Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О, түүний өмгөөлөгч С.Энхтайван,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б,

шинжээч Т.Номинцэцэг,

гэрч Б.Б, Д.Ц, М.У,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч М.Машбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Газарчин овогт Г-ын Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030309 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч ажилтай байсан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэрт гарсан, ам бүл 2, охины хамт улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Газарчин овогт Г-ын Ц

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 02 дугаар орцны гадна талд 44 настай, эрэгтэй Рэнцэнгийн Баясгаланг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй унаж тархиндаа амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой байсан боловч тусламж үзүүлээгүй зориуд биелүүлээгүй орхисны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод хэвтэн эмчлэгдэж байгаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О: “...Нөхөр Р.Баясгалантай 2002 онд гэр бүл болоод хамт амьдарч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үдээс хойш хүнтэй уулзана гээд миний хувийн эмнэлгээс гараад явсан, ямар зорилгоор хэнтэй уулзах гэж байгааг асуухад энэ хүний хүүхэд нь эмчилгээгүй болсон тул уулзаж байгаад ойлгуулах ёстой, утсаар яриад ойлгохгүй байна гэдгийг хэлнэ гээд гараад явсан. Ажил дээр  байхдаа би нөхөр лүүгээ 2 удаа дуудлага бүтэн хийсэн, утсаа аваагүй, мөн орой 22 цаг өнгөрөөгөөд залгахад утас нь салсан байсан. Маргааш нь нөхрөө ажил дээрээ очсон байх гэж бодож байсан, гэтэл 10 цаг өнгөрөөд над руу Отгонбаяр залгаад танай нөхөр Гэмтлийн эмнэлэг дээр байна гэхэд нь юу болсон бэ гэхэд нарийн учрыг мэдэхгүй гээд Цийн утсыг өгсөн, Г.Цтой хэд хэдэн удаа утсаар холбогдоод эмнэлэг дээр ирсэн, намайг эмнэлэг дээр ирэхэд Г.Ц байсан, яагаад ийм юм болсон гэхэд халтирч унасан гэсэн. Малгайтай байсан уу гэхэд малгайтай байсан гэхээр нь гайгүй гэмтэл авсан гэж бодсон, гэтэл хагалгаанд орох болсон байсан, тэгэхээр нь юу болов? Яав гэхэд Г.Ц намайг битгий сүржигнээд бай гэж загнаж байсан, хүн загнахаар уйлж чадахгүй болчихдог юм билээ, манай нөхөр гэмтэл аваад 15 цаг болсон гэж эмч нар надад хэлсэн. Тархинд гэмтэл аваад их хэмжээний цус тархинд хуралттай яаралтай хагалгаанд орно, 95 хувийн үхжилттэй байна гэж хэлсэн. Эхний хагалгаа тэр өдрөө, маргааш нь хоёр дахь хагалгаанд орсон. Хаана ямар эмчилгээ байна гээд бид нар байдаг бүх л зүйлээ хийсэн, найдваргүй болсон гэж эмч хэлэхэд нь хүртэл бид нар босгоно гээд Хятад улсаас тархины эд эсийг сэргээдэг тариа байдаг гээд авчруулж тарьсан боловч босоогүй. Тэгээд манай нөхөр 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өнгөрсөн. Одоо би 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа, хоёр хүүхэд хувийн сургуульд сурдаг, улсын сургуульд сургахгүй гээд чармайж байна, миний хоёр хүүхэд аав байхгүй, надад хань байхгүй, насаараа ингэж амьдрах болж байна. Хохиролд баримтаар 21.061.830 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагт гэрийн утас дуугараад авахад бэр О байсан, ярихгүй уйлаад Гэмтлийн эмнэлэг дээр манай хүүг хагалгаанд орж байна гэж хэлсэн. Би үүнийг дуулаад утсаа тавиад юу болоод байна яасан юм бол ажилтай явж байгаа юм болов уу гэж бодсон. Бид нарыг Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг дээр очиход О уйлаад сууж байсан. Хажууд нь шүүгдэгч Г.Ц зогсож байсан. Тэгээд юу болов гэхэд өчигдөр 4 цагт хүн дуудаад гарч яваад ирсэнгүй гэсэн. Тэгээд үсийг нь хусаад хагалгаанд орууллаа гэсэн. Яг юу болсон юм бэ гээд тодруулж асуухад Г.Цийг заагаад энэ хүн дуудаж авч явсан, баярласан талархсанаа илэрхийлж хоолонд оруулна гэж байсан гэж хэлсэн. Хагалгаа 1 цаг 30 минутад үргэлжилсэн, хагалгаа хийсэн эмч ирээд бид нартай уулзсан. Тэр үед бид нарын хажууд Г.Ц утсаар яриад гүйгээд байсан. Хагалгааг Б эмч, Содбилэг эмч хоёр хийсэн. Тэд бид нартай уулзаад ийм байдалтай 15 цаг ухаангүй байсан байна, эмнэлэг дээр ирээд бид нар амь насыг нь аврах гэж оролдлоо, 95 хувь нь үхжиж байна шүү гэж хэлсэн. Би даралттай хүн тэр үед шоконд орсон. Их гомдож байна. Эрүүл байсан хүн өнөөдөр байхгүй болсон байна. Миний ганц хүү байсан, ганц хүүгийн маань амийг авсанд хэлэх үг олдохгүй байна. Хохирлыг баримтаар нэхэмжилж байгаа. Амийг нь амиар сольж өгнө үү. Хуулийн дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б: “...Миний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11.30 цагийн үед охин Уранцэцэгээс энэ талаар сонссон. ...Эмнэлэгт ороод дүү Амгалан хамт явсан хүн нь энэ байна гээд надад хэлэхэд Ц мэндэлсэн. Тэгээд юу болсон гэхэд баярласнаа илэрхийлэхийн тулд Баясгалан эмчийг дуудсан гэсэн. Би өөрөө эмч хүн учир халаадаа өмсөөд мэс заслын блок руу орсон. Хагалгаа үнэхээр явагдаж байна уу, миний дүү мөн үү гэхэд Баясгалан хагалгаанд орж байсан. Гомдолтой байгаа дүүгийнхээ амь насыг нэхнэ. Халтирч унасан бол рестораны үйлчлэгч хүртэл унаа дуудах уу, энэ хүн явж чадахгүй байна гэж хэлсэн байсан. Чирсээр байгаад аваад явсан байсан. Ялын дээд хэмжээг шүүгдэгчид оноож өгнө үү. Хүн бүхэн эхээс төрдөг, эхнэр, ээжтэй нь хэн ч барьцахгүй байх, эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод явж байна. Миний эх буруу зүйл хийгээгүй. Манай дүү дэлхийд эрүү нүүрний академид бүртгэлтэй, тэндээс хуваарийн дагуу гадаадад очиж хагалгаа хийдэг байсан. Миний дүү шалгалт өгөхөд эхний гуравт ордог. Манай дүү шүүгдэгчийн асуудлыг шийдэх гэж л очсон. Бид нар учирсан эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг гаргуулна. Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээг оноож өгнө үү. Миний хувьд баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, надад өнөөдөр бэлдсэн зүйл алга. Рестораны үйлчлэгчийг дуудахад үйлчлэгч дэмжээд туслаад гаргахад унаа дуудаж өгөх үү гэж хэлэхэд унаа дуудчихсан хүн ирж байгаа гэж хэлсэн байсан. Энэ бол зохион байгуулалттай санаатай үйлдэл байна...” гэв.

 

Шинжээч Т.Номинцэцэг: “...Гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нурууны зулгаралтыг өвчний түүхээс харсан. Энэ зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр шүргэгдэх нэдрэгдэх үед үүсдэг. Гентон гээд хатуу хальсан доорх цусан бүлгэмийг хугацаа тогтоох гэж тусгай бодисоор будаад хугацааг тогтоодог. Гэхдээ хугацааг нарийн цагаар тогтоохгүй, 12-24 цаг, 24-48 цаг гэсэн удаан хугацаагаар тогтоодог. Намайг шинжилгээнд ороход хагалгаа хийгдээд цусыг авсан байсан учир тархинд цус байгаагүй тул тогтоох боломжгүй байсан. 2016 оноос хойш энэ талаар шинжилгээ хийж байгаа. Эмчлэгдээд цусан бүлгэмийг авсан бол тогтоох боломжгүй. Өвчний түүхэн дээр 23-ны өдрийн компьютер томографийн зураг байгаа. Баруун талаас шугаман хугаралтай гэж тодорхой биш бичсэн, мэс заслын тэмдэглэл дээр баруун зулайн ясны ар хэсгээс чамархайн суурь руу үргэлжилсэн Г хэлбэрийн шугаман хугаралтай гэсэн болохоор шугаман хугарал гэж дүгнэлтдээ бичсэн. Энэ нь том талбайтай зүйлээр цохих, унах үед үүсдэг. Тархины хуйханд шарх үүссэн бол цус гарна, зулгаралт үүссэн бол цус гарахгүй. Гавал ясны гэмтэл нь хавтгай, том хэмжээтэй зүйлээр цохиход үүснэ..” гэв.

 

Гэрч Б.Б: “...Хүнийг байгаа байдлаар эрүүл хүнийг мэдрэлийн үзлэгээр 15 балл өгдөг, гурваас доош баллыг үхлийн үед өгдөг. Амь хохирогч бол 3 баллаас доош байсан. Зүүн билүү баруун талдаа хатуу хальсан доорх цусан хураатай яаралтай мэс ажилбарт орох хүн байсан. Яаралтай 30 минут бэлдээд хагалгаанд орсон. Хагалгаанд орохдоо өвчтөний ар гэрээс мэс заслаа тайлбарлах ёстой учраас хагалгаанд орохдоо тайлбарлах гэхэд ар гэрээс нь хүн байгаагүй. Эмнэлэгт ирээд 30 минутын дараа мэс ажилбар хийгдсэн. Анхны зургийг үзэхэд амь нас аврах боломжгүй гэж багцаалдсан. Тархины тал бөмбөлгийн хазайлтыг 1,8-2 см хазайсан бол эргэлтгүй гэж үздэг. Гарч ирээд асуухад амь хохирогч 15 цагийн өмнө гэмтэл аваад ирсэн байсан. Цусан хураагүй гэмтэл авсан талын тархины бөмбөлөг тэр чигтээ болсон орсон байсан. Бид нар болох бүхий л зүйлийг хийсэн.

 

Таксинаас унаад хурхирсан гэдэг дээр процесс эхэлж явсан байсан. Ар гэрийнхэнд нь олон цаг тархи дарагдсан сэрэх боломжгүй гэж хэлээгүй. Хагалгаанд орсон эмч нар л хоорондоо тэгж ярилцаж байсан. Бид нар боломж байж магадгүй гэдэг үүднээс хоёр дахь хагалгааг хийсэн. Асуумжаараа бол гэдэргээ савж унасан гэсэн. Хүн өөрийн жингээрээ унана. Миний чихэнд сонсогдсоноор таксинаас халтирч унаад хурхирсан гэсэн. Унангуутаа хурхирна гэдэг бол боломжгүй, бага багаар даамжираад явагдана. Тухайн гэмтлийг аваад хурхирах, архи уусан үед унтахдаа хурхирах хоёр бол ялгагдахгүй, туршлагатай хүн нүдийг нь нээж үзсэн бол хүүхэн хараа томорсон байдаг, үүнийг туршлагатай хүн мэднэ. Тархины цусан хурааг энгийн хүн байтугай, мэргэжлийн хүн ч гаднаас хараад мэдэх боломжгүй. Хуйх бага зэрэг хавагнасан байдаг. Амь хохирогч энэ гэмтлийг авсан цагийг хэлэх боломжгүй. Анагаах ухааны шинжлэх ухаанд хурсан цусыг хурцавтар, архаг гэж 2 хуваадаг, шинэ цус нөжтэй, хуучирахаар нөж нь шингэрдэг. Энэ бол 14 хоногоос дээш хугацаа, 14 хоногийн дотор нөж байдаг. Шингэрсэн бол архаг гээд онош дээр 14 хоногоос дээш байдаг...” гэв.

Гэрч Д.Ц: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд гэрлүүгээ орж байсан. Орцны үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба эрэгтэй нь согтуу газар хэвтэж байсан. Тэгээд эмэгтэй нь эрэгтэйгээ оруулаад өг гэхээр нь эрэгтэйгийн хажуу талаас хамжаад орц руу оруулсан. Орцны гадаа ирэх үед эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай гадна талын хаалганы дээр хагас орсон байдалтай тэгнээд хэвтсэн байсан. ...Тухайн хүнээс архи үнэртэж байсан болохоор согтуу хүн байна гэж бодсон. Тэр хүнд ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл авсан, цус гоожсон зүйл харагдаагүй. Би зүүн гар талаас нь сугадаж, цээжийг нь өргөөд, тухайн хүн чирэгдсэн байдалтай орц руу орсон. Эрэгтэй хүн нь биеэ авч явах чадваргүй, ямар нэг дуу авиа гаргаагүй. Тухайн хүнийг өргөхдөө нуруугаар нь чирээгүй, цээжнээс нь өргөж орц руу оруулаад гэр рүүгээ орсон...” гэв.

Гэрч М.У: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14-15 цагийн үед байх 2 хүн орж ирээд 16-р ширээн дээр суусан. Тэнд суугаад надад нэг шил 0,75 литрийн хэмжээтэй Эвок нэртэй архи захиад, шарсан төмс, даруулга сода, кола захиалсан, өөр юм захиалаагүй. Би нилээн завгүй байсан. Наашаа цаашаа үйлчилж байхад Дарьсүрэн зохион байгуулагч ирээд надад туслаач үйлчлүүлэгч уналаа гэсэн. Тэгээд Дарьсүрэн бид хоёр очиход тэр ах унасан байсан. Очоод босгоод сандал дээр суулгасан. Гуйвалзаад байхаар нь та муудсан байна гэхэд тэр ах зүгээр зүгээр гэж байсан. Тэгээд би ажлаа хийгээд явсан. Сууж байгааг нь харахад тэр хүн нилээн согтсон байдалтай байсан...” гэв.

  Шүүгдэгч Г.Ц: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баясгалан эмчтэй Украйн хоолны газар уулзсан. ...Украйн ресторанд байж байхад эхнэр араас ирнэ эхнэртэй танилцаад эхнэрийн эмнэлэгт туслаад өгөөрэй гэж байсан. Захиалга авсан хүүд хүмүүс нэмж ирнэ ширээ нийлүүлнэ гэж хэлж байсан. Тэгээд захиалга өгөхөөр болоод ямар хоол захиалах уу,  пиво уух  уу гэхэд үгүй гэхэд нь 100 грамм архи авах уу гэхэд авахгүй гэсэн. Тэгвэл шилтэй сайн архи авъя гээд 0,5 литрийн хэмжээтэй архи тухайн ресторанд байгаагүй, тэгээд 0,75 литрийн хэмжээтэй архи авсан. Баясгалан эмч хоол идэхгүй гэхээр нь халуун зууш захиалсан. Намайг 00 орох, тооцоо хийх гэх мэтээр босож сууж байх хооронд 17:00-19:00 цаг болж, тэр хооронд бас эхнэрийг нь хүлээж суусан. Би тооцоо хийгээд 00 ороод ирэх хооронд захиалсан архи дууссан байсан. 19 цаг болоогүй байхад Баясгалан эмч намайг босоод ирэхэд миний сандал дээр сууж байсан бөгөөд тэр сандал дээрээсээ хажуу тийшээ унасан, би 2-3 удаа боссон. Миний сандал дээр сууж байгаад унахад нь би барьж авах гэсэн боловч чадаагүй, тухайн рестораны зохион байгуулагч, бармен хоёр ирээд Баясгалан эмчийг босгоод сандал дээр суулгасан. Тэгээд Баясгалан эмч хурхираад унтаад байсан. Тэнд Баясгалан эмчийг сэрэхийг мөн эхнэрийг нь ирэхийг хүлээсэн. 20 цаг өнгөрч байхад ресторанаас гараад такси бариад Баясгалан эмчийг суулгаад явсан. Тэгээд эхнэрийнх нь эмнэлгийг мэдэхгүй, Баясгалан эмчийн гэрийг мэдэхгүй болохоор ямар нэг газар унтуулъя гээд гэр лүүгээ яваад очиход гэрт хүн байгаагүй цоожтой байсан. Тэгээд найз Ариунаагийнд унтуулаад сэрэхээр нь гэр лүү нь залгуулъя гээд явсан. Таксинаас буугаад би төлбөр тооцоо хийж байхад орцны хаалганы баруун талд зогсож байсан. Нэг мэдэхэд хойшоо унасан хэвтэж байсан. Би халтираад саваад уналаа гэж бодсон. Босгох гээд чадахгүй байсан ба танихгүй залуу ирэхээр нь архи хэтрүүлээд уучихсан оруулаад өгөөч гэж гуйсан. Үлэмж, Бат-Эрдэнэ нарын хамт Ариунаагийнд оруулж унтуулсан. Өглөө Р.Баясгалан эмчийг зөвлөлийн хуралтай гэж хэлж байсан хуралдаа явахгүй бол болохгүй, архи нь гарсан байх гэхэд хурхираад унтаад байсан. Босоод би Баясгалан эмчийг татахад амнаас нь завжийг нь дагаад хүрэн юм гарахаар нь хордлого авсан байна гээд би өөрийн утаснаас дуудлага дуудсан. 103 дуудлагын эмч 5 минутын дараа л ирсэн. Түргэний эмч ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү 10 цаг болж байхад явсан. Түргэний тэргэн дотроос би Отгонбаяр луу яриад эхнэрийнх нь утас болон гэрийн хаягийг нь авсан. Талийгаачийг эмнэлэгт байхад эргэж тойрч байсан...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн үед ажилдаа гараад явахад манай нөхөр хоёр хүүхдийнхээ хамт унтаад үлдсэн. Ер нь ажлын өдөр болгон намайг ажил дээрээс тарахыг дөхүүлээд ирж авдаг. Тэр өдөр 15 цаг өнгөрөөгөөд өөрийн 99883073 дугаарын утаснаас над руу залгаад ажил чинь дуусч байна уу, тарах дөхөж байна уу гэхээр нь би дөхөж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ажлаа хийгээд үйлчлүүлэгч орж ирсэн сүүлийн хүний шүд үзээд байж байхад манай нөхөр 16 цагийн үед гаднаас орж ирээд амралтын өрөөнд утас нь дуугараад хүнтэй ярьж байгаа нь сонсогдож байсан. Би үзлэгээ дуусгаад амралтын өрөөнд орж нөхөртэйгөө ярилцахад “хүн хамт хоолонд орьё” гээд байна, явчихаад ирье гэхээр нь би “хэн гэдэг хүн бэ” гэхэд нөгөө өнгөрсөн 12 сард Ц эгчийн охиных нь хүүхэд Эх нялхасын тасагт хэвтэн эмчлүүлснийг санаж байна уу гэж асуухаар нь санаж байна гэж хэлэхэд Ц эгчийн хүүхдийнх хүүхэд эмчилгээгүй болсон, эмнэлгээс гар гээд байна гэнэ, би очиж тайлбарлаж өгөөд ирье гэж хэлсэн. Тэгээд нөхрийн утас руу 3-4 удаа нөгөө Ц гэх хүнээс дуудлага ирэхээр нь утасны дууг нь хаагаад энэ яриаг сонсож байгаад “за за май, энэ утсаараа ярь” гээд өгөхөд нөхөр утсаа аваад ярихад цаад хүн нь чам руу нэгж явуулж байна, авсан уу, гэхэд нөхөр за би хараадхья гэж хэлээд өөр зүйлийн талаар яриад байсан. Зарим зүйлүүдийг нь сонсож чадаагүй, надад сонсогдоогүй. Утсаа тасалчихаад  “миний утас руу 10.000 нэгж хийсэн гэнэ, хардаа” гээд надад утсаа өгөх үед нь гаднаас үйлчлүүлэгч орж ирэхээр нь би утсыг нь харж ч амжаагүй, очиж уулзаад учир байдлыг нь хэлээд хүрээд ирье гэхээр нь би “араас чинь очино шүү” гэж хэлээд үлдсэн. Ажил дээрээс нөхөр 16 цаг өнгөрөөгөөд гараад явсан, би ажлаасаа 20 цагийн үед гараад нөхрийнхөө утас руу 2-3 удаа залгахад дуудаад аваагүй болохоор нь шууд гэртээ харьсан. 23 цагийн үед утас руу нь дахин дахин залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Маргааш өглөө нь босоод дахин залгахад мөн л холбогдох боломжгүй байсан. Би давхар сурдаг учир хичээл дээрээ байж байхад 11 цагийн үед Отгоо гэх хүн над руу залгаад “танай нөхөр гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь “яагаад, ямар учиртай юм бэ” гэхэд өөртэй нь  хамт байсан Ц гэж хүн байгаа гээд Цын утасны дугаарыг явуулсан. Би тухайн утас руу залгах гэж байхад өөдөөс дуудлага ирсэн. Утсаа аваад ярихад “чи нөхөртөө ямар архи уулгасан, танай нөхөр гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь би “өчигдөр манай нөхөр эрүүл гараад явсан, та юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Эргүүлээд би залгах гэхэд өөдөөс дахин дахин залгаад сандарсан байдалтай нөхрийнхөө овог нэр, ажлын газар гэх мэтчилэнгээр ганц нэг зүйл асуугаад тасалчихаад байхаар нь шууд такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр 11 цаг 30 минутын үед очиж Ц гэх хүнтэй уулзаад асуухад тархины томографийн зураг авахуулсан 80.000 төгрөгийг тушаах гэж байна гэхээр нь яг юу болсон талаар асуухад танай нөхөр хальтирч унасан гэж хэлэхээр нь малгайтай байсан уу гэхэд малгайтай байсан гэж хэлэхээр нь гайгүй байх гэж бодсон. Харин тэр Ц гэх хүн сандраад түнтэгнээд болж өгөхгүй, надад тодорхой зүйл хэлэхгүй байхаар нь урдуур хойгуур нь ороод юм асуухад танай нөхөр чинь хагалгаанд орох гэж байна гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ?” гээд уйлахад “юундаа уйлаад байгаа юм бэ, юу ч болоогүй байхад” гэж зандарсан байдалтай хэлэхээр нь чимээгүй болох үед АТМ болохгүй байна, би гарчихаад ирье гээд явсан. Энэ үед би нөхрийнхөө ажлын газрын Эрдэнэсайхан эмч рүү залгаад Баясгалан гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байна гэж хэлчихээд байж байхад мэс заслын эмч Орхон намайг дагуулаад сэхээн амьдруулах тасаг руу явсан. Би тэр тасагт хэвтэж байгааг нь ч мэдээгүй. Тэр тасагт ороход нөхрийн толгойн үсийг авчихсан, аппарат хийсэн, хурхирлын байдалтай харагдсан. Хагалгаа хийх гэж байсан Б эмч танай нөхөр өчигдөр 21 цагийн үед тархиндаа маш хүнд гэмтэл авсан, тархины суурь яс, баруун чамархайн ясны хугаралтай, тэр хугарлын улмаас гавлын тархины торлог судас их хэмжээгээр хагараад тархины баруун тал цус хураан цусан бүлэн үүсээд дарагдаад 15 цаг болсон. Хэрэв энэ гэмтлийг аваад 6 цагийн дотор ирсэн бол амь насыг аврах боломжтой, ийм их хугацаа алдсан болохоор амь насыг аврах боломжгүй 95 хувийн үхэлтэй. Танай нөхрийг эмч гэдгийг Орхон эмч бидэнд хэлээд тэр утгаар нь бид нар хагалгаанд авч орох гэж байна, чиний зөвшөөрлийн гарын үсэг хэрэгтэй байна гэж хэлээд гарын үсэг зуруулаад хагалгаанд аваад орсон. ...Над дээр ирэх үед нь нөхрийн амнаас бага зэргийн пиво үнэртэж байснаас зүгээр эрүүл байсан. ...Би Ц гэдэг хүнийг гэмтлийн эмнэлэг дээр анх удаа харсан. Өмнө нь нөхрөөсөө 1-2 удаа нэрийг нь сонссон, манай нөхөр Цагаанаа эгч гээд байсан. ...Манай нөхөрт бүхэл бүтэн 0.75 литрийн архийг дангаар нь уулгасан. Нөхрийн минь утсыг өөрийнхтэйгөө хамт цүнхнийхээ ар талын цахилгаантай халаас руу хийж байсан. Маш их гомдолтой байна. Шатнаас унагааж тархиндаа гэмтэл авсан гэж бодож байна. Маргааш нь Цоос нөхрийнхөө утсыг аваад асаах үед 2 зураастай цэнэгтэй байсан. Санаатай ийм үйлдэл хийгээд, нуун дарагдуулж, иргэний үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна...” /1хх-ийн 87-88/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10.00 цагийн үед намайг гэртээ байж байхад миний бэр О уйлсан байдалтай яриад “ээжээ яаралтай гэмтлийн эмнэлэг дээр очоорой, Баясгалан хагалгаанд орж байгаа гэнэ” гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд О эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд ганцаараа уйлаад зогсож байхаар нь юу болов?, яасан бэ? миний охин гэж асуухад Урд шөнө Баясаа гэртээ ирж хоноогүй, би бодохдоо ажилтай явж байгаа юм байна гэж бодож байсан чинь Баясаагийн ажлын газраас над руу залгаад “Баясгалан эмч Гэмтлийн эмнэлэг дээр хүнд хагалгаанд орж байгаа” гэж хэлэхээр нь ирчихээд байж байна гэж хэлсэн. Тухайн үед бид хоёрын хажууд махлагдуу биетэй хар өнгийн курткатай эмэгтэй ирж зогсоход хажуунаас О надад хандаж “ээжээ Баясааг утсаар дуудаад аваад гарсан эмэгтэй энэ хүн юм гэнээ” гэж хэлэхээр нь юун эмэгтэй яасан гэнээ гэж тэр эмэгтэй рүү хандахад намайг Ц гэдэг, би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар байцаагчаар ажилладаг, Баясаа эмчдээ талархал илэрхийлэхээр хоолонд Украйнский нэртэй ресторанд орсон гэж хэлээд байж байх үед Баясгалангийн ажлын газрын 5-6 эмч нар ирж уулзах үед Ц бид хоёрын яриа дууссан. Тэгээд удаагүй хагалгаа дуусч эмч нар гарч ирээд ар гэрийнхнийг дуудаж бүгдийг нь оруулж ирээд тархины хүнд хагалгаанд орсон тархины баруун талын хэсэгт яс цөмөрч дотор талдаа их хэмжээний цус хуралт үүссэн, гэмтэл авснаас хойш 15 цагийн дараа ирсэн болохоор амь насыг нь аврах боломж найдвар бага шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүгийнхээ хэвтэж байсан өрөө рүү ороход миний хүүгийн тархи толгой битүү боолттой ухаангүй аппарат залгасан байдалтай байхаар нь хүүгээ нэг үнсчихээд гарсан...” /1-р хх-ийн 91-92/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад миний охин Уранцэцэг над руу залгаад “та утсаа аваач ээ, эмээ зөндөө залгасан байна, Баясаа ах гэмтлийн эмнэлгийн сэхээд ухаангүй байдалтай байна гэж эмээгээс сонслоо” гэхээр нь “үнэн юм уу, юу яриад байгаа юм бэ?” гээд шууд охин Уранцэцэгийн байр руу очиж тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр очиход ээж, аав, дүү Амгалан, талийгаачийн охин Халиунаа, эхнэр О нар зогсож байхаар нь юу болсон талаар асуухад хагалгаанд орчихлоо, би найз нөхөд, хамт явсан хүнээс нь юу болсон талаар асууя гээд Цоос “юу болсон юм бэ, хаанаас дүүг маань авчирсан юм бэ?” гэж асуухад бид нар хамт байсан тэгсэн таксинаас буухдаа халтирч унаад ухаан алдсан гэхээр нь “хэзээ вэ” гэхэд надад тодорхой хариулт хэлээгүй. Тэгэхээр нь би надад үнэнээ хэлж ярихааргүй хүн байна гээд гэмтлийн цагдаагийн өрөөнд эхэлж өөрөө ороод цагдаагийн дэд хурандаа цолтой хүнд дүүгийнхээ байдлын талаар танилцуулж дараагаар нь Цийг оруулж цааш шалгуулахаар хүсэлтээ тавиад, хагалгаа дуусахыг хүлээж байгаад хагалгаа хийсэн Б, Содбилэг, Энхтүвшин нартай уулзахад “Гавал тархины маш хүнд гэмтэл авсан, яаралтай хагалгаа хийгдсэн, гавлын яс цөмөрсөн, хатуу хальс урагдсан, судаслаг бүрхүүл тасарсан, маш их хэмжээний цус алдсанаас гемотом үүссэн, тархийг дарсны улмаас тархи үхжсэн байна, 95 хувийн үхэлтэй байна, гэмтэл авснаас хойш 15 цагийн дараа ирсэн, эртхэн ирсэн бол амийг нь аврах боломж бидэнд байсан байна шүү гэдгийг анхнаас нь танилцуулж байсан. ...Ц гэх хүнийг дагуулаад би охиныхоо хамтаар Украйн ресторон руу дагуулаад явах гэтэл, Ц би явахаа болилоо, цагдаа дээр очоод хүлээж байя гэхэд нь машинаас буулгахгүй цааш хамт явна гэхэд Цийн амнаас маш их хэмжээний өмхий үнэр, нэвширсэн архины үнэр үнэртэж байсан. Сансрын тунелын баруун үзүүрт байрлалтай Украйн ресторан руу орж “Энэ хүн танайхаар үйлчлүүлсэн үү?, энэ хүний талаар хэлээд өгөөч” гэхэд менежер Дарьсүрэн, Энхтуяа, үйлчлэгч нар бидэнд үйлчүүлсэн хүн мөн байна гэхээр нь үйлчлүүлсэн хоол ундны биллийг гаргаад өгөөч цагдаад хандах гэж байгаа юмаа гэхэд шарсан төмс, коктейл, Эвок нэртэй архи захиалж нийтдээ 97.000 төгрөг болсон байхаар нь Ц руу хандаж чи ямар их мөнгө төгрөгтэй хүн бэ?, дахин 100 грамм архи гарахдаа Ц уусан байсан. Дараа нь тухайн байгууллагын инженер Энх-Эрдэнэ гэх залууд хандаад камерын бичлэгийг флашан дээр буулгаж авахаар болоод Цийн флаш  дээр бичүүлж аваад, цагдаагийн хэлтэст авчирч өгсөн. ...Маш их гомдолтой байна, хүүхдийнх нь асуудлыг өөрт нь зөвөөр тайлбарлаж хэлчихээд эргээд  ирье гэж хэлээд нас барсан. Дүүг маань дэндүү дээрэлхсэн, дэндүү гэмтээсэн учраас маш их гомдолтой, хэзээ ч эргэж сэхээрэхгүй болгож гавал тархийг гэмтээсэн...” /1-р хх-ийн 94-95, 3-р хх-ийн 87, 118/ гэсэн,

 

Гэрч Г.Үлэмж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн спортын ордон дээр бэлтгэл хийгээд 22 цаг өнгөрөөгөөд дуусгаад гарах гэж байхад манай эхнэр над руу залгаад ээжийн найз Ц эгч гэрт ирээд чамайг асуугаад доороос юм өргүүлээд гэр рүү оруулж тавих гээд байна, чи хурдан ирж зохицуул, гэрт юм оруулахгүй шүү юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Би бэлтгэлээсээ гараад байрныхаа орц руу ороход 1 давхар нэг эрэгтэй хүн шат налаад тасарчихсан, унтаж байгаа байдалтай суучихсан, хажуу талд Ц эгч өөрөө сууж байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуухад бид хамтдаа сууж байгаад энэ хүн тасраад уначихлаа гэрийг нь мэддэггүй, утас нь унтарчихлаа, ойрхон болохоор танай гэрт унтуулах хэрэгтэй гэхээр нь би гэр рүүгээ орж эхнэртээ хэлсэн. Манай эхнэр уурлаад согтуу хүн гэрт оруулахгүй гээд байхаар нь нялх хүүхэдтэй учир гэртээ оруулахгүй гэхэд Ц тэгвэл ээжийнх рүү чинь оруулья гээд Ц эгч 6 давхар руу уулзахаар яваад, би нөгөө хүнийг хараад зогсож байтал Ц эгч ээжийн дүү Бат-Эрдэнийн хамтаар буугаад ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ ах, Ц эгч бид нар хамт өргөөд дээшээ ээжийнх рүү оруулах болоод би нөгөө ахын цээж хэсгээр нь араас нь өргөөд, нөгөө хоёр хөлөөс нь өргөөд дээшээ 6 давхар руу гаргаад ээжийнд оруулаад газар хэвтүүлчихээд гараад явсан. Маргааш өглөө ээж рүү залгаад нөгөө согтуу хүн чинь сэрсэн үү гээд асуухад сонин дуугараад байхаар нь түргэн дуудаад өгөөд явуулсан гэж хэлсэн. ...Тэр хүнд ил харагдах бэртэл, гэмтэл байгаагүй, куртикийг нь Ц эгч барьчихсан байсан...” /1-р хх-ийн 98-99/ гэсэн,

 

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой гэртээ байж байгаад 21 цаг өнгөрч байхад гарсан байх одоо цагийг нь сайн санахгүй байна. Гэрээсээ гараад хажуу талын 31 дүгээр байранд Эрдэнэбат гэх манай найз байдаг тэдний гэрт нь юм оруулж өгчихөөд тэдний 30-40 минут болсон байх, буцаж гараад гэртээ орох гэж байхад манай байрны орцны гадна хаалга онгойлгочихсон хаалганы босгон дээр махлаг биетэй, настай эгч нэг эрэгтэй хүнийг орц руу оруулах гээд байгаа бололтой өргөж дийлэхгүй, чирээд цээж хэсгээс нь татаад зогсож байсан. Би орцныхоо хаалгаар орох гэтэл нөгөө махлаг биетэй эгч надад хандаж энэ хүнийг хамжаад орц руу оруулад өгөөч гэж надаас гуйхаар нь би зүүн талаас нөгөө эгч баруун талаас нь хоёулаа цээж хэсгийг өргөөд орц руу оруулаад л үлдээсэн. Гэртээ орчихоод би эргэж гарч ирээгүй. ...Тэр хүн ямар ч ухаангүй байдалтай харагдаж байсан ба тэр хүнийг яасан талаар огт асуугаагүй. Би өөрөө тэр хүнийг согтуу тасраад уначихсан хүн байна л гэж бодсон. ...Тэр хүнд ил харагдах гэмтэл гэхээр зүйл анзаарч хараагүй. ...Тэр махлаг эмэгтэй хүн татсан байдалтай, өмсөж явсан цамц нь дээшээгээ татагдсан гэдэс нь гарчихсан, дээгүүрээ куртик байхгүй, нөгөө махлаг эгч л куртикийг нь барьчихсан байсан санагдаад байна. Дээгүүрээ хар саарал цамцтай л санагдаад байна, доогуураа ямар хувцастай байсан талаар санахгүй байна. ...Хувцас нь шороотой л харагдсан, цус гарсан байсан бол анзаарагдах байх тийм зүйл ажиглагдаж харагдаагүй...” /1-р хх-ийн 100-101/ гэсэн,

 

Гэрч Р.Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажил дээрээ байхад манай бэр О утсаар яриад Баясаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд байна. Та хурдан хүрээд ир гэсэн. Тэрний дагуу би шууд ажлаасаа гараад ээж Дг гэрээс аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очсон. Тэнд очиход манай бэр дүү, бас нэг танихгүй эмэгтэйн хамтаар зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад бэр дүү яагаад гэмтлийн сэхээнд хагалгаанд орж буй талаар мэдэхгүй байсан. Хажууд нь байгаа танихгүй эмэгтэйг заагаад энэ хүн өчигдөр гар утас руу нь залгаж дуудсаар байгаад аваад гарсан. Энэ хүн мэднэ гэсэн. Тэгэхээр нь та юун хүн бэ?, юу болсон юм бэ? гэхэд тэр эмэгтэй “Би Ц гэдэг хүн байна, Нийслэлийн мэргэжлийн хяналтад байцаагч хийдэг” гэж хэлсэн. Украйн ресторанд Цтой хамт хоол идчихээд архи уусан байсан, талийгаач нэлээн согтчихсон байсан. Гэрийг нь мэдэхгүй учраас найзынхаа гэррүү авч явсан. Тэгээд таксинд суугаад Хан-Уул дүүрэгт байдаг найзынхаа гэрийн гадаа ирээд таксинаас буухад талийгаач хойшоогоо саваад халтираад уначихсан. Ингээд босож ирэхгүй болохоор нь хүнтэй нийлээд өргөж өөрийнхөө найзын гэрт авч орсон. Тухайн үед талийгаач сэрэхгүй болохоор нь Ц архиндаа согтоод унтаад байна гэж ойлгоод тэнд орхиод явсан гэж надад ярьсан. Ингээд маргааш өглөө нь ажилдаа оччихоод буцаад ирсэн чинь манай дүү талийгаач амнаас цус гарсан, сэрэхгүй байдалтай байхаар нь түргэн дуудаад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр авчирсан гэж хэлсэн. ...Эмч нар тухайн үед ямар ч найдваргүй гэдэг зүйл ярьж байсан. Хэрэв дөнгөж гэмтэл аваад маш яаралтай эмнэлэгт ирсэн бол аврах боломжтой байсан гэж хэлсэн...” /1-р хх-ийн 104-105/ гэсэн,

 

Гэрч Р.Энхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой ажлаа тарчихаад манай гэрийн хашаа эзэнгүй байдаг болохоор хашааныхаа 2 нохойд хоол өгөх гээд гэртээ 19-20 цагийн үед ирчихсэн байж байсан. Тэгсэн удалгүй ээж Ц гаднаас ганцаараа ороод ирсэн. Тэгээд надад юу хийж байгаа юм бэ? гэхээр нь нохойндоо хоол өгөх гээд ирчихсэн байна гэж хэлтэл такситай явж байгаа гэх шиг болсон. Удаагүй 4-5 минутын дараа буцаад гараад явчихсан. Ээжийг хараад бага зэргийн халамцуу байгаа юм байна гэж бодсон. Согтуу байгаа үед нь ээжтэй нээх зүйл яриад дуугараад байдаггүй учраас гараад явсан. Би ээжийн араас гарч хараагүй, явсанаас хойш 10-аад минутын дараа гарахад гадаа хэн ч байгаагүй. ...Би гэртээ ганцаараа байхад ээж бас л ганцаараа гаднаас орж ирсэн. Ээжийг байх үед эхнэр байгаагүй ажлаасаа ирж байна гэсэн. Ээж Цийг гарсаны дараа манай эхнэр гаднаас орж ирсэн, замдаа тэр хоёр тааралдсан үгүйг сайн мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 106-107/ гэсэн,

 

Гэрч Д.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед над руу талийгаач Баясгалан залгаад Оогий ахаа та Ц эгчид хэлчихээрэй, тэр охиных нь хүүхэд найдваргүй шүү, эмчилгээ Монголд байхгүй, хойшоогоо явна гээд байгаа тэр нь бараг хэрэггүй байхаа зардал мөнгө төгрөг дэмий үрэхийн нэмэр байх, тэрийг сайн ойлгуулж хэлээрэй гэсэн. Хажуугаар нь надтай хувийн журмаар юм яриад, ахдаа хайртай шүү, Мөнхнасанг дээд сургуульд оруулна шүү гэх зэргээр яриад байхаар нь уучихсан байна даа л гэж бодсон. Тэгээд утсаар ярьчихаад тэрнээс хойш яриагүй, орой 19-20 цагийн хооронд над руу Ц залгачихсан байхаар нь буцаагаад Ц руу залгатал утас нь холбогдохгүй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08-09 цагийн хооронд Ц над руу залгаад Баясгалангийн эхнэрийнх нь утас, гэрийн хаягыг мэдэх үү, түргэн дуудсан сэрэхгүй байна, хордлогыг нь тайлдаг юм бил үү гэхээр нь эргээд тодруулж өгье гэж хэлчихээд хамт ажилладаг найз Аянга, Булгаа, Эрка руу утасдаад эхнэрийнх нь дугаарыг авч Цид хэлж өгсөн. Тэрний дараа Аянга над руу залгаад Баясгалан хагалгаанд орох гээд байна, гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь яваад очиход тархиндаа хүнд гэмтэлтэй гээд тэнд ар гэрийнхэн болон нилээн олон хүн ирчихсэн байсан. ...2010 онд манай хүү Мөнхнасан нь Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төвийн эрүү, нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Тэр үед хүүхдээ сахиж байхад Ц намайг эргэж ирэхэд эмч Баясгалан тухайн үед жижүүртэй байсан, тэр үед л анх хоол цай гээд танилцсан. Тэрнээс хойш Баясгалан, Ц хоёр бие биенийгээ мэддэг л болсон байсан. ...Ц над руу яриад Баясгалангийн утасны дугаарыг өгөөч манай охины хүүхэд Эх нялхасын сэхээнд хэвтчихсэн байгаа гээд над руу уйлаад ярихаар нь Баясгаланд Ц эгчийн охиных нь хүүхэд сэхээн амьдруулах тасагт хэвтсэн гэнэ, чиний утасны дугаарыг өгчих үү, чи нэг туслаад өгөөрэй гэхэд тэг миний утасны дугаарыг өгчих гэсэн. Тэрнээс хойш дахин холбогдоогүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр над руу утсаар ярьсан...” /1-р хх-ийн 108-109/ гэсэн,

 

Гэрч С.Цэрэндэжид мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой гэртээ хоёр хүүхдийнхээ хамтаар байж байсан. Манай нөхөр Үлэмж бэлтгэлдээ явчихсан байх хойгуур хаалга чанга цохихоор нь би айгаад хэн бэ? гэхэд “Би байна” гээд нэрээ хэлэхгүй балбаад байхаар нь онгойлгоход манай хадам ээжийн найз Ц гэх эгч халамцуу согтуу байдалтай гэрийн үүдэнд цүнх куртикээ тавьчихаад гадаа хүн байгаа хоёулаа гарья гэхээр нь би хоёр нялх хүүхэдтэй байж орхиод юу гэж тантай гарахав дээ гарахгүй гэтэл Үлэмжийг асуухаар нь бэлтгэлдээ явчихсан гэж хэлсэн чинь ээж, аав руугаа залгаад өг гэхээр та өөрөө яриач гэж хэлээд Цийг гэрийн утсаар хадам аав, ээж рүү залгуулахад утас нь болохгүй байхаар нь манай нөхөр Үлэмж рүү залгаад утсаар дуудсан. Тэр үед манай нөхөр бэлтгэл нь дуусаад гарч байна гэх шиг болсон. Тэгээд Ц гараад явсан ба удаагүйн нхөр Үлэмж рүү залгаад утсаар дуудсан. Тэр үед манай нөхөр бэлтгэл дуусаад гарч байна гэх шиг болсон. Тэгээд Ц гараад явсан, удаагүй Үлэмж орж ирээд Ц эгчийн дагуулж явсан согтуу хүнийг дээшээ аавын гэрт оруулчихлаа гээд орж ирсэн...” /1-р хх-ийн 110/ гэсэн,

 

Гэрч Д.Ариунаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай том ах Батцэнгэл бид хоёрыг гэртээ амарч байхад миний төрсөн дүү Бат-Эрдэнэ, бэр Баярмаа нар ирээд бид нар хоорондоо яриад дүү Бат-Эрдэнэ авчирсан 1 шил виски архи хуваагаад уугаад сууж байхад шөнийн 23 цагийн үед байх яг цаг хэд болж байсан талаар сайн санахгүй байна. Гэрийн гадна талын хаалга тогшиход бэр Баярмаа хаалга тайлтал найз Ц орилоод согтуу байдалтай гаднаас орж ирээд миний зээ хорт хавдар туссан гэх зэргээр юм хэлээд уйлаад байхаар нь юу болсон юм бэ, тайван бай гэж хэлэхэд цаанаас манай хүү Үлэмж орж ирсэн. Тэгээд Цоос би юу болоод байгаа юм бэ? гэж асуухад манай зээ хүүхдийг эмчилсэн эмч нь гэрээ мэддэггүй, гэрийн хаягаа зааж мэдэхгүй болохоор аваад ирлээ, нөгөө хүн маань тасарчихаад орж ирж чадахгүй доор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дүү Бат-Эрдэнэд хандаад Үлэмжийн хамтаар дамжлаад гэрт оруулаад ир гэж хэлээд гаргасан. Удалгүй Бат-Эрдэнэ, Үлэмж хоёр гаднаас тасарчихсан, ямар ч ухаангүй байдалтай эрэгтэй хүнийг өргөөд оруулж ирэхээр нь том өрөөний хажуу талд гудас тавиад дээр нь дэр тавиад хэвтүүлчихээд Ц руу чи харанхуй шөнө согтуу хүнийг гэрт авчирлаа, надтай утсаар ч ярилгүй дагуулаад хүрээд ирлээ. Чи өөрөө гэр оронтой биз дээ, гаднаас хүмүүс ирчихсэн байхад гэж хэлээд уурласан чинь Сансрынхаа гэрт очсон чинь түлхүүр байхгүй болохоор гэртээ орж чадаагүй гэж хэлсэн. Нөгөө согтуу хүн залуу хүн шиг харагдсан, бас жаахан хурхирах дуу гараад унтаад байна гэж бодсон. ...Тэгтэл гэнэт нөгөө залуу хачин дугарах шиг болохоор нь наад залуу чинь бөөлжсөндөө хахаж байгаа юм биш биздээ гээд хажуу талаар нь хэвтүүлсэн чинь амнаас нь бор өнгийн зүйл гоожихоор нь сэрээх гэтэл ерөөсөө босохгүй байхаар нь түргэн дуудаж үзүүл, хурдан дууд гэж хэлээд Цоор тэр дор нь дуудуулахад удалгүй түргэн ирсэн. Нөгөө хүнийг үзэж хараад зөв хэвтүүлсэн байна гэж үзээд нөгөө хүнийг авч явахаар болоод манай том ах Батцэнгэл хамт өргөөд буулгаад Ц хамт явсан. ...Тэр хүнд ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. ...Ил нүдэнд харагдахаар бохир зүйл анзаарагдаагүй, цус болсон байвал анзаараад юу болсон, яасан юм гээд үзэж харах байсан...” /1-р хх-ийн 111-112/ гэсэн,

 

Гэрч Р.Дарьсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17.00 цагийн үед байх нас тогтсон 45-50 орчим насны эмэгтэй хүн гаднаас орж ирээд 16 дугаар ширээн дээр нэг эрэгтэй хүний хамтаар сууж харагдсан. Залуу гаднаас орж ирэхийг бол харсан, харин тэр эмэгтэй хүнтэй 16 дугаар ширээнд сууж байхыг нь анзаарч хараагүй. Тэрнээс хойш би зохион байгуулагчийн хувьд заалны ерөнхий байдлыг ажиглаад явж байхад 16 дугаар ширээнд сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь сандал дээрээсээ уначихсан шалан дээр хэвтэж байхаар нь зөөгч Уийг дуудаж хамт хамжилцаад сандал дээр суулгах гэсэн боловч сандал дээр суух чадваргүй эргээд сандлаас унах гээд байсан болохоор түшээд заалны голоор явж өлгүүрийн хажуу талын модон сандал дээр суулгаад тэр хүнийг жаахан сэргэг гэж бодоод ажлаа хийсэн. Хэсэг хугацааны дараа хамт явж байсан эмэгтэй хүн даахгүй байна, лифтэнд суулгаад өгөөч гэж хүссэн. Тэгэхээр нь угтагч Булганыг дуудаж лифтэнд суулгаад өгөөрэй гээд хамт оруулаад би цааш явсан. ...Сууж байсан сандал дээрээс тэр залууг унахыг бол хараагүй. Заалны голоор ажлаа хийгээд явж байхад шалан дээр уначихсан байхыг нь харсан...” /1-р хх-ийн 113-115/ гэсэн,

 

Гэрч М.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16-17 цагийн үед байх хүн багатай байхад хамгийн эхлээд нэг ах орж ирээд 16 дугаар ширээн дээр суухаар нь араас нь дагаж яваад холлны меню өгөөд хэдүүлээ явж байгаа юм бэ? гэхэд ганцаараа явж байна гэхээр нь хоолны меню өгөхөд араас нэг настай эгч хажуу талд нь суугаад намайг явах гэж байхад нэг нэгийгээ чи чинь хэн билээ эх зэргээр нэгийгээ таньдаг юм шиг ярилцаад хамт суухаар нь очиж захиалга авсан чинь нэг шил архи, нэг ширхэг сода, нэг ширхэг тоник захиалаад идэх юмнаас шарсан төмс дундаа авсан. Дараагаар нь би өөрийн хариуцдаг хэсэг рүү явсан. Тэрнээс хойш 19 цагийн үед зохион байгуулагч Дарьсүрэн Уөө хүрээд ир, нэг үйлчлүлэгч сууж байсан сандал дээрээсээ уначихлаа би даахгүй байна гэхээр нь очиход 16 дугаар ширээн дээр сууж байсан ах эгч хоёрын наад талын сандал дээр сууж байсан ах сандалаасаа уначихсан хэвтэж байсан. Зохион байгуулагчийн хамт тэр ахыг өргөөд буцааж суулгах гэхэд гуйваад, дахин унах гээд байсан тул хоёр талаас нь сугадаж, өргөөд үүдний хувцас өлгөдөг угтагчийн модон сандал дээр суулгасан. Тэр үед олон ширээнд хүмүүс байсан болохоор буцаад ширээний үйлчлүүлэгч нар руу явсан. Тэр хамт явж байсан эгчид такси дуудах уу, таксинд суулгаж өгөх үү гэхэд хэрэггүй одоо хүн ирж байгаа гэж хэлэхээр нь орхиод ажлаа хийж байхад зохион байгуулагч Дарьсүрэн дуудаад Удамаа нөгөө хүн чинь дахиад уначихлаа гэж надад хэлэхэд цаанаас угтагч Булгаа гарч ирээд зохион байгуулагч Дарьсүрэн, Булгаагийн хамтаар босгоё гээд намайг явуулсан, тэрнээс хойш өөр зүйлийн талаар мэдэхгүй...” /1-р хх-ийн 116-117/ гэсэн,

 

Гэрч Н.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сансрын тунелийн баруун талын уулзвар дээр байх Ботько Опанас рестораны ажил дээрээ ирсэн. Тэгээд тэрнээс хойш 2 давхарын 2 дугаар заалыг хариуцаад үйлчлүүлэгч нарт үйлчилж ажилласан. Яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна, эхлээд нэг ах ганцаараа бага зэргийн согтуу байдалтай, архи үнэртүүлсэн орж ирээд сууж байсан бөгөөд хэдэн минутын дараагаар нөгөө зөөгч У ах очиж захиалга авч байсан. Тэр ширээний хажуу талаар нь би сууж байсан үйчлүүлэгч нарт үйлчилж байсан. Тэр хоёр хүн ширээн дээр нэг шил Эвок архи, ундаа, ус, шарсан төмс авчихсан хоорондоо юм яриад сууж байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад 00 өрөөний хажуу талын модон сандал дээр нөгөө ахыг суулгачихсан нилээн согтуу тонгойгоод сууж байгаа харагдахаар нь харж байхад урагшаа унаад үүдний угтагч Булган босгож байхаар нь тэрийг нь харчихаад цаашаагаа явчихсан...” /1-р хх-ийн 118-119/ гэсэн,

 

Гэрч Х.Булган мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16:30 цагийн үед намайг ажил дээрээ ирэхэд манай ресторанд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлчлүүлээд орой 22:00 цагийн үед гарч явсан. Гарч явахдаа эрэгтэй нь хөл дээрээ тогтож чадахгүй нэлээн согтуу байдалтай байсан ба эмэгтэй нь гайгүй биеэ авч явж чадаж байсан. Би гаргаж эрэгтэйг нь сугадаж рестораны хаалгаар гарч шатаар буулгаж таксинд суулгаж өгөх гэхэд хамт явсан эгч нь “бид хоёр эндээсээ өөрсдөө явчихна” гэж хэлэхээр ажил руугаа орчихоод цонхоор харах үед такси барих гээд зогсож байгаа харагдсан. Тэгээд 10-15 минутын дараа харахад байхгүй болчихсон байсан...” /1-р хх-ийн 120-121/ гэсэн,

 

Гэрч Ж.Эрдэнэцогт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр амралын өдөр байсан. Манай ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч нар ажлын бус цагаар дуудагдах хуваарь байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос хойш сүүлийн 10 хоног тутамд нэг эмч гарах хуваарь гаргачихаад тэрний дагуу явдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн үед эмч нарын зөвөлгөөний үеэр Аянга эмчээс Баясгалан гэмтсэн байна, гэмтлийн эмнэлэгт ухаангүй, яаралтай хагалгаанд орох гэж байна гэж мэдээд эмч нартай очиж уулзсан. Эмч нар “өглөө эмнэлэгт ирсэн, тархиндаа нилээн том хэмжээний цус хуралттай, унаж гэмтсэн байж болзошгүй” гэж хэлсэн. Тэгээд тархиндаа гентом үүссэн, их том хэмжээтэй байгаа тул амь насны заалтаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэдгийг танилцуулж, хугацаа их алдсан байна гэдгийг онцгойлж хэлсэн...” /1-р хх-ийн 122-123/ гэсэн,

 

Гэрч Г.Аянга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эмч нарын зөвөлгөөн хийх гэхэд Р.Баясгалан эмч ирэхгүй байхаар нь утас руу нь залгаж асуух гэж байхад Р.Баясгалангийн эхнэр О манай эмч Эрдэнэцогт эмчид “Баясгалан гэмтлийн эмнэлэгт ирчихсэн яаралтай хагалгаанд орох гэж байна” гэж хэлсний дагуу Гэмтлийн эмч нараас асуухад “Баясгалан эмч тархины гэмтэлтэй ухаангүй ирсэн” гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч нар нь “тархинд цус харвалттай, яаралтай амь насны заалтаар хагалгаанд орох шаардлагатай байна” гэж хэлээд удаагүй хагалгаа хийгдсэн. Цаг гаруй үргэлжилсэн хагалгааны дараа эмч нар “маш хүнд гэмтэл байна, тархины баруун тал тэр чигээрээ дарагдсан байна” гэж хэлсэн. ...Р.Баясгалан эмч согтууруулах ундаа хэрэглэх дуртай талдаа. Хаяа архи сэнгэнүүлчихсэн ажилдаа оройтож ирэх үе цөөнгүй байсан. Харин архи уухаараа зан авирын хувьд гайгүй, хүнтэй хэрүүл  маргаан хийдэггүй, дуугүй талдаа хүн...” /1-р хх-ийн 124-125/ гэсэн,

 

Гэрч Р.Энхмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Амгалан амаржих газарт дутуу төрөөд 19 хоног эмчилгээ хийлгэж багаад эмнэлгээс гарсан. 4 хоногийн дараагаар миний охины нүүр хөхрөөд байхаар нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж үзүүлсэн чинь хэвтэх шаардлагатай байна гээд хэвтүүлсэн. ...би ээж Цид хандаад эмч нар ерөөсөө тоохгүй байна, хүүхдийн биеийн байдал муудаад эмчилгээ авахгүй байна гэж хэлснээс хойш Баясгалан эмч надтай хоёр удаа ирж уулзсан. Тэрнээс хойш эмчилгээ хийгдэж эмэнэлэгт хэвтсээр байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр онош нь тодороод Цагаан мөгөөрсөн хоолойн төрөлхийн нарийсал гэдэг оношийг  тавьсан. ...2017 оны 01 дүгээр сарын 23-ны үдээс хойш Баясгалан эмч хагалгаанд орох шаардлагатай болчихоод гэмтлийн эмнэлэг дээр сууж байна гэж надад хэлсэн. ...Юу болсон талаар тодруулахад орой хамт нэг газар суугаад согтчихоор нь найзынх руугаа дагуулаад явсан чинь замдаа халтираад унасан гэж хэлсэн. Бусад зүйлийн талаар мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 128-129/ гэсэн,

 

Гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн Чих хамар хоолойн мэс заслын тасаг, Эрүү нүүрний мэс заслын тасаг, Нүдний мэс заслын тасгаас нэг эмч жижүүрлэж хариуцаж хонодог юм. Нүдний гэмтэлтэй бол нүдний эмч, эрүү нүүрний гэмтэлтэй бол тухайн тасгийн эмчийг дуудах ёстой байдаг. Тэгээд би энэ өдөр жижүүрт ажил дээрээ 09 цагт очоод жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад орой Эрүү нүүрний мэс заслын тусламж авах хоёр өвчтөн ирсэн учир тухайн мэс заслын эмчийг дуудах шаардлагатай болсон. Хуваарийн дагуу Баясгалан эмч гарах ёстой байсан бөгөөд түүний утас руу 18 цагаас хойш 2-3 удаа залгахад дуудаж байсан боловч аваагүй, тэгэхээр нь тухайн тасгийн эмч Цэрэндулам руу залгаад Баясгалан эмчийн хаана байгаа талаар тодруулахад “мэдэхгүй байна, амралтын өдөр юм чинь гэртээ байгаа болов уу” гээд тасалсан. Тэгээд 20-21 цагийн хооронд Баясгалан эмчийн утас руу залгахад нэг эмэгтэй хүн авахаар нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн жижүүр эмч ярьж байна, Баясгалан эмч дуудагдаж хагалгаа хийх ёстой гэж хэлэхэд цаашаагаа хөөе Эх нялхасаас яриад чамайг дуудаад байна гээд утсаа дамжуулж буй бололтой, тэгсэн чинь Баясгалан эмчийн үл ойлгогдох дуу авиа гараад утсаа тасалсан. Дахин утас руу нь хоёр удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд Эрүү нүүрний тасгийн сувилагчид хандаад тасгийн эрхлэгч Аянга руугаа хэл Баясгалан эмч утсаа авахгүй байна, одоо яах вэ гэж асуулгахад хоёр дахь нэрийн эмч Төрболдыг дууд гэсэн учир Төрболд эмчийг дуудаж хагалганд орсон...” /1-р хх-ийн 130-131/ гэсэн,

 

- Гэрч Т.Түвшинжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн эрэгтэй хүн ухаангүй байсан учраас 40 процентийн глюкоз тариагаар судсаар, церукал 2 мл-ыг судсаар хийсэн. Тухайн хүн ухаангүй хэрнээ бөөлжсөн байдалтай байсан, дамнуургаар зөөж түргэний машин руу гаргасан. Тухайн залууг машинд зөөж оруулсны дараа нөгөө махлаг эмэгтэйгээс дахин энэ хүн гэмтэл авсан юм биш биз дээ гэхэд тэр эмэгтэй “нээрэн өчигдөр такси барьж ирээд таксинаас буухдаа хальтарч унасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ухаангүй хүний толгойнд нарийн үзлэг хийхэд толгойн дагзны баруун талд бага хэмээний зулгарсан шархтай, бага зэргийн хавантай байсан тул Гэмтлийн гаралтай гэж үзэн яаралтай ГССҮТ аваачиж, хүлээн авахын эмчид хүлээлгэж өгсөн. Намайг очиход тухайн эрэгтэй хүн хажуу тийшээ харсан, ухаангүй бөөлжсөн байдалтай байсан. Гэрт ороход зодоон болсон гэхээр зүйл ажиглагдаагүй...” /3-р хх-ийн 119-120/ гэсэн,

 

- Гэрч Ж.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед хүлээн авахаас Эрчимт эмчилгээний тасагт каталкан дээр ухаангүй, хурхирсан байдалтай, хэн болох нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Биеийн байдал нь маш хүнд, орчны харьцаа байхгүй, хурхирсан, бөөлжсөн байдалтай, даарсан, 2 нүдний хүүхэн хараа нь өргөссөн байдалтайгаар ирэхээр нь шууд хүлээн авч шаардлагатай эмийн эмчилгээг эхлүүлээд шинжилгээнүүдийг хийж хурдан хугацаанд гавал тархины компьютер томографийн шинжилгээнд оруулж үзэхэд баруун зулай, чамархайг хамарсан хатуу хальсны доор байрлалтай, том хэмжээний цус хуралт гарсан. Тархинд дарагдал ихтэй, хаван ихтэй байсан тул яаралтай журмаар хурсан цусыг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хагалгаа хийгдэхээр болж гавал тархины мэс засын эмч Б, Содбилэг нарыг дуудаж үзүүлж мэс засалд орохоор болж шууд хагалгаанд орсон. Өвчтөнд амьсгалын аппаратанд авч мэс заслыг хийж эмийн эмчилгээг үргэлжлүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд нийт хоёр удаа хагалгаанд орсон. Энэ хүний хувьд бид хийгдэх шаардлагатай бүх эмчилгээг хийсэн, хамгийн гол нь анхдагч тархины гэмтэл нь эргэж сэргэх боломжгүй байсан учраас энэ хүний амь нас аврагдах боломжгүй, 45 хоног эмчилгээ хийгдэж байгаад 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нас барсан...” /3-р хх-ийн 94-95/ гэсэн,

 

- Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө сэхээн амьдруулах тасагт нэр хаяг нь тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүн ирчихсэн байна гэсний дагуу гавал тархины тасгийн эмч Содбилэг, Түмэн-Өлзий нарын хамтаар Сэхээн амьдруулах тасагт очиж шинжилгээгээр өвчтөнд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай байсан тул өвчтөнийг богино хугацаанд ойролцоогоор 30 минутын дотор бэлтгэж хагалгаад Содбилэг эмчтэй нэг багаар орсон.

Амь хохирогч нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13.30 цагт хагалгаа хийгдэж, маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхний хагалгаа хийхэд хатуу хальсан доорх хурсан байсан 120-130 мл буюу бүх цусыг авч чадсан гэсэн хэдий ч тархи их хэмжээний цусаар дарагдсан байсан тул тархи сэргэлт удаан явагдаж, тэр орон зайнд дахин цус хурсан байсан тул дахин хагалгаа хийгдсэн. Биеийн байдал маш хүнд, ухаангүй, гүн комын байдалтай байсан...” /3-р хх-ийн 96-97/ гэсэн,

 

- Гэрч Н.Содбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 11 цаг 30 минутын орчим Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хүнд хүн ирсэн байна, тархины мэс засын эмч дуудаж байна, бөөндөө хамт очиж үзэх хэрэгтэй байна гээд тасгийн эрхлэгч Бгийн хамтаар Эрчимт эмчилгээний тасагт очиж өвчтөнийг үзэхээр очиход эрчимт эмчилгээний тасгийн эмч нар хүлээж аваад зохих яаралтай шинжилгээг бүрдүүлэн урьдчилан байдлаар тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх том хэмжээний хурц цусан хураа үүссэн, тархин эд их хэмжээгээр дарагдсан, гавлын ясны хугаралтай, тархины эдийн няцралтай гэдэг оношийг тогтоосон байсан. Эмч нарын хамтарсан үзлэг хийхэд өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, гүн комын байдалтай, амь тэнссэн байдалтай байсан тул яаралтай журмаар амь насны заалтаар тархины баруун тал бөмбөлгийн хату хальсан доорх хурц цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын эмчилгээ хийх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, Б эмч, Энхтүвшин эмч бид гурав яаралтай журмаар мэс заслын эмчилгээг тэр даруй хийгдэж 1 цаг 30 орчим минут явагдаж дууссан.

Эхний хагалгаа хийхэд хатуу хальсан доорх хурсан байсан 120-130 мл буюу бүх цусыг авч чадсан гэсэн хэдий ч тархи их хэмжээний цусаар дарагдсан, тархины өөрийн сэргэлт үгүй байсны учир цус хуралт байсан хөндийд дахин цус хуралт бага хэмжээгээр үүссэнийг авахаар давтан мэс заслын эмчилгээ 2017 оны 01 дүгээр сарын 24-нд хийгдсэн.

Иймэрхүү хүндрэл гардаг болон уг өвчтөн дээр гарах магадлал өндөр болохыг эхний хагалгааны мэс заслын өмнөх дүгнэлтэд тодорхой тусгасан. Анх үзэхэд биеийн байдал туйлын хүнд, амьсгал зүрх судасны үйл ажиллагааны дутагдалтай, амь тэнссэн байдалтай, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар яаралтай сэхээн амьдруулах эмчилгээ хийж байсан...” /3-р хх-ийн 98-99/ гэсэн,

 

- Шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн задлан шинжилгээний өрөөнд Б, хадам эцэг гэх эмч, талийгаачийн эмчлэгч эмч Түмэн-Өлзий, мөрдөн байцаагч нарын хамтаар амь хохирогчийн биед задлан шинжилгээнд орсон.

Шинжилгээгээр хуйхны баруун зулайн чамархайн хэсгийн мэс заслын шархан доор шар ногоон өнгийн зузаан өнгөртэй, баруун чамархай зулай хэсэгт том хэмжээний мэс заслын цооногтой, уг цооногоор тархины эд эвэрч гарч ирсэн. Тархины суурь, баруун дух, дагз, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доор ззаан шар ногоон идээтэй, тархи хэлбэрээ алдаж улбайсан, ялангуяа баруун талын бөмбөлөг навтайж урсах маягтай болсон байсан. Тархийг зүсэж үзэхэд баруун дух, чамархайн суурь хэсэгт бор шаргал өнгийн голомтот өөрчлөлттэй, ховдлуудад зузаан ногоон өнгийн өнгөр бүхий өөрчлүүдтэй байсан. Мөн өвчний түүх, толгойн компьютер томографи, хагалгааны тэмдэглэлийг үндэслэж 567 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэл болон унах үед үүснэ. Гэмтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлийн аль алинд нь үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлээс гадна нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдсон учраас нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тусгагдсан. Талийгаач Баясгалан нь дээрх гавал тархины гэмтлийг яг ямар цаг хугацаанд хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Цусан хураа нь гэмтсэн судаснаас алдаж буй цусны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Дээрх гэмтлийг хугацаа алдалгүй оношилж, эмчилж чадсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” /3-р хх-ийн 92-93/ гэсэн,

 

- Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед миний охин Энхмаа над руу утасдаад эмчилгээ дууссан, та хоёрыг эмнэлгээс гаргана гэж эмч Наранцэцэг хэллээ гэж ярьсан. ...Баясгалан эмч рүү залгаад Наранцэцэг эмч гаргана гэж  байна, хүүхдийн бие  муу байгаа болохоор одоо гарахаар яах вэ, гарвал ядаж сувилагч хэрэгтэй байна гэж хэлэхэд Баясгалан эмч за би багштай ярья гэж хэлээд утсаа тасалсан. Баясгалан эмч надруу буцааж залгаад “Та ерөөсөө ойлгохгүй байгаа учир уулзаж байгаад учрыг нь тайлбарлья” гэхээр нь хаана уулзах талаар лавлахад манай эхнэр сансарт шүдний эмнэлэг байгуулсан, тэрний ойролцоох Украйн хоолны газарт уулзахаар болж, та над руу нэгж явуулчих гэхээр нь Баясгалангийн утас руу 10.000 нэгж аваад явуулсан. Үдээс хойш 16 цагийн үед Баясгалангийн утас руу залгахад дуудаад утсаа авахгүй байхаар нь ярьсан газар руу нь очоод хүлээж байя гэж бодоод Украйн хоолны газрын хоёр давхарт ширээн дээр суухад гаднаас нэг хүн орж ирээд ширээнд суухаар нь харахад Баясгалан эмч байхаар нь Баясгалан эмч үү, та намайг танихгүй байна уу гэхэд өө Цоож эгч үү гээд би ширээн дээр нь очиж суугаад ярилцсан. Тухайн үед бага зэргийн архи уучихсан халамцуу байдалтай харагдсан. Удалгүй бармен ирээд захиалга авах үед би хоол идэхгүй гээд гараараа хоолой руугаа заагаад байхаар нь пиво авах юм уу, архи авах уу гэхэд пиво авахгүй гэсэн.  100 грамм архи авах уу гэхэд араас эхнэр ирнэ гээд байхаар нь сайн архи юу байна, 0,5 литрийн архи байдаг уу гэж асуухад 0,75 литрийн архи байгаа гэхээр нь 0, 75 литрийн нэг шил архи, халуун зууш, ундаа бас нэг тоник аваад олон зүйлийн талаар ярилцаад архиа уусан. Тооцоогоо хийчихээд буцаад ирэхэд Баясгалан эмч миний сандал дээр суучихсан байсан. Тэгэхээр нь тойроод Баясгалангийн сууж байсан сандал дээр суугаад тооцоогоо хийсэн юм чинь гарья гэж бодоод Баясгалангийн хувцсыг авах гээд тонгойход миний нүдний шил унасан. Нүдний шилээ авах гээд тонгойж байх хооронд Баясгалан эмч газар уначихсан, баарны бармен, зохион байгуулагч хоёр ирээд босгож байсан. Тэгэхэд Баясгалан эмч их согтсон, сууж байгаа газраа ямар ч ухаангүй байдалтай болчихсон. ...Хувцасыг нь өмсүүлээд гадагшаа гарч, танай эхнэрийн ажил хаана вэ, гэр чинь хаана вэ гэхэд зааж өгч чадахгүй байхаар нь ерөөсөө гэртээ очиж жоохон унтуулья гэж бодоод Украйн рестораны урд талын зам дээрээс таксинд гар өргөж, суудлын жижиг тэрэг зогсохоор эхлээд Баясгаланг суулгаж, өөрөө наана нь суугаад эхнэрийнх  нь шүдний эмнэлгийг хараад явсан. Тодорхой хаяг харагдахгүй байхаар нь шууд Дарь-Эхэд байдаг гэр рүүгээ очоод ганцаараа түрүүлж ороод нохойгоо уях гэхэд бага хүү Энхзул эхнэр Гэрэлсүрэнгийн хамт ирчихсэн нохойгоо хооллож байхаар нь ээж нь Баясгалан эмчтэй хамт явж байна, гэрийнхээ түлхүүрийг хайгаад олдоггүй ээ гэж хэлээд таксиндаа буцаж суугаад Хан-Уул дүүргийн 3-р хороо 57 дугаар байр 95 тоотод байрлах гэр рүүгээ явсан. Замдаа гэрт хүргэн байгаа юм чинь танихгүй согтуу хүн дагуулж очихоор эвгүй байх гэж бодоод гэрийн ойролцоо байдаг найз Ариунаагийнх руу явахаар болж Ариунаагийн байрны гадаа ирээд Баясгалан эмчийг манай найзын гадаа ирчихлээ бууя, гэж хэлэхэд Баясгалан буугаад би тооцоогоо хийгээд араас нь буугаад түрүүлж орцны хаалгыг татаад зогсож байхад Баясгалан гуйвж байгаад зам дээр арагшаа толгойгоороо саваад уначихаар нь очоод миний дүү босоорой хүйтэн газар хэвтээд байж болохгүй, хөлдчихнө, сэрээрэй гэхэд ямар ч хөдөлгөөнгүй нүдээрээ намайг харчихаад хэвтээд байхаар нь татаад босгох гэхэд дийлэхгүй байж байхад нэг залуу ирээд тэр залууг гуйгаад нөгөө залуу биеийн ар хэсгээс би хөлнөөс нь өргөөд орц руу оруулахад өрөөсөн гутал нь үүдний довжоонд тээглээд сугараад үлдчихсэн. Үүдний коридорт суулгаад миний дүү харж байгаарай эгч нь хүн дуудаад ирье гээд Үлэмжийн гэрт ороход Үлэмж байхгүй эхнэр нь хоёр хүүхдийнхээ хамт байхаар нь Үлэмжийг асуухад байхгүй гэхээр нь буцаад буухаад Үлэмж буцаад орж ирж байхаар нь Үлэмжийг наанаа байж бай гээд дээшээ Ариунаагийн гэр рүү ороход Ариунаа, дүү Бат-Эрдэнэ эхнэрийнхээ хамтаар байхаар нь Бат-Эрдэнийг дагуулж гараад Бат-Эрдэнэ, Үлэмж бид гурав өргөөд 6 дугаар давхарт Ариунаагийн том өрөөнд оруулж, гудас дэвсээд хэвтүүлсэн. Хурхираад унтаад байсан ба Ариунаагийн гэрийнхэнтэй ярьж хөөрч байгаад унтаад маргааш өглөө нь 07 цагийн үед сэрээд Баясгаланг ажилдаа яваарай гэхэд сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь ажил руугаа очиж хүүхдийн хоол цай өгчихөөд, чөлөө авчихаад ирье гээд явчихаад буцаж ирэхэд унтаж байхаар нь Баясгаланг арай л унтаад байна, болохгүй байхаа гээд босгох гэхэд амнаас нь бор өнгийн шингэн зүйл урсахаар нь хордлогонд орсон юм гээд дуудлага өгөөд хажуу тийш нь харуулж хэвтүүлээд байж байхад 103 эмч ирээд юу болсон талаар асуухад нь өчигдөр архи уугаад хордлогонд орчихсон юм шиг байна гэж хэлээд аваад гарсан. Замдаа надаас унасан уу гэж асуухаар нь орой орцны үүдэнд савж унасан гэж хэлэхэд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэр хооронд Отгонбаяр руу залгаж Баясгалан архины хордлогонд орчихсон юм шиг байна, эхнэрийг нь мэдэх үү, хэл дуулгаач гэж хэлээд эмнэлэг дээр очиход зураг авна гээд дотогоо оруулсан. Би хувцасыг нь аваад байж байхдаа Баясгалангийн эхнэр рүү залгаж өчигдөр архи уугаад хордлогонд орсон юм шиг байна, юу идэж уусан бэ гэхэд эхнэр нь удаагүй ирсэн.  Тэгээд эмч нартай нь уулзахад тархиндаа гэмтэл авсан юм шиг байна хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. ...Талийгаач ресторанд дотор байхдаа нэг удаа хойшоо уначихсан, тэгж унахыг би бол хараагүй. Унасан байхад нь бармен, зохион байгуулагч нар босгож байсан. Харин Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 30 дугаар байрны орцны гадна хаалга онгойлгоод эргээд харахад Баясгалан хойшоого саваад тас хийтэл толгойгоороо саваад уначихсан. ...Миний толгойд энэ хүн гэмтчихсэн гэж ойлгол төрөөгүй. Гадна талдаа ил харагдах гэмтэл шарх харагдаагүй болохоор их согтчихсон, тасарчихсан, байдалтай учраас унтуулж амруулах юм бол гайгүй болох байх гэдэг зүйл толгойд орж ирж байсан. ...Би эхнэрийнх нь утасны дугаарыг мэдэхгүй учраас холбогдож чадаагүй. Ресторанаас гарах үед миний утасны цэнэг дуусаад унтарчихсан. Талийгаачийн утсаар залгая гэж бодоогүй. Архи уучихсан болохоор жаахан унтаад босож ирээд гэр рүүгээ холбогдож байлгүй дээ гэж бодсон.  ...Би жижиг суудлын тээврийн хэрэгсэлд суусан. Улсын дугаар марк, өнгө номерыг нь мэдэхгүй байна. Одоо харин сүүлд бодоод байхад саарал өнгийн байсан санагдаж байна.  ...Баясгалан эмчийг Ариунаагийн гэрт оруулаад том өрөөнд нэг хүний хөнжил дэвсээд хувцастай нь хэвтүүлээд дээрээс нь нимгэн бүтээлэг тавиад амруулсан, толгой доор нь зөөлөн жижиг дэр тавьсан. Биед нь ил харагдсан,  хавдсан, хөхөрсөн, цус гарсан зүйл харагдаагүй. Бие нь муудсан байдал огт харагдаж мэдэгдээгүй. Эртхэн унтуулаад сэргээд босгоё гэж л бодсон...” /1-р хх-ийн 168-170, 172-174 3-р хх-ийн 89/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн №567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаач баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүлийн цус харвалт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины идээт үрэвсэл, буглаа, тархи зөөлрөлөөр хүндэрч нас баржээ.

5. Цусанд спирт илрээгүй.

6. Талийгаач 2017.03.09-ний өдрийн 16.30 минутад нас баржээ.

7. В/III/ бүлгийн цустай байна...” /1-р хх-ийн 135-140/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №652 дугаартай нэмэлт дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Амь хохирогч Р.Баясгаланд эмнэлгийн тусламж үзүүлсэн цаг хугацаанаас хэдий цаг хугацааны өмнө дээрх гэмтлийг авсан байхыг нарийвчлан тогтоох боломжгүй.

2. Амь хохирогч Р.Баясгаланг гэмтсэн даруйд мэргэжлийн эмчид хандан толгойн КТГ-н шинжилгээ хийн оношилж, мэс засал хийсэн бол амь насыг аврах боломжтой байсан...” /1-р хх-ийн 149-153/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 85/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-31/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 80-83/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 69-74/,

-  Амь хохирогчийн өвчний түүх /1-р хх-ийн 218-250, 2-р хх-ийн 1-50, 3-р хх-ийн 157-163/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 179/,

- Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой  баримтууд /2-р хх-ийн 184-185, 190, 3-р хх-ийн 25-30, 158-163, 168, 170-174, 179-180/,

- Шүүгдэгч Г.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 194-228, 3-р хх-ийн 1, 129-156/,

- Шүүгдэгч Г.Цийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 192/,

-  Хохирлын баримтууд /3-р хх-ийн 49-67/ зэрэг болно.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Цид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хэргийн талаар дүгнэхэд:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Газарчин овогт Г-ын Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Цийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Хэргийн талаар болсон үйл явдал: 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Г.Ц, амь хохирогч нар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Serj Exclusive house” нэртэй зоогийн газар уулзаж, 0,75 литрын архи, ундаа, бусад зүйлсийг худалдаж авч, тухайн газраар үйлчлүүлсэн, Г.Ц болон амь хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл худалдан авч, хэрэглэж, хэн аль нь согтсон байсан бөгөөд амь хохирогч нь зоогийн газарт байхдаа хэд хэдэн удаа газар унасан, амь хохирогчийг газар унасан байхад зоогийн газрын зөөгч, зохион байгуулагч нар босгож, тухайн зоогийн газрын өлгүүрийн хэсэгт суулгасан, орой 20 цагийн орчим зоогийн газраас амь хохирогч нь Г.Цийн хамт гарч, таксигаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 95 тоот хашаанд очсон, тэндээсээ Г.Ц найз Д.Ариунаагийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 дугаар орцны гадна хүргүүлсэн ба амь хохирогч таксинаас буухдаа, эсхүл буусан байхдаа газар унасан бөгөөд Г.Ц нь газар унасан байсан амь хохирогчийг согтоод унтаж байна гэж бодоод Д.Ц, Г.Үлэмж, Д.Бат-Эрдэнэ нарын хамт өргөж, найз Д.Ариунаагийн гэрт оруулж унтуулсан байна.

Маргааш нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн орчим амь хохирогч сэрэхгүй, хурхираад унтаад байсан учраас сэрээх зорилгоор татахад түүний амнаас хүрэн өнгийн шингэн зүйл гоожсон, энэ үед Г.Ц болон гэрт байсан бусад хүмүүс ямар нэгэн юм боллоо, эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай гээд Г.Ц өөрийн гар утсаар түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд, улмаар амь хохирогчийг Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэж компьютер томографийн зураг авахуулж, шинжилгээ өгөхөд тархиндаа “баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүлийн цус харвалт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл авч, тухайн өдрөө болон 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нийт хоёр удаа яаралтай тархины хагалгаанд орсон, улмаар Гэмтэл Согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нас барсан үйл явдал болсон нь хэргийн баримтаар тогтоогдоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас...” гэж заасан ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хохирогч нас барсан” гэж заажээ.

 

Улсын яллагч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 295 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ “...Г.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд 44 настай, эрэгтэй Рэнцэнгийн Баясгаланг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй унаж тархиндаа амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой байсан боловч тусламж үзүүлээгүй зориуд биелүүлээгүй орхисны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод хэвтэн эмчлэгдэж байгаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч нас барсан” гэж бичиж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл амь хохирогч Р.Баясгалан нь хуульд заасан бага насны, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай этгээд байгаагүйн дээр Г.Ц нь амь хохирогч Р.Баясгалангийн өмнө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд биш, өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэгт холбогдсон этгээд нь тусгайлан нэрлэн заасан этгээд байхаар хуульчилсан байхад Г.Цийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.

 

Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт “...хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд” хамаарах бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой амь хохирогч Р.Баясгалан болон Г.Ц нар 0,75 литрын архийг хувааж уугаад хэн аль нь согтуу байсан, Г.Ц өөрөө согтуу, амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсныг ухамсарлах, мэдэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан камерын бичлэгээр тогтоогдоно.

 

Г.Цийн гэм буруутай ямар үйлдлээс амь хохирогчийн тархинд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, эдгээр нь өөр хоорондоо шалтгаант холбоогүй байна.

 

Амь хохирогч зоогийн газарт болон гадаа хэд хэдэн удаа унасан бөгөөд тархинд авсан тухайн хүнд гэмтлийг хэзээ авсан цаг хугацааг тогтоох боломжгүйг болон тухайн хүнд гэмтэл авсныг Г.Ц мэдээгүй, мэдэх боломжгүй байсныг шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Бгийн “...Асуумжаараа бол гэдэргээ савж унасан гэсэн. Хүн өөрийн жингээрээ унана. Миний чихэнд сонсогдсоноор таксинаас халтирч унаад хурхирсан гэсэн, унангуутаа хурхирна гэдэг бол боломжгүй, бага багаар даамжираад явагдана. Тухайн гэмтлийг аваад хурхирах, архи уусан үед унтахдаа хурхирах хоёр бол ялгагдахгүй, туршлагатай хүн бол нүдийг нь нээж үзсэн бол хүүхэн хараа томорсон байдаг, үүнийг туршлагатай хүн л мэднэ. Тархины цусан хурааг энгийн хүн байтугай, мэргэжлийн хүн ч гаднаас хараад мэдэх боломжгүй. Тархины дотор талын хаванг компьютерээр оношилно. Ийм гэмтэл авсан бол эхний ээлжинд бөөлжинө. Ууж идсэн, хоол хүнсний зүйл гарсан байх. Амнаас гарсан зүйл нь тархины гэмтэлтэй ямар ч хамаагүй. Амь хохирогч энэ гэмтлийг авсан цагийг хэлэх боломжгүй. Энэ хүний хувьд хэзээ гэмтэл авсныг тогтоох боломжгүй. Анагаах ухааны шинжлэх ухаанд хурсан цусыг хурцавтар, архаг гэж 2 хуваадаг, шинэ цус нөжтэй, хуучрахаар нөж нь шингэрдэг. Энэ бол 14 хоногоос дээш хугацаа юм. 14 хоногийн дотор нөж байдаг. Шингэрсэн бол архаг гээд онош дээр 14 хоногоос дээш байдаг..” гэсэн,

шинжээч Т.Номинцэцэгийн “...Гентон гээд хатуу хальсан доорх цусан бүлгэмийг тусгай бодисоор будаад хугацааг тогтоодог, энэ хугацааг нарийн цагаар тогтоохгүй. 12-24 цаг, 24-48 цаг гэж л тогтоодог. Намайг шинжилгээнд ороход хагалгаа хийгдээд цусыг авсан байсан учир тархинд цус байгаагүй тул энэ хугацааг тогтоох боломжгүй байсан, цусан бүлгэмийг авсан тохиолдолд хугацааг тогтоох боломжгүй. Өвчний түүхэн дээр компьютер томографийн зураг байгаа, баруун талаас шугаман хугаралтай гэсэн нь тодорхой биш, мэс заслын тэмдэглэл дээр баруун зулайн ясны ар хэсгээс чамархайн суурь руу үргэлжилсэн Г хэлбэрийн шугаман хугаралтай гэсэн болохоор шугаман хугарал гэж дүгнэсэн, тухайн гэмтлийг том талбайтай зүйлээр цохих, эсхүл унах үед үүсдэг...” гэсэн,

гэрч Д.Цын “...Тухайн хүнээс архи үнэртэж байсан болохоор согтуу хүн байна гэж бодсон. Тэр хүнд ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл авсан, цус гоожсон зүйл харагдаагүй. Эмэгтэй нь эрэгтэй хүнийг орц руу оруулах гэж байгаа бололтой байсан. Би зүүн гар талаас нь сугадаж, цээжийг нь өргөөд, тухайн хүн чирэгдсэн байдалтай орц руу орсон...” гэсэн,

гэрч М.Уийн “...Би нилээн завгүй байсан. Наашаа цаашаа үйлчилж байхад Дарьсүрэн зохион байгуулагч ирээд надад туслаач үйлчлүүлэгч уналаа гэсэн. Тэгээд Дарьсүрэн бид хоёр очиход тэр ах унасан байсан. Очоод босгоод сандал дээр суулгасан. Гуйвалзаад байхаар нь та муудсан байна гэхэд тэр ах зүгээр зүгээр гэж байсан. Тэгээд би ажлаа хийгээд явсан...” гэсэн,

Г.Цийн “...19 цаг болоогүй байхад Баясгалан эмч намайг босоод ирэхэд миний сандал дээр сууж байсан бөгөөд тэр сандал дээрээсээ хажуу тийшээ унасан. Миний сандал дээр сууж байгаад унахад нь би барьж авах гэсэн боловч чадаагүй. Баясгалан эмч унахад шил нь унаад, шилийг нь аваад эргэхэд тухайн рестораны зохион байгуулагч, бармен хоёр ирээд Баясгалан эмчийг босгоод сандал дээр суулгасан. Тэгээд Баясгалан эмч хурхираад унтаад байсан. Найз Ариунаагийнд унтуулаад сэрэхээр нь гэр лүү нь залгуулъя гээд явсан. Таксинаас буугаад би төлбөр тооцоо хийж байхад орцны хаалганы баруун талд зогсож байсан. Нэг мэдэхэд хойшоо унасан хэвтэж байсан. Би халтираад саваад уналаа гэж бодсон, босгох гээд чадахгүй байсан, танихгүй залуу ирэхээр нь архи хэтрүүлээд уучихсан оруулаад өгөөч гэж гуйсан...” гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан камерийн бичлэгт авагдсан дүрс, бичлэгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Цийг цагаатгав.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр П.О /1-р хх-ийн 86/, Г.Д /1-р хх-ийн 90/, Р.Б /1-р хх-ийн 93/ нарыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О амь хохирогчийн оршуулгын зардал болон Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ сувилгаа хийлгэж байхад гарсан зардалд хэрэгт  авагдсан баримтын хүрээнд нийтдээ 21.061.830 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д амь хохирогчийг Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ сувилгаа хийлгэж байхад гарсан зардал болон сэтгэл санааны хохирол, амь хохирогчийг ажлаа хийж байсан бол авах байсан цалин нийтдээ 556.591.000 төгрөг /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр баримт гаргаж өгсөн/ тус тус нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар “Kingston” гэсэн бичигтэй төмөр флашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл Согог Судлалы үндэсний төвийн КТГ-ийн зураг, цээжний рентген зураг, MRI гэсэн гялгар ууттай 8 ширхэг зургийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч авна гэсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оад өгч шийдвэрлэв.

Эрүүгийн 201726030309 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Ц цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы зардал, төлбөргүй, Г.Цид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч А.Ганбат, С.Энхтайван нар нь ...Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 ахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай, амь хохирогч анх Г.Ц той уулзахдаа эрүүл, саруул, амь насаа алдах хэмжээний байдалд байгаагүй. Энэ хүнтэй уулзаад архи уусан, ямар үед, яаж уусан, эсхүл уулгасан уу гэдгийг тогтоох боломжгүй. Бүхий л үйл явц болж байхад Г.Ц амь хохирогчтой хамт л байсан, шүүгдэгчид амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх бүрэн боломж байсан. Шинжлэн судалсан утасны жагсаалтыг харахад үзлэг хийсэн, тэмдэглэл дээр амь хохирогчийг согтсон байх үед утас нь ажиллаж байсан нөхцөл байдал байдаг. Түүний гар утсаар эхнэртэй нь холбоо барих, ажлынхантай нь холбоо барих, түүний биед нь иргэний үнэмлэх нь байсан, иргэний үнэмлэхээр гэрт нь эсхүл  ажлын газарт нь хүргэж өгөх бүрэн, эмнэлгийн байгууллагад хандах боломжтой байсан. Иймд Г.Ц-г гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Газарчин овогт Г-ын Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г-ын Ц-г цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-н 21.061.830 /хорин нэгэн сая, жаран нэгэн мянга, найман зуун гуч/, Г.Д-гийн 557.391.410 /таван зуун тавин долоон мянга, гурван зуун ерэн нэгэн мянга, дөрвөн зуун арав/  төгрөг тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Кingston” гэсэн бичигтэй DTSE-9 4GB төмөр флашийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн КТГ-ийн зураг, цээжний рентген зураг, MRI гэсэн гялгар ууттай 8 ширхэг зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-д буцаан олгосугай.

 

4. Эрүүгийн 201726030309 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагаатгагдсан этгээд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР