бичээд байдаг нь засвараа хийе гэхээр л энэ хүнээс болоод байна гэж гомдол бичээд байдаг. 2022 оны 08 дугаар сарын 19-ний 12 цагаас 20-ний өдрийн 22 цагийн хооронд засвар хийх зөвшөөрөл олгож байна гэдэг албан бичгийг захирагчийн ажлын албанаас өгдөг. Өөрөө газраа ухаад засвар хийж болдоггүй зөвшөөрөл авдаг гэж нотлох баримтаас ойлгогдож байгаа. Тэгээд 08 дугаар сарын 19, 20-ны өдөр засвараа хийгээгүй. Зөвшөөрлийг нь олгочихсон байхад засвараа хийгээгүй байж байснаа 08 дугаар сарын 24-ний өдрөөс дахиад гомдол гаргаад эхэлдэг. Ийм байдлууд харагдаад байгаа. Б ХХК-ийн манайх өмчилж авсан, манайхыг Д.Г гэдэг хүн хохироогоод байгаа, манай шугам үүгээр явдаг гэдэг тайлбар ирүүлсэн байсан. Нэгдүгээрт энэ шугам бол Б гэдэг компанийн өмчийн шугам биш, 2, 4 дүгээр цахилгаан станцын өмчийн уур гадагшлуулдаг шугам байна. Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулаан түгээх шугамын хамгаалалтын бүс 2 тал руугаа 5м-ээс доошгүй хамгаалалт авах ёстой гэдэг заалт байдаг. Харин уур зайлуулах шугамтай холбоотой ямар нэгэн хамгаалалтын бүс болон зохицуулалт байхгүй. Үүнийг дулаан дамжуулах түгээх шугамтай холиод л миний эрхийг хөндөөд байгаа гэж яриад байгаа гэдэг засвар үйлчилгээ хариуцсан Б ХХК-ийн хувьд чиглэсэн хохироосон хууль зөрчсөн үйл ажиллагааг иргэн Д.Г газар эзэмших явцдаа гаргаагүй. Газар эзэмшихтэй холбоотой нөхцөл байдал үүсээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Тэгэхээр захирамжид дурдсан үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамж нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захирамж учраас хүчингүй болгож өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий газар нь анх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 60 дэс дугаарт иргэн Н******* Лд дүүргийн 20 дугаар хороонд Амины орон сууцны зориулалтаар 585 м.кв газрын 15 жилийн хугацаатай олгож, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хариуцсан газар зохион байгуулагч Ю.О 2014 оны 08 сарын 28-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдрөө газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ олгосон байна.

Газар эзэмшигч Д.Лэс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн өмч газрын харилцааны албанд хандан өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 585 м.кв газрыг Д******* Г шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 16ны өдөр мөн Д.Г нь Д.Лх эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 585 м.кв газрыг шилжүүлэх авах хүсэлт гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан байна.

Дээрх хүсэлт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн дүүргийн Газрын албанд гаргасан тул дүүргийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/465 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж, Д.Г шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай, Амины орон сууц зориулалтаар олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамж гарч, Д.Г тус дүүргийн 20 дугаар хороо 582 м.кв газрыг Аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, 0 дугаар гэрчилгээг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Дүүргийн Газар зохион байгуулалтын нэг дүгээр албанаас нэхэмжлэгч Д.Г 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2011045 албан тоотоор мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 02-01/4126 Арга хэмээ авах тухай албан тоотоор мэдэгдэл,

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01-08/4794 Асуудал шийдвэрлүүлэх тухай албан тоот,

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас иргэн Д.У*******т 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20/1724 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот,

Хотын стандарт, хяналтын газар Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн албан тоот,

Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/19766 дугаар албан тоотоор мөрдөгчийн 150 дугаар мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад ирүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2023 оны 12 дугаар сарын 13-ны Мэдэгдэл хүргүүлэх тухай 20/1725 тоотоор иргэн Д.Г хүргүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний Мэдэгдэл хүргүүлэх тухай 18/285 тоотоор иргэн Д.Г хүргүүлсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд шугам сүлжээний газрын чөлөөлөх тухай 2024 оны 03 сарын 20 өдрийн 01-07/1599 албан тоот,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0311685 дугаар албан тоотоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Арга хэмжээ авах тухай чиглэлийн дагуу Б ХХК-ийн хариуцан ажилладаг уурын шугамын сүлжээний ашиглалтын төлөв байдалд Хотын, стандарт, хяналтын газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд иргэн Д.У*******т амины орон сууцны зориулалтаар олгосон 582 м.кв газрын уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээнүүд дээр давхцуулан олгосон нь эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний сүлжээг хамгаалах дүрмийг зөрчсөнийг Эрчим хүний хяналтын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн удаа дараа иргэн Д.Г Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж газар эзэмших эрхийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А1 дугаар захирамжаар Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжинэ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гэж байгаа. Дараад нь Нийслэлийн Засаг даргын 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/451 дугаартай эрх шилжүүлэх тухай шийдвэрийг үндэслэн энэ захирамжийг гаргасан. Он цаг дарааллынхаа хувьд өмнө нь ирсэн. Энэ эрх шилжүүлэх тухай захирамж хууль зөрчөөгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх дээр л байгаа. А/451 дугаартай эрх шилжүүлэх тухай захирамжид хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ нэмэхээс бусад газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох гэдэг эрхээ шилжүүлчихсэн байгаа. Эрхийг дуусгавар болгох хэмжээг, багасгах болон байршил хариуцах өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсүгэй гэж захирамж дээрээ дурдсан байна. Мөн Д.Г дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас газар чөлөөлөхтэй холбоотой мэдэгдэл хэд хэдэн удаа хүргүүлээд хариу тайлбарыг шаардсан байдаг юм байна. Сонсох ажиллагаа явуулаагүй гэж хэлж байх шиг байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэдэг боломжийг олгочихсон гэж үзэж байгаа. 26 дугаар зүйлийн 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэсний дагуу сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа. Эрх бүхий байгууллагын дүгнэлт албан бичгүүдийг үндэслэсэн байгаа. Мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 13 дугаар зүйлд шугам сүлжээ бүхий газрыг нийтээр ашиглахаар заасан. Нийтээр ашиглахаар заасан газар дээр давхардуулж газар олгосон гэж үзэж байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.7-д энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх, 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.5.4-д энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах гэж заасан байна. 

3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/451 дүгээр захирамжаар  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7-д зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын хэмжээ нэмэхээс бусад газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, хэмжээг хасах болон байршил, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлжээ. 

4. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргад шилжүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсоныг хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэх үндэслэлгүй, хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. 

5. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заажээ.  

6. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаар дүгнэлтийг Хотын стандарт, хяналт хэрэгжүүлэх газраас  дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд ирүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус албан хүлээн авсан байна. 

7. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрладаг Б ХХК-ийн хариуцан ажилладаг уурын шугам сүлжээний ашиглалтын байдалд шалгалт хийсэн Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаар дүгнэлтэд иргэн Д.У*******т уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээнүүд дээр давхцуулан олгосон талаар дүгнэжээ. 

8. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мэдэгдэлд дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг дурдан дүгнэлтэд дурдсан зөрчлийг арилган 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

9. Дээрх үйл баримтаас үзвэл  Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаар дүгнэлт,  Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай аливаа шугам сүлжээ давхардсан талаар дурдаагүй байх ба нэхэмжлэгчид хамааралгүй баримтыг үндэслэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар маргаан бүхий захирамжаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон нь хуульд нийцээгүй байна. 

10. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана. гэж зааснаар дээрх мэдэгдэл нь ямар гэмт хэрэг гарахад нөлөөлсөн ямар шалтгаан, нөхцөлийг арилгуулах гэж байгаа нь тодорхойгүй, хуульд заасан зохицуулалт, агуулгад нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн болон өөр бусад эзэмших эрх бүхий газарт Б ХХК-ийн хариуцан ажилладаг уурын шугам байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тус шугам өөрийнх нь эзэмшиж байсан газраар явахгүй хажуугаар гарч байгаа гэж тайлбарлаж байх ба хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт шугам сүлжээ байгааг тогтоосон баримтгүй буюу өөр иргэний эзэмших эрхтэй газар шугам сүлжээтэй давхацсан гэх баримтыг үндэслэн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасныг зөрчсөн байна. 

12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

13. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцохдоо шугам сүлжээтэй давхацсан бусад нэгж талбаруудыг хамтад нь шийдвэрлээгүй байх бөгөөд газар эзэмшүүлэхийг хориглосон газруудтай давхацсан бусад нэгж талбар хүчинтэй байгаа нь газрын мэдээллийн нэгдсэн систем болох egazar.gov.mn дэх мэдээллээр тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байх ба шугам сүлжээний газруудтай давхацсан нэгж талбаруудыг хамтад нь шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан иргэн Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН