Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/284

 

 

 

 

    2024           3             05                                       2024/ДШМ/284

 

А.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

хохирогч Б.У,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Тд холбогдох эрүүгийн 2308029542142 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн  А.Т, 1993 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

А.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 82 тоотод эхнэр Б.Уийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэг рүү гараараа цохиж биед “баруун шанаа, дээд зовхи, зүүн бугалга цус хуралт" бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд
зааснаар А.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд
ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
хэрэг хянан шийдвэрлзх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад
төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,
түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр А.Тд зодуулсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчид үзүүлэхэд гэмтлийн хөнгөн зэрэг гарсан. Зодуулсны улмаас миний сэтгэцэд 2 дугаар зэргийн гэмтэл учирсан байсан. Мөн миний зүрх өвддөг болсон. Хүн чанга дуугарахаар айж, сандарч салгалдаг. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчөөр “... мэдүүлгээ зөөлрүүлээд өгчих, чиний гар утас болон чамаар авахуулсан зээлээ төлж өгнө.” гэж хэлүүлсэн байсан. А.Т 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр намайг зодож, ухаан алдуулаад ... оруулж үргэлжлүүлж зодож зүрх рүү цохисон, мөн машин эвдэлсэн. Сална гэж хэлэхээр баруун гарын шуугаа 2 удаа зүссэн. 2023 оны 5 дугаар сард зодохдоо миний Iphone 13 pro маркийн гар утсыг булааж авсан. Зодуулсны улмаас миний хөхний сүү татарсан. Би энэ үед төрөөд 1 сартай байсан. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр миний Хятад утас Infinix /smart 7/ маркийн гар утсыг эвдэлсэн. 2023 оны 3 дугаар сарын 25, 26, 28-ны өдрүүдэд надаар Симплэ аппилекшнээр зээл авахуулсан. Одоо хүртэл бүрэн төлөөгүй учир би А.Тгийн үгэнд хууртаж, сэтгэцэд нөлөөлсөн хохиролд гомдолгүй гэж гарын үсэг зурсан. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хурлын өмнө би чамайг хохиролгүй болгоно, хүүгээ бодоод хохиролгүй гээд хэлээд өг гэж хэлсэн. Гэвч шүүх хуралдааны дараа намайг “... тэмбүүтэй г... минь, ална, эрүүг чинь заана...” гэж орилж, миний нэр хүндийг гутаасан. Би үнэхээр гомдолтой байна. Хохирлыг минь барагдуулж өгч, А.Тд тохирсон ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч А.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад ямар нэгэн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Гомдол, саналгүй гэж илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Тг “бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсан. Гэвч хохирогчийн зүгээс сэтгэл санааны хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн агуулгатай гомдол гаргаж байна. Мөн анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас цаашид хохирогчид гарах хохирол, хор уршгийн зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаагүй. Иймд хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 82 тоотод эхнэр Б.Уийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэг рүү гараараа цохиж биед нь “баруун шанаа, дээд зовхи, зүүн бугалга цус хуралт" бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Уийн “... 2023 оны 9 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн үед А.Т манайд орж ирсэн. Би хүүхдээ тэврээд хөхүүлээд орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Тэгэхэд надаас хэрүүл гуйгаад байхаар нь “Хүүхэд өвдөөд зогсоо зайгүй уйлаад байхад ядаргаатай юм, эсвэл чи гэртээ харь гэж хэлэхэд “Харанхуй шөнө дуудчихаад яахаараа би явдаг юм, чадахгүй, тоглоомтой п.... вэ” гэж хэлээд толгойн баруун талын чамархай хэсэг рүү гараараа цохисон. “...жижиг өрөөний тагт руу гараад “Чамтай байхаар үсрээд үхсэн нь дээр” гэж хэлэхэд “юу гээд байгаа п... вэ” гээд дахин гараараа баруун шанаа болон нүд рүү цохисон. Мөн том буйдан дээр “Наанаа суу, дуугүй бол гээд гараараа ам дарж байгаад шилбэ рүү өшиглөж, нүцгэн хөлөөрөө миний хөл рүү дэвссэн. Хүүхэд уйлаад байхаар нь буйдан дээр хөхүүлээд хэвтэхэд хажуугаар орж ирээд үснээс зулгааж байгаад чи дотроо ямар хорон санаа агуулж байна, намайг яаж хорлох уу гэж бодож байна гэх мэтээр дарамталдаг... би эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй, надад учирсан мөнгө, хохирол байхгүй, эмчилгээний баримт байхгүй, надад сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос татгалзаж байна. Миний баруун шанаа, баруун нүд, зүүн гар луу А.Т гараараа цохиж гэмтэл учруулсан, хөл дээр бас дэвссэн, гуяны хөхрөлтийг А.Т учруулаагүй, би өөрөө шилэн фсадны ирмэгт нидэрч хөхрүүлсэн. ...” /хх 31-32/,

А.Тгийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 9 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед намайг Дорноговь аймагт явж байхад миний болон хүүгийн бие өвдөөд байна, ээжтэй чинь ярьмаар байна гэх зэргээр доромжилсон чат бичсэн байхаар нь маргалдаж зүүн нүдний чамархайн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Мөн зүүн гараараа баруун бугалга орчим нь нэг удаа цохисон, зүүн хөлөөрөө баруун хөл дээр нь дэвссэн. Гэхдээ би гуталгүй байсан. ...” /хх 56-57/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 11984 дугаартай “Б.Уийн биед баруун шанаа, дээд зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.” /хх 45-46/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч А.Тгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож, хэмжээг 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Уийн зүгээс “...гэмт хэргийн улмаас надад учирсан хохирлыг гаргуулж, А.Тд тохирсон ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаснаас дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хохирол, хор уршгийн талаар “Хохирогч Б.У нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэсэн тул А.Тг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.” гэж дүгнэжээ.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт тусгана гэж хуульчилсан байхад шүүх тогтоолынхоо тогтоох хэсэгт энэ талаар тусгалгүй орхигдуулсан нь хуулийн шаардлага хангахгүй байх тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хангаж, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй, баримт байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна гэж мэдүүлж, энэ талаараа бичгээр илэрхийлж байсан хэдий ч шүүх хохирогчид гэм хор учруулснаас үүсэх үүргийг гэм хор учруулсан этгээдэд хүлээлгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгөөгүй баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хууль нийцнэ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй тул хохирогчийн хохирол, хор уршигтай холбоотой гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй, харин түүнийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, хохирогч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.У нь давж заалдах гомдолдоо “... А.Т нь шүүх хуралдааны дараа намайг ... гэж хэл амаар доромжилж, эрүүг чинь заана гэж орилж, нэр хүндийг гутаасан. ...” талаар дурдсан ба тэрээр энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ 

                                              ШҮҮГЧ                                       М.АЛДАР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ