2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03790

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ч*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О*******,

Гэрч Ж.Б*******, Д.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б овогт Бын Ө нь А ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Маркетинг, борлуулалтын газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан болно. Анх А ХХК нь намайг Н******* ХХК-д төлөвлөлт, зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байх үед ажлын байрны санал тавьж, ажилд орохыг урьсан (Head hunting). Улмаар миний бие 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А ХХК-д Маркетинг, Борлуулалтын газрын захирлын албан тушаалд ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажилд авсан тушаалыг танилцуулаагүй болно. Надтай туршилтын хугацаатай ажилд томилж буй талаар огт мэдэгдээгүй, туршилтын хугацаатай гэж тохироогүй. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн менежерийн үүргийг давхар хавсран гүйцэтгүүлсэн. Дээрх албан тушаалд мөн хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй болно. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/21 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд дээрх огноотой тушаалыг (Эх хувийг өгөөгүй) 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр танилцуулсан. Хууль бусаар огноо зааж, тушаал гаргасан гэж үзэж байна. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэх огноо Б/21 тоот тушаалын үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн "Тус компанийн Маркетинг, борлуулалтын газрын захирал Бын Өын 3 сарын туршилтын хугацааг цаашид сунгахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тасалбар болгон дуусгавар болгосугай" гэжээ. А ХХК нь надтай хугацаатай гэрээ байгуулаагүй, анхнаасаа туршилтын хугацаатай нөхцөлөөр ажилд авч буй талаар мэдэгдээгүй болно. Нөгөө талаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Гүйцэтгэх захирлын үүргийг орлон ажиллаж байсан Г.М******* намайг 2 үндэслэлээр ажлаас халж байгаа талаар мэдэгдсэн. Нэгдүгээрт, 2 ажилтанд арга хэмжээ авах ёстой байсан аваагүй, хоёрдугаарт, ажлын гүйцэтгэл хангалтгүй гэсэн үндэслэлүүдийг хэлж ажлаас халж буй талаар мэдэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш намайг ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, тушаал шаардсан боловч тушаал гаргаж өгөхгүй байсаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл ирж авах талаар над руу ярьсан. 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр очтол Туршилтын хугацаа дуусгавар болж, цаашид сунгахгүй гэсэн үндэслэлээр мэдэгдсэн мэдэгдэл болон 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Б/21 тоот тушаалыг надад танилцуулж, гардуулж өгсөн. Миний бие туршилтын хугацаатай гэрээ байгуулаагүй, туршилтын хугацаанд ажилд урьж байгаа талаар ч хэлээгүй, хэрэв тийм байсан бол өмнөх ажлаасаа гарч А ХХК-д ажилд орохгүй байсан. Мөн өөр нөхцөлөөр ажлаас халж буй талаар мэдэгдсэн атлаа хожим огт өөр нөхцөлөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон зэрэг нь бүгд хууль бус тул ажлаас үндэслэлгүй халагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэж байна. А ХХК-д Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт зааснаар Хан- Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол, нэхэмжлэл гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар дугаар 37 тоот тэмдэглэл гаргаж, тэмдэглэлийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан болно. Тус тэмдэглэл дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хууль бус гэж үзэж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах гэж заасан боловч Ажилд эгүүлэн тогтоогоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх талаар шийдвэрлээгүй болно. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийг ажилд оруулахдаа туршилтын хугацаатай ажилд томилж буй талаар огт мэдэгдээгүй, туршилтын хугацаатай гэж тохироогүй, энэ талаар танилцуулаагүй. Хэрэв туршилтын хугацаатай гэсэн бол өмнөх захирлын ажлаас гарч энд ажилд орохгүй байсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн менежерийн үүргийг давхар хавсран гүйцэтгүүлсэн, хэрэв туршилтын хугацаатай байсан бол ажил хавсран гүйцэтгүүлэхгүй байсан. Дээрх албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй болно. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/21 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд ажлаас үндэслэлгүй халсан. Энэ тушаалыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн огноотой боловч 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр танилцуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, хамаг юмыг нь хураан авсан гэдэг. Тэгээд яагаад ингэж байгаа талаар болон ажлаас чөлөөлсөн тушаалаа шаардсан боловч тушаал гаргаж өгөхгүй байсаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл ирж авах талаар ярьсан. Туршилтын хугацаатай гэрээ байгуулаагүй бөгөөд ажиллуулах гэж байгааг хэлээгүй байдаг. А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б*******ы 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Б/21 тоот туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хууль бус гэж үзэж байна. Энэ талаар маргаан таслах комисст хандсан, ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож, Б.Өын Маркетинг, борлуулалтын газрын захирлын албан тушаалд ажиллуулах шийдвэр гаргасан нэхэмжлэгч нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхдээ ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шийдвэрийг гурван талт хорооноос орхигдуулсан. Тиймээс энэ шаардлагаа шүүхэд гаргаад явж байна. Гурван талт хорооны шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дах хэсэгт заасны дагуу 10 өдрийн дотор энэ шийдвэрийг эс зөвшөөрч байвал гомдол гаргах эрхтэй. Тэгэхэд хариуцагч талаас 10 хоногийн дотор гомдол гаргаагүй учраас хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагаа дэмжиж байна гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар туршилтын 3 сарын хугацаа дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлсөн байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар буюу хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчийг туршилтын хугацаатайгаар ажилд томилсон гэдгээ нотлож чадахгүй байна. Мөн тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-д зааснаар гаргасан атлаа 78.1.1-д зааснаар тайлбарлаж байгаа нь талуудын хооронд туршилтын хугацааны талаар тохиролцоогүй гэдгийг нотлоно. Нэхэмжлэгчийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ажлаа хийх боломжгүй байсан, ажлыг нь гүйцэтгүүлээгүй гэдэгтэй хариуцагч хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруу биш, туршилтын хугацаатайгаар ажилд томилж байгаа талаар бичгээр санал болгосон үйл баримт байхгүй. Мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгээд байсан гэж тайлбарлаж байна. Тиймээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах гэдгийг хольж яриад байна, хангалтгүй биелүүлсэн гэдэг зүйл байхгүй. 2023.02.07-нд тушаалыг авахаас өмнө 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гурван талт хороонд хандсан. Хугацаатай гэрээ байгуулагдаагүй талаар талууд маргахгүй байгаа. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал бол байдаг, энэ нь гэрээ биш байгаа, /хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бичгээр байгуулах ёстой/, УДШ-ийн тогтоолд гэрчийн мэдүүлгийг ажил олгогчтой ямар харилцаатай байсан гэдгийг харьцуулан үзнэ гэж үзэж байна. Мөн хариуцагч нь тушаалдаа огноог засаж, нөхөн гаргадаг гэдэг нь харагдаж байна, өөрсдөө ч тайлбартаа хэлж байна. Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр томилогдсон байгаа бөгөөд тушаал гаргахад гүйцэтгэх захирал биш байсан байна. Мөн үзлэгийн тэмдэглэлд тушаалаа авахаар хандаж байсан нь тогтоогдоно. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар туршилтын хугацаа дуусахаас өмнө 10 хоногийн өмнө гэрээгээ дүгнэх ёстой байсан. Иймд ажилд эргүүлэн тогтоох шаардлагаа дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 28 сарын цалинг тооцоход 1 сарын цалин 6 187 500 төгрөг байгаа. Иймд хариуцагчаас нийт 173 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс "Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах /Маркетинг борлуулалтын газрын захирал/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохын тулд, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн ажил олгогчийн буруутай үйлдэл байхыг шаарддаг. "А" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй юм. Тухайлбал, Б.Ө болон А ХХК нарын хооронд 2022 оны 11-р сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаа үүссэн байдаг. "А ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс "Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу "2022 оны 11-р сарын 07-ны өдрийн 407 дугаар тушаалаар тус компанийн Маркетинг борлуулалтын газарт Маркетинг борлуулалтын газрын захирлаар Б.Өыг 2022 оны 11-р сарын 07-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай томилон ажиллуулахаар болсон байна. Тийнхүү туршилтын хугацаа нь 2023 оны 02-р сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул ажил олгогчийн зүгээс тус хугацааг цааш үргэлжлүүлэн сунгахгүй болсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. "А ХХК-ийн зүгээс Б.Өтой үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдлийг танилцуулж, гарын үсэн зурж баталгаажуулсан байдаг. Улмаар 2023 оны 02-р сарын 07-ны өдрийн №5/21 тоот Туршилтын хугацааг дуусгавар болгох тухай" гүйцэтгэх захирлын тушаал гарснаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар "ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох" эрхтэй хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 78.1 дүгээр зүйлд Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Үүнээс тус хуулийн 78.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон" гэж заасны дагуу "А" ХХК болон Б.Ө нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь туршилтын 3 сарын хугацаа дууссанаар дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгчийн "Урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах /Маркетинг борлуулалтын газрын захирал/, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн төлөөлөгч Б.Ч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд иргэний хэрэг үүсээд 2 жил орчим болж байна. Талуудын хойшлуулах хүсэлтээс үүдэн хэрэг маань удаж байгаа гэдгийг мэдэж байгаа. Бид маргааныг эвээр шийдвэрлэх гээд хоорондоо уулзаад Б.Өод 3 сарын цалинг өгөхөөр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Миний хувьд энэ олон жилийн хамтын ажиллагаанд анх удаа ийм зүйл тохиолдож байна. Талуудын итгэлцэлд ажил үүрэг үүсдэг, явагддаг. Б.Ө нь Ж.Б*******ы найз нь байсан. Тэгээд найзыгаа ажилд аваад тэр нь ажилдаа ирэхгүй, ажлаа хангалттай биелүүлээгүй зэрэг асуудал гаргасан. Тэгээд Ж.Б*******, Б.Ө нарыг ажлаас нь чөлөөлсөн. Б.Ө нь ажлынхаа хажуугаар өөрийн хувийн ажлаа зохицуулаад ажлаа хаяад явчихдаг хүн байсан. Хувийн байгууллагад ийм асуудал гаргадаггүй байсан боловч Б.Ө нь ажлаа хангалтгүй биелүүлсэн. Манай талаас нэхэмжлэгчид эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрдөггүй, уг нь 3 сарын цалинг нь өгье л гэсэн. Өнөөдөр мөн би өөрийн биеэр ирээд эвлэрээд, ойлголцоод шийдвэрлээсэй гэх үүднээс хуралдаанд ирсэн. Өнөөдөр чухал арга хэмжээнд оролцох ёстой байсан ч орхиод өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь манай компанийн нэр төрийн асуудал. Манай зүгээс цагтаа ажилладаг, гараас нь ажил гардаг ажилчдыг хайдаг. Гэрч нар энэ талаар тодорхой хэлэх байх, найзаараа ажилд орчихоод ажлаа хийгээгүй, хэдхэн сар ажиллачихаад баахан мөнгө авна гэж байгааг нь гайхаж байна, залуу хүний хувьд ийм зан чанар байж болохгүй гэж үзэж байна гэв.

 

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх шиг байна. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн агуулгын хүрээнд ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 47.1, 48.3, 41.2-т зааснаар ажилтан ажил үүргээ хэрэгжүүлж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүснэ гэж хуульд тайлбарласан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Б.Өын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг хоёр тал хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуульд зааснаар талуудын хүсэл зориг нэгдэж, хоёр тал хүлээн зөвшөөрсөн хэлцэл нь хэлбэрийн шаардлага хангасан бол бичгээр үйлдсэн баримтад талууд гарын үсэг зурсан нь гэрээ, хэлцэл болж байгаа. Хэдийгээр ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж байгаа боловч ажилтан тухайн гэрээнд гарын үсэг зурахгүй бол гэрээг хүчээр байгуулах боломжгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтын дагуу тухай үед хүний нөөцөөр ажиллаж байсан хүнийг гэрчээр асуусан. Тэгсэн Б.Өоос гэрээ байгуулах шаардлагатай баримт бичгүүдийг нэхсэн боловч гаргаж өгдөггүй, өөрөө гэрээ байгуулахгүй гэж хэлсэн гэдэг. Ажилтан гэрээ байгуулаагүй байж ажил олгогч гэрээ байгуулаагүй гэж маргах үндэслэл байхгүй. Түүний дараа Хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий ажилтан байсан хүний нөөцийн менежер ажлаас чөлөөлүүлж яваад өөрөө захиргаа хүний нөөцийн хэлтсийн гүйцэтгэх захирал Б*******ы тушаалаар томилогдоод ажилтантай гэрээ байгуулах үндсэн албан тушаалаар томилогдчихсон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргахгүй боловч энэ харилцаа дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд ажил эрхлэлт дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байдаг. Хэдийгээр А ХХК-ийн ажлаас чөлөөлсөн тушаал нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар ажилтантай байгуулсан гэрээний хугацаа дууссан, хугацаа сунгах шаардлагагүй болсон гэдэг агуулгыг тусгасан хэдий ч цаад агуулгаараа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэзээ дууссан гэдэг нь тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар нэхэмжлэгч Б.Ө нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэхээ больсон гэж байна, үүнийг зөвшөөрнө. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ө, Ж.Б******* нарын хооронд бичсэн чат, viber зэрэгт үзлэг хийсэн. Үүнд нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр удирдлага шийдвэр гаргаж байгаа бол татгалзахгүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Тиймээс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр талууд харилцан тохиролцоод хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1д зааснаар харилцан тохиролцож дуусгавар болсон. Түүний дараа 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А ХХК-ийн зүгээс туршилтын хугацаатай холбогдуулан тушаал гаргаж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосонд нөлөөлөхгүй. Гэрээгүй үед хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр тооцно. Харин тухайн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхгүй болсон үед хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно. Тохиролцсон нөхцөлийнхөө дагуу нэхэмжлэгчийг 3 сарын хугацаатай ажилд нь томилсон байдаг. Нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй гэдэг. Гэрчийн мэдүүлэгт бол тушаал гараад нэхэмжлэгчийн мэйл хаяг руу илгээсэн байдаг. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар дуусгавар болсон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дахин хуулийн 78.1.3д зааснаар дуусгавар болохгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэлүүдийг баримтаар хавсаргасан. Ажлаас чөлөөлөх болсон шалтгаан бол тухайн ажил үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзсэн. Ажлын цагийн бүртгэл хийдэггүй, ажилдаа ирдэггүй гэсэн хоёр дахь шалтгаан байдаг. 2023 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 22 өдөр ажиллах байснаас 5 өдрийн цагийн бүртгэлтэй байдаг. Ийм нөхцөл байдалтай хүнийг цаашид ажиллуулах боломжгүй байна гэж үзсэн. Мөн өөрөө удирдлагууд шийдвэр гаргасан гээд л ажиллахаа больсон. Ийм тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа харилцан тохиролцоод дуусгавар болсон гэж үзнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Гурван талт хорооны хурлын тэмдэглэл дурьдаад, хариуцагчийг хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргаагүй гэж байгаа боловч А ХХК-д маргаан таслах комиссын хурал болж байгаа талаар хэн ч мэдэгдээгүй байдаг. Уг хуралдаанд А ХХК оролцоогүй. Талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн байдаг тул буцаан сэргээх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ажил үүргээ гүйцэтгэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байгаад талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар харилцан тохиролцсноор дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, өөрөө харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон атлаа эргүүлэн тогтооно гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.02.15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2023.02.07-ны өдрийн №Б/21 тоот Туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2023.01.27-ны өдрийн №1/23-050 тоот Туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, цагийн нэгтгэлийн бүртгэлийн хуулбар, CEO фэйсбүүк чатны хуулбар, вайбер зурвасны хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, мемориалын баримт, Бакалаврын дипломны хуулбар, сертификат, орчуулгын хамт, 2022.05.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.04.17-ны өдрийн Б/137 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.02.07-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2022.11.07-ны өдрийн №407 тоот Ажилд томилох тухай тушаал, 2023.01.27-ны өдрийн №1/23-050 тоот Туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрч Б.А, Ц.М******* нарыг асуусан тэмдэглэл, А******* ХХК-иас 2023.05.31-ний өдрийн А/76 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хэргийн оролцогчийн хүсэлтээр 9910 дугаараас 9999 дугаарын утас руу харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газраас А******* ХХК-ийн нийгмийн даатгалын баталгаажсан тайлангаас Б.Өод холбогдох хэсэг гэсэн баримтуудыг, гэрчээр Ж.Б*******, Д.А******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан ...намайг Н ХХК-нд төлөвлөлт, зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байх үед ажлын байрны санал тавьж, ажилд орохыг урьсан учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, А******* ХХК-нд маркетинг, борлуулалтын газрын захирлын албан тушаалд ажилд орсон бөгөөд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тушаалыг танилцуулаагүй атлаа ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажлаас чөлөөлсөн гэх боловч тушаал танилцуулаагүй, тушаалаа авах талаар хэлсэн боловч өгөөгүй, 2023 оны 2 дугаар 07-ны өдөр туршилтын хугацаа дуусгавар болж, цаашид сунгахгүй гэсэн үндэслэлээр мэдэгдэл болон тушаалыг надад танилцуулж, гардуулсан, миний бие туршилтын хугацаатай гэрээ байгуулаагүй, туршилтын хугацаанд ажилд урьж байгаа талаар ч хэлээгүй, хэрэв тийм байсан бол өмнөх ажлаасаа гарч А ХХК-д ажилд орохгүй байсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах-аар шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Өыг ажлын байрны санал тавьж уриагүй, өөрийн найзтайгаа харилцан тохиролцоод ажилд томилогдсон байсан, ажилд томилоход туршилтын хугацаатай томилсон, энэ талаар танилцуулж, мэйлээр нь хөдөлмөрийн гэрээний төслийг илгээсэн, гэвч өөрөө хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зураагүй, туршилтын 3 сарын хугацаанд хангалттай ажиллаагүй, ажлын цаг ашиглалт муу байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцож дуусгавар болгосон, өөрөө хүлээн зөвшөөрч 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс ажлаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Б.Өыг А******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №407 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн маркетинг, борлуулалтын газарт маркетинг борлуулалтын газрын захирлаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай томилжээ.

4.2.Мөн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №Б/21 дугаар А******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг үндэслэн тус компанийн маркетинг, борлуулалтын газрын захирал ажилтай Б овогтой Өыг 3 сарын туршилтын хугацааг цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон байна.

 

4.3.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандсан болох нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №37 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.

4.4.Хариуцагч нь дээрх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй, гурван талт хороонд гомдол гаргасан эсэх хуралд оролцох эсэх талаар А******* ХХК-нд мэдэгдээгүй гэсэн боловч хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны №37 дугаартай тэмдэглэлд ...1.Хорооны хуралдаанд оролцсон Ажилтны овог нэр: Б овогтой Ө, Ажил олгогч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, албан тушаал: А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Т гэжээ.

 

5.Талууд нэхэмжлэгчийг маркетинг борлуулалтын газрын захирлаар ажиллаж байсан талаар маргаагүй, нэхэмжлэгчийг ажилд томилохдоо туршилтын хугацаатай ажилд томилсон эсэх, тушаалыг танилцуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар болон ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар маргаж байна.

 

6.Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч А******* ХХК-нд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн маркетинг борлуулалтын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №407 тоот тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

6.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар ажилд томилохдоо туршилтын 3 сарын хугацаатай ажилд томилж байгаа талаар танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид туршилтын 3 сарын хугацаатай ажилд томилсон талаар танилцуулсан, өөрөө хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэтгэлцсэн.

6.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа талуудын хооронд үүссэн байна гэж үзэв.

6.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар тушаал гарсан, мөн 3 сарын туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан, ажлын цаг ашиглалт муу байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон болох нь гар утасны мессежид хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

6.4.Хэрэгт авагдсан А******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №407 дугаар тушаалд нэхэмжлэгчийг ...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай томилон ажиллуулсугай гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.А******* ...Б.Ө миний удирдлага дор ажилладаг байсан. Гарах хүртэл нь хамт ажиллаж байсан. 2022.11.07-нд 407 гэсэн тушаал гарсан, бүх ажилтнуудыг аваад тушаалыг нь танилцуулдаг байгаа. Манайд ажилд авахдаа 3 сарын туршилтын хугацаатай ажиллуулдаг, дараа нь 3 сараар сунгадаг, тэгээд болохгүй байна гэвэл чөлөөлдөг, болохоор бол үргэлжлүүлдэг. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг танилцуулахад Арьяабал зурахгүй байна гэж хэлж байсан. Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нь ажилдаа хангалттай биш байсан, ажлаас чөлөөлөгдсөн талаар нь мэдэгдсэн, гэрч Ж.Б******* ...би 6 сарын хугацаанд А ХХК-ийн захирлаар ажилласан юм. 2022 оны 11 сараас 2023 оны 2 сар хүртэл ажилласан. Би ажилд ороход нь нэхэмжлэгчийг Б.Ч******* захиралд танилцуулж зөвшөөрлийг авсан. Ажлаас чөлөөлөгдөхөд нь би байхгүй, амралтаа авсан байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Арьяабалын ...танилцуулж байсан, бид нар нэг өрөөнд суудаг байсан тэгээд тушаалыг өөрт нь танилцуулсан, өөрөөр бас Б.Ө захирлын Жи-мэйлээр тушаалыг нь илгээж байсан. Жи-мэйл хаягийг нь одоо сайн мэдэхгүй байна. В/407 гэсэн тушаалыг өөрт нь танилцуулсан, гэрч Ц.М*******ын ...хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө тухайн хүнээс заавал бүрдүүлэх ёстой материалууд байдаг, тэр материалуудыг Б.Ө захирлаас шаардсан боловч өгөхгүй л яваад байсан, тэгээд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэх мэдүүлгээр нэхэмжлэгчид 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд томилсон талаар мэдэгдсэн гэх боловч уг тушаал танилцуулах хүудсанд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй, мөн хөдөлмөрийн гэрээний нэг хувийг үйлдэж, нэхэмжлэгчид мэйлээр хүргүүлсэн гэж гэрч Б.Арьяабал мэдүүлж, хариуцагч тайлбартаа дурдсан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

6.5.Мөн А ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №407 дугаар Ажилд томилох тухай тушаалд гүйцэтгэх захирал Ж.Б******* нь гарын үсгээ зурсан боловч хэрэгт авагдсан А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.Б*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх тул дээрх тушаалыг гаргахдаа түүнд энэ бүрэн эрх олгогдсон байсан эсэх нь эргэлзээтэй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

7.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар дуусгавар болгож, энэ талаарх мэдэгдлийг хэрэгт ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч нь дээрх ажлаас чөлөөлсөн тухай 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн огноотой №Б/21 дугаартай тушаал, 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №1/23-050 дугаартай Туршилтын хугацааг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл-ийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр танилцуулсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

7.1.Мөн хариуцагч нь дээрх тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон байх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар буюу нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй, ажлын цаг ашиглалт муу байсан тул харилцан тохиролцож, дуусгавар болгосон, нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч 2023 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, ажлын цагийн бүртгэлийн баримтаар тус тус тогтоогдоно гэж тайлбарласан.

7.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан байх бөгөөд талууд харилцан тохиролцсон гэдэг нь хөдөлмөрийн гэрээний харилцааг зогсоох талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, урьдчилан санал нэгдэх замаар тохиролцсон байхыг ойлгоно.

7.3.Хэрэгт авагдсан хариуцагчаас шүүхэд ирүүлсэн А ХХК-ийн ажилчдын ажилласан цагийн бүртгэлд нэхэмжлэгч нь 2023 оны 1 сарын байдлаар 22 өдрөөс 5 өдөр л ажилласан байгаа, ажлаа хангалттай гүйцэтгээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан боловч энэ нь талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэх үндэслэлд хамаарахгүй.

7.4.Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гар утасны нэхэмжлэгчийн 9910 дугаараас 9999 дугаарын утас руу харилцсан харилцан ярианы үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар хариуцагчтай харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх тайлбар нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

7.5.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг А******* ХХК-ийн маркетинг борлуулалтын газрын захирлын ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

8.1.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 4 981 199 төгрөг /2022 оны 11 сар 5 500 000 төгрөг + 2022 оны 12 сар 6 875 000 төгрөг, 2023 оны 01 сар 2 568 597.56 төгрөг= 14 943 597.56 төгрөг : 3 =4 981 199.52 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 жил 4 сарын буюу 28 сарын нийт 139 473 572 төгрөг /4 981 199 х 28сар=139 473 572/-ийн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч А******* ХХК-нд нэхэмжлэгч Б.Өын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хура 855 318 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс А ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг гаргуулах хүсэлтийг гаргаж, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/16948 дугаар захирамжаар хариуцагч А******* ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А-76 тоот гүйцэтгэх захирлын тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан А ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ыг нотлох баримтаар ирүүлсэн.

11.1.Шүүх хуралдаанд талуудаас маргааны үйл баримтад хамааралтай буюу нэхэмжлэгчийг ажилд томилсон, ажлаас чөлөөлөх үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн дотоод журмыг гаргуулах талаар хэн аль нь хүсэлт, санал гаргаагүй, шүүхээс энэ талаар тодруулахад талууд шаардлагагүй гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бугат овогт Бын Өыг А******* ХХК-ийн маркетинг борлуулалтын газрын захирлын албан тушаалд эргүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгч Б.Өын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 139 473 572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өод олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Өын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хура 855 318 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН