Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/282

 

 

 

 

    2024           3             05                                         2024/ДШМ/282

 

Б.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Оюу,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Д, Ч.Г,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/799 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бод холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Б, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ж” ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлсэн, /РД:..................../;

Б.Б нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байхдаа 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-нд шилжих шөнө уг барилгын талбайгаас тус албаны хянагч ажилтай, ахлах ахлагч П.Батбаярын түр чөлөөгөөр гарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” дэлгүүрийн урд амь хохирогч Т.Тийг нүүрэн тус газар нь цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1343 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 36.250.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоогоос 12 жилийн өмнө залуу насны бодлогогүй зангаасаа болж архи ууж, залуучуудтай маргалдаж, гар зөрүүлж байж боломгүй хэцүү хэрэгт холбогдон хайрт ээж, хамаатан садан, ойр дотны хүмүүсээ зовоон өөрийгөө ч тайван амгалан амьдрах боломжоосоо холдуулсан. Энэ хэрэгт холбогдсоноор би мөрдөн байцаах, цагдан хорих байранд 1345 хоног хоригдон шалгагдаж, 15-20 удаа анхан болон давж заалдах шатны шүүхэд яллагдагчаар татагдаж, оролцсон шүүх хуралдаан болгон дээр хохирогчийн амь насанд хүрсэн гэх баримт нотолгоо хангалтгүй гэж үзэн цагаатгаж байсан. Гэвч хохирогчийн ар тал давж заалдах болох анхан шатны шүүхэд удаа дараа гомдол гаргасан. Өргөдөл болгон дээр суурилсан мөрдөн байцаалт даамжирсаар өдийг хүрсэн. Хамгийн сүүлд оролцсон шүүх хурал буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 12 жилийн хорих ял сонссон би энэ анхан шатны шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Хохирогчийн харах өнцөгт үндэслэн намайг амь насанд нь халдсан гэж үзэж ялласан гэж харж байна. Түүнчлэн цаашид тайван амгалан амьдрах, итгэл дүүрэн ажиллах, эхнэр 4 хүүхдийн аав болсон надад итгэл найдвар хайрлаасай гэж хүсэлт найдвар тавин дотроо залбирч ирсэн. Миний гэр бүл энэ хэцүү хэрэгт холбогдсон хүнд өдрүүд ингээд дуусна гэж итгэж найддаг байсан ч удалгүй дараагийн мөрдөн байцаалт эхлэн дахиад л цагдаагаас болон шүүхээс салж чадахгүй байдал үргэлжилсээр байна. Ийм нөхцөл байдалтай байнгын шүүх хуралдаанд оролцож явсаар аль хэдийн 12 жил өнгөрсөн байна. Надад амар ажил хөдөлмөр тогтмол эрхэлж, амьдрал ахуйдаа анхаарах боломж үнэхээр олддоггүй байсан. Өөрийн болчимгүй үйлдлээс болж архи ууж, танхайрч үе тэнгийн залуутай муудалцсан минь миний буруу. Үр хүүхдээ алдсан эх хүний шаналсан сэтгэлийг ойлгож байгаа ч мөн адил хэрэгт холбогдон шүүх цагдаагаар явсан сэтгэлийн зовиуртай өнгөрүүлсэн амьдралын минь 12 жилийг ойлгоосой гэж хүсэж байна. Намайг хайрт ээж, эхнэр, 4 хүүхэд минь хүлээж суугаа. Үйлдээгүй хэрэгтээ шалгагдаж, удаа дараа цагаатгагдаж байсан ч эцэст нь дахин амьдралынхаа 12 жилийг шоронд өнгөрүүлнэ гэхээр үнэхээр хүнд байна. Би Монгол Улсын шүүхийн байгууллагыг үнэн зөв хөдлөшгүй баримт нотолгоонд үндэслэж ажилладаг гэж итгэж байна. Хэрэгт холбоотой материал, хэргүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргүүдтэй би олон удаа танилцсан боловч намайг хүний амь насанд халдсан, хороосон гэх баримт нотолгоо байна гэж үзэхгүй байгаа боловч хэн нэгний харах өнцөг болон ээдрээтэй байдлыг тайлах арга зам нь намайг яллах гэж бодохгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч П.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 799 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Быг Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байхдаа 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө уг барилгын талбайгаас тус албаны хянагч ажилтай, ахлах ахлагч П.Батбаярын түр чөлөөгөөр гарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” дэлгүүрийн урд амь хохирогч Т.Тийг нүүрэн тус газар нь цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

Б.Б нь амь хохирогч Т.Тийн нүүрэн тус газар цохиж алсан гэх газраас 180 метрийн зайтай, төмөр замын хажуунаас цогцос олдсон. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15, 22/, Б.Б нь амь хохирогчийг гараараа 1-2 удаа цохисон тухай гэрчүүд мэдүүлдэг. Өөр ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн тухай ямар ч баримтаар нотлогдоогүй. Гэрч Л.Э, Б.С, М.Б нар нь амь хохирогч Т.Тийг босоод төмөр замын чигт гүйгээд явсан гэж хөдөлбөргүй мэдүүлсэн байх боловч, талийгаач нь гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт бүхий гэмтэлтэйгээр дээрх үйлдлийг буюу хэрэг болсон газраас цогцос олдсон газар хүртэл очих боломжгүй гэдэг нь хэрэгт авагдсан бүхий л баримтаар тогтоогддог. /1хх 30-31, 33, 42, 48-49, 50-53, 60-61, 69-75/ Шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтэд “...мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд явах боломжгүй, гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. Шинжээчийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаартай дүгнэлтэд “... эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж, ойчиж, мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилтот хөдөлгөөн хийж чадахгүй, гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ. Шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 715 дугаартай дүгнэлтэд “...хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна, дээрх гэмтлийг аваад ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй, дурдсан зайд явах боломжгүй. ...” зэргээс Б.Бын гараагаа нүүрэн тус газарт нь цохисон үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулах боломжгүй гэдгийг нотолж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагааггах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байна. Мөн тус хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотлох ёстойг хуульчилсан. Гэтэл шүүх дээрх баримтуудыг няцаан үгүйсгээгүйгээр, хэт нэг талыг барин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, бусад гэрчүүдийн мэдүүлгээр цогцсыг зөөвөрлөсөн мэтээр дүгнэсэн нь буруу байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Б нь амь хохирогчийн биед халдаж түүний нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон нь түүнийг үхэлд хүргэхгүй, цохиод үхэлд хүргэсэн байлаа гэхэд тухайн гэмтлийг авсан хүн 180 метр зорчих боломжгүй тухай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдээр нотлогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж буюу хүнийг алсан болох нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинж” 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг зөрчиж түүнийг шийтгэсэн байна. Хүний амь нас хохирсон боловч Б.Бын үйлдлийн улмаас үхэлд хүргэх гэмтэл буюу хохирол учраагүй байх тул энэхүү хэрэг нь Гэмт хэрэгт тооцохгүй нь бүхий л баримтаар нотлогдон тогтоогдож байна. Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ. Дээрхээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ...нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ч.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлуудыг бүхэлд нь дэмжин оролцож байна. Амь хохирогч Т.Т нь 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” дэлгүүрийн урд тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалтын гэмтлүүдийн улмаас амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Тухайн үед Б.Б нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Т.Тийн нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Дараа нь амь хохирогчийг Т.Тийг газар хэвтсэн байхад нь түүнийг босгож 1 алгадсан байдаг. Энэ талаар шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн. Гэрч Л.Э, Б.С, М.Б, Ганзориг нар “тухайн үед Т.Т хэвтэж байснаа босоод төмөр замын чиглэл рүү гүйгээд явсан” гэж мэдүүлсэн. Амь хохирогчийн тархинд учирсан гэмтлүүдийг Б.Б учруулаагүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээс 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Тодруулбал, цогцост үзлэг хийсэн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” эмнэлгийн шинжээчийн хяналтын байцаагчийн дүгнэлт, шинжээч эмч Бадрах, Ганболд нарын дүгнэлтүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” эмнэлгийн шинжээчийн хяналтын байцаагч “амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь галт тэргэнд дайрагдсаны улмаас үүссэн гэмтэл биш” гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолд дурдсан онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд нь хоорондоо харилцан зөрүүтэй байхад бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ шүүх шийтгэх тогтоолд заагаагүй. Б.Быг “С” дэлгүүрийн урд талд амь хохирогч Т.Тийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон, үйлдэл болсон газраас цогцос 180 метрийн зайнаас олдсон. Энэ хоорондын хугацаанд ямар үйл явдал болсон, үхэлд хүргэсэн шалтгаан, цогцсыг хэн тээвэрлэж, зөөсөн эсэхийг тогтоогоогүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 715 дугаартай дүгнэлтэд “амь хохирогч Т.Тд учирсан гэмтлүүдийг үзэхэд цогцос олдсон гэх газарт авсан байх боломжтой. Галт тэрэгний аль нэг хэсэгт шүргэгдэх, мөргөлдөх зэрэг үед үүсэх боломжтой” гэж байдаг. Энэ дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт шийтгэх тогтоолд байдаггүй. Мөн шинжээч эмч Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “... алхах, мөлхөх үйлдлийг 10-20 метрт 3-5 минутын хооронд хийх боломжтой. Өөр ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй” гэдэг. Мөн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2013 оны 696 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...дээрх гавал, тархины гэмтэл авсан хүн түргэн хугацаанд нас барах ба зорилтот хөдөлгөөн хийж чадахгүй” гэж, шинжээч эмч Бадрахын мэдүүлэгт “...зүтгүүрээс хойш галт тэрэгний үйлчлэлээр хохирогчийн биед гэмтэл үүссэн байх боломжтой. Зүтгүүрээс хойш галт тэргэнд мөргөгдөх, шүргэгдэх зэрэгт дээрх гэмтэл учирах боломжтой гэдэгт би санал зөрөлдөөгүй” гэж байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд уг мэдүүлгийг орхигдуулж, зөвхөн “...дээрх гэмтлийг галт тэргэнд мөргөгдөж, дайрагдах үед авсан байх боломжтой” гэсэн хэсгийг дурдсан байдаг. Мөн шинжээч эмч Даваасүрэн “...багаар бодоход 5 кг-аас дээш жинтэй зүйлээр цохиход дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. Харин хүний гараар цохиход ийм гэмтэл үүсэх боломжгүй” гэж мэдүүлсэн. Эдгээрээс дүгнэхэд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтууд нь хоорондоо харилцан зөрүүтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэмж тайлбарлахад урьд нь энэ хэргийг анхан шатны шүүхээс Б.Быг цагаатгаж шийдвэрлэсэн байсныг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл, эрс зөрүүтэй 2 өөр шүүхийн шийдвэр гарсан байхад Улсын Дээд шүүхээс “дөрвөөс дээш шүүгчийн санал авав” гэж хэрэгт туйлын хариуцлагагүй хандаж, энэ хэрэгт ач холбогдол өгөөгүй. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлэхийг хүсэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/799 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Гэмт хэрэг гараад 12 жил өнгөрч байна. Энэ хугацаанд миний сэтгэл зүрх өдөр бүр хэмлэгдэж, урагдаж байна. Учир нь, би тэр хүүхдийг төрүүлсэн юм. Шүүгдэгч Б.Б хүүгийн минь амь насыг хохироосон болох нь олон жилийн мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ гэмт хэргийг үйлдэх үедээ шүүгдэгч Б.Б нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан ялтан байсан. Б.Б нь нийгмээс тусгаарлагдаж, гэм буруугаа ухаарч, ойлгох ёстой атал ял эдэлж байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ганц хүүгийн минь амь насыг хохироосон. Шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, үүнээс 6 сарын дараа 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн. Иймд түүнд эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ял байгаа. Гэтэл энэ хэрэгт холбогдуулан Б.Бын 1343 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх 12 жилийн хорих ялаас хасаж тооцсон. Үүнийг би ойлгохгүй байна. Өмнөх үйлдсэн гэмт хэргийнхээ ялыг хэзээ, яаж эдэлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Эсхүл түүний үйлдсэн 2 гэмт хэргийн эдлэх ялуудыг давхардуулан тооцдог юм уу. Би хуулийн зохицуулалтыг сайн мэдэхгүй учраас үүнтэй холбогдуулан тайлбар авмаар байна. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хүчиндэх, хүнийг алах гэмт хэргүүд нь хүнд гэмт хэрэг гэж ойлгож байгаа. Мөн хоригдож байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн атал түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Быг шүүхээс оногдуулсан ялын талыг нь эдлээд гараад ирчих вий гэж би айж байна. Түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, муу зан авирыг би мэднэ. Иймд би маш их айж, болгоомжилж байгаа тул түүнийг хаалттай хорих байгууллагад ял эдлээсэй гэж хүсэж байна. Үнэхээр хүү минь золгүй явдлын улмаас амь насаа алдсан бол Б.Б харамсаж, надаас уучлалт гуйх байсан. Гэтэл тэрээр өөрийнхөө үйлдсэн гэмт үйлдлээ нуух арга хайж, амиа бодон ялгүй үлдэх гэж 12 жил зүтгэсэн. Б.Бод бусдыг хүндлэх ухаан, гэмших харамсах сэтгэл байдаггүй. 2012 оны 8 дугаар сарын 29-ний шөнө шүүгдэгч Б.Б хорих байгууллагаас хэний утаснаас, хэн рүү, юу гэж хэлж гарч, хэнтэй, яаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл явдлаа бүгдийг санаж, мэддэг атлаа тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд болсон үйлдлийг огт санадаггүй. Шүүгдэгч Б.Б болон гэрчүүд бүгд “хүүг минь Б.Б гараараа цохисон” гэж мэдүүлсэн. Тухайн үед болсон 2-4 цагийн үйл явдлыг Б.Б санахгүй байгааг тухайн үед харж болохгүй үйлдэл гарсан учраас ингэж хэлсэн гэж ойлгож байгаа. Шаамар сумаас Сэлэнгэ аймаг хүртэл 20 км-ийн зайтай. Суудлын автомашинаар 20 минут явдаг газар юм. Энэ хооронд Б.Б эрүүлжсэн байх ямар ч боломжгүй. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг согтуу байсан гэх шалтгаанаар хаацайлж, нуусан. Түүний хорих ангиас гарч ирж уусан архи, шар айрагний сав нь Шаамар сумын Б.Согийн гэрийн гадаа байсан. 20 орчим насны 65-75 кг жинтэй, 5 залуучууд тухайн архи, согтууруулах ундааны зүйлсийг хамт уусан байсан учраас Б.Быг тухайн үед ухаанаа алдтал согтсон гэж бодохгүй байна. Б.Б энэ 12 жилийн хугацаанд өөрийгөө их зовсон гэдэг. Гэтэл миний зовлон намайг үхэх хүртэл үргэлжилсээр л байна. Урьд анхан шатны шүүхээс Б.Быг цагаатгаж шийдвэрлэсэн учраас тэрээр хэргийг нууж, далдалж болдог гэж ойлгосон. Хэрэв тухайн өдөр тэр 5 залуучууд үнэнээ хэлээд хүүг минь дамжлаад хүргээд ирсэн бол би өнөөдөр ингэж их гомдолтой байхгүй байсан. Тэрээр хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. Мөн Б.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 1343 хоног, хүчиндэх гэмт хэргийнх нь эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг энэ гэмт хэрэгт оногдуулсан ялтай давхардуулан тооцох эсэхийг тодорхой болгож, оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлст зарцуулсан 36.250.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч хохирогчийг цохисон болох нь шүүгдэгчийн өөрийнх нь болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Уг цохилтын улмаас хохирогч амь насаа алдах боломжтой байсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийн талаар гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн цогцос хаанаас олдож зөөвөрлөгдсөн эсэх асуудал нь гэм буруугийн дүгнэлтэд ноцтой зөрүү, зөрчил үүсгэхгүй. Анхан шатны шүүх зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн талаар огт дүгнээгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй тул шүүгдэгч Б.Бын хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энх-Оюу тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Бод холбогдох хэрэгт 2012 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа маш удааширсан. Хэрэгт олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Б нь амь хохирогч Т.Тийн толгой тус газар нь цохиж, түүнийг зодож байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь галт тэргэнд шүргүүлсний улмаас учирсан байх боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон. Шинжээч эмч “амь хохирогч тухайн гэмтлийг авснаас хойш тодорхой үйлдлийг хийх боломжтой” гэж мэдүүлсэн. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас амь хохирогч толгой тус газраа гэмтэл авч, тус гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Б.Бын урьд нь үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ялын талаар тайлбарлаж байна. Анхан шатны шүүх ял шийтгэлийн талаар огт дүгнээгүй. Иймд давж заалдах шатны шүүх ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байхдаа 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-нд шилжих шөнө уг барилгын талбайгаас тус албаны хянагч ажилтай, ахлах ахлагч П.Батбаярын түр чөлөөгөөр гарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байхдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” дэлгүүрийн урд амь хохирогч Т.Тийг нүүрэн тус газар нь цохиж “...гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт...” бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн “... талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг болж байхад өвөө Сүхбаатарыгаа хот руу явдаг галт тэрэгт суулгаж өгөхөөр хоёулаа гарч явсан. Тэгээд 22 цаг 30 минутын үед би хүүгээ гэртээ ирэхгүй байхаар нь дүү Ууган-Эрдэнэ рүү залгаж асуухад манайхаар орж ирээгүй, ирвэл танд хэлнэ гэж хэлэхээр нь би унтаж амарсан. 8 цаг болж байхад сэрээд хүүгээ асуухаар Батаа, Ууган-Эрдэнэ нарынхаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ангийнх нь хүүхэд болох Ганзориг руу залгаж Т.Тийн ээж байна гээд хүүгээ асуухад юу ч ярилгүй гар утсаа салгачихсан. Ганзориг руу “чамтай хамт хүү маань явж байсан байна, та нар хаана байна” гэхэд ямар ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь аав руугаа ярьж Т.Т хамт явчихсан юм уу гэртээ ирж хоносонгүй гэхэд өчигдөр орой өөрийнхөө үеийн махлаг залуутай инээлдээд Шаамарын вокзал дээр үлдсэн. С гэдэг хүүхэдтэй манай хүү таарамжгүй харьцаатай, манай хүүг дээрэлхдэг асуудал байсан. Тиймээс энэ байдлаасаа болоод С манай хүүг захиалж алуулсан байх гэж үзэж байна. Хамт байсан гэх банди нартай нь уулзахаар ямар нэгэн юм нуугаад байгаа нь мэдрэгдээд байна. Батжаргалын аав Магсар надтай уулзаад “Манай хүү Батжаргал тэр орой унтах гэж байсан. Гэтэл утас нь дуугараад л гараад явсан. Өглөө ирэхдээ их хачин царайтай орж ирсэн. Нэг хүүхэд нь болохоо байсан юм даг уу даа, Б.Бын хувьд ч гэсэн манай хүүтэй урьд өмнө таарамжгүй дээрэнгүй харьцаатай байсан. Стой уулзахад янз бүрээр яриад байгаа. Б.Быг гаргаж ирж архи бэлтгэж өгөөд хүүгийн маань замыг тосоод байж байсан гэж бодож байна. Дөлгөөнөө гэж банди болохоор би танай хүүхдийг алаагүй шүү, Со мэднэ гэж байгаа. Тиймээс Со Б.Быг хорихоос гаргаж ирээд алуулсан гэж бодож байна, оршуулгын зардлыг тооцож гаргасан. 5.285.100 төгрөгийн зардал гарсан байгаа. Манайх хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр урагшаа байдаг. Тэгэхээр миний хүү хэрэг болсон газраас хойшоо гүйгээд төмөр зам руу явах ямар нэгэн шалтгаан байхгүй. Хүү маань анх цохилт аваад бие хамгаалах чадваргүй, сааталд орчихсон байсан байх гэж бодож байна. Согийн хэлж байгаагаар Б.Быг салгахад хүү маань ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэдэг. Оршуулгын ажил болж байхад Эээс би хамгийн сүүлд миний хүү юу гэж дуугарсан бэ гэхэд уучлаарай гэж 2 удаа хэлсэн гэдэг. Үүнээс бодоход хүүг маань нас барахад Э хажууд нь байж байгаад хамгийн сүүлд уучлаарай гэх үгийг сонссон байна гэж үзэж байна. ...” /1хх 22-28, 2хх 164-167, 240, 243-245, 4хх 144, 6хх 220-222, 8хх 165/,

гэрч Ш.Шинэбаярын “...Т.Т, Э 2 пиво ууж дуусаад шөнийн 00 цаг 30 минутын үед гэрлүүгээ харилаа гэж хэлээд явсан. ...” /1хх 34-35/,

гэрч Б.Согийн “... Манай гэрийн замын хажууд 0,75 граммын архи задлаад Ганаа, Дөлгөөнөө, Б.Б нар тэр архийг талд нь ортол уугаад байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан. Б.Б энэ 2 дээр очиж намайг таних нь уу, үзнэ гээд байхаар нь би явуулахгүй яах гээд байгаа юм гэсэн чинь надаас зугтаад тэр хоёр хүний ардаас гүйгээд явсан. Тэгэхээр нь би Ганааг араас нь очиж ав наадах чинь аягүй бол зодоон цохион болно шүү гээд явуулсан. Б.Б тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашхирч байгаа сонсогдсон. Тэгсэн чинь Дөлгөөнөө бас араас нь очсон тэгээд удаагүй нөгөө хэд орилж хашхиралдаад хоорондоо зодоон цохион болоод явчих шиг болохоор нь Бачка бид хоёр яваад очсон чинь Ганаагийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан Т.Тийн дээр Б.Б гараад суучихсан байдалтай байхаар нь Бачка бид хоёр салгасан. Б.Быг Т.Тийн дээр гараад сууж байхад нь Б.Быг суганаас өргөж татаж, Т.Төөс холдуулсан. Тэгсэн чинь Т.Т дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Тухайн үед анзаараагүй цаашаа явж Ганаа, Ээгий хоёрыг салгаад буцаж Т.Тийн байсан газар ирэхэд Т.Т доошоо харсан байдалтай хэвтэж байсан тэгэхээр нь Б.Боос наад хүүхэд чинь зүгээр үү гэсэн чинь Б.Б Т.Тийг хэвтэж байхад татаж өөрлүүгээ харуулж байгаад нэг удаа нүүрлүү нь алгадсан, тэгсэн Т.Т нь шууд босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан тэгээд цаашаа ямар нэг чимээ сонсоогүй. ... Босоод явахдаа гуйваад согтуу хүн шиг гүйгээд явсан. Ухаан алдсан үгүйг нь мэдэхгүй. Хөдлөхгүй хэвтээд байхаар нь Б.Б очоод 1 удаа зөөлөн алгадсан чинь л гэнэт босоод гүйчихсэн ш дээ анх Б.Быг салгахад талийгаач дээшээ харсан байдалтай байсан. Би Б.Быг талийгаачаас салгаж зам дээр суулгачихаад нөгөө хэд рүү очсон. Намайг Б.Быг салгахад талийгаач хэвтээд үлдсэн. Б.Быг зам дээр суулгачихаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахиж хараагүй. Харин тэд нарыг салгачихаад буцаад Б.Б дээр ирэхэд хэвтэж байсан газраасаа хажуухан талд нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би Б.Быг үлдээгээд нөгөө хэд рүү очиж салгахад Батжаргал ирсэн байсан. Би Б.Быг газарт суулгачихаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахин анзаарч хараагүй. Б.Б очоод татаад алгадахад босоод гүйгээд явчихсан, сайн санахгүй байна. ...” /1хх 48-49, 50, 51-52, 53, 59, 60-61/,

гэрч С.Дий “...Шаамарт очоод шууд Согийн гадаа буусан. Тэгээд тэдний гадаа 0.75 граммын нэг шил архи уугаад сууж байтал замаар хоёр хүн бид нарын зүг гэхдээ замаар явж байтал Б.Б уулзаадахъя намайг таних нь уу гээд босоод явсан араас нь удаагүй Ганбаа босоод явсан. Б.Б урдаас ирж байсан буюу Т.Тийг гараараа нэг удаа нүүрлүү нь цохисон. Цаад талд нь Ганаа, Ээгий хоёр зууралдаад, Согийн гадаа хашааных нь үзүүрт зодоон болсон. Намайг харахад Б.Б Т.Тийг нүүрлүү нэг удаа гараараа цохиж байсан. Бид гурав зодолдож байгаад салаад ирсэн чинь Т.Т байхгүй болчихсон байсан. Намайг харахад л хоорондоо зууралдаад газар унасан байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисныг бол тодорхой хараагүй. Харанхуй байсан болохоор тодорхой сайн харагдаагүй. ...Ямар ч байсан Б.Б талийгаачийн нүүрлүү нь гараараа цохих шиг болсон....” /1хх 62-63, 64, 65/,

гэрч Б.Гийн “... Б.Б нөгөө хоёр банди дээр очоод нэгийг нь цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг нь би сайн хараагүй Тэгэхэд түүний араас Батжаргал очоод салгасан. Энэ үед Д  ирснээ чи яадаг болчихсон юм гээд Ээгийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад бие биенийгээ хэд хэдэн удаа нүүр хавьдаа цохилцсон. Тэгээд Со боль гээд салгасан. Ингээд Со Ээгийг тайвшруулаад архи уух юм уу гэсэн чинь ууя л даа гэсэн чинь Д, Со бид нар сууж байсан газраа нөгөө архинаас хийж өгсөн. Энэ үед Б.Б, Батжаргал нар бид нараас түрүүлж ирээд архинаас уугаад Б.Б согтоод газар уначихсан байсан. Би нэг их согтоогүй байсан тул болж байсан асуудлыг мэдэж байсан. Гэхдээ тэр үед бид нар хоорондоо зууралдаад газар унаад бужигнаад байсан болохоор болсон асуудлыг тэр бүр тодорхой санахгүй байна. Намайг харахад Б.Б талийгаачийг 1 цохиод авах шиг болсон. Тэгтэл цаанаас нь Ээгий миний найзыг яагаад байгаа юм бэ гэхээр нь би Ээгийтэй муудалцсан. ...” /1хх 66, 67, 68/,

гэрч М.Бын “... Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан. Тэр банзны хажууд, урд талд сууж байсан Согийн “Талийгаач доошоо хараад хэвтэж байсан” гэж хэлсэн. Тодорхой сайн мэдэхгүй байна. Шөнө 2 цагийн үед байх. Тэр үед цаг хараагүй. Тэр газарт л зодоон болсон ш дээ. Өөр газарт зодоон болоогүй. Би Т.Тийг хэн хэн юугаар цохиж зодсоныг хараагүй, учир нь би хамгийн сүүлд зодоон болж байгаа газарт очсон намайг найз нарынхаа араас очиход Б.Б замын хажууд сууж байсан ба хажууд нь Со зогсоод байж байсан. Г болохоор Этэй зууралдсан байдалтай байж байсан. Д болохоор тэр хоёрыг салгах гээд хажууд нь байж байсан. Талийгаач Б.Бын сууж байсан газрын ойролцоо замын хажууд хашаа налаад түшсэн суусан байдалтай харагдсан. ...” /1хх 69-70, 71, 72, 73, 74-75/,

гэрч О.Оын “... гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан О 06 цаг 36 минутад цагдаад дуудлага өгсөн. 5 цаг 10 минүтад вагон өнгөрсөн. Вагон өнгөрч байхад хүн дайрчихлаа гэх чимээ сонсогдоогүй. Вагоны замын ойр орчим ямар нэг хүн харагдаагүй. ...” /1хх 80-81/,

гэрч Б.Д-ийн “... 05 цаг 10 минутын үед хүн нас барсан газрын хажуугаар гарсан. Хүн байгаагүй, замаа хянаад явсан. ...” /1хх 94-95/,

гэрч Ц.О-ын “...ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн. ...” /2хх 174/,

шинжээч Ц.Гын “...талийгаач нь тэр гэмтлийг аваад ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь, гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцралт /их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх жишээ нь мөлхөх, явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой. Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутад санамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг. Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй.” /3хх 171-173, 5хх 145/,

шинжээч Б.Бын “... Логик утгаар нь авч үзвэл гэмтэл галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжтой ч би өөрийн шинжээчийн зүгээс бол дээрх гэмтлийг галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжгүй гэж үзэж байна. ...” /5хх 155-156/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаар “...Т.Тийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал, толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ.” /1хх 158-163/, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар “... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 63 үндэслэлтэй байна. Талийгаач Т.Тд толгойн ил гэмтэл гавлын орой зүүн зулай дагзны цөмөрсөн хугарал, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчийн цус харвалт, хуйханд шарх, баруун чихний дэлбэн, 2 шуу, сарвуунд шарх зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж ойчиж мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөдөлгөөн хийж чадахгүй. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ.” /1хх 213-215/, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 715 дугаар “...Урьд гарсан шүүх эмнэлгийн 63, 966 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Дээр дурдсан гэмтлийг авсан тохиолдолд хэвтээ болон босоо байрлалд цус дагаж урсаж болно. Тухайн гэмтэл авсан газраа цус тогтож шингэж болно. Дээрх гэмтлийг аваад ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй. Дурдсан зайд явах боломжгүй. Т.Тийн цусанд 2.6% этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна. Хохирогч Т.Тд учирсан гэмтлийн байдлаас үзэхэд дээрх гэмтлүүдийг цогцос олдсон гэх газарт авсан байх боломжтой байна. Галт тэрэгний аль нэг хэсэгт шүргэгдэх, мөргөгдөх зэрэг үед үүсэх боломжтой гэмтэл байна.” /5хх 162-165/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7724 дугаар “...Хохирогчийн гэх хүрэм, футболк, жинсэн өмд дээр цус илэрсэн. Энэ нь ВIII/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцсан дээр цус илрээгүй. Сэжигтний гэх хувцас нь дээрээс цус илрээгүй. Хохирогч Т.Тийн гэх хатаасан цус нь В/III/ бүлгийн цус байна. Сэжигтэн Б.Бын гэх хатаасан цус нь А/II/ бүлгийн цус байна. ...” /1хх 198/, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7096 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Т.Тийн өмсөж явсан гэх зүүн пүүз дээр цус илрээгүй, баруун пүүз дээр цус илэрсэн. Уг цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн пүүзний улны урд ирмэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.” /5хх 167/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын
хяналтын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаар
“...Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй.” /1хх 159/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Быг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Д нараас “... шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, сэргээн дүрслэх замаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын мэдүүлгүүд зэргийг үнэлж, дүгнэн Б.Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Б нь 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” дэлгүүрийн урд амь хохирогч Т.Тийн нүүрэн тус газарт цохиж, түүний биед “...гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт...” бүхий хүнд гэмтэл учруулж, Т.Т нь тус гэмтлийхээ улмаас нас барсан болох нь тогтоогджээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийн нүүрэн тус газарт цохисноо хүлээн зөвшөөрдөг, гэрч нарын мэдүүлгүүдээр ч амь хохирогч Т.Тийг цохиж байсан нь тогтоогддог ба тэрээр хохирогчийн нүүрэнд хэд хэдэн удаа цохисон үйлдэл нь хохирогчийн биед үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл боллоо.

Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэргийн үйл баримтыг харсан, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй гэрч Б.Согийн “…Б.Быг Т.Тийн дээр гараад сууж байхад нь Б.Быг суганаас өргөж татаж, Т.Төөс холдуулсан. Тэгсэн чинь Т.Т дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Тухайн үед анзаараагүй цаашаа явж Ганаа, Ээгий хоёрыг салгаад буцаж Т.Тийн байсан газар ирэхэд Т.Т доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Б.Боос наад хүүхэд чинь зүгээр үү гэсэн чинь Б.Б Т.Тийг хэвтэж байхад татаж өөрлүүгээ харуулж байгаад нэг удаа нүүрлүү нь алгадсан тэгсэн Т.Т нь шууд босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан. ...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь нотлогддог ба хохирогчийн нас баралт, шүүгдэгч Б.Бын тухайн үйлдэлд шалтгаант холбоо байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчид “Т.Тийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тодруулуулах”-аар 3 удаагийн дүгнэлт гарсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар гурван шинжээчдийн багаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Ц.Г нь мэдүүлэгтээ “...талийгаач нь тэр гэмтлийг аваад ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь, гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцралт /их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх жишээ нь мөлхөх, явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой. Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутад санамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг. ...” гэснийг үндэслэл бүхий байна,

гэрч Б.Согийн мэдүүлэгт дурдсан үйл явдалтай нийцэж байна,

тархиндаа хүнд зэргийн гэмтэл авсан хүний хэр хугацаанд амьд, ямар үйлдэл хийх нь тухайн хүний бие физиологи, нас, цус алдалтын хэмжээ, хаван зэрэг олон шалтгаанаас шалтгаалах бөгөөд амь хохирогч Т.Тийн хүнд гэмтэл авсаныхаа дараа хийсэн зорилтот бус үйлдэл нь Б.Бын гэмтэл учруулсныг үгүйсгэхгүй гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр, Улаанбаатар төмөр замын хяналтын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаар “...Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй.” /1хх 159/ гэсэн дүгнэлт, тухайн шинжилгээг хийсэн шинжээч Б.Бын “... Логик утгаар нь авч үзвэл гэмтэл галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжтой ч би өөрийн шинжээчийн зүгээс бол дээрх гэмтлийг галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжгүй гэж үзэж байна. ...” /5хх 155-156/ гэсэн мэдүүлгээр амь хохирогч вагонд дайрагдаагүй, шүргүүлээгүй байх ба талийгаач галт тэргэнд дайруулсан, шүргүүлсэн тохиолдолд хол шидэгдэх, цогцост олон тооны шарх гэмтэл үүсэх зэрэг нөхцөл байдал бий болох талаар гэрч нар мөн мэдүүлснийг няцаан үгүйсгэх үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

 Мөн Улаанбаатар төмөр зам Сүхбаатар өртөөний 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээр явж өнгөрсөн галт тэрэгний талаар лавлагаа гаргаж өгсөн ба тухайн галт тэргийг жолоодож явсан машинч, туслах машинч, үйлчлэгч нар болох гэрч Улаанбаатар төмөр замын Дархан хэсгийн депод илчит тэрэгний машинч Б.Дархансүх, туслах машинч Ж.Хүрэлтулга, Сүхбаатар депод машинч О.Гансүх, туслах машинч Ж.Энхтөр, вагоны үйлчлэгч А.Сайханжаргал, Э.Байгалцэцэг, Г.Мөнхбаяр, Р.Хишигжаргал, Д.Ганцэцэг, Б.Марусяа, Ц.Отгонцэцэг нарын мэдүүлгээр хэрэг учрал болсон шөнө цогцос олдсон хэсгээр өнгөрсөн, галт тэргэнд хүн дайруулсан, шүргүүлсэн бол мэдэгдэнэ, тормос гишгэсэн бол мэдээлэл илгээгдэх талаар мэдүүлсэн тул хохирогч Т.Т нь галт тэргэнд дайруулж амь нас нь хохирсон байх боломжтой гэж маргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ хорих ял эдэлж байхдаа чөлөө нэрийдлээр гарч, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гудамжинд зүгээр явж байсан амь хохирогчийг өдөж хоргоож, улмаар түүнийг толгой, нүүр хэсэг рүү нь цохиж гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1343 хоногийг түүний энэ гэмт хэргийн эдлэх ялд нь оруулан тооцсон нь  үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байх хугацаандаа тус хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 59/а дугаар шүүгчийн захирамжаар Б.Быг тухайн өдрөөс эхлэн сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба тэрээр 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба энэ суллагдсан хугацаанд шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1290 хоног орж тооцогджээ. /9хх 101, 204/.

Дээрх хугацаанд орж тооцогдоогүй Б.Бын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг энэ гэмт хэрэгт оногдуулсан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Дээрхи үндэслэлээр шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хугацааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/799 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1343 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

                       ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ