2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/шш2025/03861

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07 192/ШШ2025/03861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандигийн гудамж NM оффис 19 давхарт байрлах ******* /РД:5255961/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-иас 116210227 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 11,900,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3.10% хувийн хүүтэйгээр, *******,*******, улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан. Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй, мөн барьцаа хөрөнгийг сугалаагаар цааш нь зарж борлуулсан гэсэн тайлбар өгдөг нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж байна. Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК нь 2023 оны 04 сарын 20-ны өдөр зээлдэгч *******ын 116210227 тоот дансанд 11,900,000.00 төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 116210227 тоот данстай зээлийн үндсэн зээлд 170753,05 төгрөг, үндсэн хүүнд 864.210.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0.00 төгрөгийг төлсөн. Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ны зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2023 оны 07 дугаар сарын 20 өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Гэрээний үүргийн зөрчил нь хугацаа хэтэрсэн хоног 581, үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 20,194,385.53 төгрөг байна. Иймд хариуцагч *******аас нийт 20,194,385.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний зүгээс нэмж хэлэх зүй байхгүй ... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 2023 оны 04 дүгээр сард зээлийн гэрээ байгуулж 2023 оны 07 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэдэг. Банк болон банк бус ХХК нь зээлийн гэрээг хэзээ зөрчсөнөөс эхлэн зээлийн гэрээг хэзээ цуцлах гэсэн зохицуулалт байдаг. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнийх нь дараа буюу 2023 оны 07 дугаар хойш 2025 он хүртэл 2 жилийн хугацаанд шүүхэд хандаагүй байдаг. Өнөөдрийг хүртэл хүү, алданги тооцох үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, зээлийн гэрээтэй холбоотой фидуцын гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг нэхэхгүй давуу тал үүссэн байдаг. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцалж, фидуцын гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах эрх байдаг. Нэхэмжлэгч гэрээгээ зөрчсөн гэж тайлбарладаг боловч өнөөдрийг хүртэл гэрээг цуцлаагүй байдаг. Зээлийн гэрээг цуцлах боломж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага цуцлаагүй байна. Мөн зээлийг гэрээний үүргийг фидуцын гэрээгээр хангуулах боломж байсан. Тэгтэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нарт олгосон итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар, зээл хүсэгчийг өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, Нэткапитал корпораци ББСБ ХХК-д гарасан өргөдөл, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар, банкны мөнгөн шилжүүлгийн баримт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгуулагчийн мэдүүлгийн маягтын хуулбар, автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хуулбар, Нэткапитал корпораци ББСБ ХХК-нд гаргасан *******ын гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

6. Хариуцагч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ад олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулна фидуцын гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй ... тухайн тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг нь мэдэхгүй ... гэж тайлбарласан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан ... гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №116210227 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулан 11,900,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцаж тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota aqua P10 маркийн 04-82 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 7-12/

 

4.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

5.1. Нэхэмжлэгч ******* нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 11,900,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд буюу түүний тус банк бус санхүүгийн байгууллагын харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

5.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгөн хөрөнгө 11,900,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй.

 

5.3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, зээлийн гэрээг цуцлах талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй ... гэж тайлбарлан маргаж байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2.5. гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, 8 дугаар зүйлийн 8.2.12-т Барьцаа хөрөнгийн чанар, үнэлгээ буурсан, зээлдэгч зээлдүүлэгчид үл мэдэгдэн барьцаа хөрөнгийг өөрчилсөн, захиран зарцуулсан, устгасан, үрэгдүүлсэн бол гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар заасан байна.

 

6.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.

 

6.2. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 11,900,000 төгрөгийг *******ын өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна гэж үзнэ.

 

6.3. Харин хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 200,506,48 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 392.664,68 төгрөг нийт 593.171,16 төгрөг төлсөн байх боловч ийнхүү зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй удаа дараа зөрчиж, сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан болох нь: зээлийн дансны хуулга, зээлийн тооцооллын хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 20, 15, 16/

 

7. Хариуцагч ******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

7.1. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байна.

 

7.2. Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээдэг.  

 

8. Иймд хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэлээ.

 

9. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцон суутгаж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан №116210227 дугаартай Фидуцийн гэрээ-ний зүйлээр шаардлага хангуулах нэхэмжлэл гаргаагүй, зээлийн гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааныг шийдвэрлэх зарчмын хүрээнд дээрхи гэрээтэй холбоотой дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******ыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******-нд хандаж ... 0482УЕН улсын дугаартай автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулж танайх хохирлоо барагдуулж, илүү гарсан төлбөрийг миний дансанд хийнэ үү ... гэх утгатай хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмлэглэлээ.

 

12. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

13. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,922 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 258,922 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,922 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 258,922 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ