| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2016/0392/Э |
| Дугаар | 398 |
| Огноо | 2016-06-09 |
| Зүйл хэсэг | 126.1., 147.2., 192.1., |
| Улсын яллагч | Н.Бадамцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 398
Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Бадамцэцэг,
ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжав,
хохирогч Эммануэлле Бал /Emmanuelle Bal/-ын өмгөөлөгч Ц.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч прокурор Н.Бадамцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, ялтан Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Отгонбаатарт холбогдох 201525031177 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигонмарал овгийн Дашрэнцэнгийн Отгонбаатар, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6-67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УС84123014/,
Ялтан Д.Отгонбаатар нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан метамфетамин /MAMP/, амфетамин /AMP/, тетрагидроканнабинол /THC/-ын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 19 цагийн орчим мансуурсан үедээ Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Иммануэлле Бал /Emmanuelle Bal/-ыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 21 тоотод буюу гэрт нь хутга тулган хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэн, улмаар түүн рүү хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйлсийг нь дээрэмдсэний улмаас 1.340.750 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос Дашрэнцэнгийн Отгонбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Боржигонмарал овогт Дашрэнцэнгийн Отгонбаатарыг бусдыг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Отгонбаатарт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарт оногдуулсан 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарын цагдан хоригдсон 226 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тарианы жижиг шилэн сав, шар өнгийн метал гинжний тасархай 1 ширхэг, бор эрээн уяа 1 ширхэг, тест 1 ширхэг зэргийг устгаж, AD9768574 серийн дугаартай Монгол Улсын 5 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банк руу устгуулахаар шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар улаан даавуун ороолтыг хохирогч Иммануэл Балл-д буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол болох 5.250 төгрөгийг шүүгдэгч Д.Отгонбаатараас гаргуулж хохирогч Иммануэл Балл-д олгож, Хохирогч Иммануэл Балл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1 дэх хэсэгт зааснаар орчуулагчид төлсөн зардал, мөн хуулийн 99.1.4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Отгонбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн саад учруулаагүй үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд учруулсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан. Шүүхээс намайг мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай шийдвэрлэсэн. Гэтэл би хэрэг гарахын өмнөх өдөр нь сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн бөгөөд яг хэрэг үйлдэх үед хэрэглээгүй, хэрэглэсэн бэлдмэлийн үйлчилгээ гарсан байсан. Миний бие гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл байсныг анхаарна уу.
Хохирогч мэдүүлэгтээ намайг хүчиндсэн гэдэг бөгөөд би уг үйлдлийг хийгээгүй болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “хохирогчийн биеэс эр бэлгийн эс илрээгүй”, “шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн дотоожноос эр бэлгийн эс илрээгүй” гэх дүгнэлтүүдээр намайг гүтгэж байгаа үйлдэл нотлогдож байна. Намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг минь харгалзан үзэж хорих дэглэмийг өөрчилж өгнө үү” гэжээ.
Ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Манлайжав гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчим, хэм хэмжээг зөрчсөн, нотлох баримтгүйгээр, хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн түсгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хохирогч Иммануэл Баллын мэдүүлэгт хүчиндсэн гэж мэдүүлдэг. Харин болсон бодит байдлыг үзэж хараагүй, тухайн үйлдлийг хохирогчийн амнаас сонссон гэх шууд бус гэрч болох Б.Цэгц болон Н.Оюунгэрэлийн мэдүүлэгт тулгуурлан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчийн болон шууд бус гэрчүүдийн мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хохирогчийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №13043, №7893, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №7892, №7897 №4218-ээр няцаагдаж байгаа. Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж өгнө үү. Мөн Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 заасныг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Н.Бадамцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь Д.Отгонбаатар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдэл нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд Д.Отгонбаатар нь сэжигтнээр байцаалт өгөхдөө "...Би 2015 оны 9 дүгээр сарын 7-ны оройн 18 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байрны 3 давхарт ороод зогсож байсан чинь тухайн орцны 1 давхар 2 давхар 2-ын шатны заагны тавиур дээр сонинд боочихсон юм байхаар нь онгойлгоод үзсэн чинь мөнгөлөг саарал өнгийн ойролцоогоор иштэйгээ нийлээд 20 см орчим урттай хутга, бас хоосон тамхины хайрцаг байхаар нь би хутгыг харчихаад гаднаас хүн ороод ирвэл тэр хутгаар нь айлгаж байгаад хүмүүсээс мөнгө авья гэсэн бодол төрөөд нилээд удаан суусан. Учир нь би 2 жилийн өмнө ICE нэртэй хар тамхи хэрэглэж эхэлсэн ба тэр өдөр бас хэрэглэчихсэн байсан болохоор дахиж хэрэглэхгүй бол бие сулраад толгой эргээд хэрэглэхгүй бол болохгүй байсан. Би 2013 оноос эхэлж Айс, каннабис, марихуан зэргийг хэрэглэж эхэлсэн. Ер нь бол байнга хэрэглэдэг. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр хэрэглэсэн..." гэсэн, яллагдагчаар "...Энэ хэрэг болохоос 2 өдрийн өмнө би айс буюу мөс гэх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн байсан. Би эхлээд цавуу үнэртэж байгаад сүүлдээ мансууруулах төрлийн мөсийг хэрэглэдэг болсон. Энэ сүүлийн 3 жил үргэлжилж байгаа юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад баригдах үед миний биеэс уг жижиг шил гарсан. Гэхдээ хоосон байсан. Тухайн шилэн дотор мөс буюу айсыг хийгээд доороос нь галаар халааж гарсан уурыг нь хуйлсан мөнгөн тэмдэгтээр сорж тамхи шиг татаж хэрэглэдэг. Би ийм байдлаар баригдахаасаа 1 хоногийн өмнө уг шилийг ашигласан байсан" гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 8072 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн шээсний тесттэй тус лабораторид ашиглаж буй тестийн үзүүлэлтүүд тохирч байна. Каннабис /ТНС/-олсны ургамал, метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ нь синтетик гаралтай бодис ба НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтдаг" гэх дүгнэлт, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Д.Отгонбаатарын биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигласан байж болзошгүй шилэн сав, нарийхан хуйлж гадуур нь скочдсон 5 төгрөгийн дэвсгэрт зэрэг эд зүйл гарч ирсэнийг хураан авч, шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8400 дугаартай "...Шинжилгээнид ирүүлсэн 3.5 см хэмжээтэй жижиг шилнээс метамфетамины агуулга илэрч байна. Энэ бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно" гэх дүгнэлтээр дээрх үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж прокуророос Д.Отгонбаатарын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн байхад шүүх "хэрэглэсэн" гэх үйлдэлд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх заалтыг зөрчжээ.
Урьд нь давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа тул шалгах хэрэгтэй” гэсний дагуу шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Д.Отгонбаатарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэдийгээр хуульд “хэрэглэсэн” гэх үг байдаггүй ч хэрэглэхийн тулд олж авсан байх тул “олж авсан” гэх үндэслэлээр ял оноох боломжтой.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд Д.Отгонбаатар нь “хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй” гэж маргасан. Анх хохирогч “Би эд зүйлээ дээрэмдүүлээд, хүчиндүүлчихлээ” гэж гомдол гаргасан байдаг. Хүчингийн гэмт хэрэг нь бэлгийн харьцааг эхлүүлснээр бүрдэл төгсдөг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Хохирогчийн мэдүүлэг заавал шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдох шаардлагагүй. Хохирогч ажлаа тараад гэрийнхээ хаалгаар орж байхад Д.Отгонбаатар орцонд нь зогсож байгаад хутга тулгаад гэр рүү нь дагаж орж хүчиндсэн. Гэмт хэрэг дууссаны дараа хохирогч гараа хүлүүлсэн байдалтай гэрчүүдээс тусламж дуудсан. Гэрч Б.Цэгц, Н.Оюунгэрэл нар гэрт нь ороход хохирогчийн өмдний тэлээ тайлагдсан байдалтай “Намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн байдаг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Хүчингийн гэмт хэрэгт гэрч байдаггүй. Гэхдээ хэрэг гарсны дараа ирсэн гэрч нарыг ялтны өмгөөлөгч “хохирогчийн хэлснийг дамжуулсан” гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрч нар “хохирогчийн гар ардаа хүлүүлчихсэн, өмдний цахилгаан нь тайлагдчихсан байдалтай “Намайг хүчиндчихлээ” гээд тусламж гуйж байсан” гэж мэдүүлдэг. Д.Отгонбаатар хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан болох нь тогтоогдсон. Д.Отгонбаатар нь хохирогчид хутга тулгаж гэр рүү нь түлхэж оруулаад гарыг нь хүлээд эд зүйлийг нь дээрэмдээд гарч явсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч нарыг ирэхэд хохирогчийн өмдний цахилгаан тайлагдсан байсан. Хохирогчийн гарыг хүлсэн байсан тул өмднийхөө цахилгааныг тайлах боломжгүй. Иймд ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, өөрөөр хэлбэл Д.Отгонбаатарт холбогдох хэргийг урьд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан захирамжийн заалтыг биелүүлээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх урьд нь хянаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2843 дугаартай захирамжаар хийвэл зохих, мөрдөн байцаалтаар шалгаж тодруулах шаардлагатай ажиллагааг нэрлэн зааж “…мансууруулах төрлийн бодисыг хэрхэн яаж, хэнээс авсан болох, Д.Отгонбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг …шалгах” ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж байжээ.
Гэтэл мөрдөн байцаалтаар Д.Отгонбаатарын хар тамхи олж авсан эх сурвалжийг тогтоох зайлшгүй шаардлагатай ажиллагааг гүйцэд хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоохгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөрдөн байцаалтын шатанд Д.Отгонбаатар нь сэжигтнээр байцаагдахдаа: “…Би 2 жилийн өмнөөс ICE нэртэй хар тамхи хэрэглэж эхэлсэн ба тэр өдөр бас хэрэглэчихсэн байсан болохоор дахиж хэрэглэхгүй бол бие сулраад толгой эргээд байсан. Мөн олж хар тамхи худалдан авч хэрэглэхгүй бол болохгүй байсан…Би 2013 оноос эхэлж айс, канабис, марихуан зэргийг хэрэглэж эхэлсэн. Ер нь бол байнга хэрэглэдэг. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр хэрэглэсэн” гэж /хэргийн 85-86 дахь тал/,
ял нэмж сонсгосон байцаахад: “…хэрэг болохоос 2 өдрийн өмнө би айс буюу мөс гэх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн байсан” гэж /хэргийн 168 дахь тал/,
дахин яллагдагчаар байцаахад: “…2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр өөрийгөө Чөөгий гэж танилцуулсан 30 орчим насны туранхай шар залуутай МИНТ баарны гадна танилцсан. Тэр үед “Үүнийг хэрэглээд үзвэл зүгээр” гээд надад тарианы шилэнд хийсэн зүйл өгөөд утааг нь амаар нь соруулсан. Мөн шавар гэх зүйлийг тугалган цаас дээр тавьж доороос нь галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сорж үзсэн. Өөрөөр хэрэглэж үзээгүй. Чөөгийгийн утас болон бүтэн нэрийг мэдэхгүй..” гэж /хэргийн 248-249 дэх тал/ хэргийн талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч, хар тамхи мансууруулах төрлийн бодисыг олж авч хэрэглэсэн эх сурвалжаа тодорхой заагаагүй байна.
Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх хэдий ч аливаа этгээдийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх агуулга нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөх ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх эрх” эсхүл “дуугүй байх эрх” гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой юм. Харин үнэн зөв мэдүүлэг өгөхгүй бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулбал зохино.
Иймд Д.Отгонбаатарын хувьд хар тамхи олж авч хэрэглэсэн гэх эх сурвалжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан олж тогтоох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлууд болон улсын яллагчийн эсэргүүцлийг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдав.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хэрэг гарсан газрыг харьяалах Чингэлтэй дүүргийн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт хэргийг буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Отгонбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Д.Отгонбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ц.ОЧ