Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

        А.О 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану Марал” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Шийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт ”Өмнө нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээ өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Хохирогчийн хохиролд 700.000 төгрөг төлсөн” гэв.

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Ш мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  00:10 цагийн орчимд ...пабны тайзны урд талд голын ширээнд сууж байсан саарал цамцтай эмэгтэй анх намайг пабад орж ирэхээс өмнө над руу хялалцаж харсан бас 00-ын өрөөнд бид 2 зөрөхдөө тэр эмэгтэй мөрөөрөө намайг миний мөр рүү шүргэсэн намайг тэр эмэгтэй өдөөд байсан тэгэхээр нь би Чүнжигноровоос саарал цамцтай эмэгтэйг асуусан чинь тэр халамцуу байсан болохоор аль вэ гээд олж хараагүй юм. Би 00-ын өрөөнөөс гарахад Чүнжигноров нь ширээнээс боссон тамхи татаадхъя гэж хэлээд пабаас гарсан...би тек рүү хэд хэдэн удаа явахдаа голын ширээн дээр сууж байсан саарал цамцтай эмэгтэйгийн дандаа араар нь явсан. Тэгсэн голын ширээнд сууж эмэгтэй болон пабад дуулдаг гэх улаан хүрэн өнгийн цамцтай залуу болон өөр хүмүүс над руу дайраад байсан одоо манай хаасан тийм үйлчилгээ байхгүй гэж хэлсэнээ надад эвгүй хэлсэн юм тэгэхээр нь би за тэгвэл дуулуулчихаа мөнгийг нь нэмээд өгье гэж хэлсэн тэгээд би буцаад ширээн дээр очиж суусан улаан хүрэн цамцтай дуучин залуу дуулсан пабад байсан бүх хүмүүс бүжиглэсэн текний хэсэгний ширээн дээр байсан хүмүүс бүжиглээгүй юм. Тэгээд Чүнээ бид 2 гарч бүжиглэсэн дуу  дуусаад Чүнээ ширээ рүүгээ очоод суусан би араас нь суух замдаа голын ширээн дээр сууж байсан хүмүүс ихэнх нь байхгүй байсан нэг залуу сууж байхаар нь очиж ширээн дээр би хоёр гараа тавиад танай ширээн дээр сууж байгаа саарал цамцтай эмэгтэй намайг орж ирсэн цагаас хойш дарамтлаад байсан ямар учиртай ингээд байна вэ гэж асуусан чинь тэр залуу мэдэхгүй тийм үү гэж хэлсэн. Тэгээд би буцаад ширээ рүүгээ суусан удалгүй голын ширээн дээр сууж байсан 5-6 хүн ирж суусан. Тэгэхээр нь  би саарал цамцтай эмэгтэйгийн ард нь очоод тэр эмэгтэйд чи яагаад намайг орж ирсэн цагаас хойш ингээд байгаа юм бэ хэж хэлээд баруун  гараараа тэр эмэгтэйгийн хоолойг боосон юм. Тэгсэн тэр эмэгтэй намайг үсэдсэн тэгэхээр нь би зөрүүлээд үсэдсэн бид хоёр үсдэлцээд байж байхад тэр эмэгтэйтэй хамт явж байсан хоёр хүүхэн намайг үсэдсэн тэр 3- уулаа намайг шал руу унагаасан. Тэгэхээр нь би унасан чигээрээ  саарал цамцтай эмэгтэйг үсдээд бас нэг хар урт үстэй эмэгтэйг үсэдсэн би тавиагүй намайй үсдээд шалаар чирсэн тэгээд хүмүүс ирээд салгасан тэгээд бид нар үсдэлцсэн байснаа тавьсан.  Саарал цамцтай эмэгтэй текний ард зогсоод үсээ янзалж байхдаа хэл амаар доромжилсон янхан банзал гээд л тэр хүмүүс над руу дайраад л байсан. Би 00 өрөө рүү явж байхдаа эргэж харахад голын ширээн дээр сууж байсан нэг залуу нь шар айрагны шил гартаа бариад Чүнээ рүү чиглээд явж байсан би 00-ын өрөөнөөс гараад паб руу ороход Чүнээ тайзан дээр суусан байсан толгой маш их цус болсон байсан” /хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Гантулга мөрдөн байцаалтанд” 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой тэр өдөр лоунж олон  хүнтэй байхаар амьд хөгжим тоглодог юм тэгээд хөгжим тоглох гээд дуучин хөгжимчин хоёр болох Бат-Эрдэнэ Мөнхшагай хоёроос түрүүлээд лоунж руу орсон тэгсэн чинь текен дээр үл таних согтуу эмэгтэй манай зөөгчийг амьд хөгжим тоглохыг шаардаж байсан тэгэхээр нь манай зөөгч Юри хөгжимчин ороод ирлээ гээд тэр согтуу эмэгтэйг надтай уулзуулсан юм. Тэгсэн тэр эмэгтэй  намайг та нар тайзан дээрээ гараад үзэсгэлэнт гэдэг дууг яг одоо дуулаадах гэж шаардсан. Тэгэхээр нь манай хоёр хүн ирэхээр дуулнаа гэж хэлсэн тэгсэн тэр эмэгтэй ширээ рүүгээ суусан тэгсэн хэсэг хугацааны дараа буцаж босож ирээд над дээр яагаад дуулахгүй байгаа юм бэ одоо дуулаадах мөнгө хэрэгтэй юм уу гэж хэлсэн бас 100.000 төгрөг хэрэгтэй юмуу одоо дуулаадах  гэж хэлсэн за одоохон гэж хэлсэн чинь тэр эмэгтэй суусан. Тэгээд тэр согтуу эмэгтэй хамт ирсэн залуу дээрээ очоод энэ хөгжимчид дуулахгүй байна гэсэн чинь тэр эрэгтэй нь чамд мөнгө нь байгаа юм уу чи мөнгийг нь өгч чадах юм уу гээд хоорондоо хэрэлдээд байсан. Бид нар удалгүй тайзан дээрээ гараад дуугаа дуулаад байж байтал тэр эмэгтэй бүжиглээд манай пабад үйлчлүүлж байсан хүмүүс рүү хашгираад яваад байсан тэгсэнээ манай зөөгч дээр очоод гараа сарвайгаад хэл амаар доромжлоод байсан. Манай төвийн дуучин О нэг залуутай ширээнд сууж байсан тэгсэн тэр хамт явж байсан залуу нь бухимдаад ундааны лааз аваад шал руу савсан юм яагаад уурласан гэхээр тэр согтуу эмэгтэйгийн гаргаж байгаа зан аашнаас болоод тэгсэн юм. Тэгсэн чинь тэр согтуу эмэгтэй Оийн араас хоолойг нь боосон юм. Тэгээд О болон тэр согтуу эмэгтэй хоёр хоорондоо зодолдоод байхаар нь бид нар хөгжмөө унтраагаад тэр хоёрыг салгасан юм” /хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14798 дугаартай “Б.Ш-ийн биед тархи доргилт, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлйийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14980 дугаартай “О хамрын үзүүр, хамрын угалзанд нөсөө, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй”  /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр А.О мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 01:00 цагийн орчимд ...гаднаас нэг эмэгтэй орж ирээд 11 дүгээр ширээн дээр суусан тэнд Чүнжигноров хоёр залуу байсан тэгээд тэр эмэгтэй согтолтын хэмжээ маш их байсан тэр эмэгтэй ширээ, ширээн дээр очиж хүмүүс рүү чичилж хэл амаар доромжлоод л яваад байсан би тухайн үед манай пабын үйлчлэгч согтуу хүмүүс явж л байдаг гэж бодоод ямар ч ач холбогдол өгөөгүй юм. ...манай пабны зөөгч охиныг тэр эмэгтэй хэл амаар доромжилж ямар удаан юм бэ гичий янхан гэж хэлсэн текэн дээр очиж тэгсэнээ бас ширээн дээрээ очиж суусанаа манай зөөгч эмэгтэйг орилж дуудаад хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би 11 дүгээр ширээн дээр очиж тэр эмэгтэйд манай зөөгч жоохон завгүй байна жоохон байж байгаад захиалгыг чинь  авнаа гэж хэлсэн чинь намайг чи хэн юм бэ гичий минь  гэж хэлсэн тэгэхээр нь би хэрүүл маргаан болно гэж бодоод буцаад яваад өгсөн юм. Тэгсэн тэр эмэгтэй манай пабны дуучин Мөнхшагай Бат-Эрдэнэ хоёрын аль нэг дээр нь очоод хэдээр дуулдаг юм бэ гэж асуусан гэсэн.  Тэгсэн манайхан 20.000 төгрөгөөр дуулдаг гэж хэлсэн чинь тэр эмэгтэй 80.000 төгрөг яг одоо өгье яг одоо тайз руу гараад дуул гэж шахаж шаардсан гэсэн...Тэгснээ нөгөө эмэгтэй текнээс над руу чиглэлтэй ирээд миний ард зогсож байснаа миний араас намайг шууд боосон тэгэхээр нь би тавиулах гээд үснээс нь зуураад тавихгүй байсан би босох гэсэн чинь миний мөрөн дээр дараад зогссон байсан тэгсэн Батгэрэл хараад бид хоёрыг салгах гээд тэр эмэгтэйгийн нүүр рүү хүчтэй биш мангасдаж салгасан. Тэгээд би босоод тэр эмэгтэй бид хоёр харилцан зодолдсон би тэр эмэгтэйгийн дээр нь гараад нүүр рүү нь алгадсан тэр эмэгтэй бас намайг үсдээд алгадсан зөөгч Юнжирдулам, Батгэрэл нар ирээд бид хоёрыг салгасан тэгээд тэр эмэгтэй бид хоёр маргалдаад хувцас хунараа сольсон юм. Тухайн үед Чүнжигноров ирж тэр эмэгтэйг аваад ширээ рүүгээ явсан юм Батгэрэл бас л дайрах гээд байхаар нь би хорьсон тэгсэн Батгэрэл ширээн дээр шар айрагны шилийг аваад Чүнжигноровын толгой руу нь цохисон юм. Би Батгэрэлийг салгасан тэгсэн тэр эмэгтэй Батгэрэлийг түлхсэн тэгээд бид 2 үсдээд харилцан зодолдсон хоорондоо бид 2 үсдэлцсэн тэр эмэгтэй миний гэдэс рүү цохиж намайг элэгдсэн”  /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “... Оийг л тэр хүүхэн өдөж хоргоож үс гэзгээс нь зулгаасан юм уу эсвэл үгээр идсэн юм уу тийм юм болсон гэсэн.  Намайг тайзан дээр дуулаад байж байхад нөгөө хүүхэн Отэй нэг харахад барилцаад авч байсан...” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

 

 

Хавтаст хэргийн 93 дугаар талд “хохирогч Ш би яллагдагчтай эвлэрсэн тул хэргийг хялбараар шийдэж өгнө үү, миний бие шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 93/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48/,  ял шалгах хуудас /хх-ийн 66/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 68/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 70/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

А.О 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану Марал” караоке бааранд Б.Шийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ш-ийн “ ... би саарал цамцтай эмэгтэйгийн ард нь очоод тэр эмэгтэйд чи яагаад намайг орж ирсэн цагаас хойш ингээд байгаа юм бэ гэж хэлээд баруун  гараараа тэр эмэгтэйгийн хоолойг боосон юм. Тэгсэн тэр эмэгтэй намайг үсэдсэн тэгэхээр нь би зөрүүлээд үсэдсэн бид хоёр үсдэлцээд...намайг үсдээд шалаар чирсэн тэгээд хүмүүс ирээд салгасан...” /хх-ийн 24/, гэрч Э.Гантулгын”...тэр согтуу эмэгтэй Оийн араас хоолойг нь боосон... тэгээд О болон тэр согтуу эмэгтэй хоёр хоорондоо зодолдоод байхаар нь бид нар хөгжмөө унтраагаад тэр хоёрыг салгасан юм...” /хх-ийн 25/,  гэрч О.Бат-Эрдэнийн”...Оийг л тэр хүүхэн өдөж хоргоож үс гэзгээс нь зулгаасан юм уу эсвэл үгээр идсэн юм уу тийм юм болсон гэсэн...” /хх-ийн 42/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14798 дугаартай дүгнэлт хх-ийн 29/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-20/, толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 30, 63/,  хохиролын баримтууд /хх-ийн 49-61, 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос А.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч А.О-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

 

        Шүүгдэгч А.О тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүх, шүүгдэгч А.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан түүний холбогдсон гэмт хэргийн тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батхуяг “шүүгдэгч А.О гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Штэй  эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргалаа.

 

     А.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл энэхүү зохицуулалтыг зөвхөн хорих ял оногдуулах тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан байх тул өмгөөлөгчөөс гаргасан дээрхи хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

 

        Шүүгдэгч А.О-т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.