Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2025/0549

 

2025 08 13 128/ШШ2025/0549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ц******* /РД:РЮ*******/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г******* /ӨНБД:*******/

Хариуцагч: Боловсролын ерөнхий газрын дарга

Хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Б*******

Хариуцагч: Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүй дэд хороо

Хариуцагч Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ёс зүйн дэд хорооны нарийн бичиг Д.Б******* нарын хоорондын төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******, хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Б*******, хариуцагч Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ёс зүйн дэд хорооны нарийн бичиг Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах.

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

1.1. Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтээр Орхон аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Ц******* Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 8.1 дэх хэсэгт заасан Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд баримтлах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн гэж дүгнэжээ.

1.2. Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалаар Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг үндэслэн Орхон аймаг дахь Политехник коллежийн захирал Ч Ц******* төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзээд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гомдол гаргагчид болох хамт олны өмнө уучлалт гуйх шийтгэл ногдуулжээ.

1.3. Ч.Ц*******ээс 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Боловсролын ерөнхий газрын дарга болон тус газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.4. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсны үндсэн дээр шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2025/4231 дугаар захирамжаар 128/2025/0526/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйлгүй Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/125 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Ч.Ц******* нь Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/125 тоот тушаалаар Орхон аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаалд томилогдон 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахад хөрөнгө мөнгө хууль бусаар зарцуулдаг байж болзошгүй, байгууллагыг хохироож хувийн ашиг сонирхлоо сургуулийн эсрэг хэрэгжүүлдэг байж болзошгүй үйлдлүүд байсан тул таслан зогсоохоор ажилласанд зарим ажилтнууд эсэргүүцэж улмаар хууль хяналтын байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад нэрээ нууцалж гомдол гаргасан гэдэг. Үүний дагуу Ёс зүйн дэд хороо Ч.Ц*******ийн үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтийн үндэслэл болоод буй баримтуудыг Ч.Ц*******эд танилцуулаагүй. Ярилцлага хэлбэрээр асуулт асууж, хариулт авах байдлаар тодруулсан байдаг. Ч.Ц******* буруутгаж нэрээ нууцалж Авлигатай тэмцэх газар болон Боловсролын яаманд гаргасан өргөдлүүд, уг өргөдлүүдийг шалгуулахаар дээрх байгууллагаас Боловсролын ерөнхий газар шилжүүлсэн гэх албан бичгүүд, миний хэзээ гаргасан ямар харилцаа, үг хэллэг, үйлдэл нь хэн гэдэг хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгээгүй талаарх баримт, өргөдөл, гомдол зэрэгтэй шалгуулж буй хүнийхээ хувьд танилцах, улмаар уг баримтын талаарх тайлбар, нотлох баримтаа гаргах шаардлагатай байхад энэхүү ажиллагааг ёс зүйн дэд хороо хийгээгүй юм. Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нийтлэг хэм хэмжээг зөрчсөн байна гэж буруутгасан. Ч.Ц******* нь сургуулийн бүх ажилчдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг тодруулаагүй, мөн эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндэд халдсан ямар үг, үйлдэл гаргасан гэдгийг ёс зүйн хороо тогтоогоогүй байтлаа ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ёс зүйн дэд хороо нэгдүгээрт ёс зүйн зөрчил гаргасан гэж ямар ажилтан, албан тушаалтан гомдол гаргасан нь тодорхойгүй, хоёрдугаарт хэн гэдэг ажилтны нэр төр, алдар хүндэд хэдийд хэрхэн яаж гутаагдсан нь тодорхойгүй, гуравдугаарт ёс зүйн дэд хороо ажилтнуудаас санал асуулга авахдаа захирал Ч.Ц******* шалгаж байгаа атлаа удирдлага гэх нэрээр асуулга явуулж, улмаар надаас бусад удирдах албан тушаалтнуудын талаар санал авчхаад уг санал асуулгын дүнгээр буруутгадаг, дөрөвдүгээрт ёс зүйн нийтлэг хэм хэмжээ зөрчсөн гэх үйлдлийг үнэн бодитоор нь шалгаж тогтоогоогүй ба тушаалаар ёс зүйн нийтлэг хэм хэмжээний алийг нь хэзээ ямар байдлаар зөрсөн тухай тусгаагүй. Энэ мэтээр бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлгүй Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн гаргасан Боловсролын ерөнхий газрын даргын ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тушаал хуульд нийцээгүй, бодит байдлыг шалган тогтоохгүйгээр ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байх тул Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/125 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.8-д заасан зохицуулалтыг Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо зөрчсөн. Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.8-д нарийн бичгийн дарга ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагч гомдол гаргасан этгээдэд гомдлыг шийдвэрлэх хуралдаан болох огноо, хугацаа, байршлыг урьдчилан мэдэгдэж оролцуулна гэж заасныг зөрчсөн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-г зөрчсөн гэж үзэж байна. Гомдол мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж өөрт нь байгаа нотлох баримтыг хавсаргах ёстой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд өргөдөл, гомдолд тавигдах шаардлагыг тодорхой тусгасан. 10 дугаар зүйлийн 10-1-д Бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно гэж, 10.2-т Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр эсхүл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана гэж тус тус заасан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлд гомдол мэдээллийг хянан шалгах. 15.4-т гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж нийт 44 хоногийн дотор гомдол, мэдээллийг шалгахаар хуульд зааж өгсөн. Гэтэл Авлигатай тэмцэх газраас 12 дугаар сарын 03-ны өдөр бичиг явуулсан, Боловсролын ерөнхий газар энэ бичгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэрлэлээ гэдэг цохолт хийсэн байгаа. Энэ хугацаанаас хойш хугацааг тооцоход 58 хоногийн дараа ёс зүйн зөрчил гаргасан гэдэг дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх буюу буцаах гэдэг зохицуулалт байгаа. 14 дүгээр зүйлийн 14.1-д Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно 1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй, 2.-т Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана гэснийг тус тус зөрчиж дүгнэлт гаргасан гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл нөхцөл байдлыг тогтоох. 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. Оролцогчийн хувьд ач холбогдолтой нөхцөл байдлыг Ёс зүйн дэд хороо тогтоож чадаагүй. Зөвхөн ярилцлага хэлбэрээр тогтоосон нь хангалтгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох буюу сонсох ажиллагааг явуулахдаа хуулийн заалтыг зөрчиж явуулсан. 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/125 дугаар тушаалыг гаргахдаа яг тухайн өдрөө сонсох ажиллагаа явуулсан байгаа. 27 дугаар зүйлийн 27.5-т заасан Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэх зохицуулалтыг зөрчсөн. Дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн ба дүгнэлтдээ холбогдогчийг шүүхэд 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй гэдэг зохицуулалтыг тусгаж өгөөгүйгээс үүдэж Ч.Ц******* өөрөө тусгаагүйгээс Ч.Ц******* нь Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо буюу дээр шатны Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж тус хороо нь дүгнэлтийг хүчингүй болгосон. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

2.3. Хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын ерөнхий газрын дэргэхэд Ёс зүйн дэд хороо нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн дэд хороо-ны 01 дүгээр дүгнэлт болон Монгол Улсын Ёс зүйн хорооны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3/96 дугаартай албан бичгийн хамт 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Боловсролын ерөнхий газрын даргад ирүүлснээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-дахь заалтад энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэж зааснаар Орхон аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай Б/125 дугаар тушаалаар гомдол гаргагчид буюу хамт олны өмнө уучлалт гуйх ёс зүйн хариуцлага ногдуулсан. Боловсролын ерөнхий газрын дарга нь хуульд заасан эрх хэмжээ, шаардлагын дагуу Орхон аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Ц*******эд хуульд заасан процессын дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн болно. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг тушаал гаргасан өдрөөс хэд хоногийн өмнө явуулна гэж тусгаж өгөөгүй учир 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 56 минутад сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаагаар Ёс зүйн дэд хорооны дүгнэлт ирсэн талаар танилцуулаад тэр талаар тайлбарыг Ч.Ц******* захирлаас өөрөөс нь хангалттай сонссон. Дүгнэлтийг хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой учраас тухайн өдрөө шийдвэрлэж Б/125 дугаартай тушаалаар ёс зүйн хариуцлага ногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.4. Хариуцагч Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Политехник коллежийн нийт хамт олноос ...Тус коллежийн удирдлага нь ажилласан цагаасаа эхлэн ёс зүйгүй үйлдлүүдийг гаргаж, төрийн байгууллагыг өөрийн хувийн байгууллага мэтээр ашиглаж албан хаагчдын болон сурагчдын эрх ашгийг хохироож байна. Аливаа шийдвэр гаргахдаа удирдлагын баг, захирлын дэргэдэх зөвлөл, нийт хамт олонтой зөвшилцөхгүйн дээр мэдээлэл дамжуулахгүй ганцаараа дур мэдэн шийдвэр гарган ажилладаг бөгөөд холбогдох алба нэгж, хариуцсан ажилтанд мэдээлэл дамжуулахгүйгээр шат дараалалгүйгээр ажилтан, ажилчидтай харьцаж үүрэг даалгавар өгч холбогдох дээд албан албан тушаалтныг хамт олны дунд нэр хүндийг унагадаг... гэх гомдол, мэдээллийг нийт хамт олноос Авлигатай тэмцэх газар болон Боловсролын яаманд гаргасныг тус тус байгууллагаас Боловсролын ерөнхий газарт шилжүүлсэн. Хэдийгээр тус өргөдөл нь тодорхой нэр, хаяггүй боловч Авлигатай тэмцэх газар, Боловсролын яамнаас ирүүлсэн албан тоотын дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай А/12 дугаар тушаалаар Боловсролын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнүүд болон Боловсролын ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүд Орхон аймаг дахь Политехник коллежид очиж ажилласан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авах, 15.1.2-т шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах гэж заасны дагуу ёс зүйн дэд хороо нь Орхон аймаг дахь Политехник коллежид очиж гомдол мэдээлэл гаргагч болон зөрчилд холбогдогчоос ганцаарчилсан ярилцлага хийж тайлбар мэдээлэл авч ажилласан. Ярилцлагыг Ёс зүйн дэд хорооны 3 гишүүн хамтдаа зохион байгуулсан ба захирал Ч.Ц******* ажлаа хүлээн аваад хамт олны анхны хурал дээр намар та нарын талыг хална, ажлаа бодож ирээрэй гэж стресст оруулсан, хамт олны хурал дээр ажилчдыг өсөхийн өлөн нь арилаагүй гэж хэлсэн, ажилчдыг хойд байрны, урд байрны гэж ялгаварладаг үйлчилгээний ажилчдын 50 хувийг гэрээт болгоно, сурагчдын дунд ургац хураалтад явсан ажлын хөлсний 30 хувийг сургууль авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Мөн тухайн ажлын хэсэг нь тус сургуулийн хамт олноос сургуулийн удирдлагын ёс зүй, хандлагын талаар 10 асуулт бүхий судалгааг авч санал асуулга авсан. Үүнээс ёс зүйн харилцааны талаар асуултын дүнг харгалзан үзэж нэгтгэхэд захирлын ёс зүй, харилцааны талаар дүгнэнэ үү? гэсэн асуулгад 46 хувь нь сайн гэж 51.4 хувь нь дунд муу, 3.5 хувь нь мэдэхгүй гэсэн санал өгсөн байдаг. Дээрх баримтад дүн шинжилгээ хийсний дагуу Ёс зүйн дэд хороо нь Орхон аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Ц******* ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-т төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай үндэслэлийг гаргасан. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа, эсхүл биечлэн гардуулснаар дараах этгээдэд мэдэгдсэнд тооцно. 15.2.1-т гомдол, мэдээлэл гаргасан этгээд, 15.2.2-т зөрчилд холбогдсон төрийн албан хаагч, 15.2.3-т томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллага гэж заасны дагуу дүгнэлтийг биечлэн танилцуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/125 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Политехник коллежийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн Ч.Ц******* 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хэлэн Орхон аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллахаар заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/57 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, гүйцэтгэлийн төлөвлөгөөг /үр дүнгийн гэрээг/ байгуулсан Ч.Ц******* нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан бөгөөд Төрийн албан хаагчийн тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр байна.

2. Ч.Ц*******ийн албан тушаалын зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай 240 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ын зэрэглэлт ТҮМБ-6, удирдах албан тушаалтан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын захирал гэсэнд хамаарах бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл ...Засгийн газар, төрийн захиргааны төв болон бусад нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан журмын дагуу гаргасан захиргааны актын үндсэн дээр томилогдсон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргааныг захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бусгэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй гэж заасны дагуу захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн болно.

3. Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар

сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар Орхон аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Ц******* Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 8.1 дэх хэсэгт заасан Төрийн албан хааг үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд баримтлах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн гэж дүгнэж, 3 дахь заалтаар Энэ дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор дээр шатны байгууллагын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ.

3.2. Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг бэлдэж танилцуулахыг гишүүн Х.Ч*******, дүгнэлтийг оролцогч болон томилох эрх бүхий албан тушаалтанд биечлэн танилцуулахыг нарийн бичгийн дарга Д.Б*******д даалгасан байх ба Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга Д.Б******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт очиж гомдол гаргагч буюу Политехник коллежийн хамт олонд болон холбогдогч Ч.Ц*******ид танилцуулсан болохоо шүүх хуралдаанд тайлбарлаж нэхэмжлэгч тал маргаагүй болно.

3.3. Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дүгнэлт хүчингүй болгох тухай 05 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журам-ын 6.13 дахь заалтын шаардлага хангаагүй тул Орхон аймгийн Политехник коллежийн захирал Ч.Ц*******тэй холбоотой асуудлаар гаргасан Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болсонд тооцжээ.

3.4. Боловсролын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зөвлөмж, чиглэл хүсэх тухай 1/1480 дугаар албан бичгийн хариуд Монгол Улсын Ёс зүйн хорооноос 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3/96 дугаар албан бичгээр Зөрчилд холбогдсон төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргахаар зохицуулсан байна. Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь танай байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгосон нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлсэн байх тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гомдол, мэдээллийг шалган ажиллахыг Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд зөвлөж байна гэжээ.

3.5. Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дүгнэлт хүчингүй болгох тухай 05 дугаар дүгнэлтэд заасан Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.13-т заасан Дэд хороо нь дүгнэлтийг тухайн хуралдаан болсноос хойш ажлын 2 хоногийн дотор Ёс зүйн хорооноос баталсан загварын дагуу хэвлэмэл хуудас дээр гарган дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын гарын үсгээр баталгаажуулж, байгууллагын тамга тэмдэг дарж албажуулна гэж заасны дагуу албажуулж зөрчлийг арилгаж, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ёс зүйн хорооны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3/96 дугаар албан бичиг болон Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг дахин танилцуулахаар шийдвэрлэсний дагуу тус хорооны нарийн бичгийн дарга Д.Б******* нь Орхон аймагт очиж танилцуулсан гэж тайлбарласан нь Сонсох ажиллагааны тэмдэглэлд Захирал Ч.Ц******* Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Б******* даваа гарагт/ 2025.05.12/ ирж Монгол Улсын Ёс зүйн хорооны албан бичгийг танилцуулсан гэж тэмдэглэснээр нотлогдож байна.

3.6. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаас харахад Монгол Улсын Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/3549 дугаар албан бичигт .... Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дүгнэлт хүчингүй болгох тухай 05 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Ёс зүйн хорооноос хүчингүй болгоогүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэж ажиллахыг яамны Ёс зүйн дэд хороонд зөвлөсөн байна... гэж тайлбарлаж байгаа ч Монгол Улсын Ёс зүйн хороо нь Боловсролын яамны дэргэхэд Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгох эрхгүй учир холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зөвлөмж хүргүүлсэн нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.2-т хуульд өөрөөр заагаагүй бол Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах гэж заасантай нийцсэн байна.

3.7. Түүнчлэн маргаан бүхий Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, дүгнэлтийг хүчин төгөлдөр эсэх тухай талууд маргаагүй.

3.8. Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгчид 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт биечлэн очиж танилцуулсан байх бөгөөд дээрх харилцааг тусгайлан зохицуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

3.9. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд маргаан бүхий дүгнэлтийг 3 дахь заалтад гомдол гаргасан этгээд гэж заасан, холбогдогч гэж зааж өгөөгүй учир Ч.Ц******* нь өөрийгөө холбогдогч бус гомдол гаргагч гэж ойлгосноор дээд шатны Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаагаар харьяалал зөрчиж гомдол гаргасныг зөвтгөх боломжгүй.

3.10. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасантай нийцэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

3.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус зааснаар Ч.Ц*******ээс Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 128/2025/0526/з индекстэй захиргааны хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Боловсролын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Боловсролын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай сонсгож, утсаар санал авах ажиллагаа явуулж санал гаргах эрхийг нь олгосон байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч буюу Ч.Ц*******эд хүргүүлснийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8 цаг 50 минутад хүлээн авав гэж тэмдэглэн гарын үсгээ зурсан байгаагаас харахад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулсан нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байна.

4.2. Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг үндэслэн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулсан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна, 16.1.1-д гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох гэж тус тус заасантай нийцэж байх тул гаргасан 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасныг баримтлан Ч.Ц*******ээс Боловсролын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр

зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ч.Ц*******ээс Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзан 128/2025/0526/з индекстэй захиргааны хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА