| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 033/2016/0023/З |
| Дугаар | 110/ШШ2016/0035 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 110/ШШ2016/0035
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,тусшүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Казахстан улсын Алма-ата хотын оршин суугч Р.Аы нэхэмжлэлтэй;
Хариуцагч: аймгийн Засаг даргад холбогдох;
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжийн Х.Жээд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, гуравдагч этгээд Х.Жээ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Өлгий сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот шийдвэрээр тус сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 250 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр 50 жилийн хугацаагаар 0144698 дугаартай гэрчилгээ авсан юм. Би 2010 онд сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр миний эзэмшил газраас Х.Жээ гэгчийг албадан нүүлгэхээр шийдвэр гаргасан юм. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгч С.М нь 2011 оны 02 дугаар сард Х.Жээд мэдэгдэх хуудас өгч, албадан биелүүлэхээр болсон бөгөөд би 2012 оноос хүнд өвчнөөр өвдөж Турк, Казахстан улсад эмчлүүлж хагалгаанд ороод 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нутагтаа ирсэн. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын газрын түшмэл Т.З, Б.А нартай уулзахад, миний эзэмшил газрыг өөр хүнд өмчлүүлэхээр өгсөн гэж хариу өгсний дагуу би эзэмшлийн газраа бусдад алдсанаа, миний газар эзэмших эрх зөрчигдсөнийг мэдсэн болно.Миний эзэмшлийн 250 м2 газрыг 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр аймгийн Засаг даргын захирамжаар Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Х.Жээ гэгчидөмчлүүлсэн захирамж гаргаад өгсөн байна.
Иймд аймгийн Засаг даргын 314 тоот захирамж нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжийн Х.Жээд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.А 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын 13 дугаар шийдвэрийн дагуу 250 м2 газрыг 50 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшилдээ авсан байгаа. Энэхүү захирамжийг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 03-ны 0144698 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа. Энэхүү газрыг тухайн үед гуравдагч этгээд Х.Жээ чөлөөлж өгөхгүй, тухайн газарт амбаар барьж,хашаа татан авч Р.Аы эзэмшүүлэх эрхэд саад учруулсан тул 2010 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр тухайн газрыг Х.Жээгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан биелүүлэх ажиллагаа явуулахад Х.Жээ өөрөө сайн дураараа чөлөөлж өгнө гэж гарын баримт тухайн үед өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож байсан байна. Гэтэл Х.Жээ Р.Аы эзэмшлийн газрыг чөлөөлөөгүй байсаар Р.А хүндээр өвдөж Казахстан, Турк улсуудад эмчлүүлэхээр явсан. Энэ хооронд тухайн газрыг Х.Жээ өмчлөлдөө авсан байна. Энэхүү өмчлөлд авсан явдал нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх гэж заасан. Р.Аы эзэмшилд байсан 250 м2газрыг бүхэлдээ Х.Жээд өмчлүүлсэн явдал нь Р.Аы хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь Р.А нэгэнт Монгол улсын харьяат байх үед тухайн газрыг эзэмшсэн байгаа. Дараа нь гадаадын улсын иргэн болсон нь түүний Монгол улсын нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийг хориглоогүй. Р.Аы газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болоогүй,гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулалтаар түүний гадаад улсын иргэн болсон нь газар эзэмших эрхийг хөндөхгүй юм. Р.А нэгэнт Монгол улсын харьяат байсан үед газрыг эзэмшсэн тул дараа нь харьяатаас гарснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болохгүй гэж дахин дурдмаар байна. Хариуцагч тал Р.А тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй учраас тухайн газар хүчингүй болох ёстой гэсэн тайлбар хэлж байна. Р.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй юу гэдэг асуудалд тогтож ярих хэрэгтэй. Тухайн газрыг Р.А ашиглах боломжгүй байсан. Учир нь энэ газар нь гуравдагч этгээд Х.Жээгийн эзэмшилд шилжиж тэрээр тухайн газрыг хууль бус эзэмшиж байсан гэдэг нь нотлогдсон. Х.Жээ хашаа татаж, амбаар барьсан учраас Р.А тухайн газрыг ашиглах боломжгүй байсан. Газрыг чөлөөлж өгөөгүй байхад нь аймгийн Засаг дарга тухайн газрыг иргэн Х.Жээд хууль бусаар өмчлүүлчихсэн. Энэ нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тухайн газрыг ашиглах боломжгүй байсан гэдгийг нотолж байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар газар өмчлөгч иргэн Монгол улсын харьатаас гарснаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болно гэсэн байгаа. Нэгэнт Р.А газрыг өмчилж аваагүй учраас эзэмших эрх нь дуусгавар болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөх хүсье гэв.
Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Жээ нь 2008 онд одоо оршин сууж байгаа хашааны газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг Өлгий сумын Засаг даргад гаргажээ.Хүсэлтийн дагуу тухайн сумын газрын даамал газар дээр нь үзлэг хийж,хэмжиж үзэхэд иргэн Х.Жээгийн эзэмшиж буй газар 310 м2, иргэн Р.Аы эзэмшиж буй газар нь 250 м2 байсныг тэмдэглэлжүүлэн баримтжуулж, сумын Засаг даргын 2008 оны 117 дугаар захирамжаар иргэн Х.Жээд 310 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж,эрхийн гэрчилгээ олгожээ.Тухайн үед Өлгий сумын газрын даамлын хянаж ирүүлсэн кадастрын зургийн дагуу аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжаар иргэн Х.Жээд 585 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Гуравдагч этгээд Х.Жээ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хүүхдүүдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт, шинэчлэгдсэн байдлаар 11 дүгээр багт оршин суудаг. Би тус нутаг дэвсгэрт 1997 онд суурьшин амьдарсан,улмаар уг газарт зуны амбаар барьж, эсгий гэрт амьдарч байгаа юм. Би 2000 онд тухайн газарт хашаа татсан. 2008 оноос хойш би өөрөө эзэмшиж байгаа. Гэтэл Р.А гэгч эмэгтэй тус газрыг минь булаалдаж намайг танай шүүхэд өгсөн юм байна. Би газраа эзэмшлийн байдалтай авч, улмаар 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000 тоот гэрчилгээгээр өмчлөлдөө авсан.Би хүний газарт хашаа татаагүй, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Миний тус газарт амьдарч байгааг хөршүүд гэрчлэх болно. Би газар чөлөөлж өгнө гэж гарын үсэг зураагүй.Иймд уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч тус шүүхэд аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжийн Х.Жээд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар ирүүлсэн боловч хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байсан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжаар[1] гуравдагч этгээд Х.Жээд Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Их булангийн 1-21 тоотын 585 м2 газрыг өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч Р.А гуравдагч этгээд Х.Жээд дээрх захирамжаар өмчлүүлсэн 585 м2 газрын 250 м2талбай бүхий хэсэг нь өөрийнх нь эзэмшлийн газар тул уг шийдвэр хууль бус, үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Р.Ад Өлгий сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар захирамжаар[2] тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 250 м2 газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх боловч нэхэмжлэгч эзэмшлийн газраа огт ашиглаагүй,энэхүү нэхэмжлэгчийн эзэмшлийн 250 м2 газрыг оролцуулан нийтдээ 560 м2 газарт гуравдагч этгээд Х.Жээ зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаад дараа нь уг 560 м2 газрын 310 м2 газрыг Өлгий сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар захирамжаар[3]эзэмшилдээ авсан байна.
Улмаар тус аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэгч Р.А өөрийн эзэмшлийн газраас Х.Жээг албадан нүүлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр Өлгий сумын 4 дүгээр баг дахь Р.Аы эзэмшлийн 250 м2 газраас Х.Жээг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн байх боловч гуравдагч этгээд Х.Жээ нь өөрийн эзэмшлийн болон нэхэмжлэгч Р.Аы эзэмшлийн газрыг хашаалж, зуны байшин /амбаар/ барих зэргээр ашиглан эзэмшилдээ байлгаж, улмаар аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжаар тухайн 585 м2 газрыгөмчлөлдөө авсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлуудыг зохицуулсан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшигч иргэн Монгол улсын харьяатаас гарснаар газар эзэмших эрх нь дуусгавар болохгүй тул нэхэмжлэгч Р.Аы газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч тус шүүхэд анх Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч гэж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан болох нь тогтоогдсон[5], өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь Монгол улсын иргэн биш, Казахстан улсын иргэн болсон байжээ.
Нэхэмжлэгч Р.Аыг Монгол улсын харьяатаас гараагүй байх үед буюу 2013 онд түүний эзэмшлийн 250 м2газрыг гуравдагч этгээд Х.Жээд өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 19 дүгээр зүйлийн 19.1,19.1.4 дэх хэсэгтэй нийцээгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газар эзэмшигчийн гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч Монгол улсын харьяатаас гарсан энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байна гэж үзлээ.
Учир нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 27 дугаар зүйлийн 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тус тус зааснаар газрыг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу эзэмших эрхтэй,гадаад улсын иргэн нь тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байхаар зохицуулснаас үзэхэд газар эзэмших эрхийг гадаад улсын иргэн эдлэхгүй бөгөөд газар эзэмших асуудал нь гадаад улсын иргэний хувьд хуулиар зохих хязгаарлалт тогтоосон эрхийн нэг юм.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлуудыг заасан бөгөөд дээр дурдсанаар газар эзэмших эрх нь гадаад улсын иргэнд олгогдоогүй, зөвхөн Монгол улсын иргэнд хамааралтай тул энэхүү заалт нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг зохицуулсан заалт болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан буюу тухайн захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрх байх ёстой.
Нэхэмжлэгч Р.А нь Монгол улсын иргэн байхдаа 2008 онд маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшсэн байх боловч 2016 онд Монгол улсын харъяатаас гарч, гадаад улсын иргэн болсон тул одоо түүнийг газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гадаад улсын иргэнд газар эзэмших эрх хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэгч Р.Аы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд эрх ,хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Аы Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр захирамжийн Х.Жээд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1]Хэргийн 26-28-р хуудас
[2] Хэргийн 44-45-р хуудас
[3] Хэргийн 52-р хуудас
[4] Хэргийн 47-48,55-58,62-66,91,107-109-р хуудас
[5] Хэргийн 23-р хуудас