Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0480

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга

Маргааны төрөл: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б Х би төрийн албанд 20 дахь жилдээ, үүнээс шүүхийн захиргааны төв байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие тус хугацаанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, референт, ахлах референт, албаны дарга зэрэг албан тушаалд томилогдохдоо мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнгээ үнэлүүлж чадахуйн болон мэргэшсэн, тогтвортой байх зарчмын дагуу дэвшин ажиллаж байсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд (Эрхэлсэн түшмэл, ) томилогдон ажиллаж байсан билээ.

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны “Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц орон тоог баталсан тогтоол болон Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн “Ажлын албаны төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын жагсаалтыг батлах тухай” дугаар тушаалд миний даргаар нь ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь газар болсон ба урьд гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт хэвээр байгаа болно.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт (Эрхэлсэн түшмэл, )-ийн албан тушаалд ажиллаж байгаа гэж үзэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасан нэмэгдэл баталгаа эдлэх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан болохыг нотолж байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан дээрх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй нь хууль бус гэж үзэж байна.

Б.Х намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтээр ажиллаж байгаа талаар 2024 оны дугаар тушаалд дурдсан боловч албан тушаал бууруулж, уг албан тушаалд томилсон шийдвэрийг надад танилцуулаагүй, миний хувийн хэрэгт ийм тушаал байхгүй байсан.

Миний ажиллаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж нь газар, алба байхаас үл хамааран нэгжийн удирдлага буюу удирдах албан тушаалтантай байх нь тодорхой тул энэ тохиолдолд ямар нэгэн орон тоо хасагдаагүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөний дараа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гаргуулахаар мэдүүлэг хөтлүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт ажилтнуудын хурал зарласан ба тус хурлаар та бүхнийг чөлөөлж, томилсон гэж хэлээд хурал дуусгасан нийт ажилтнууд бид ямар албан тушаалд томилогдсоноо мэдээгүй. Уг нь ямар албан тушаалаас чөлөөлж, ямар албан тушаалд томилсныг уншиж сонсгодог. Мөн албан тушаалаас чөлөөлж байгаа тохиолдолд өмнө нь бүтэц өөрчлөгдөхөд мэдэгдэл ирүүлдэг байсан. Мэдэгдэл өгөөгүй.

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн задаргаа и-мэйл ирэхэд гэсэн и-мэйл ирсэн. Тушаал шийдвэр танилцуулахгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн захиргааны ажилтны бүртгэл, судалгаа хариуцсан шинжээчээс хувийн хэргээ авч, зургийг нь дарж танилцтал 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн огноотой тушаалаар намайг чөлөөлсөн байх боловч, ямар албан тушаалд томилсон шийдвэр байгаагүй.

Харин Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалд намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байгаа гэж бичигдсэн байсан. Бусад албан хаагч нарын тушаалтай хамт биш тусдаа гарсан тушаал байсан. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 дүгээр сарын цалингийн задаргаа и-мэйл ирэхэд гэсэн и-мэйл ирж цалин хөлс буурсан байсан. Тушаал шийдвэр танилцуулахгүй уншиж сонсгохгүй байсан асуудал нь бусад 20 орчим ажилтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэлээр томилсон буюу дэс түшмэлээс ахлах түшмэл рүү томилсон.

Хууль тогтоомжийг хүмүүст ялгамжтай хэрэглэсэн мөн дэс түшмэлээс эрхэлсэн рүү шууд томилгоо хийсэн. Төрийн албаны шаардлага хангаагүй ажилтнуудыг уг бүтцээр томилсон зэрэг асуудлууд байгаа учраас мэдэгдэх, уншиж, сонсгох ажиллагаа хийхгүй тушаал шийдвэр танилцуулахгүй байсан гэж үзэж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байхад намайг томилолгүйгээр албан тушаал бууруулж, эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, дахин хууль бус шийдвэр гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгохоор заасан.

Б.Х намайг хууль бусаар албан тушаал бууруулсан мөртлөө хэвээр хадгалагдаж байгаа газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь логикийн зөрчилтэй, хууль бус шийдвэр болохыг нотолж байна.

Энэ талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргахад 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн , дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гэх хариуг ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь дээр дурдсанчлан намайг ямар тушаал шийдвэрээр албан тушаал бууруулсан болохыг надад танилцуулаагүй, миний хувийн хэрэгт албан тушаал бууруулсан тушаал шийдвэр байгаагүй. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны дугаар тушаалаар намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо албан хаагчийн нэр, албан тушаалын нэр хэсэгт Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт гэж дурдсан байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хууль зүйн ямар үндэслэлээр, ямар тушаал шийдвэрээр миний эрх зүйн байдлыг дордуулж, албан тушаал бууруулсан талаараа огт танилцуулж, мэдэгдээгүй, гарын үсэг зуруулаагүй байхад Төрийн албаны зөвлөлөөс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Б.Х миний төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал, шийдвэр гарсан талаар надад огт танилцуулж, мэдэгдээгүй. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн захиргааны ажилтны бүртгэл, судалгаа хариуцсан шинжээчээс хувийн хэргээ авч танилцан, зургийг нь дарсан нотлох баримтаа нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд тухайн өдөр хувийн хэрэгтэйгээ танилцахад миний эрх зүйн байдлыг хэзээний ямар, тушаал шийдвэрээр дордуулж, албан тушаал бууруулсан талаарх баримт байхгүй байсан бөгөөд харин Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалд намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байгаа гэж бичигдсэн байсан.

Ингээд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилогдоогүй, ахлах референтээр томилогдсон болохоо 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол болон тухайн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлтээ тус тус гаргасан билээ.

Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн хэргийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар дөрвөн албан хаагчийг тусад нь томилсон байдаг. Бүтэц орон тоо батлагдсантай холбоотойгоор тухайн тушаал гарсан гэж тайлбарладаг.

Нэгдүгээрт бол тухайн захиргааны актыг мэдсэн эсэх талаар маргаан гарсан учраас энэ талаар эхэлье. Албан тушаалд бууруулан, томилсон буюу Ахлах референтийн албан тушаалд томилж байгаа талаараа нэхэмжлэгч Б.Х 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би хувийн хэрэгтэйгээ танилцъя аа гэдэг шаардлага тавиад хувийн хэргээ авч танилцаад мэдсэн байгаа. Тэгэхдээ тухайн хувийн хэрэгт Ахлах референтээр Б.Х хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албаны дарга байсан. Тэгэхээр албаны даргаар ажиллаж байсан хүнийг Ахлах референтээр ямар тушаалаар томилчхов оо гэдэг тэр тушаал нь бол дүгээр тушаалд байгаагүй. дугаар тушаал буюу Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх гэсэн тушаал бол хувийн хэрэгтэнд байсан. Тухайн тушаалд нь одоо эрхэлж байгаа албан тушаал гэдэг дээр нь нөгөө албаны дарга хүн чинь Ахлах референт болчихсон байгаа юм.

Хариуцагчаас бол энэ хүн чинь өмнө нь мэдчихсэн байсан шүү дээ гэдэг зүйлийг ярьдаг. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цалингийн хүснэгтийн актаар мэдсэн. Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гээд гарын үсгээ зурчихсан гэж байгаа юм. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ төлөвлөгөө дээр тухайн газрын дарга гээд түр орлон гүйцэтгэх биш дарга гээд гарын үсгээ зураад төлөвлөгөөгөө батлуулчихсан байдаг. Ингээд зөрөө гарж ирээд байна шүү дээ. Төлөвлөгөө болохоор чи газрын дарга шүү гээд төлөвлөгөөг нь баталчихдаг. Нэг сарын цалинг чинь бодлоо гээд гарын үсэг зуруулахаар тэр хүснэгт дээр нь санхүүгийн албанаас болохоор түр орлон гээд биччихсэн зөрүү үүсээд байна. 10 дугаар сард томилгоо болсон гэдгийг мэдэж байгаа. Ямар тушаалууд гарчхав гэдгийг бичгээр ч юм уу танилцуулагдсан зүйл байхгүй. 10 дугаар сарынх нь цалин жишээ нь нөгөө 12 дугаар сард сүүлд хэрэг цугласан баримтаас үзэхэд бол 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ахлах референтээр томилчихсон мөртөө албаны даргын цалин өгөөд байсан байна. 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хоёр баримт үйлдэгдээд зөрүү гараад байсан учраас хувийн хэрэгтэйгээ танилцъя, ямар тушаалаар би одоо ер нь ямар албан тушаалд ажиллаад байна аа гэдгээ мэдэх шаардлага гарчхаад хувийн хэрэгтэйгээ танилцаад зургийг нь дарж авсан байдаг. Хэрэгт мөн нотлох баримтаар өгсөн байгаа.

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдээд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл шалгах ажиллагаа явуулж байгаа. Холбогдох нотлох баримтуудыг татаж байгаа. Чухам ямар нотлох баримтыг татаад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэснийг мэдэхгүй. Нэхэмжлэгч өөрийнх нь мэдсэнтэй холбоотой баримтуудаа бол хавсаргаад өгсөн. Бодит заасан хугацаандаа гарчихсан. Мөн хариуцагч талын тайлбараас үзэх юм бол 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийт ажилтнуудын хурал хийгээд энэ тушаалыг танилцуулсан гэдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийт ажилтнуудыг чөлөөлөөд томилж байгаа бол тэр нэг л тушаал байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд болохоор дөрвөн хүний тушаал тусдаа гараад тэрнийх нь нэг нь нэхэмжлэгч орж ирээд байгаа юм. Албан тушаал буураад байна. Энэ тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа. Та нар шалгалт өгөх юм байна шүү. Албан тушаал буурчихна шүү ч гэдэг юм уу, цалин хөлс чинь буурах үндэслэл үүсээд байна шүү гэдэг дээр сонсох ажиллагаа явуулаад тэмдэглэл хөтлөөд, тушаал, акт гаргаад явах ёстой. Сонсох ажиллагааны үндсэн дээр акт хариуцагчийн хүсэл зоригийн дагуу гарч байгаа бол тэрийг нь баталгаажуулаад актаа мэдэгдээд явах ёстой. Ийм ажиллагаа огт явагдаагүй. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэлүүдийг заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч бодитоор албан тушаалын зэрэглэл буурчхаад байхад буюу эрх зүйн байдал дордчихоод байхад тэрийг нь сонсох ажиллагаа явуулаагүй. 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулахгүй байх ерөнхий хуулийн үндэслэлүүдийг заасан. 1-ээс 6 дахь заалтад заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байхад сонсох ажиллагаа явуулаагүй. Сонсох ажиллагаа явуулснаар хариуцагчийн гаргаж байгаа захиргааны актын агуулга буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдал өөрчлөгдөх боломжтой байсан талаар бол дараагийн хэсэгт нь ярья. Нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Одоо мэдэгдсэн эсэх талаар маргаан гарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д зааснаар маргаан гарсан тохиолдолд мэдэгдсэн хугацаагаа нотлох үүрэгтэй. Хариуцагчийн хэлээд байгаа 2024 оны 10 дугаар сарын 20-ны хурал, 2025 оны 01 дүгээр сарын цалингийн хүснэгтийн тооцоо гэдэг чинь яг энэ тушаалаар чамайг ингээд томилчихлоо шүү гэж мэдэгдэж болох байсан. Ангилал чинь байж байгаад -аар ажиллах болж байна гэж актыг мэдэгдсэн баримт биш тухай дугаар тушаалаар энэ хүний хөдөлмөрийн харилцааг шийдвэрлэж байгаа бол дугаар тушаалыг чамд мэдэгдлээ шүү гэдэг акт байх ёстой. Тэгэхэд хэрэгт Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан мэдэгдсэн хугацааг нотлохтой холбоотой баримт байхгүй учраас хариуцагчийг энэ талаар нотолж чадаагүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.4-д удирдлага болгосон байдаг. Энэ заалт нь Шүүхийн тухай хуулиудыг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн 64.1 дүгээр зүйлийн 62.1.4-д заалтыг үндэслэсэн байгаа.Энэ заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан гэж байгаа. Эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тухайн албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд гэж байгаа юм. Цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэжлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих. Тэгэхээр хариуцагч талын тайлбараас үзэхэд өөрчлөн байгуулагдсан учраас шилжүүлсэн гэдэг агуулгыг хэлээд байгаа юм.

Цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэжлийн дагуу буюу өөр ажил албан тушаалд гээд Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.4 заалт хэрэгжих гол үндэс нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдол гэж байгаа.

Тэгэхээр албан тушаалын орон тоо хасагдсан гэдгийг юу гэж ойлгох вэ тэгэхээр Төрийн албаны тухай хуульд албан тушаалын орон тоо хасагдсан гэх ганц л зохицуулалт байгаа. Энэ ганц зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.4-д зэх заалт байгаа. Эрх зүйн харилцааны Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг 20 оны 33 дугаар тогтоолоор баталж үүнд ижил төстэй хөдөлмөрийн харилцаанд хэрэглэгддэг орон тоо хасагдсан гэдэг эрх зүйн ойлголтыг тайлбарласан. Үүнд тухайн хуулийн этгээд байгууллагын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр үгүй болсныг ойлгон гэж байгаа. Тэгэхээр хариуцагч болохоор албаны дарга гэдэг орон тоо чинь байхгүй болчихсон гээд байна. Энэ зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр үгүй болсон гэдэг нь тэр чигээрээ тухайн ажил албан тушаал, тухайн байгууллагын чиг үүргээс хасагдсан байх ёстой. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны чиг үүргийн хүрээнд байгаа Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит гэдэг чиг үүрэг байгаад байгаа. Гэтэл энэ чиг үүргийг нь алба байна уу, газар байна уу тэр нэгжийг нь яаж нэрлэхээс хамаагүйгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нэгжийн даргын албан тушаалын орон тоо бол хасагдаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч маргаж байгаа. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.4-д заалт хэрэглэгдэх ёсгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчээс ямар зүйл заалт хэрэглэгдэх үндэслэлтэй байсан юм бэ гэхээр энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.3-д заасан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, зохион байгуулалтын бүтэц өөрчлөхтэй холбоотой асуудал дээр бол нэг хориглосон зохицуулалт байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулиар бол нэг хориглосон зохицуулалт байгаа нь хуулиар өөрчлөлт ороогүй бол тухайн зохион байгуулалтын бүтцэд хамаарч байгаа. Албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулж болдоггүй тэгэхээр хуулиар хариу тайлбар дээр бол 2024 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт ороод зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэж байгаа. Нэхэмжлэгчийн маргадаг Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит дээр бол ямар нэгэн чиг үүргийн өөрчлөлт ороогүй. Албан тушаалын тодорхойлолт мөн өөрчлөгдөөгүй. Тийм учраас 62.1 дүгээр зүйлийн 62.1.3-д заасан зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч тухайн төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь хэвээр хадгална, үргэлжлүүлэн ажиллуулна гэж байгаа юм. Тэгэхээр нэгж дотоод аудит хийж байгаа нэгж алба байна уу, газар байхаас үл хамаараад чиг үүрэг байгаад байна. Нэгж байгаа бол мэдээж даргатай байх ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч дарга гэдэг албан тушаал дээр ажиллаж байна. Тэр албаны даргын чиг үүрэг газрын даргын чиг үүрэг дээр мөн хэвээрээ орж ирээд байна. Тэгэхээр энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дахь заалт биш ерөөсөө 62.1 дүгээр зүйлийн 62.1.3 гэдэг энэ заалт дангаараа хэрэглэгдээд шууд тухайн албан тушаал дээрээ томилогдох ёстой байсан. Дараагийн нэг үндэслэл байна. Албан тушаалын орон тоо хасагдсан гэдэг бол сул орон тоо үүсчхээд үүнд сонгон шалгаруулалт зарлаад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах ажиллагаа хүртэл явагдсан. Тэгэхээр сул орон тоо үүссэн юм уу, үгүй юм уу гэдэг нь хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаад байгаа 33 дугаар зүйлд заасан ангилал хооронд шилжсэн гэдэг үндэслэлээр шалгалт авах тэр эрх зүйн үндэслэл үүссэн юм уу, үгүй юм уу гэдэг асуудал гарч ирнэ.

Төрийн албаны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-д сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон эсвэл нас барсны улмаас тухайн орон тоо сул байхыг хэлдэг юм. Тэгэхээр энэ тохиолдолд эдгээрээс аль нь ч үүсээгүй, бүтэц өөрчлөгдөж байгаа. Үүнтэй холбоотой тохиолдолд бууруулчхаж байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг. Сүл орон тоогоо тайлбарлаж байгаа нь хасагдсан гэж хэлж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-д хариуцагчийн тайлбарлаж байгаа хасагдсан гэдэг үндэслэлд хамаарахгүй байгаа юм. Хариуцагчийн хариу тайлбарт дурдаад байгаа Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн жинхэнэ албаны шалгалтын тухай зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл сул орон тоо үүсээд үүнд шалгалт зарлах нөхцөл үүссэн бол үүнийг хэрэглэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор ерөнхий болон тусгай шалгалт авна. Үүнд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д тусгай шалгалтыг энэ хуулийн дугаар зүйлийн .1-д төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдол авна гэж байгаа. Ямар тохиолдолд тусгай шалгалтыг авах гэдэг нь ангилал хооронд шилжих гэж байна. Нэхэмжлэгч нь албаны даргаас бүтэц өөрчлөгдсөн байхад үүнд би шилжин ажиллая гэдэг хүсэлт, шилжин гэдэг нь дахиад Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан өөр төрлийнх байна. Тэгэхээр энэ төрлийн харилцаа үүсээгүй байхад 33 дугаар зүйлийн 33.3-д зааснаар ангилал хоронд шилжих гээд байна гэж нэхэмжлэгчийг хэлээд байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ангилал хооронд шилжих ямар нэгэн зүйл байхгүй. Төрийн албан тухай хуулийн 61 дүгээр зүйлд нийтлэг баталгааг зохицуулаад 62.1 дүгээ зүйлийн 62.1.4-д нэмэлт баталгааг зохицуулсан байгаа. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагч нь 62.1 дүгээр зүйлийн 62.1.3, 62.1.4-д заасан аль харилцаа үүссэн гэдгээс шалтгаалаад үүнийг зайлшгүй эдэлнэ гэсэн үг. Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.2-д Улсын ир хурал ерөнхийлөгч гэж дурдаад эдгээрийн бүрэн эрх дуусгавар болох улс төрийн албан тушаалтан өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.1-ээс 62.1.3-д заасан нэмэлт баталгаагаа зөрчсөн захиргааны акт гарсан. Төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотой зохицуулалтыг энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зохицуулаад шилжүүлж, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй хориглосон зохицуулалт оруулаад өгчихсөн. Нэхэмжлэгчийн хувьд бодит байдал дээр яагаад байна вэ гэхээр эрхэлсэн түшмэл гэдэг ангилалд ажиллаж байсан. Эрхэлсэн түшмэл гэдэг нь бол ангилал юм. , , гээд маргаад байгаа. Энэ нь зэрэглэлийг нь хэлээд байгаа юм. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д шилжүүлж байгаа тохиолдолд жишээ нь ангилал, зэрэглэл жишээ нь буурч болдоггүй байх. Тэгвэл нэхэмжлэгч одоо байгаа ахлах референтийнхээ албан тушаалаас шилжье гэхлээр ангилал зэрэглэл нь өмнө бүтэц хийхээс өмнө буюу ******* дугаар тушаал гарахаас өмнө ажиллаж байсан ангилал зэрэглэлээс буураад энэ сүүлд байгаа хүчин төгөлдөр томилсон байгаа тушаалаараа явахаар ангилал, зэрэглэл буураад ахлах референтийн ангиллаас одоо ажиллах болчхоод байгаа юм. Энэ талаар нь тодорхой ярих юм бол нэхэмжлэгч нь хорь орчим жил төрийн албанд ажилласан гэж байгаа юм. Шатлан дэвших зарчмын дагуу явсаар байгаад энэ ангилал, зэрэглэлийн шаардлагыг шаардлагын тухайд гэх юм бол 2014 оны Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Дотоод аудитын албаны дотоод аудитын ахлах референт гэдэг албан тушаалд томилогдож ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл нэг жил долоон сар орчмын хугацаанд жирэмсний болон амаржсаны амралтаа авах хүртэл ажиллачхаж байгаа юм.

Тэгэхээр ахлах референтийн албан тушаал нь тухайн үед Монгол Улсын Их хурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар тогтоолоор баталсан төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай гээд тогтоолд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны эрхэлсэн түшмэл ангилал зэрэглэлд хамаарч байсан. Ингэж ажиллаж байгаад мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргынхаа албан үүргийг түр орлон гүйцэтгээд тусгай шалгалтаа өгөөд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар даргын албан тушаалдаа томилогдсон. Энэ ангилал зэрэглэл нь 2009 оны тогтоолыг Улсын их хурал хүчингүй болгож 2019 оны дугаартай тогтоолоор ангилал зэрэглэлийг тогтоосон. Ангилал бол эрхэлсэн түшмэл ангилал хэвээрээ зэрэглэл нь даргын албан тушаалд томилогдсоноор болж байгаа. гэж юуг хэлээд байна вэ гэхээр эрхэлсэн түшмэлийн гэдэг зэрэглэл нь тухайн төрийн байгууллагын хэлтэс юм уу албаны дарга байна гэж байгаа юм. Гэтэл хэлтэс юм уу албаны дарга нь нэг мөрөнд байгаа учраас аль нь ч байж болно гэж байгаа юм” гэжээ.

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Б.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаар шинэчлэн тогтоосон бөгөөд Ажлын албаны төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны , , , , дугаар тогтоолоор тус тус шинэчлэн баталсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал "Эрхэлсэн" түшмэлийн ангиллаас төрийн албаны “Тэргүүн” түшмэлийн ангилалд хамаарахаар болсон.

Тус Тэргүүн түшмэлийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын 1 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарч байна.

2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдыг тус өөрчлөн зохион байгуулагдсан бүтэц, орон тооны дагуу холбогдох хуульд заасан журам, шаардлагад нийцүүлэн чөлөөлж, томилох шаардлага үүссэн.

Шинээр батлагдсан бүтэц орон тоо, албан тушаалын тодорхойлолттой холбогдуулан Тухайн төрийн жинхэнэ албан хаагч нь газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшил, туршлагыг хангахгүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг хэрхэн томилох талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зөвлөмж хүссэн 03/52 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тус зөвлөлөөс хариу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр албан бичгээр зөвлөмж авсан.

Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид “Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”- “Тэргүүн түшмэл: Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцна. Байгууллагын төсөв болон төрийн тусгай сангийн удирдлага, санхүүжилтийн талаар хариуцлага хүлээнэ"; "Эрхэлсэн түшмэл: Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, салбар дундын хүрээний асуудалд дүн шинжилгээ хийж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэл, төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчийн өмнө хариуцна” гэж тус тус тодорхойлжээ.

Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлага, чиг үүрэг нь ялгаатай байхаар хууль, тогтоолд заагдсан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ** дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах” журмыг баримтлан ажиллахыг үүгээр зөвлөж байна.” гэж тусгасан байсан.

Мөн Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд /хэлтсийн дарга-эрхэлсэн түшмэл, газрын дарга-тэргүүн түшмэл/ шилжих тохиолдолд заавал тусгай шалгалт авахаар хуульчилсан байдаг.

3. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх...;" шаардлага тавигдсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас Төрийн албаны хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Х Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь газар болон өөрчлөгдөн зохион

байгуулагдаж, албаны даргын албан тушаалын орон тоо хасагдаж газрын дарга  болох буюу “Эрхэлсэн” түшмэлээс “Тэргүүн” түшмэлийн ангилалд шилжих тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгч хуулийн дагуу томилогдох тухай “Мэдэгдэл”-ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч, тайлбарласан болно.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын сарын 27-ны өдрийг дуустал явагдах талаар 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Х нь төрийн албанд 20 жил 3 сар ажилласан байх бөгөөд үүнээс Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдоод нийт 2 жил 6 сар ажилласан байна. Хэрэв нэхэмжлэгч Б.Х газрын даргын албан тушаалд томилбол хууль зөрчсөн томилгоо болно.

4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны дугаар тогтоолын хавсралтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд тус хавсралтад зааснаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын Газрын Ахлах референтийн албан тушаал нь тус тус “Эрхэлсэн” түшмэлийн ангилалд хамаарна.

Өөрчлөгдсөн бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан боловч Төрийн албаны тухай хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэгч Б.Х “Эрхэлсэн түшмэл"-ийн ангилал дотор нь буюу тус газрын Ахлах референт “Эрхэлсэн түшмэл”-ийн албан тушаалын ангилал дотор нь томилсон.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Х Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд нэхэмжлэгч мөн өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ахлах референтийн албан тушаалын цалин дээр нэмж тус газрын даргын албан тушаалын цалингийн зөрүүг нэмэгдүүлэн авч байгаа болно.

5.Нэхэмжлэгч Б.Х нь нэхэмжлэлдээ “2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн захиргааны ажилтны бүртгэл судалгаа хариуцсан шинжээчээс хувийн хэргээ авч танилцан, зургийг дарсан нотлох баримтаа нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд тухайн өдөр хувийн хэрэгтэйгээ танилцахад миний эрх зүйн байдлыг хэзээний ямар, тушаал шийдвэрээр дордуулж, албан тушаал бууруулсан талаарх баримт байхгүй байсан байсан бөгөөд харин Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалд намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байгаа гэж бичигдсэн байсан.” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн хуралдаанаар ажлын албаны бүтэц, орон тоог хэлэлцэхэд ажлын албаны бүх нэгжийн дарга нар биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгч өөрийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг газар болсон, тус албаны даргын ангилалтай дүйцэх өөр нэгжийн албан тушаал байхгүй, газрын даргын албан тушаалын шаардлагыг өөрөө хангахгүй, ангилал дотроо Ахлах референтийн албан тушаалд томилогдох болон Газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдох боломжтой талаараа тус тус мэдсэн.

Мөн ажлын албанаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт ажилтнуудын хуралдаанаар шинэчилсэн бүтцийн дагуу чөлөөлж, томилсныг бүх албан хаагчид хурлаар мэдэгдсэн. Тус өдөр нэхэмжлэгч өглөө ажилдаа ирсэн болох нь цагийн бүртгэлийн системийн лавлагаагаар нотлогдох бөгөөд тус нийт ажилтнуудын хуралд бүх албан хаагчид заавал оролцох үүрэгтэй юм.

Тухайлбал, тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагийн тооцооны хуудаст өөрийгөө Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан байгаагаас харагдана.

Гэтэл тэрээр тус албан тушаалд томилогдсоноо 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн гэж бичсэн нь ор үндэслэлгүй байна.

Мөн 2024 оны 12 дугаар сараас нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн зөрүү үндсэн цалин дээр нэмэгдэж бодогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдоогүй гэдгээ мэдэхгүй байх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа хэтэрсэн байх тул гомдлыг хүлээж аваагүй байна.

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн гомдлын хариу тайлбарыг нэхэмжлэлд хавсаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч холбогдох хууль тогтоомжид заасан шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны болон шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улсын Их хурлын 2019 оны дугаар тогтоолд алба нь гээд заачихсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор албыг газар болгоод шийдвэрлүүлчихсэн. Мөн нэгжийн дарга нараасаа бид нар бүтэц авахаасаа өмнө бүүр 2024 оны 02 дугаар сараас эхлээд бүтцийг нэгжийн дарга болгох саналыг нь авч байсан. Үүнд албаны дарга Б.Х даргын хувьд алба газар олгоё гэдэг саналаа өгсөн. Манайх үүнийг хүлээн зөвшөөрөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаараа алба байсныг газар болгож өөрчилсөн. Хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд бид нар нэлээн олон хуулийн судалгаануудыг хийсэн. Энэ судалгаа хийгдсэний үндсэн дээр албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөлд хандаж албан бичиг явуулсан. Эрх бүхий гурван хүний хувьд албан тушаалын тодорхойлолтод ажилласан жилийн шаардлага, мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа эдгээр хүмүүсийг яах вэ гэдэг зөвлөмж хүссэн албан бичгийг явуулсан. Төрийн албаны зөвлөл бол энд нь буцаагаад хариу өгөхдөө болохоороо Төрийн албаны хуулийн дагуу тусгай шалгалтын журам 2023 оны ** дугаар журмын дагуу тусгай шалгалтыг нь ав гэсэн хариу өгсөн.

Бид мэдээж хүмүүсийн эрх зүйн байдлыг бодуулахгүйн тулд ангилал одоо Шүүхийн ерөнхий зөвлөлд алба гэдэг албан тушаал байхгүй байсан учраас үүнтэй дүйцүүлээд АА ангилал дотроо эрхэлсэн түшмэл дотроо гэдэг Ахлах референтээр томьёолчхоод тэгээд мөн ялгаагүй тэр өдрөө газрын даргын түр орлогогүйгээр тавиад цалин хөлсийг нь бууруулахгүйгээр томилсон. Гэхдээ үүнд 12 дугаар сарын цалингийн өөрчлөлт нь Сангийн яамны цалингийн системд зарчмын ялгаатай асуудал байдаг. Яагаад гэхээр манай Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц маань 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан байдаг. Гэтэл цалинг бол бид нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба нь сар бүрийн 07-ны өдөр, 23-нд цалингаа тавьдаг. 07-ны өдрийн цалин дээр бол гэдэг албаны даргын цалин ороод 12 дугаар сарын 23-ны өдрийн цалин дээр систем маань оруулаад бид нар ахлах түшмэлийн руу оруулах гэхээр систем энийг хүлээж авахгүй учраас цалингийн зөрөө гэдгийг бас оруулж өгсөн. Цалингийн зөрөө гэж оруулж өгөөд ахлах түшмэлийн цалин аваад мөн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн цалинг давхар аваад явсан. 01 дүгээр сарын эхний цалингаас бол гэдэг цалин авч байгаа Б.Х ахлах референтийн хувьд. Мөн албаны мэйл бол байна. Тийм тийм нэмэгдэл байна. Газрын даргын түр орлогын цалигийн зөрүү бусад нэмэгдлүүдийг тодорхой явуулсан байгаа.

Хоёрдугаарт мэдэгдлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Х даргад Шүүхийн захиргааны Хүний нөөцийн газрын н.М******* дарга миний өмнө ажиллаж байсан н.М******* дарга бол мэдэгдлийг хийгээд Б.Х дарга үүнтэй танилцсан байгаа. Бүтэц орон тоогоор таны албаны дарга байсан нь тэргүүн түшмэл боллоо шүү гэдгийг бол танилцуулаад өөрөө гарын үсэг зурсан байгаа. Мөн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар бүх нэгжийн дарга нарыг оролцуулсан хуралдаан болсон. Энэ хуралдаанд Б.Х дарга мөн суусан. Суухдаа алба гэдэг нь газар гэдэг статустай болж байна гэдгийг тэр үед бас давхар мэдсэн байгаа. Мөн цалингийн жагсаалт, мэйлүүд түр орлон гүйцэтгэгч хийж байсан гэдэг нь нотлогдсон байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс бид нар тусгай шалгалтыг зарласан. Тусгай шалгалтад оролцоно гэдэг нь Б.Х даргад биш нөгөө дөрвөн хүнд бүгдэд нь мэдэгдсэн шалгалтад оролцоно уу гэсэн. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д тусгай шалгалтыг томилох эрх бүхий этгээд хэрвээ 50 хувийн шаардлагаа хангаад энэ хүнийг дэвшүүлье гэвэл тодорхойлолт гаргаж өгөх зохицуулалт байгаа. Бид нарын яриад байгаа кэйс болохоороо яг төрийн албанд 12 жил үүнээс эрхэлсэн түшмэлийнхээ албан тушаалд 6 жил гэдэг барих ёстой. Хэрвээ энэ хүнийг 6 жилийн гүйцээгүй байх юм бол энэ хүний эрх зүйн байдал дордох гээд байна. Магадгүй яг адилхан тэргүүн түшмэлээсээ Яамны Төрийн нарийн бичгийн даргын тэргүүн түшмэл рүү шилжээд ирвэл эрх зүйн байдал нь дордчихно. Хоёрдугаарт зэрэг, дэв авах асуудал, нийгмийн асуудал нь давхар бас дордчих учраас бид нар эхлээд эрхэлсэн түшмэл болгох бид нарт байгаа боломжид Ахлах референт байсан. Үүнд томилоод тусгай шалгалтдаа яаралтай зарлая, Шалгалтаа өгөөд ороод ирээч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл нэхэмжлэгч шалгалт өгч орж ирээгүй.

Сонгон шалгаруулалт доор орж ирэх эрх нь нээлттэй байгаа. Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл аль аль нь албыг нэмэгдүүлэх гэдэг нь цар хүрээ нь нэмэгдэж байгаа. Хуульд өөрчлөлт орж байгаа. Хуульд өөрчлөлт ороогүй бол Төрийн албаны зөвлөл хэзээ ч албан тушаалын тодорхойлолтыг зөвшөөрөл олгохгүй. Төрийн албаны хууль дээр зохицуулалт байгаа. Хэрвээ хуульд өөрчлөлт ороогүй бол бүтэц, зохион байгуулалт хийхгүй. Албан тушаалын тодорхойлолтыг зөвшөөрөл олгохгүй гэдэг хуулийн зохицуулалт байгаа учраас энийг хүлээн зөвшөөрөөд Төрийн албаны зөвлөл зөвшөөрлөө олгочихсон. Үүний дагуу бүтэц зохион байгуулалтаа хийсэн. Бүтэц зохион байгуулалтаа хийгээд явахад тусгай шалгалтаар бол оролцох боломжтой байсан. Та сая газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол маргах байсан уу гэж асуухад маргана гэж хариулсан. Яагаад маргах юм гэхээр эрх зүйн байдал нь дордож төрийн жинхэнэ албан хаагч биш болно. Тэгэхээр тухайн цаг хугацаанд аль боломжтойгоор алба нь байхгүй болсон гэдэг орон тоо байхгүй болсон учраас бид нар буруулахгүйгээр буюу ангилал дотор нь томилж газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр нь томилох зохицуулалт хийсэн. Тэргүүн зэргийн зэрэг дэвийг авахыг тулд хууль ёсны томилгоотой байх ёстой. Б.Х дарга шууд тэргүүн түшмэл дээр томилогдчихсон байх юм бол зэрэг дэв авч чадахгүй бусад байгууллага руу шилжих зохицуулалт нь бас байхгүй болчихно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Б.Х албан тушаалд томилох тухай” ******* дугаар тушаалаар Б.Х Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан” гэсэн үндэслэлээр Б.Х Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн “Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” дүгээр тушаалын хавсралтаар дээрх үндэслэлээр Б.Х Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ хариуцсан ахлах референтээр томилсон байна.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Хариуцагч нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал “Эрхэлсэн” түшмэлийн ангиллаас төрийн албаны “Тэргүүн” түшмэлийн ангилалд хамаарахаар болсон, Б.Х******* ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, албаны даргын албан тушаалын орон тоо хасагдаж газрын дарга  болсон буюу “Эрхэлсэн” түшмэлээс “Тэргүүн” түшмэлийн ангилалд шилжсэн тул нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгсний үндсэн дээр газрын даргын албан тушаалд томилогдох хуультай тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тогтоолын хавсралтын 7-д зааснаас үзэхэд, нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан алба нь газар болж өөрчлөгдсөн байна.

Хэрэгт авагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд, тус албан тушаал нь ангилал, зэрэглэлийн хувьд тэргүүн түшмэл, *******-д хамаарахаар батлагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .1-д төрийн захиргааны албан тушаалыг “тэргүүн түшмэл”, “эрхэлсэн түшмэл”, “ахлах түшмэл”, “дэс түшмэл”, “туслах түшмэл” гэж ангилахаар хуульчилсан байна.

Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .7-д “...Шүүхийн ерөнхий зөвлөл ... ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” дугаар тогтоолын хавсралтаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Газрын дарга нь ангиллын хувьд тэргүүн түшмэл, зэрэглэлийн хувьд *******-д хамаарахаар батлагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн .1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байна.

Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаал хасагдаж, тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын орон тоо шинээр батлагдсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ангилал эрхэлсэн түшмэлээс тэргүүн түшмэл болж өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд тусгай шалгалт өгөх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь тусгай шалгалт өгсний үндсэн дээр Газрын даргын албан тушаалд томилогдох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Тодруулбал, дээр дурдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан алба нь газар болж өөрчлөгдөн батлагдсан байх бөгөөд уг ******* дугаар тогтоол хүчинтэй, тус ******* дугаар тогтоолыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг гаргасан байх тул маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Дахин тодруулбал, нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих буюу ангилал өссөн тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр тодорхой хуульчилсан байх тул шүүх нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Үүнээс үзэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,” гэж заасны дагуу миний ажиллаж байсан алба, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь тодорхой тул би газрын даргын албан тушаалд тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдох ёстой” гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн  гэх зохицуулалт нь төрийн захиргааны албан тушаалын ангилал өөрчлөгдсөн буюу өссөн тохиолдолд хэрэглэгдэхгүй, харин байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын ангилал хэвээр үлдсэн тохиолдолд хэрэглэгдэхээр байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий 2 дахь шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .7, 33 дугаар зүйлийн 33.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Б.Х******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ