Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 259

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн

хохирогч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Д 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63в байрны 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Аийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Миний хэлсэн ярьсан зүйл хэргийн материалд үнэн зөв бичигдсэн байгаа. Босгосон амьдралаа нураахгүй, цаашдаа эхнэртэйгээ хамт амьдарна гэж бодож байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт ”Энэ явдал бид хоёрын орон сууцны зээлээр авсан байр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63в байрны 02 тоотод болсон юм. 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байтал гэрт манай нөхөр Д согтуу гаднаас ажлынхаа хоёр эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тэгээд Д ажлынхаа хоёр эмэгтэйг гаргаж өгнө гээд гэрээс буцаад гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад Дыг гэрт оруулсан. Тэгтэл Д намайг гутал тайл гэхээр нь би гутлыг нь тайлаад хэвтүүлэх гэтэл над руу “чи миний ээж, эмээг хүндэлдэггүй” гэж хэлээд уртастагчны залгуураар шавхуурдаад байсан. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөөнд ороод хаалгыг нь дотроос нь түгжээд гэрийнхэн рүүгээ утсаар залгаж хэлсэн. Тэгтэл Д намайг “наанаасаа гараад ир, ярилцъя, дахиж зодохгүй” гэхээр нь би гараад очсон чинь дахиж зодсон. Тухайн үед би жирэмсэн байсан бөгөөд Д намайг чи гэдсэн дэх хүүхдээ ав, би хүүгээ авна гээд байсан. Д намайг согтохоороо зоддог.  Одоо би 4 настай нялх хүүхэдтэйгээ зээлээр авсан байрандаа зээлээ төлөөд амьдарч байна. Харин тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан бөгөөд өөрийнхөө хүсэлтээр хувийн эмнэлэгт хандаж үр хөндүүлсэн. Би сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг Б.Даас нэхэмжилсэн. Надад 300.000 төгрөгийг нь өгсөн. Би одоо 1.700.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашдаа энэ хүнтэй хамт амьдрахгүй. Хэрүүл маргаан хийхгүй зүгээр салах бодолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд “Миний бие 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ унтаж байтал манай нөхөр болох Д шөнө 01.30 цагийн орчимд ажлынхаа хүмүүстэй шинэ жилийн мэндчилгээ бэлдэж караокед үйлчлүүлж байгаад ирсэн бөгөөд ажлын газрынх нь 2 эмэгтэй манай гэрт оруулж өгсөн. Тэгсэн Д нь ажлынхаа 2 эмэгтэйг гаргаж өгнө гээд буцаад гарсан эргэж орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан чинь орцонд тасраад хэвтсэн байсан...Д хэсэг байж байгаад өөрөө сэрээд гэр рүүгээ орсон гэрт орж ирээд куртик гутал тайл гэж уурласан би хувцасыг нь тайлах үедээ яах гэж ингэтлээ уудаг юм гэж хэлэхэд “чи муу юу юм хэзээ намайг ер нь хүндэлдэг байсан юм бэ” гэхээр нь миний уур хүрээд куртик гутлыг тайлчихаад юм хэлэхгүй шууд орондоо орсон араас Д хүрч ирээд хэрүүл өдөж “чи манай гэр бүлийн хүмүүсийг хүндэлдэггүй” гэж зэргээр уурласан бид хоёр хэсэг маргалдаад байж байхад шууд дээрээс толгойроороо хамар руу мөргөж гараараа маш олон удаа шанаадсан “эцэг эхээ одоо дууд 30 минуты дотор ирэхгүй бол чамайг ална” гэсэн мөн гэрт байсан уртасгагчаар намайг ороолгож шавхуурдсан эмээ рүүгээ намайг залгуулж яриулсан “эмээ Д намайг таныг хүндэлдэггүй гээд зодоод залга гэсэн гэж хэлэхэд эмээ юу яриад байгаа юм Дтай ярья” гэсэн тэгээд яриулсан чинь би одоо Аийг ална гэж хэлсэн би айгаад 00 өрөө рүү орсон хаалга түгжээд байж байтал гаднаас хутгаар онгойлгох гэж хөшсөн өшиглөж цөмөлсөн 1 цаг гарны дараа би бие засмаар байна дахиж чамайг зодохгүй гэхээр нь би хаалга онгойлгосон чинь хажууд бие засаж дуусаад намайг үснээс зулгааж чирсэн ор руу түлхэж унагаагаад намайг дахин мөргөж шанаадаж зодсон би орилж дээд хажуу айлын хүмүүст мэдэгдэхээр паарыг цохиж орилсон чинь Д наадах шигээ орилоод эгч рүүгээ залгаж ярь гэсэн”  /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг, 

“...би маш их гомдолтой байна. уламжлалт эмчилгээний бариа засалд нэг өдрийн 20.000 төгрөгөөр 10 хоног бариулсан 5 хоног ажлаас чөлөө авч 240.000 төгрөг хасуулсан. Одоо би өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг хүнээс зээлж өгсөн. Цаашид үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэх болсон одоогоор би нөхөр Даас 5 сая төгрөг нэхэмжилж байна . Мөн хүүхэд харах хүн байдаггүй учир хүнээс хүүхэд харуулж байгаа нэг сарын 250000 төгрөг мөн гаргуулмаар байна.

 

Би зодсоноос болж доошоо зулбаагүй. Тухайн үед нөхөр өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж улмаар намайг зодсон нялх хүүхэдтэй минь хаяад явсан цаашид нөхөр Дтай хамт амьдрах боломжгүй болсон учраас би хувийн эмнэлэгт очиж 3 сартай хүүхдээ авахуулсан” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг,  

 

Гэрчээр Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд “2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Д миний утас руу залгаад та дүүгээ ирж ав авахгүй бол дүүг чинь аллаа шүү гэж хэлэхээр нь чи яах гэж ингэж байдаг юм чи дуугүй унт гэж хэлсэн чинь такси бариад аав ээжийг дагуулаад хүрээд  ир гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү  А рүү залгасан чинь утсаа авахгүй би байн байн залгаад байсан. Тэр үед А утсаа авалгүй 00 өрөө рүү нуугдаад орсон байсан. Удалгүй миний утас руу залгаад ярьж байтал А чи яаж байгаан миний нүүр рүү цохиод байхдаа яадаг юм бэ би маргааш ажилтай ш дээ гэж хэлэн утас нь газар унасан” /хх-ийн 37/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Оюунтогтох мөрдөн байцаалтанд “2017 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн үед миний хүү Д утсаар залгаад та нарыг хүндэлдэггүй энэ хүнийг яах уу гэж асуухаар нь хүндэлнэ үү байна уу бид нарт хамаагүй чи дуугүй унт гэж хэлсэн чинь утсаа таслаад нилээн байж байгаад дахиад ярьсан. Намайг цагдаа дуудаад өгөх гэж байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь би эрүүлжүүлэх байрнаас авсан...” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Д мөрдөн байцаалтанд “2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед ажлынхантайгаа шинэ жилийн мэндчилгээ бэлдэх гээд “GOLD” караокед орсон. Тухайн үед 6-лаа байсан. Караокед байхдаа 0,75 гр 2 шил соёрхол уугаад согтсон тасарсан байсан. 00 цагийн үед хамт ажилладаг Лхагвасүрэнгээр хүргүүлсэн байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна . Эхнэрээ зодсон эсэхээ мөн санахгүй байна...Тухайн үед дуудлагаар ирсэн цагдааг гэрт орж ирэхэд ухаан орж мэдсэн. /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлэг,

“...эхнэр Атэй маргалдаж эхнэр Аийг зодсон...нүүрэн хэсэгт нь баруун талын гараараа цохисон. Баруун гараараа 4-5 цохисон” /хх-ийн 46/ гэсэн мэдүүлэг,

    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 261 дугаартай “Д.А-ийн биед дух, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “хүний биед үзлэг хийсэн эмнэлэгийн нэмэлт шинжилгээ” №323 дугаартай: 1.2.3. Ирүүлсэн материалаас үзэхэд Д.А 2017 оны 10 дугаар сарын 17-ны эмчийн хяналтад орсон байх ба тухайн үед 9 долоо хоногтой жирэмсэн байжээ. 2017 оны 12 дугаар сарын 15-нд шүүх эмнэлэгт үзүүлсний дараа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн бичиг баримт үгүй тул тухайн үед жирэмсэн байсан эсэх, зулбасан эсэх, зулбасан нь гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтоох боломжгүй байна” /хх-ийн 57/ гэсэн дүгнэлт,

    

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Дын ял шалгах хуудас /хх-ийн 30/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 33/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Д 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63в байрны 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Аийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Д.А-ийн”...толгойроороо хамарруу мөргөж гараараа маш олон удаа шанаадсан эцэг эхээ одоо дууд 30 минутын дотор ирэхгүй бол чамайг ална гэсэн мөн гэрт байсан уртасгагчаар намайг ороолгож шавхуурдсан...намайг үснээс зулгааж чирсэн ор руу түлхэж унагаагаад намайг дахин мөргөж шанаадаж зодсон...” /хх-ийн 9/,  гэрч Д.Энх-Амгалангийн ”...удалгүй миний утас руу залгаад ярьж байтал А чи яаж байгаа юм бэ миний нүүр рүү цохиод байхдаа яадаг юм бэ? би маргааш ажилтай ш дээ гэж хэлэн утас нь газар унасан...” /хх-ийн 37/, гэрч Ж.Оюунтогтохын”... миний хүү Д утсаар залгаад та нарыг хүндэлдэггүй энэ хүнийг яах уу гэж асуухаар нь хүндэлнэ үү байна уу бид нарт хамаагүй чи дуугүй унт гэж хэлсэн...” /хх-ийн 40/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 261 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 52/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “хүний биед үзлэг хийсэн эмнэлэгийн нэмэлт шинжилгээ” №323 дугаартай дүгнэлт  /хх-ийн 57/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Д-г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх байдалд хамаарна.

 

Улсын яллагч  эрүүгийн хариуцлагын талаар” шүүгдэгч Б.Д-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал дүгнэлт гаргасныг гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохиролыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэж хүлээн авав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А “сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг Даас нэхэмжилсэн. Үүнээс 300.000 төгрөгийг дансаар над руу шилжүүлсэн байна. Одоо Д-аас 1.700.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүллээ.

 

Хохирогчийн сэтгэл санааны хохиролыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү нэхэмжлэлийг энэ  шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Д.А бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.