| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/00500/И |
| Дугаар | 210/МА2021/01213 |
| Огноо | 2021-08-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2021/01213
| 2021 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2021/01213 |
Л.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01206 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох ажилгүйдлийн тэтгэмжид 3 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х миний бие 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Э ХХК-д дампын оператораар ажилд орсон. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах гэж материал бүрдүүлж өгсөн боловч тус компани нь нийгмийн даатгалд их хэмжээний өр төлбөртэй гээд надад ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн. н.Н гээд байцаагч дээр очсон боловч бас л олгоогүй, н.Н буцаагаад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.О-т өгсөн н.О Б ХХК-ийг шимтгэл төлөөгүй тул олгохгүй гээд буцаасан. Надад хэн хэн нь албан ёсоор бичгээр хариу өгч байгаагүй, амаараа хэлээд л буцаагаад байсан. Б ХХК нь ажилчдаас авсан нийгмийн даатгалын мөнгийг цаг тухай бүрд нь тушаагаад байсан бол жирийн ажилчид ингэж хохирохгүй байсан. Ажилчдын цалингаас суутгаж авсан нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь төлдөггүй. Иймд ажилгүйдлийн тэтгэмж болох 3 150 000 төгрөгийг Б ХХК-иас Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан журмын 6 зүйлд тус тус зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хянан үзсний үндсэнд ажилгүйдлийн тэтгэмжийг олгох зохицуулалттай байдаг. Нэхэмжлэгч Л.Х өөрийн оршин суугаа газрын Нийгмийн даатгалын хэлтэст хандаж тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргаж байсан гэж байгаа боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байгаа. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст манайхыг хариуцсан байцаагч суудаг тэнд хандаж байсан гээд яриад байгаа боловч энэ тухай баримт ч байхгүй байна. Манай байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад шимтгэлээ төлж барагдуулаад явж байгаа тул манай байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс хохирч байна гэж ярих боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Л.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 2 739 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 410 504 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58 782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй боловч нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө төлж байгаа. Энэхүү өр төлбөрөө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах нь зайлшгүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1-д заасны дагуу компанийн хуваарийн дагуу төлж барагдуулж буй шимтгэл нь нэхэмжлэгч Л.Х-ын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг баталгаажуулахын зэрэгцээ хэдийгээр хугацаа хоцорч байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагыг ямар нэгэн алдагдалд оруулахгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд тус тус заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хүлээн авч хянасны үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох үүргээ биелүүлэхэд манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д даасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжид 3 150 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Л.Х нь ХММЗХ-САТ 777 алба-Дампын оператор 777 албан тушаалд сарын 1 900 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны Б-2600/19 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх12, 47-48 дах тал/
Нэхэмжлэгч Л.Х нь 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Б ХХК /Эко Алтан заамар ХХК/-д Дампын оператор 777 албан тушаалд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь хэргийн 5-7, 9 дэх талд авагдсан Л.Х-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон тул Л.Х Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 2 дах хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж зохицуулсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Х-ын ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт заасан аргачлалаар тооцоход 2019 оны 7 дугаар сарын цалин 1 750 000 төгрөг, 8 дугаар сарын цалин 1 750 000 төгрөг, 9 дүгээр сарын цалин 1 666 667 төгрөг байх бөгөөд Л.Х т олгогдвол зохих ажилгүйдлийн тэтгэмж нь 2 739 496 төгрөг байх ба /1 750 000 төгрөг+1 750 000 төгрөг+1 666 667 төгрөг=5 166 667 төгрөг, 5 166 667 төгрөг : 3 = 1 722 222 төгрөг, 1 722 222 төгрөг : 21,5= 80 103 төгрөг, 80 103 төгрөгийн 45% нь 36 046 төгрөг, 36 046 төгрөг х 76 хоног = 2 739 496 төгрөг/ энэ дүнгээр нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон нь зөв байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар хариуцагч Б ХХК нь албан журмаар даатгуулагч байх бөгөөд энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй боловч хариуцагч Б ХХК нь ажилтнуудын цалингаас нь суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүйгээс нэхэмжлэгч Л.Х т хохирол учирчээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас 2 739 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 410 504 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас 2 739 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 410 504 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ