| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01030/И |
| Дугаар | 192/шш2025/01948 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 192/шш2025/01948
2025 03 14 192/ШШ2025/01948
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,668,531.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 6000159891 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 25,270,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000159891 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 167 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 600015981 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,294,249.99 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,314,448.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,832.96 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 24,668,531.91 төгрөгийг зээлдэгч Хишигжаргалын Хулангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 24,668,531.91 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 2,055,710.99 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,668,531.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,668,531.91 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 2,055,710.99 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмлжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,293 төгрөгөөс 140,646.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,646.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 140,646.5 төгрөг тус тус гаргуулж нийт 281,293 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,668,531.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч нь 24,668,531.91 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 2,055,710.99 төгрөгөөр нэхэмжлэгч *******-нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,293 төгрөгөөс 140,646.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,646.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 140,646.5 төгрөг тус тус гаргуулж нийт 281,293 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ