2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Н*******,

 Гуравдагч этгээд: О.С нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******,

Шинжээч Г.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Т******* нь хариуцагч Н*******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3235 дугаартай шүүхийн шийдвэрээр иргэн Г.Т*******гээс 102 858 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******т олгохоор, Г.Т******* нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох О.Сын өмчлөлийн Б******* дүүргийн 16 хороолол, ******* гудамж, байр, тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Төлбөр төлөгч талаас тус хөрөнгийн зах зээлийн үнийг 170 240 000 төгрөг гэж үнэлж, саналаа Н*******т хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгийг Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн институтээр үнэлүүлсэн байх бөгөөд төлбөр төлөгч талаас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Н*******т очиж, 140 тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс Үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлээс харахад хөрөнгийн үнэлгээг 101 746 004 төгрөг хэмээн тогтоосон байна. Гэтэл тухайн байршилд байрлах ашиглалтад ороод удаагүй орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн мкв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3 500 000-4 500 000 төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах үнэ цэнийн суурийг зөв тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүдийг буруу тооцоолж, нэг мкв-ын үнийг 2 390 648 төгрөг гэж хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын гаргасан Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр мөнгө олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөрийг зөвшөөрөөгүй учраас шинжээч томилсон байгаа. Гэтэл хэт доогуур үнэлсэн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээг 101 746 004 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Харьцуулахдаа Скай орон сууц үнэлсэн байдаг, гэтэл харьцуулах орон сууц өөр байдаг. Төгс апартмент гэсэн орон сууц байгаа, энэ орон сууцны үнэ тавигдсан байгаа. 1м.кв нь 4 130 000 төгрөг байгаа, хэт тохиромжгүй харьцуулах боломжгүй орон сууцыг үнэлсэн нь үнэлгээ буруу хийгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Үнэлгээ гаргахдаа Скай резидент сонгосон нь буруу гэж үзэж байгаа. Учир нь байрлалын хувьд өөр, өөр хорооны хол оршдог орон сууцыг сонгон үнэлсэн нь буруу гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, төлбөрийг төлөөгүй тохиолдолд О.Сын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж үнийн санал аваад хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчийг томилж, үнэлгээний тайлан гарахдаа 101 746 004 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг танилцуулсан. Үнэлгээ хуульд зааснаар үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яагаад хэт доогуур гэдэг талаарх баримт байхгүй байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ зөвхөн байраар үнэлсэн, харьцуулсан баримтууд нь болохоор тавилгатай орон сууцнууд байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Барьцаа хөрөнгө болох орон сууц нь манай өмч бөгөөд хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс үнэлгээг зөвшөөрөхгүй гэж үзэж байна, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, НШШГГ-ын 2024.06.07-ны өдрийн 04-140/14457 тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.03.30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.05.16-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, НШШГГ-ын 2024.05.28-ны өдрийн 04-140/13314, 04-140/13313, 04-140/13315 тоот албан бичиг, Ц.Д*******гийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2024.06.03-ны өдрийн 6/198 тоот Шинжээч томилох тухай тогтоол, 2024.06.07-ны өдрийн 04-140/14457, 04-140/14455, 04-140/14456 тоот албан бичиг, О.Сын өмчлөлийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний №6/198 тоот тайлан гэсэн баримтуудыг,

Гуравдагч этгээдээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ тогтоолгохдоо харьцуулах боломжгүй хөрөнгийг үнэлж, үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон тул хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн, шинжээчийн дүгнэлтийг хуульд зааснаар танилцуулсан, үндэслэлгүй үнэлсэн гэсэн боловч баримтгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Гуравдагч этгээд нь барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03235 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Т*******гээс 102.858.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.913.200 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.Т******* үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох О.Сын өмчлөлийн Б******* дүүргийн хороолол, ******* гудамж, байр, тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 102.858.750 төгрөг гаргуулж, Б.Т*******т олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

5.2.Н******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03235 дугаар шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан үйл баримтын талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55 дугаар зүйлийн 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

 

7.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэж, Г.Т*******, Ө.Т******* нараас үнийн санал ирүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул О.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай Б******* дүүрэг, хороо, хороолол /13321/, *******гийн гудамж, байр, тоот хаягт байрлах, 42.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч Г.О*******ыг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №6/198 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон болох нь тогтоогдож байна.

 

7.2.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй, хууль зөрчөөгүй байна.

7.3.Хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч Г.О*******ын гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлан болон хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэлд ...эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай Б******* дүүрэг, хороо, хороолол /13321/, *******гийн гудамж, байр, тоот хаягт байрлах, 42.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг үнэлж, тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн нийт үнийг 101 746 004 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.

7.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж зааснаар үнэлгээний тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар буюу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан, энэ талаар зохигч маргаагүй.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээний тайланд харьцуулсан орон сууцнууд нь өөр өөр хороонд байдаг, байршил өөр орон сууцыг үнэлсэн, өөрөөр хэлбэл зах зээлд 1м.кв нь 4 130 000 төгрөг байхад хэт доогуур үнэлсэн, хэт тохиромжгүй харьцуулах боломжгүй орон сууцыг үнэлсэн нь үнэлгээ буруу хийгдэхэд нөлөөлсөн, шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаад энэ нь зарын мэдээллүүдээр нотлогдоно гэсэн.

8.1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан байх бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд болон шинжээч Г.О*******ын шүүхэд тайлбарлахдаа ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тооцсон талаар дурдсан бөгөөд зах зээлийн үнэлгээг гаргахдаа жишиг орон сууцнуудыг харьцуусан, харьцуулахдаа уг орон сууцнуудыг хаана байрладаг талаар нь Б******* дүүргийн хороо дээр очиж шалгасан, мөн байрын бүтээц, хийцийн хувьд хамгийн ойролцоо, байршлын хувьд ойролцоо байсан нь дүгнэлт гаргахад нөлөөлсөн. Сансарын зураг байгаа, үүнээс үндэслээд хамгийн ойрхон үл хөдлөх хөрөнгийг үнэлдэг бөгөөд энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан гэсэн болно.

8.2.Нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс маргаан бүхий орон сууц болон уг орон сууцтай ижил төстэй, ижил байршилд байгаа орон сууцнуудын зах зээлийн ханш нь хэдэн төгрөг болох, мөн хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон дээрх орон сууцыг үнэлсэн 101 746 004 төгрөгний үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу орон сууцыг үнэгүйдүүлсэн талаарх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

9.Иймд нэхэмжлэгч Г.Т*******гийн хариуцагч Н*******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Т*******гийн хариуцагч Н*******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН