Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0638

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0638

Улаанбаатар хот

"М" ХХК, "Г.Э.М" ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0485 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор,"М" ХХК, "Г.Э.М" ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0485 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус үндэслэн ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан "М" ХХК болон "Г.Э.М" ХХК-иудын ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, "М" ХХК-ийн ХҮ-020465, "Г.Э.М" ХХК-ийн ХҮ-020464 дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "М" ХХК-ны эзэмшиж байсан ХҮ-020465 дугаар бүхий, "Г.Э.М" ХХК-ны эзэмшиж байсан ХҮ-020464 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Гол үндэслэл нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын "И.Э.Ж.А" ХХК, "М" ХХК, "Г.Э.М" ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "И.Э.Ж.А" ХХК-ийн ХҮ-016691, "М" ХХК-ийн ХҮ-016969, "Г.Э.М" ХХК-ийн ХҮ-016970 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасан.

Энэ шийдвэр гарахаас өмнө Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр дээрх 3 тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэв гэсэн утга бүхий албан бичгийг өгсөн. Бид нэхэмжлэлээ 2015 оны 03 дугаар сарын 21-нд захиргааны хэргийн шүүхэд гаргаж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш шүүхийн шийдвэр 1 сарын дараа цаасан дээр бичигдэн гарч бид гардан авсан. Үүний дараа хариуцагч тал давж заалдах эсэхийг 14 хоног хүлээсэн. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул бидний зүгээс Ашигт малтмалын газарт шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн.

Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр болон бидний хүсэлтийг авсны дараа "М" ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/1886 дугаартай мэдэгдэл, "Г.Э.М" ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/1885 дугаартай мэдэгдэл тус тус ирүүлсэн. Тус мэдэгдлүүд дээр тус өдөр тусгай зөвшөөрлүүдийг сэргээж байгааг мэдэгдсэн.

Бидний зүгээс тусгай зөвшөөрлийг сэргээсэн цаг хугацаагаар тооцож дараа жилийн буюу 2017 оны төлбөрийг төлнө гэж ойлгосон бөгөөд "М" ХХК 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор "Г.Э.М" ХХК 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор энэ талаар тухайн үед Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Ч-с лавлахад мэдэгдэл хүргүүлсэн цаг хугацаагаар тооцож дараа жилийн төлбөрийг төлнө гэдгийг амаар баталж хэлж байсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар "М" ХХК-д 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 7/1689 дугаартай мэдэгдлээр,"Г.Э.М" ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1689 дугаартай мэдэгдлээр, "Г.Э.М" ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1691 дугаартай мэдэгдлээр тус тус ирүүлсэн бөгөөд тус мэдэгдлүүдэд дараа жилийн буюу 2017 оны төлбөрийг төлөх хугацааг буруу тооцож төлөхийг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл "М" ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний дотор, "Г.Э.М" ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний дотор ту тус дараа жилийн төлбөрийг төлөхийг мэдэгдсэн. Ингэснээр бид дараа жилийн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад төлбөр төлөх нөхцөл байдалд орж хэрэв төлөхгүй ол тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудал үүсч бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Улмаар "М" ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ-020465 дугаар бүхий "Г.Э.М" ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ-20464 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаартай шийдвэрээр цуцалсан байна. Гэхдээ энэ талаар бидэнд албан ёсоор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй бөгөөд бид мэдсэн даруйдаа хүлээн зөвшөөрөөгүй тул 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дээд шатанд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргасан.

Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 22-ны 1/1373 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Хариунд танай 2 компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дугаартай шийдвэрээр сэргээж, хүчинтэй байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тооцсон байна, танай 2 компани тусгай зөвшөөрлүүдийг үрэгдүүлсний улмаас Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай шийдвэрээр нөхөн олгож ХҮ-020465, ХҮ-02464 дугаар бүхий зөвшөөрөл үүсчээ...,

ХҮ-020465, ХҮ-020465 дугаар бүхий зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байна. Дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцож жил бүрэлдэхүүн урьдчилан төлөн гэж заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэж улмаар цуцалсан, иймд цуцалсан шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, хүсэлтийг хүлээн авч, цуцалсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасан байхад уг шийдвэрийг буруугаар тайлбарлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тусгай зөвшөөрлүүд сэргэсэн гэж үзэж, тухайн сэргэсэн өдрөөр дараа жилийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэж манай тусгай зөвшөөрлүүдийг цуцалж бидний гомдлыг хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн гол үндэслэлдээ хариуцагчийн уг үйлдлийг зөв гэж үзсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дэх хэсгийг хариуцагчид ашигтайгаар буруу тайлбарласан. Тус хуулийн тус заалтаар дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхэлж тооцно гэсэн бөгөөд энэ шийдвэр гарсан цаг хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болох нь тодорхой байхад энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрт 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон сунгасан хариуцагчийн шийдвэрийг нэхэмжлэгч тал маргаагүй гэсэн бодит байдалтай нийцэхгүй нэхэмжлэгчийн зүгээс үүнийг эс зөвшөөрч цаашилбал энэ цаг хугацаанаас буруу тооцож дараа жилийн төлбөр төлүүлэх шийдвэр, төлөөгүй улмаас цуцалсан шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа юм.

Мөн хариуцагчийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хугацааг тооцно, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хугацааг тооцно гэсэн зөрүүтэй шийдвэр гаргаж байсанд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч "М" ХХК, "Г.Э.М" ХХК-иудын Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Сэврэй сумдын нутагт эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалжээ.

Нэхэмжлэгч нараас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийг буруугаар тайлбарлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тусгай зөвшөөрлүүдийг сэргэсэн гэж үзэж, дараа жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч "М" ХХК, "Г.Э.М" ХХК-иудын эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдсэн мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/1885 дугаар албан бичгээр хүргүүлсэн, нэхэмжлэгч нар хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Улмаар хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1689 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч "М" ХХК-д, мөн огноотой 7/1691 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч "Г.Э.М" ХХК-д тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай баримтаа ирүүлэхийг дахин мэдэгдсэн, мэдэгдлүүдийг нэхэмжлэгч нар хүлээн авсан байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Гэтэл нэхэмжлэгч нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж шийдвэрлэсэн 234 дүгээр шийдвэрийн огноо буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг тусгай зөвшөөрөл олгосон өдөр гэж тооцон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой хэмээн маргаж, төлбөр төлөх хугацааг буруу тооцсон гэж хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нарт тусгай зөвшөөрлийг анх олгосон огноог 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, тусгай зөвшөөрлийг сунгасан огноог 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэж тусгай зөвшөөрөл дээр тэмдэглэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч мэдээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухай тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрлийн төлбөрийг олгосон өдрөөс тооцож, урьдчилан төлөхөөр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниуд тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ гээгдүүлсний улмаас Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр нөхөн олгосон байх бөгөөд уг хугацаагаар мөн тооцох ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ