| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01576/И |
| Дугаар | 192/шш2025/04658 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/шш2025/04658
2025 06 02 192/ШШ2025/04658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-нд холбогдох
1,571,746,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан 1,571,746,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* болон *******-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №02/2025 тоот шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Есөнбаяр Хурд ХХК-аас 1,571,746,562 төгрөг гаргуулахаар гаргасан. ******* нь БНХАУ-ын *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №22/05 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан ба тус гэрээгээр ******* нь захиалагч талын нүүрсийг Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэхээр тохиролцсон. Захиалагч болох *******-аас нүүрс тээвэрлэлтийн гэрээнд заасан төлбөр болох 3,241,041,250 төгрөгийг *******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 406171914 тоот дансанд 4 удаагийн гүйлгээр шилжүүлсэн байдаг. Ийнхүү *******-тай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээнд заасан нүүрс тээвэрлэлтийг хийж гүйцэтгүүлэхээр ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *******-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан ба тус гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 824,931,062 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 746,815,500 төгрөг буюу нийт 1,571,746,562 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлтийн төлбөрийг *******-д шилжүүлсэн байдаг. Есөнбаяр хурд ХХК-ийн *******-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлнэ гэж итгэсэн. Гэтэл *******-ийн зүгээс *******-д холбогдуулж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №2205 тоот Нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас тус гэрээний дагуу ******* нь *******-д холбогдуулан Нүүрс тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн нийт 3,241,041,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №05568 дугаар шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрээр ******* нь *******-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргийг хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нүүр тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй учраас уг гэрээний төлбөр болох 3,241,041,250 төгрөгийг *******-аас шаардах эрхтэй гэж үзээд *******-иас 3,241,041,250 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн ачааг тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхээр *******-тай гэрээ байгуулан төлбөрийг төлсөн, цаашлаад ******* нь өөр хуулийн этгээдтэй гэрээ байгуулан төлбөрийг төлөн ачааг тээвэрлүүлсэн гэж байх боловч энэ нь тухайн гэрээний дагуу ачааг тээвэрлэсэн гэж үзсэн боловч гэрээгээр *******-ний тохиролцсон Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэхээр байгуулсан гэрээний үүрэг хийгдээгүй байна гэж үзэж байна. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэрээр тогтоосон үйл баримт дахин нотлогдохгүй. Нэгэнт ******* нь *******-ийн нүүрсийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж тээвэрлэнэ хэмээн 1,571,746,562 төгрөгийг *******-иас авсан боловч нүүрс тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас тус гэрээний дагуу *******-аас 1,571,746,562 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Иймд *******-нас нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлсөнд төлсөн 1,571,746,562 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Есөнбаяр хурд ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******-тай нүүрс тээвэрлэх хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу тооцоо хийх, хяналт тавих ажлуудыг хийхээр болсон. Уг гэрээний дагуу Мандах наран мишээл ХХК болон Бэст Монголиа ХХК-тай нүүр тээвэрлүүлэхээр болж тус компаниуд руу шилжүүлсэн байдаг. Тус компаниуд гэрээний үүргийг бүрэн гүйцэт хийгээгүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. *******-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг манай зүгээс маргахгүй байгаа. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанийн мөнгийг манайх ашиглаагүй цааш нь ажил гүйцэтгүүлэхээр компаниудад шилжүүлсэн гэдгийг ******* нь сайн мэдэж байгаа. Манай компанийн зүгээс уг гэрээний төлбөрийг Мандах наран мишээл ХХК болон Бэст Монголиа ХХК нараас гаргуулж *******-д өгөхийг хүсэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шаардах эрх шилжүүлэх гэрээ, *******-ийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нүүрс тээвэрлэлтийн гэрээний хуулбар, Хамтран ажиллах гэрээний хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.
5. Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбар зэрэг баримтыг ирүүлсэн.
6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна.
7. Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан 1,571,746,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ******* нь *******-ийн нүүрсийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж тээвэрлэнэ хэмээн 1,571,746,562 төгрөгийг *******-иас авсан атлаа нүүрс тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул 1,571,746,562 төгрөгийг гаргуулна ... гэж тайлбарласныг хариуцагч хариу тайлбартаа ... *******-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг манай зүгээс маргахгүй байгаа. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанийн мөнгийг манайх ашиглаагүй цааш нь ажил гүйцэтгүүлэхээр компаниудад шилжүүлсэн гэдгийг ******* нь сайн мэдэж байгаа. Манай компанийн зүгээс уг гэрээний төлбөрийг Мандах наран мишээл ХХК болон Бэст Монголиа ХХК нараас гаргуулж *******-д өгөх хүсэлтэй байна ... гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №22/05 дугаартай Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр тээвэрлэгч ******* нь захиалагч *******-ийн нүүрсийг Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэн хүлээлгэн өгөх, ******* нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.2. Энэхүү гэрээгээр ******* нь 3,241,041,250 төгрөгийг *******-нд шилжүүлсэн гэх боловч ******* нь *******-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзээд гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардсан.
4.3 Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05568 дугаартай шийдвэрээр *******-иас 3,241,041,250 төгрөг гаргуулан *******-нд олгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг дахин нотлохгүй.
5. ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 22/06 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр ******* нь *******-ний *******-тай байгуулсан Нүүрс тээвэрлэх гэрээ-ний дагуу Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас худалдан авч буй нүүрсийг тээвэрлэх, ******* төлбөр төлөх үүрэгтэй байсан.
5.1. ******* нь Хамтран ажиллах гэрээ-нд заасан үүргээ биелүүлж 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 824,931,062 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 664,065,475 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 82,750,025 төгрөг нийт 1,571,746,562 төгрөгийг *******-нд шилжүүлсэн болох нь *******-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна.
5.2. Гэвч хариуцагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22/06 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ биелүүлээгүй, *******-ийн нүүрсийг тээвэрлэх гэрээний хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн.
5.3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
5.4. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй тул ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 22/06 дугаартай Хамтран ажиллах гэрээ-нээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 1,571,746,562 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
6. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 22/06 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу *******-иас шилжүүлсэн гэх 1,571,746,562 төгрөгийн төлбөрийг шаардах эрхийг *******-нд шилжүүлсэн байна.
6.1. Өөрөөр хэлбэл ******* нь ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22/06 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу шилжүүлсэн 1,571,746,562 төгрөгийн төлбөрийг *******-иас шаардах эрхийг гэрээгээр шилжүүлсэн авсан байх тул шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.
7. Иймд хариуцагч *******-иас 1,571,746,562 төгрөг гаргуулан *******-нд олгож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,016,685 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 8,016,685 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476-т зааснаар хариуцагч *******-иас 1,571,746,562 төгрөг гаргуулан *******-нд олгосугай.
2. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,016,685 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 8,016,685 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ