Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/283

 

 

 

 

     2024           3             05                                       2024/ДШМ/283

 

Б.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогч П.О,

шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Т,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.О, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Тт холбогдох эрүүгийн 2303000000488 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн Б.Т, 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “М” ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн замд “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч П.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Таас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.656.273 төгрөгийг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан 7.150.000 төгрөгийг, нийт 8.806.273 төгрөгийг гаргуулж хохирогч П.Од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Тийн хариуцлагагүй үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болж миний бие 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр явган хүний замаар гарч байгаад түүний жолоодож явсан машинд мөргүүлж, ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй, явж чадахгүй болж удаан хугацаагаар эрүүл мэндээрээ хохирсон, шүүх хуралд хүртэл өөрийнхөө хөлөөр явж чадахгүй, суга таягтай очиж орсон. Одоо ч гэсэн бүрэн гүйцэд эдгэрээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр миний баруун хацарт цус хуралт, зүүн 6-р хавирганы үзүүр хэсэгт зөрүүгүй хугарал, зүүн талын өвдөгний үений урд чагтан холбоосны суналт, дотор колатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, тахилзуур ясны толгойн хэсэгт зөрүүгүй хугарал, дунд чөмөгний гадна булууны латерал хэсгийн ясны эдийн няцрал зэрэг олон тооны хугарал, урагдал, няцрал гэмтэл надад учирсан болохыг тогтоогдсон. Миний бие осолд орсон өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-нд “Мед Трама” эмнэлэгт хийлгэсэн MRI буюу соронзон резинанст томографи шинжилгээ хийлгэсэн. Хариу нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны орой гарсан. Ингээд ГССҮТ-д хэвтэх гэхэд ор байхгүй байсан тул гадуур өөр эмнэлэг хайхад хүрсэн. 2023 оны 9 дүгээр сарын 29-нд “Элбэрэл” эмнэлэгт 7 хоног, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Сэргээн засах клиник төв”-д 14 хоног, 2023 оны 10 дугаар сарын 27-нд ГССҮТ-д 14 хоног тус тус хэвтэн эмчлүүлсэн буюу бүтэн 1 cap хагас гаруйн хугацаанд тасралтгүй эмнэлэгт хэвтсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-нд “Мед Трама” эмнэлэгт дахин хувийн зардлаар MRI хийлгэсэн. 27 хоногийн хугацаанд аль сайн гэсэн эмчилгээг хийлгэсэн боловч сүүлийн шинжилгээ зхний шинжилгээний хариутай бараг адил байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар учруулсан хохирлоо нөхөн төлөхгүйн тулд шүүх хуралд 14 хоногт эдгэх байсан гэж худлаа ярьж, хохирол төлөхгүй гэж үндэслэлгүй маргаж, өнөөдрийг хүртэл миний хохирлыг барагдуулахгүй чирэгдүүлж байгаа шүүгдэгчид маш их гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийг ёс зүйгүй, үндэслэлгүйгээр хүн гүтгэсэн гэж үзэж бас гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэдийгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх эрхтэй боловч шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэж, шүүхийн тогтоолд заасан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахгүй байхаар хуулийн болон түүнийг дагаж гарсан тогтоол, журмыг хэт буруугаар тайлбарлан улайрч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь, хууль, дүрэм, журмыг судлаад үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт шаардлагагүй, хохирогч зөвшөөрсөн тохиолдолд шүүх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх нь нээлттэй байх ба харин ч шүүх хамгийн багаар тооцож гаргуулсан байсан. Шүүгдэгч анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дараа хохирлыг төлнө гэж 5 хоногийн завсарлага авсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болох 7.150.000 төгрөгийг төлж барагдуулаагүй зөвхөн эмчилгээний зардал төлсөн. Өнөөдрийг хүртэл бодит гарсан зардлыг минь ч бүрэн барагдуулаагүй атал шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр дахин давж заалдах гомдол гаргаж байгаа нь цаг хугацаа, сэтгэл санааны хувьд хохирогч намайг дахин чирэгдүүлж хохирсон дээр минь хохироож байгаа үйлдэл хэмээн үзэж гомдолтой байна. Энэ хэргээс болж миний хэвийн амьдрал алдагдаж, бүтэн 4 cap эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байгаагаас гадна намайг эмнэлэгт хэвтсэн байх хугацаанд өндөр настай ээж минь гэрээсээ төөрч, би ээжийгээ ч асарч чадахгүй, маш их сэтгэл санааны дарамтад орсон. Мөн одоо ч миний бие нөхөртэйгээ хэвийн унтаж чадахгүй байгаа нь надад учирсан хохирол, хор уршиг арилахгүй байгаа бодит жишээ болно. Анхан шатны шүүхээс миний нэхэмжилсэн зарим мөнгийг гараагүйд бас гомдолтой байгаа. Учир нь, энэ осолд орсны улмаас би хурдан эдгэж явж чаддаг болох гээд олон арга хэрэглэж, ясны хугарал бэртэл, урагдал, зөөлөн эдийн гэмтэл, дархлаанд сайн хурдан эдгэдэг гэх Fohow брэндийн элекстар, кальци, алтан цус авч хэрэглэсэн. Тухайлбал, элекстар гэх бүтээгдэхүүн 30 боодлыг 4.560.000 төгрөгөөр, 6 сав кальци 684.000 төгрөгөөр, 2 сав алтан цус гэх бэлдмэлийг 456.000 төгрөгөөр авч хэрэглэн, нийт 5.700.000 төгрөг эм, эмийн бүтээгдэхүүнд зарлагдсан. Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлээд гарахад хоёр ясны хооронд урагдалтай гам сайн барихгүй бол цуурах магадлалтай, гэрээр өвдөгний наалт өвлийн улиралд байнга нааж хэрэглэ гэсэн тул Солонгос улсаас 1 ширхэг нь 10000 вон, нэг боодолд нь 5 ширхэг байдаг дугуй хэлбэртэй наалт 50.000 вон гээд хөнгөлөлт үзүүлээд 45.000 вон /монгол мөнгөөр нэг боодол нь 117.000 төгрөг/-өөр 2 боодлыг захиж авчруулж, одоо хүртэл хэрэглэж байна. Тухайн осолд ороход миний нүдний шил хагарч хугарсан. Би төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд +5.5 хэмжээтэй байдаг тул шууд шинээр шил захиж, 250.000 төгрөгөөр хийлгэсэн. Энэ талаарх баримт, падаануудыг шүүхэд гаргаж өгсөн байхад надаас бодитоор гарсан дээрх зардлуудыг хохирлын үнийн дүнд тооцож оруулаагүй. Миний бие өөрт шаардлагатай эм, эмийн бэлдмэлийг хэрэглэж байж өдий зэрэгтэй явах хэмжээнд болж байгаа юм. Тухайн осолд ороогүй байсан бол надад ийм их хэмжээний зардлууд огт гарахгүй байсан юм. Эдгээр нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ шууд шалтгаантай гарсан зардлууд юм. Түүнчлэн, би осолд орохоос өмнө Нисэхэд байрлалтай “Буман Залуус” хотхоны доор байрлах “Бум худалдааны төв”-д лангуу түрээслэн ажиллуулж байсан. Осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас өөрийн түрээслэн ажиллуулж байсан ашиг орлого олдог лангуугаа 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хаахад хүрсэн. Түрээсийн лангуунаасаа олдог байсан ашиг орлогыг хөтөлдөг өдрийн орлогын бүртэл, түрээсийн гэрээ зэргийг хэрэгт хавсаргаж өгсөн. Гэтэл үүнийг шийдвэрлээгүй. 1 cap хагас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, гэртээ хэвтрийн дэглэм сахиж гадуур гарах боломжгүй 1 cap хагас хэвтсэн гээд нийт 3 сарын олох байсан орлогод тооцож 4.500.000 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Иймд, энэ гэмт хэргийн улмаас надаас бодитоор гарсан зардал болох нүдний шилний 250.000 төгрөг, эм, эмийн бүтээгдэхүүн авсан 5.700.000 төгрөг, өвдөгний наалт 234.000 төгрөг, нийт 6.184.000 төгрөг, олох байсан ашиг орлого 4.500.000 төгрөгийг тус тус гэм буруутай шүүгдэгч Б.Таас нэмж гаргуулж, хохирогч П.О надад олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх топгоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт, 7 дахь заалтыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.656.272 төгрөгийг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7.150.000 төгрөгийг, нийт 8.808.273 төгрөгийг гаргуулж хохирогч П.Од олгосугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирлын хэмжээг шүүхээс 1.656.273 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Т хохирлыг төлөх зорилгоор 5 хоногийн завсарлагаа авсан. Улмаар хохирогчийн дансыг шүүгчийн туслахаар дамжуулан авч, шүүхийн шийдвэрт дурдсан хохирол 1.656.273 төгрөгийн шилжүүлэн банкны шилжүүлгийг нотлох баримтаар өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байхад хохирлыг төлөөгүй хэмээн шүүгдэгчээс дахин гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн хавстаст хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдаагүй байдаг бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй адилтган хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг зэргийг тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, хавтаст хэрэгт мөрдөгчөөс гаргасан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон хүснэгт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нөхцлийг тогтоосон байх шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалт нь "Журам батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/269, А/276 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэтгэцийн шинжилгээ хийх журам”-ын 2.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан "Сэтгэц судлал" үндсэн мэргэшил эзэмшсэн, шүүхийн сэтгэц судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн 2-оос доошгүй шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй баг шинжилгээ хийнэ” гэж заасныг зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүгдэгч Б.Т хохирогчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө амалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг заавал нөхөн төлсөн байхыг шаардаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэж заасныг хэрэглээгүй нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Тт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн зүгээс “анхан шатны шүүх хуралдааны явцад миний гаргаж өгсөн баримтуудыг үнэлээгүй” гэж давж заалдах шатны шүүхэд шинээр нотлох баримтууд гарган өгч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалж, эмчилгээ хийлгэсэн болон шатахуун, зогсоолын төлбөр зэрэгт зарцуулсан нийт 1.656.273 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Хохирогчийн тайлбарлаж байгаа түрээсийн төлбөр болон нэмэлт бүтээгдэхүүн авсан төлбөр, эмнэлгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар шийтгэх тогтоолд дурдаж, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Мөн хохирогч “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, улсад төлнө” гэж тайлбарлаж байна. Энэ талаар зохицуулсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан нь Нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр тусламж, үйлчилгээ авсан иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй тул  хохирогчид олгож, хохирогч улсад төлөх зохицуулалт байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил адилтгаж үзнэ гэж заасан. Тус журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасан. Гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.О нь дээрх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон хүснэгтэд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн баримт хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар талуудын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн замд “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч П.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Оын “... Яармагийн дэнжийн буудлын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зам гарах үед зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний машин зогсож зам тавьж өгсөн. Би цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд 2 дугаар эгнээ рүү ортол ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан машин миний зүүн тал руу мөргөөд би газар унахдаа дээшээ харж унасан. 103 ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд байгаа гэмтэл учирсан, 6 дугаар хавирга хугарсан, зүүн хөлийн өвдөгний холбоос 80-90 хувийн урагдалтай, өвдөгний бяцралттай. Энэ ослоос болж эрүүл мэнд, эдийн засгаар маш их хохирлоо. Ажилгүй байх үеийн орлого, эмчилгээнд гаргасан зардал, цаашид гарах зардал зэргийг нэхэмжилнэ. Тухайн ослоос болж харааны нүдний шил хугарсан ба манай хүргэн Солонгос улсад захиалж хийлгэсэн. Энэ шилээ би 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /хх 13/,

иргэний хариуцагч С.У-ийн “... Би тухайн осол болох үед нь байгаагүй. ... Гэмтлийн эмнэлэг дээр очиход рентген зургаа авхуулсан MRI зургаа авхуулах гээд байж байсан. MRI хариу 3 хоногийн дараа гарна гээд нэг дискийг мөргүүлсэн эгчийн хүргэнд өгч байсан, тэгээд яаж 3 хоног хүлээх вэ дээ гээд таньдаг эмч дээрээ орно гээд нэг таньдаг эмч дээрээ орсон, тэр эмч нь уншиж үзээд маргааш хариуг нь хэлнэ гэж байсан, өөр надад энэ ослын талаар мэдэх зүйл байхгүй. “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би унах зөвшөөрөл өгсөн, ер нь байнга унаж хэрэглэдэг миний нэр дээр боловч манай нөхөр Б.Тийн өөрийн машин юм. Би хохирлыг төлж барагдуулна гэхдээ гаргаж өгсөн бодит баримт бол төлж барагдуулна. Мөргүүлсэн хүн маань манай нөхрөөс ямар ч баримтгүй 10.000.000 төгрөг нэхээд байна, энэ мөнгийг төлөх боломжгүй байна. ...” /хх 18/,

иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.О нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 537.000 төгрөгийн зардал гарсан болох нь мэдээлэл судалгааны ажилтнаас гаргаж ирүүлсэн баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 26/,

Б.Тийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн өдрийн өглөө эхнэр С.У-гийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодоод өглөө 08 цаг өнгөрч байхад Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний зохицуулдаггүй гарц дээр зогсоод баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарцаар гарч явсан явган зорчигч нарт зогсож зам тавьж өгсөн. Тэгээд явган зорчигч нар гараад өнгөрөхөөр нь урагш хөдлөхөд 1 дүгээр эгнээгээр явсан машины араар нь гэнэт явган зорчигч замын баруун талаас гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгээд зогсохтой зэрэгцээд машины урд хэсгээр явган зорчигчийг мөргөөд зогссон. Ослын дараа би машинаас буугаад биеийн байдлыг асуугаад 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. 103-ын автомашин эхэлж ирээд эмч нь машинд мөргүүлсэн, настайвтар эмэгтэй хүнийг үзээд унахдаа өвдгөө замын ховилд цохисон байна, эмнэлэг авч явах шаардлагагүй гэж хэлсэн. Тэр үед машинд мөргүүлсэн эмэгтэй зүүн хөл өвдөөд байна босож чадахгүй байна, явна гэж хэлээд эмнэлгийн машинтай явсан, дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийгээд намаг драгер үлээлгэсэн 0.00 гарч байсан зураг дарж авсан. Цагдаа нар явсан. Би дараа нь гэмтлийн эмнэлэг рүү очсон, машинд мөргүүлсэн хүнд хэрэгтэй бүх шинжилгээг өгсөн, эмчийн бичиж өгсөн эм, тариаг мөн авч өгсөн. Тухайн үед тэр хүний хөлийг эмч сойлт хийгээд боож өгсөн, тэгээд унтахдаа авч болохгүй талаар зөвлөмж өгсөн, маргааш нь машинд мөргүүлсэн эмэгтэй гэмтлийн эмнэлэг дээр ирэхдээ сойлтоо авчихсан байсан. Би та яагаад сойлтоо зүүгээгүй юм бэ гэхэд мартсан гэж хэлсэн. Би шинжилгээний хариу аваад шүүх эмнэлэгт үзүүлье гэхэд би орохгүй, надад тийшээ орох шаардлага байхгүй гэж хэлсэн. Би мөрдөгчтэйгөө уулзсан, тэгээд явган зорчигчийг шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгсөн. Тэр хүн шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолоо аваад 2, 3 хоног үзүүлээгүй явж байснаа, над руу 4 хоногийн дараа залгаад би шүүх эмнэлэгт үзүүлсэн, хариу нь гарсан хүндэвтэр гэж гарсан байна лээ гэж надад хэлсэн. Би 2019 онд жолоодох эрхтэй болсон, жолоодох эрхийн В ангилалтай жолооч юм. Цаг агаар тогтуун үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Авто машины хөдөлгөөн хэвийн байсан. Би хохирогчид нийт 1.400.000 төгрөг эрүүл мэнд эмчилгээнд зарцуулсан. Ослын дараагаар би явган зорчигч эмэгтэй рүү утсаар залгахаар утсаа авдаггүй байсан. Тэгээд 3, 4 хоногийн дараа эмнэлэгт хэвтчихсэн байна мөнгийг нь төлөөрэй гэж хэлсэн. Бусад байдлаар надад эрүүл мэндтэй холбоотой юм яриагүй. Би ослын эхний өдөр бүх шинжилгээг өгсөн. Одоо над руу ярихаараа ямар нэгэн үндэслэлгүй 10.000.000 төгрөг өг, тэгвэл санал гомдолгүй гэж бичиж өгнө гэж хэлсэн. ...” /хх 129-130/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12447 дугаартай “П. О-ын биед баруун хацарт цус хуралт, зүүн 6-р хавирганы үзүүр хэсэгт зөрөөгүй хугарал, зүүн талын өвдөгний үений урд чагтан холбоосны суналт, дотор колатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, тахилзуур ясны толгойн хэсэгт зөрүүгүй хугарал, дунд чөмөгний гадна булууны латерал хэсгийн ясны эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 43-44/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №999728 дугаартай “... “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлагыг хангаж байна. 2 болон 3-р асуултад нэгтгэж хариулахад бүрэн бус шинээр үүссэн эвдрэл, гэмтэл байхгүй болно. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгатай ABS цахилгаан тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь хийн шингэн дамжуулгатай ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүснэ. “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэл нь ойр болон холын гэрлийн тусгал чадал нь зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 29300 cd, ойр дээрээ 21200 cd, баруун rap талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 16800 cd, ойр дээрээ 16200 cd, байгаа нь стандартын шаардлага хангаж байна.” /хх 52-55/ гэсэн дүгнэлтүүд,

мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “... “Toyota Prius” маркийн 24-06 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн магадлагаа /хх 118/,

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн тухай маягт /хх 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 4-10/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Б.Тийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Тийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсныг өөрчлөх, ял хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тгийн ялыг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 Мөн шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийн шинж байдалд дүгнэлт хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тооцож, 7.150.000 төгрөгийг шүүгдэгч Б.Таас гаргуулж, хохирогч П.Од олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн, уг хохирлоос давж заалдах шатны шүүхэд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин шүүхийн эмчилгээ, шатахуун, зогсоолын төлбөр зэрэгт 1.656.273 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан төлбөрийг шүүгдэгчийн зүгээс завсарлага авч, төлж барагдуулсан байхад шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт дахин гаргуулахаар заасан үндэслэлгүй байгааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч П.Оаас “... гэмт хэргийн улмаас надаас бодитоор гарсан зардал болох нүдний шилний 250.000 төгрөг, эм, эмийн бүтээгдэхүүн авсан 5.700.000 төгрөг, өвдөгний наалт 234.000 төгрөг, нийт 6.184.000 төгрөг, олох байсан ашиг орлого 4.500.000 төгрөгийг Б.Таас нэмж гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримт хангалттай биш байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Тгийн гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээж авсан зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч П.Оын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтад “Шүүгдэгч Б.Таас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.656.273 төгрөгийг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан 7.150.000 төгрөгийг, нийт 8.806.273 төгрөгийг гаргуулж хохирогч П.Од олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Таас 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Од олгосугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ   

                                               ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ