Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/288

 

 

 

 

 

     2024           3            06                                        2024/ДШМ/288

 

С.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч С.Э,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2302000000430 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн  С.Э, 1994 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвд алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................/;

С.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” төвийн 5 дугаар корпусын Уран дархан цогцолборын 1 давхарын зааланд дарханы үйл ажиллагаа явуулах ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамууруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 30 миллиграмм хэмжээтэй давсны хүчил hydrochloric acid (HCI) гэх нэршилтэй бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Эт сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “4” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн, 30 мл хэмжээтэй Давсны хүчил (HCI) гэх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж, шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар мөрдөгч, прокурор сайн тайлбарлаж хэлээгүй. Хууль зүйн учир холбогдолыг ойлгоогүй байхад мөрдөгч гарын үсэг зур гээд зуруулсан. Хэргийг нэг талыг барьж яллах талын байр сууринаас хандаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие 2023 оны 7 дугаар сараас хойш уран дарханы ажлыг эрхлэн явуулахаар шийдэж бусдаас суралцаж байсан. Уран дарханы ажлыг хийхээр байр түрээслэн гурван cap л болсон бөгөөд энэ бодисын талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан. Миний бие дарханы ажлыг дөнгөж хийж эхэлж суралцаж эхэлж байсан. Гэтэл энэ хувийн байдлыг маань хэрэг шалгахдаа анхаарч үзээгүй. Сүүлд нь тухайн бодисыг металл цэвэршүүлэх, бордоо будагч бодис нэхмэл үйлдвэрлэлд хэрэглэдэг гэдгийг л мэдсэн. Намайг байхгүй байхад тухайн бодисыг авсан байсан. Тухайн давсны хүчил нь 30 мл хүрэхгүй маш бага хэмжээтэй байсан. Гэтэл 30 мл байсан гэж үзсэн байсан. Миний бие бусдад хохирол учруулаагүй. Давсны уусмал нь маш бага хэмжээтэй байсан. Хэдий хэмжээний бодис байсан талаар нарийвчлан тогтоогоогүй. Ямар хохирол учруулсан, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, дэндүү нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалын хавсралтад 3155 ширхэг бодисыг нэг бүрчлэн заасан байдаг. Уг жагсаалтын 485 дугаарт багтсан давсны хүчил буюу HCI гэх нэршилтэй бодисыг ашиглах зорилгоор хадгалах, хэрэглэх, хил нэвтрүүлэх зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э тухайн бодисыг хадгалж байсан нь тогтоогддог. 30 мл хэмжээтэй бодисыг хадгалж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөгч шинжээч томилж, хэргийн оролцогч нар шинжээч томилсон тогтоолтой танилцсан байдаг. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны химийн шинжээч нарын зүгээс холбогдох дүгнэлтийг бүрэн дүүрэн гаргасан бөгөөд уг дүгнэлттэй холбоотой нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн болон үйл баримтын шаардлага байхгүй гэж үзсэн. Шүүгдэгч С.Эын дурдсанчлан мөрдөгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үр дагаврыг сануулах үүрэгтэй. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаа нь прокурор, яллагдагч нарын хооронд үүсэж буй асуудал юм. Шүүгдэгч С.Эт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс үүдэх эрх зүйн үр дагаврыг өөрт нь тайлбарлаж, гаргасан хүсэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс хамгийн хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзан оногдуулсан байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шалгавал зохих зүйлсийг шалгаж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг яллагдагч, прокурор нараас тодруулсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр яллагдагчтай ял тохиролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан прокурорын хяналтын ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” төвийн 5 дугаар корпусын Уран дархан цогцолборын 1 давхарын зааланд дарханы үйл ажиллагаа явуулах ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамууруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 30 миллиграмм хэмжээтэй давсны хүчил hydrochloric acid (HCI) гэх нэршилтэй бодисыг хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Б.А-ийн “... дархчуудын ашигладаг давсны хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил гэх бодисуудыг буруу ашиглавал хүн, амьтан, байгаль орчинд хор нөлөөтэй бодис юм.” /хх 21-22/,

гэрч Н.Ц-ийн “... С.Э нь дарханы ширээг 230.000 төгрөгөөр түрээслэдэг. 2023 оны 7 дугаар сараас үйл ажиллагаа явуулж байгаа.” /хх 25-26/,

гэрч Б.Ц-ийн “... давсны хүчил, бензин илэрсэн. Уг бодисуудыг дарханы үйл ажиллагаандаа хэрэглэдэг. С.Эын  ширээнээс илэрсэн бодис нь түүний өөрийнх нь хэрэглэдэг бодис юм. ...” /хх 88/,

гэрч Ц.Б-ын “... Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 485 дугаарт бүртгэгдсэн давсны хүчил гэх бодисыг ашиглахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Иргэн С.Э нь химийн хорт болон аюултай бодис ашиглахаар тус яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй болно. ...” /хх 91-93/,

гэрч А.Д-ын “... Давсны хүчил нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан хортой бодис юм. Бодисыг хор аюулын зэрэглэлээр ангилдаг бөгөөд нэгдүгээр ангилал буюу хамгийн хортой ангилалд давсны хүчил багтдаг. Хор хөнөөлийн хувьд амьсгал боогдуулна, амьсгалын систем, зам гэмтээх, нүд цочроох, арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг хор аюултай бодис юм. ... 10мл давсны хүчил нь хүний арьсанд болон амьсгалын замд нөлөөлөх бүрэн боломжтой.” /хх 96-97/,

С.Эын яллагдагчаар өгсөн “...Алт мөнгөний дарханы ажилд давсны хүчил нь халаасан алт, монет зэрэг үнэт эдлэлийг өнгөлөх зорилгоор хэрэглэдэг. Тухайн бодисыг тэрүүгээр 100 граммыг нь 10.000 төгрөгөөр зараад явж байдаг нэг танихгүй ахаас 50 граммыг 5000 төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж байсан юм. Тухайн 50 грамм давсны хүчлийг ойролцоогоор 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр худалдан авч байсан санагдаж байна. Тэрнээс хойш давсны хүчлийг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байсан юм. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би гадуур ажилтай явж байхад миний ширээ нь доороос хураан авсан юм байна лээ. Би өөрөө худалдан авч хадгалж, үйл ажиллагаандаа ашиглаж байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-3, 4-7/, Монгол Улсын шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /хх 38/,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/395 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дээжид шинжилгээ хийсэн шинжээчийн "1. Дугаар-4 нэр хаяггүй шингэн. Бор шар өнгөтэй, бохирдол ихтэй, 30мл орчим хэмжээтэй байсан. Уг шингэн нь 23.63%-ийн давсны хүчил болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. 3. Дугаар-4 Давсны хүчил-Hydrochloric (HCL) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 485 дугаарт багтсан байна.” /хх 35-37/ гэх дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч С.Эын химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Эыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн үндэслэлтэй, ял тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тусгай журмыг хуульчилсан бөгөөд С.Эын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ... хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг танилцуулахад тэрээр зөвшөөрч гарын үсэг зурсан тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно.”, 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч С.Эын хувьд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх эрх зүйн үр дагаврыг тайлбарлуулан ойлгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                      ШҮҮГЧ                                          М.АЛДАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ