Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 020/2014/0667/З |
Дугаар | 54 |
Огноо | 2016-02-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 54
Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Н.Жавзмаа, түүний өмгөөлөгч Д.Оюунням, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 584 дүгээр магадлалтай, Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 онд Болгар Улсын Софийн их сургуулийг аялал жуулчлалын чиглэлээр, 1992 онд Монгол Улсын их сургуулийг газар зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1992 оноос 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 22 жил музейн байгууллагад ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журам нь цаг хугацааны хувьд батлагдсан өдрөөсөө хойших сонгон шалгаруулалттай холбоотой харилцааг зохицуулах ёстой. Миний бие уг журам батлагдахаас өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдон ажилласаар байхад уг албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь үндэслэлгүй бөгөөд тухайн сонгон шалгаруулалтад хамрагдах хууль зүйн үндэслэл байхгүй.
Уг журмын 2.1-д “удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилон эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөл харьяаллын дагуу ирүүлнэ” гэж, Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “сул орон тоо” гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн “Үлэг гүрвэлийн музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан” гэх тогтоол нь надад хамаарахгүй, ажлын байрны сул орон тоо гараагүй, нэгэнт захирлаар томилогдоод албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн ажиллаж байсан ба ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад “сул орон тоог нөхөх” гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музей байгуулагдаж, миний бие тухайн музейн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны Б/48 дугаар тушаалаар тус музейн захирлаар томилогдсон.
Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/20 дугаар тушаал гаргаж, ямар ч үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон. Уг тушаалын үндэслэлд ажлаас халах болсон ямар шалтгаан нөхцөл бий болсон тухай болон Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг огт баримтлаагүйгээс гадна намайг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж буруу тодорхойлсноос гадна ямар зөрчил гаргасны улмаас намайг халсан нь тодорхойгүй байна. Зүй нь намайг тухайн музейн захирлаар томилсон тушаалд түр орлон гүйцэтгэгч гэсэн үг, үсэг огт байхгүй. Мөн тушаалд баримталсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар тогтоол нь хууль бус учраас энэхүү сайдын тушаал ч хүчингүй болох ёстой.
Музейн захирал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ангилалд хамаарч, ТҮСУ-9-4 зэрэглэлээр цалинждаг, төрийн албан хаагч. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрхтэй. Энэхүү хуулийн зохицуулалт төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болж хуульд тусгагдсан боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан надад ч мөн адил хамаарна гэж үзэж байна.
Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалт явуулалгүй иргэн Н.Жавзмааг түр томилсон байдаг. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1383 тоот өргөдлийн хариунаас харагдаж байна. Иргэн Н.Жавзмаагийн нэхэмжлэлд дурдсанаар Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалт зарлахад Н.Жавзмаа нь сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй тул Үлэг гүрвэлийн музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Жавзмааг чөлөөлж, сонгон шалгаруулалтад оролцон тэнцсэн Ч.Дариймааг томилсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаал гарсан байдаг. Иргэн Н.Жавзмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг Боловсрол, соёл, шинжлэн ухааны яам нь биелүүлэх боломжгүй юм.
Иргэн Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн асуудлаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 172 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын хянавал хэсэгт “…нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг бүрэн биелүүлээгүй” гэжээ. Боловсрол Соёл, шинжлэх ухааны яамны зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу нотлох баримтыг холбогдох байгууллагаас шүүхийн журмаар гаргуулж авна уу гэсэн тайлбарыг удаа дараа хүргүүлсэн.
Учир нь /хуучин нэрээр/ Соёл, спорт, аялал жуучлалын яам татан буугдаж дээрх хэргийн холбогдолтой тушаал, шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл нь манай яаманд шилжин ирээгүй бөгөөд тэдгээр нь “Төрийн албаны зөвлөл” болон “Төрийн өмчийн хорооны татан буулгах комисс”-т /дарга О.Сэр-Од/ харьяаллын дагуу шилжсэн байна. Тогтоолын хянавал хэсэгт “Н.Жавзмаа нь 2013 оны 1 дүгээр сард захирлын сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн. Тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байж болзошгүй” гэжээ. Энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлөөс 2 удаа тайлбар ирүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа.
Үүнд иргэн Н.Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар 2013 онд томилсон байдлын талаар ямар нэгэн тайлбар, мэдээлэл ирүүлээгүй. Харин 2014 онд нэг удаа сонгон шалгаруулалт хийгдсэн байна гэсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1383 тоот “Өргөдлийн хариу” албан бичиг мөн хавтаст хэрэгт байгаа. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаа 2003 оноос эхэлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс баталсан 2003 оны 13, 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмуудаар тус тус зохицуулагддаг гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Дариймаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov,mn болон хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны www.mcst.gov.mn сайтуудад “Үлэг гүрвэлийн төв музейн захирал”-ын албан тушаалд удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдах гэж буй талаар зарлал нийтлэгдсэн. Энэ зар улс орон даяар нээлттэй зарлагдсан бөгөөд болзлыг хангасан, сонирхож байгаа бүх хүмүүс тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн байсан.
Үүний дагуу миний бие нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтын зарлалд нийтлэгдсэн бүрдүүлэх баримт материалын жагсаалтын дагуу баримт материалыг бүрдүүлж тус яаманд өгсөн. Намайг материалаа өгч бүртгүүлж байхад Н.Жавзмаа мөн тэнд бүртгүүлээд явж байсан. 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд тус журамд зааснаар сорилгын шалгалтанд оролцогчид бүгд оролцсон бөгөөд нэхэмжлэгч Н.Жавзмаа нь оролцсон. Тус сорилгын шалгалтад би ганцаараа тэнцсэн.
Үүнээс харахад Н.Жавзмаа нь зохих журмын дагуу бүх мэдээлэл нээлттэй байхад сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй байтлаа шалгаруулалтын урьд орой “намайг сонгон шалгаруулалтад ор гэсэн” гэж мэдүүлсэн нь ёс зүйгүй хэрэг юм. Сонгон шалгаруулалтын талаар болоод өөрийнхөө түр ажиллаж байгаа талаар Н.Жавзмаа нь бүрэн мэдэж байсан бөгөөд мэдэх бүрэн боломжтой байсан. Тийм биш бол сонгон шалгаруулалтад анхнаасаа оролцохгүй, гомдол гаргах ёстой байсан нь ойлгомжтой.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслээгүй нь Н.Жавзмааг түр томилсныг нотолж байна. Ийнхүү хууль болон журамд заасны дагуу сонгон шалгаруулалт явагдаж миний бие нь хамгийн өндөр оноог авч “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томилогдсон болно. Үүнээс хойш одоог хүртэл алдаа дутагдал гаргалгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Жавзмааг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Жавзмаагийн ажиллаж байсан хугацаа буюу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 584 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Н.Жавзмааг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгасугай” гэснийг “Н.Жавзмааг Үлэг гүрвэлийн төв музейн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Ч.Даариймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 583 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.Жавзмааг 2013 онд томилохдоо шинээр байгуулагдсан яам нь тулгамдаж байгаа ажлын шаардлагын дагуу түр томилохоор зарласан боловч сонгон шалгаруулалтаа явуулаагүй зөвхөн Соёл, спорт, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын өргөтгөсөн хуралд оруулж томилсон бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч А.Сарангэрэл Төрийн албаны зөвлөлд хандаж нотлох баримт хүссэн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/1982 тоот албан бичгийн хариуд “Н.Жавзмааг Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилсон байдлын талаар ямар нэг нотлох баримт байхгүй бөгөөд тус музей байгуулагдсан үеэс зөвхөн 2014 онд нэг удаа сонгон шалгаруулалт хийгдсэн гэж Төрийн албаны зөвлөл үзэж байна” гэснээр нотлогдож байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэл /хх 118-120/-д хэлэлцсэн асуудал 1. Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмааг музейн ажил жигдэртэл түр үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг тус тус тавьсан...”, П.Алтангэрэл “Н.Жавзмаагийн хувьд музейн нөхцөл байдлыг харгалзан үзээд түр ажиллуулж байх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна...” гэжээ. Цаашлаад Н.Жавзмааг 2013 оны 2 дугаар сард томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, мөн Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “…улсын соёлын байгууллагын захирлыг Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж томилоогүй байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 тоот тушаал нь хууль зөрчиж гарсан гэдэг нь хуулийн зүйл заалтууд, тухайн үед Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газраас ирүүлж байсан шаардлагуудаас харагдаж байгаа бөгөөд тус хэрэгт авагдсан 2 гэрчийн мэдүүлэгт тодорхой, дурдсан байхад гэрчийн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн талыг барьж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Н.Жавзмааг 2013 онд томилсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 6/48 тоот тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслээгүй нь уг тушаал хүчингүй гэдгийг нотолж байна. Мөн хавтаст хэрэгт ч Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, сонгон шалгаруулалтын тэмдэглэл гэх мэт нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны салбар зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгч, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дундаас тухайн албан тушаалд томилох шийдвэр гаргаагүй байна.
Ийм учраас уг тушаал нь хууль бус шийдвэр гарсан байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2014 онд болсон сонгон шалгаруулалтын дүнг хэрхэх талаар шийдвэрлээгүй бөгөөд уг хууль ёсны сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажлаа хийж байгаа төрийн албан хаагчийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бие нь хууль болон журамд заасны дагуу явагдсан сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноог авч Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдсон болно.
Үүнээс хойш одоог хүртэл алдаа дутагдал гаргалгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Би удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож ганцаараа тэнцэж уг албан тушаалд томилогдсон байтал Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгох давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч Н.Жавзмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Соёлын тухай, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар “Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтын дүнг” үндэслэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Н.Жавзмааг уг албан тушаалаас чөлөөлж, Ч.Дариймааг захирлаар томилжээ.
Нэхэмжлэгч Н.Жавзмаа нь дээрх тушаалыг болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн “Үлэг гүрвэлийн музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан” шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6448 дугаар захирамжаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, харин Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох шаардлага бүхий нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоосон боловч бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй учир шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1868 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийг буцаасан, энэ асуудлаар нэхэмжлэгч дахин маргаагүй байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Соёлын тухай хуулийн 15.2, 15.4 дэх заалтыг баримтлан Н.Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томилсон ба Монгол улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан тус музейн захирлын болон ерөнхий палеонтологчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах зарыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам өөрийн мэдээллийн сайтаар дамжуулан 1 дүгээр сард, мөн “Үндэсний шуудан” сонины 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаарт нийтлүүлж нийтэд мэдээлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Жавзмаа нь зард тавигдсан шаардлагын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн яамны удирдлага бүхий бүрэлдэхүүнтэй хийсэн ярилцлагад орсон, уг шалгаруулалтад өөр хүмүүс бас өрсөлдөж байсан нь тогтоогдсон байна.
Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,... томилж, чөлөөлнө”, 4-т “...соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заасан, сонгон шалгаруулалттай холбогдох харилцааг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журмаар /тухайн үед мөрдөж байсан/ зохицуулжээ.
Уг журамд зааснаар улсын чанартай соёлын байгууллагын удирдлагын “сонгон шалгаруулалтыг” яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл эрхлэн гүйцэтгэж, сонгон шалгаруулах комисс байгуулах, комисс шалгаруулалтыг явуулж дүнг гаргах, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт үйлдэж, Салбар зөвлөлд танилцуулах, Салбар зөвлөл нь томилох эрх бүхий этгээдэд 2-оос доошгүй хүний нэрийг дэвшүүлэх зэргээр зохицуулснаас үзвэл “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлын ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг журамд нийцүүлэн явуулаагүй гэж үзэхээр байна.
Гэвч тухайн “сонгон шалгаруулалтын” талаар оролцогчдоос гомдол гаргаагүй, шинээр байгуулагдсан музейн удирдлагыг сонгож томилохдоо Сайд дээрх байдлаар сонгон шалгаруулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч буруугүйн зэрэгцээ “өөрийгөө сонгон шалгаруулалтын үр дүнд” томилогдсон гэж үзэж байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар яамны харъяа зарим урлаг, соёлын байгууллагын удирдлагыг “сонгон шалгаруулалтгүйгээр түр томилсон” гэх үндэслэлээр 5 ажлын байр, үүний дотор “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулахаар шийдвэрлэсэн, 75 оноо авсан Ч.Дариймааг уг албан тушаалд томилуулахаар 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэрийг нь дэвшүүлсэн боловч Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/2242 дугаар албан бичгээр “ажил жигдэртэл” Н.Жавзмааг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт тавьсан, энэ асуудлын талаар Салбар зөвлөл 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж Н.Жавзмааг “түр ажиллуулах шаардлагатай” гэж үзсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Харин нэхэмжлэгч Н.Жавзмаа нь уг сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлж, эхний шатанд оролцсон гэх байдал тогтоогдож байгаа боловч энэ тухайгаа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан байдлаас дүгнэн үзвэл тэрээр бодитойгоор өрсөлдөж оролцоогүй байх тул “шалгалтад тэнцсэн миний эрх, ашгийг хохироож шийдвэрлэсэн” гэх гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн Н.Жавзмааг уг албан тушаалд анхнаасаа түр томилоогүй, “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад “сул орон тоонд гэж зарлаж явуулсан сонгон шалгаруулалт”-ын гэх дүнгээр Ч.Дариймааг уг албан тушаалд томилохын тулд Н.Жавзмааг тухайн ажлаас чөлөөлсөн нь Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсгийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах тухай хуулийн уг зохицуулалтад нийцээгүй байна.
Шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 584 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ