Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/289

 

 

 

 

     2024           3             06                                        2024/ДШМ/289

 

Д.Б, Ө.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ц,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ц, шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б, Ө.Б нарт холбогдох эрүүгийн 2302000000230 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн  Д.Б, 1982 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгаан инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Х овгийн  Ө.Б, 1982 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “А" ХХК-д худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Шүүгдэгч Д.Б үргэлжилсэн үйлдлээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа тус Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх”, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3-т “хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх шаардлага тавих” гэж заасныг тус тус зөрчиж 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г" ХХК-ийн охин компани болох “Г и” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр болох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г” ХХК-ийн авто тээврийн албаны дарга Б.Наас 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгаан эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд тус компанийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтан Ө.Баас 4.000.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Ө.Б “А” ХХК-ийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн аж ахуйн хашаанд цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах зорилгоор “У" ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байсан Д.Бд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн “ХААН” банк дахь дансаар дамжуулан 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ө.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Бг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан, мөн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхльн үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Быг өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ө.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ө.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Б, Ө.Б нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/932 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хууль ёсны үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй, буюу зөрүүтэй байна. Жишээ нь “Г”-ын ажилтан гэрч Н болон түүний эхнэр Daam.mn сайтны эрхлэгч сэтгүүлч гэх гэрч Болортуяа нар нь “Г”-ын удирдлагад эрчим хүчний ажилтан авлига нэхээд байгаа тухай Болортуяа мэдүүлэгтээ: “... 2023 оны 5 сарын үед Б.Н надад хэлэхдээ тушаал гараад ажилгүй болох гэж байгаа гэж байсан, яагаад ажлаас гарч байгаа юм бэ гэхэд манай компанийн цахилгааны асуудал шийдэгдэхгүй байгаа юм. ...тэгээд би удирдлагууддаа 5.000.000 төгрөг өгөх юм бол болно гэж байна гэдгийг хэлсэн чинь юу гэж авилга өгдөг юм. ...” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг бол “Г”-ын захирал Б.А нь гэрчээр: “...Би тухайн үедээ мэдээгүй. Б.Н нь тайлбарлахдаа ном журмаар нь явахаар болохгүй байна, удаан байна гэж байсан. Тухайн үедээ Н нь энэ талаар удирдлагадаа яагаад хэлээгүй вэ гэдгийг мэдэхгүй байна.” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Д.Т “... Компанийн аж ахуйн хашаанд цахилгаан хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь би Ө.Быг Д.Бтэй холбож өгсөн. Д.Б техникийн нөхцөл гаргах эрхгүй, мөн тог цахилгаан холбох эрхгүй. Д.Б нь надад хэлэхдээ зөвшөөрөл нь 4.000.000 төгрөг болно гэсэн. Үүнийг нь Ө.Бд хэлсэн.” гэж мэдүүлдэг.

Хууль зөрчсөн хүний мэдүүлгийг намайг шийтгэх тогтоолоор нотлох баримт болгон үзэж байгаа нь хуулийн дагуу шийдвэрлэсэн нь эргэлзээтэй гэж үзэж байна. Энэ нь “Их очирт наран” ХХК-ийн захирал Наранбаатар нь гэрчээр “...Миний ойлгосоноор тэр компаниас нэг хүн мөнгө нэхсэн юм шиг байна лээ, мөнгө өгвөл техникийн нөхцөл гаргаж өгье гэж ярьсан юм шиг байсан...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл энэ компани нь “Г”-ын гэрээтэй ажлыг гүйцэтгэхдээ “Эрчим хүч хэрэглэх дүрэм болон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох саналтай байна” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн илтгэх хуудасны саналд байдаг.

Намайг жинхэнэ төрийн албан хаагч биш атал төрийн албан хаагчийн хуулийн дагуу буруутган авилга авсан гэж үзэх нь хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх болон яс үндэс нийгмийн гарал үүсэл хамааралгүй ижил үйлчилнэ гэсэн хуулийн зарчмыг зөрчжээ.

Миний бие ажил үүрэг болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр компанийн дүрэм журам зөрчөөгүй байхад ажлын бус цагаар ажил гүйцэтгэхийг хориглосон тогтоол захирамж байхгүй атал буруутай гэж үзэж хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэж шийтгэх тогтоол гаргаж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Бг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан, мөн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Хээл хахууль авах гэмт хэргийн үндсэн шинж нь хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргээ зөрчсөнийхөө төлөө бусдаас давуу байдал олж авах бөгөөд хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй хахууль авсан, эсхүл шаардсанаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг хэдий ч субъектив санаа зорилго нь санаатай хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжгэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан. Тэгвэл Д.Бг холбогдуулаад буй хэрэг нь өөрийн ямар үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан юм бэ, улмаар түүнийг хэрхэн хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэр буюу субъектив тал нь хаана байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу Д.Бг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоор Д.Б нь ямар ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан юм бэ түүнийг нотолсон баримт байдаггүй.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлйн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Д.Бгийн үргэлжилсэн үйлдлээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа тус төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/262 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх, хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх”, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3-т “Хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх шаардлага тавих” гэж заасныг тус тус зөрчиж 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г" ХХК-ийн охин компани болох “Г и” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г” ХХК-ийн авто тээврийн албаны дарга Б.Наас 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан.

Мөн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд тус компанийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтан Ө.Баас 4.000.000 төгрөгийн хахууль авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэсэн байна гэж хуулийн тайлбарыг бичиж шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт: гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зэргийн тусгана гэж заасан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэрэг хуульд заасны дагуу тусгаж чадаагүй өөрөөр хэлбэл дүгнэж чадаагүй бөгөөд зөвхөн хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын өөрсдийнх нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээс ишлэл болгон бичсэн нь Д.Б нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж чадахгүй бөгөөд шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн үнэлж буй баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн ямар бүрэлдэхүүн болж байгаа юм, өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Д.Б нь ямар ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэдэг нь нотлогдохгүй юм.

Нөгөөтэйгүүр, Д.Бг үнэхээр л Ажилтны ёс зүйн дүрэм, Дотоод журам, Ажлын байрны тодорхойлолтод заагдсанаас өөр ажил үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж, зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зохицуулалт гэсэн ойлголт болохоос эрүүгийн гэмт хэрэг гэсэн ойлголт биш юм гэж үзэж болохоор байгаа болно. Тухайлбал, Ажилтны ёс зүйн дүрмийн 5 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлагын тухайд”, 5.1.1-д “уучлал гуйхыг үүрэг болгох”, 5.1.2-д “захиргаанаас анхааруулах”, 5.1.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах санал гаргах” гэх мэт. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох, 12 дахь хэсэгт сахилгын хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалт тусгагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Д.Бг ажил үүргийнхээ дагуу 2022 оны 5 сард бичилтийн хугацаанд хяналт шалгалтаар химийн шингэн фидерийн 2100101 кодтой “Агь” ХХК нь АТП-1829 дэд станцын тоолуур хэмжих хэрэгслийг шалгаж очихдоо дараах зөрчлийг илэрүүлсэн. Үүнд: 1/А. АТП-1829 дэд өртөөг КТПН-ээр сольж суурилуулсан Б.Техникийн нөхцөлгүй холбогдсон. В.Дэд өртөөг улсын комисст хүлээлгэн өгөөгүй. Г.Дэд өртөөг залгах зөвшөөрөлгүй шугам сүлжээнд залгасан. Д.Тоолуур хэмжих хэрэглэгчийн 3-р лацыг дур мэдэн таслан, хангагчийн эрх бүхий төлөөлөгчийг байлцуулалгүй дэд өртөөнд суурилуулж цахилгаан шугам сүлжээнд суурилуулсан гэх зэрэг зөрчлийг илрүүлж энэ талаар компанийн ажилтан Б.Нт хэлж түүнээс дэд өртөөг ямар байгууллага барьж цахилгаан шугам сүлжээнд холбосныг нь тодруулахад “УБЦТС” ТӨХК- ийн Баруун түгээх төвийн угсралт засвар үйлчилгээний мастер ажилтай Энхсайханы хэлснээр Энхсайханд дээрхи зөрчлийн талаар хэлж өндрөөр таслуулахыг утсаар ярьж мэдэгдэж таслуулсан байсан ба 7 сард дахин хяналт шалгалт хийн шалгахад цахилгаан шугам сүлжээнд залгагдсан байсныг нь Энхсайханд нь зөрчил арилаагүй тул дахин цахилгаан эрчим хүчийг нь өндрөөр таслуулахыг анхааруулж ажилласан байдаг.

Мөн Нт зөрчлөө арилгах арга зам зааварчилгаа, зөвлөмжийг өгсөн төдийгүй хууль дүрэм журамд заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Мэдэгдэл, 2023 оны 10 сарын 24-ны өдөр Шаардлага тус тус хүргүүлж ажиллаж ирсэн. Бас хууль дүрэм журам зөрчсөн тул нөхөн тооцоо хийгдэх тухай Нт хэлсэн байдаг. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт “Эрчим хүчний тоолуур, хэмжүүр тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан дүрмийг зөрчиж Цахилгаан шугам сүлжээнд зөвшөөрөлгүй залгагдсан, техникийн нөхцлийн хүчин чадлын дур мэдэн өргөтгөсөн тул цахилгаан эрчим хүчийг хязгаарлана” гэж, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд тоолуур хэмжих хэрэгсэлгүй, лацгүй бол тооцоо хийхийг хориглодог бөгөөд лацыг дур мэдэн хөндсөн бол нөхөн төлбөр буюу нөхөн тооцоо хийн суурьлагдсан хүчин чадал 400 кВА-г 30 хоногоор үржүүлэхээр 50.000.000-60.000.000 төгрөгийн тооцоо гарч байгааг хэлсэн нь торгууль гэж ойлгож торгууль тавина гэж, улмаар дарамталсан гэдэг асуудал яригдах болсон гэж ойлгож байна.

Энэхүү нөхөн тооцоо буюу төлбөр нь улсад орох ёстой мөнгө болохоос Д.Б өөрөө хувьдаа авах гэсэн хээл хахууль, авлига авах гэж буй асуудал биш юм. Мөн 4.000.000 төгрөгийн тухайд Т нь хувийн компанитай техникийн нөхцөл буюу цахилгааны ажлын ажиллагааны зардлаа 4.000.000 төгрөг гэсэн ба Н Т нарыг холбож өгсөн ба тэд нар тэр үед л 4.000.000 төгрөгийн асуудал ярьсан байгаа. Энэ нь Нын Д.Бтэй ярьсан яриаг хууль бусаар /Д.Бг зориуд чадах гэж урьдаас төлөвлөн худлаа өрөвдөлтэй учраа мэдэхгүй хүний дүрд жүжиглэж ярьсан/ өөрийнхөө эхнэр Болортуяагийнхаа зөвлөснөөр хийсэн бичлэгийн тэмдэглэлээс харагдаж байгаа. Энэ бичлэгийн тэмдэглэлээс эрэгтэй, эмэгтэй гэж Н, Д.Б нарыг хэлж байна гэж ойлгож байгаа бөгөөд Н л 4.000.000 төгрөг гэж ярьж түүнийг нь Д.Б давтсан байх ба тэрнээс Д.Б 4.000.000 төгрөг өг гэж шаардсан зүйл байхгүй, өөртөө ямар нэгэн ашиг олох гэсэн санаа зорилго байхгүй нь харагдаж байна.

“А” ХХК-ийн гэрээт ажилтан Ө.Баас 4.000.000 төгрөг авсан асуудлын тухайд Тайван-Од нь өөрийнхөө найзын компанид цахилгаан харэгтэй байна би учрыг мэдэхгүй юм чи туслаач гэж Ө.Быг холбож өгсөн дагуу Д.Б нь мөн л Тны өөрийнх нь хэлсэн 4.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлүүлж Тны хэлснээр тоолуурын үнэ 700.000 төгрөгийг үлдээ гэснээр үлдээж 3.300.000 төгрөгийг нь Төмөрбаганын данс руу шилжүүлэн үлдэх 700.000 төгрөгийг нь тоолуурын мөнгө гэж өөрийн дансандаа үлдээсэн байсныг тухайн үед 700.000 төгрөгийг нь Ө.Баас шилжүүлсэн өөрийнх нь данс руу эргүүлж шилжүүлсэн байгаа. Харин 3.300.000 төгрөгийг нь Т нь Ө.Бы данс руу шилжүүлнэ гэсэн гэнэ гэж мөрдөгч Оюунболд биднийг хавтаст хэргийн материал танилцаж байх үед Ттай ярьж мэдлээ гэж Д.Б хэлж байсан.

Гэтэл шүүх хуралдаанд гэрч Т нь мэдүүлэхдээ 3.300.000 төгрөгийг яасан талаар асуухад өөрөө хувьдаа захиран зарцуулсан гэж байсан нь хуралдааны тэмдэглэлд байгаа болно.

Энэ бүх нөхцөл байдлаас харахад Д.Б ямар ч хээл хахууль авах гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн объекив тал болох албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдэл болон субъекгив шинж байхгүй болох нь харагдаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан үзэх үүрэгтэй. Ингэсний эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан эсэхэд бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч хэрэв чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.

Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй, бүрэн дүүрэн тогтоогоогүй нь 2023 оны 10 сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаас харагдана.

Тус шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Д.Б өөрийн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод яаж ашигласан, ямар үйлдэл хийхээр Б.Наас 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, мөн Ө.Баас 4.000.000 төгрөгийн хахууль авсныг болон хахууль авагч, өгөгч нарын хооронд ашиг сонирхлын ямар нэгдэл үүссэн, тус хэрэгт Д.Т, Т.Т нар үйлдэл оролцоо буюу гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, тэдгээрийн субъектив санаа, зорилгыг шалгаж тогтоогоогүй байна. Тодруулбал, гэрч Т ажлын зураг хийлгэх болон техникийн нөхцөл авахад 4.000.000 төгрөг болно, ажлын зураг 2.000.000, техникийн нөхцөл авахад 2.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Би Д.Бгээс 3.300.000 төгрөг авсан. Тэгээд 700.000 төгрөгийг явуулахгүй байж бай гэж хэлсэн гэж тус тус мэдүүлдэг бөгөөд 3.300.000 төгрөг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны маргааш буюу 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Т.Т эзэмшигчтэй дансанд орсон баримт байдаг.

Гэтэл хуралдаан хойшлоод хэрэгт нэмж хийсэн ажмллагаа нь шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаа бүрэн хийгдэж шалгагдаагүй эргэлзээтэй байхад мөн тэр байтугай шүүх хуралдааныг хуульд зааснаар 60 хоног хойшлуулахаар завсарлах үед шүүгч улсын яллагчаас өмгөөлөгчийн 6 минутын бичлэгээс 3 минутыг нь тасалж авч болно гэдэг чинь байж болохгүй шүү дээ үүнийг нотлох баримтаар тооцохгүй гэж байгаа нь өмгөөлөгчийн зөв, та нар тийм л юм бол өөрсдөө гүйцэтгэх ажиллагаагаа хийгээд нотлоод оруулаад л ир л дээ гэхэд нь бид одоо л нэг үнэн нь олдох нь гэж хүртэл бодож байтал ёстой их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр шиг захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг тал буюу ялласан дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн гэрч нарын мэдүүлгүүд нь Д.Бг буруутай буюу гэмт хэрэгт үйлдсэн гэдгийг нотлохгүй, харин ч хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй байдалтай байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгч байна уу тэдгээрийн мэдүүлгээр 4.000.000 төгрөгийг Д.Б нь шаардсан уу, авч уу гэдэг бодит байдлыг тогтоохын оронд зөвхөн түүнийг буруутай болгох гэж мөрдөгч нь гэрчүүдийг хөтөлж чиглүүлж асуусан төдийгүй Нын хууль бус бичлэгээр л авлига өгөхийг шаардаж сүрдүүлсэн гэж, прокурор ч тэр өнцөгөөс яллах дүгнэлтээ үйлдэж шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчигдсөн гэж харагдахаар байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хээл хахууль авах гэмт хэргийн шинжгүй байх тул Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ө.Быг “А” ХХК-ийн худалдан авалт, хангамж хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн аж ахуйн хашаанд цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байсан “Д.Б-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт, шинжийг “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан тусгай ангийн хэм хэмжээ буюу 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспозиц нь “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон ...” байхаар хуульчилсан байна.

Гэтэл шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар дүгнэлтэд дээрх зохицуулалтыг хэрэглэхдээ: Ө.Быг “өөртөө” давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс, бусдад /Д.Бд/ албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд хууль зөрчиж тооцсон юм.

Энэхүү дүгнэлт нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдогтой байна.

Мөн “Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт шууд хамааралтай үйлдэл, эс үйлдэхүй эсхүл тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, эрх нөлөөг хамааруулан ойлгодог.

Гэвч энэхүү ойлголтыг шүүх ямар агуулгаар ойлгож, түүнийгээ шүүгдэгч нарын үйлдэлтэй хэрхэн холбогдож буй талаар шийтгэх тогтоолдоо хуулийн хүрээнд тодорхой тайлбарлах байтал ерөнхий байдлаар хүнд ял халдааж Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуульд заасан зохицуулалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Ө.Б нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бус “А” ХХК-ийн худалдан авалт, хангамж хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа тус компанийн аж ахуйн хашаанд “ТЭЦ-4” ТӨХК-ийн дүрэм, журмын дагуу цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байсан Д.Бгийн танил болох “Гэрэл-Энержи” ХХК-ийн захирал Т.Тар техникийн нөхцөл гаргуулахад шаардагдах зүйлийг хийж гүйцэтгэх, бичиг баримт бүрдүүлэх ажил хийлгүүлэх зорилготой үйл явдлыг гэмт хэрэгт тооцсон нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Түүнчлэн “ТЭЦ-4” ТӨХК-ийн цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах материал бүрдүүлэх зорилгоор тус байгууллагад огт хамааралгүй “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ’’ ТӨХК-ийн инженер Д.Бгийн танил “Гэрэл-Энержи” ХХК-ийн захирал Т.Тар хийлгэх ажлын хөлсийг шилжүүлсэн нь Д.Бгийн албан тушаалын байдалтай ямар ч хамааралгүй, хуулиар хориглосон хэм хэмжээ зөрчөөгүй, түүгээр дамжуулж "ТЭЦ-4” ТӨХК-ийн албан тушаалтантай холбогдоогүй, ямар нэгэн хууль бус давуу байдал бий болоогүй байхад хахууль өгсөн гэж хуульд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ., 4.1-д хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг дэлгэрэнгүй дурдсан ба 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж заасан ба албан тушаалтан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн диспозицод дурдсан нийтийн албан тушаалтнаас бусад этгээд буюу хахууль авах гэмт хэргийн субьект болохоор хуульчилсан байна.

Тодруулбал энэ зүйлд дурдсан субъект биш Д.Бгээр дамжуулж шаардлагатай мэргэжлийн туслалцаа үзүүлэх хувийн компанийн үйл ажиллагаа эрхэлдэг Т.Ттай ажил хэргийн харилцаанд орсон Ө.Бы үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй юм.

Харин хэргийн нөхцөл байдлаас харахад 'Г” ХХК-нь АТП-1829 дэд станцын 63 ква трансформаторыг КТПН 400 ква болгож холбосон, техникийн нөхцөл аваагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй, холболтын протокол байхгүй, тоолуур хэмжих хэрэгсэл дур мэдэж байршуулсан, лацгүй байсан зэрэг зөрчил гаргасан байсан.

Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ' ТӨХК-ийн инженер Д.Б нь “Г” ХХК-ийн инженер Б.Нтай утсаар холбогдож тодруулахад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баруун түгээх төвийн мастер Энхсайханаар хийлгэсэн гэдэг бөгөөд хууль бусаар холбосон цахилгаанаа салгуулж, нөхөн тооцоо төлөх талаар тайлбарласан байдаг.

Ингээд Б.Н нь 2022 оны 9, 10 дугаар сарын үед “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д албан бичиг авчирч өгөөд техникийн нөхцөл авах бичгээ өгсөн боловч гараагүй гээд Д.Бтэй утсаар яриад туслаач гээд байхаар нь ямартай ч чи энэ хүнтэй яриад үз гээд Т.Төмөрбаганы утасны дугаарыг өгсөн үйл баримт болжээ.

Энэ талаар Б.Н дараа нь дахин утсаар ярихдаа хууль бусаар бичлэг хийж утга агуулгыг тасдаж эвлүүлээд “Даам.Мн” сайт ажиллуулдаг өөрийн эхнэр сэтгүүлч Н.Б гэдэг хүнд хэлсэн байна.

Н.Б нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дарга Р.Дд 2023 оны 5 дугаар сарын сүүлчээр хандаж “Танай ажилтан ёс зүйгүй үйлдэл гаргасан байна, шаардлагатай бол надад баримт байгаа” гэж байсан. Ингээд дахиад над руу танай хүмүүс чинь арга хэмжээ авахгүй байна, ямар арга хэмжээ авахуулахаар нөлөөлөөд байна гэхээр нь би манайх дотоод хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. “...Одоо бол техникийн нөхцөл гарсан байгаа...” гэх мэдүүлгээс харахад “шаардлагатай бол надад баримт байгаа" гэж сүрдүүлж байгаад техникийн нөхцөл гаргуулсан байж болзошгүй үйл баримт харагдаж байна.

Б.Н, Н.Б нар нь бусдад хууль бусаар хэрхэн нөлөөлж өөрийн ажил хэргээ бүтээсэн, хууль ёсны дагуу шаардлага тавьсан инженер Д.Бг гэмт хэрэг үйлдсэн талаар баримт байгаа мэтээр удирдлагад нь хандаж, утга агуулгыг гуйвуулж тасалсан утасны ярианы бичлэг хуулийн байгууллагад өгсөн байхад тухайн хуулийн байгууллагууд түүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй байгааг гайхаж байна. Анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж 2023/ШЗ/1621 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай” шүүгчийн захирамж гаргасан юм.

Шүүгдэгч Д.Б өөрийн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод яаж ашигласан, ямар үйлдэл хийхээр Б.Наас 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, Ө.Баас 4.000.000 төгрөгийн хахууль авсныг болон хахууль авагч, хахууль өгөгч нарын хооронд ашиг сонирхлын ямар нэгдэл үүссэн.

Тус хэрэгт Д.Т, Т.Т нарын үйлдэл оролцоо буюу энэ хэрэгт хамтран оролцсон эсэх, тэдгээрийн субъектив санаа, зорилгыг шалгаж тогтоогоогүй байна гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч дээр дурдсан нөхцөл байдлыг шалгаж, тогтоож чадаагүй байхад шүүх эцэслэн шийдвэрлэж гэм буруутайд тооцож байгаа нь шүүх өөрийн тогтоогдоогүй гэж үзсэн захирамжаа үгүйсгэх нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

Мөн түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрсөн болохыг харуулж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байсан юм.

Улсын яллагч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд “...Давуу байдал гэдэгт цахилгаан залгуулах байдал бий болгож байна. Авлига албан тушаалын гэмт хэргийн хувьд гэмт хэргийн санаа зорилгыг тодорхойлоход хэцүү байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглаад хэрэглэгчээс дансаараа мөнгө авах эрхгүй хүн. Иймд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэжтайлбар гаргасан.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд ч энэхүү байдлаар шүүгдэгч нарыг яллах байр сууриа илэрхийлж байсан.

Гэвч Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг, мөн хуулийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэж тус тус зохицуулсан.

Энэхүү хуулийн 4.1-д заасан этгээдэд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хувьд тус зүйлийн 4.1.3-т заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” субъект болох байхад улсын яллагч үндэслэлгүй яллаж, хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж байхад шүүх анхаарч үзээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг тус тус зөрчсөн болохыг харуулж байна. Иймд Ө.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие төрийн албан хаагчид авлига өгч, өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй. “Гэрэл-Энержи” ХХК-ийн захирал Т.Тар ажил хийлгэхээр өгсөн төлбөрийн асуудал л байдаг. Би Д.Бг огт танихгүй. Д.Т гэдэг найздаа хандаж хүн олоод өг гэж хэлсэн. Д.Т 4.000.000 төгрөгийг Д.Бгийн данс руу хийчих гэсэн. Эдгээр үйл баримт нь миний хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өгсөн мэдүүлэгт авагдсан. Д.Тын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг бөгөөд худал мэдүүлгийг үндэслэн намайг гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-нд инженер хийдэг Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа “Г” ХХК-ийн зөрчлийг илрүүлсэн байдаг. Тухайн зөрчлийг илрүүлээд бичилт хийх дүрмээр цахилгаан таслахыг диспетчерийн албанд мэдэгдэж, диспетчерийн албанаас цахилгааныг тасалж, дараагийн ажиллагаанууд хийгдэх байсан. О.Энхсайхан гэх ажилтанд цахилгааныг тасал гэж хэлээд цахилгааныг таслуулсан байдаг. “Г” ХХК-ийн ажилтан Б.Наас 5.000.000 төгрөг өгөхийг шаардсан байдаг. Д.Б нь нийтийн албан тушаалтан биш хэдий ч төрийн албан хаагч тул төрийн албан хаагчийн нийтлэг ёс зүйн дүрмийг баримтлах үүрэгтэй. Энэ үүргээ зөрчиж, хэрэглэгчээс мөнгө шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан ахлах А.Отгонбаяр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Д.Б нь ямар ч тохиолдолд иргэн болон хэрэглэгчээс мөнгө авах, шаардах эрхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж, хийгдэх ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Шүүгдэгч Л.Д.Б “Өөрөөсөө холдуулахын тулд 5.000.000 төгрөг нэхсэн” гэж өөрөө мэдүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хүртэл хүлээн зөвшөөрдөг. Гэрч Э.Х, Р.Д, Д.Л, Т.Н, Т.Т, Н.Б нар болон утасны ярианы жагсаалт, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-аас гаргаж өгсөн гомдол, мэдээлэл зэргээр Б.Наас 4.000.000 төгрөг шаардсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Ө.Бы хувьд “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК нь хоорондоо хамааралгүй гэж ярьдаг бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоосон. Ө.Б хуульд заасан үндэслэл, журмын дагуу техникийн нөхцөл гаргуулна гэдэг нь хэрэглэгчийн өөрийнх нь хийх ёстой ажил юм. Гэтэл “А” ХХК-ийн үйлчилгээний хашааг цахилгаантай болгуулахаар танил талаа ашиглан Д.Ттой холбогдож, Д.Т нь Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерээр ажиллаж байсан Д.Бтэй холбогдсон байдаг. Д.Бгийн албан тушаалтай нь холбогдуулан Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер учраас түүнтэй холбогдож ийм боломж байгаа эсэхийг асуухад Д.Б боломжтой гэж хэлээд 4.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан болох нь тогтоогдсон. Өөртөө захиран зарцуулаагүй, ашиг бий болгоогүй гэдэг боловч 700.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Д.Б өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. 3.300.000 төгрөгийг хувираа цахилгааны ажил эрхэлдэг Т.Т руу шилжүүлсэн байдаг. “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн инженер “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-д очиж цахилгаан холбох ёсгүй бөгөөд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэнээс 4.000.000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авч 3.300.000 төгрөгийг Т.Т руу шилжүүлж, 700.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Б үргэлжилсэн үйлдлээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа тус Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх”, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3-т “хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх шаардлага тавих” гэж заасныг тус тус зөрчиж 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г" ХХК-ийн охин компани болох “Г и” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр болох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г” ХХК-ийн авто тээврийн албаны дарга Б.Наас 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгаан эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд тус компанийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтан Ө.Баас 4.000.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Ө.Б “А” ХХК-ийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн аж ахуйн хашаанд цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байсан Д.Бд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн “ХААН” банк дахь дансаар дамжуулан 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

гэрч Э.Хын “...Д.Б шалгах явцдаа 63 ква-гийн 1829 дэд өртөөг 400 ква-гийн КТПН-ээр сольсон байсныг илрүүлсэн байсан. Зөвшөөрөлгүй холболтыг салгаж, зөрчлийн асуудал дээр нь албан шаардлага хүргүүлээд явах ёстой байсан. Гэвч Д.Б нь ажлын байрны тодорхойлолтын 2-р үндсэн зорилтын 2.3 дахь хэсэгт “хэрэглэгчийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах, шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх, шаардлага тавих, 2.6 дахь хэсэгт “шалгасан аж ахуй нэгж байгууллага, тоолуур хэмжих хэрэгслийн заалт хэмжилтийн үр дүн, гарч байсан зөрчлийг тусгай дэвтэр гарган тэмдэглэн мэдээллийн бааз байгуулж ажиллах” гэснийг, мөн “Ажилтын ёс зүйн дүрэм"-ийн 3.8 дахь хэсэгт “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлан айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх, хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, холбогдох арга хэмжээ аваагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм. Д.Б нь мөнгө аваад техникийн нөхцөл гаргаж өгнө гэсэн утгатай зүйлийг иргэн Нтай ярьсан байсан. Энэ талаар анх “Г” ХХК-ийн инженер Н гэдэг хүн өөрөө бичлэг хийж аваад, сэтгүүлч Болормаа гэдэг хүнд мэдээлэл өгөөд, Болормаа нь манай компанид өргөдөл гаргасан байсан. Ингээд дотоод хяналт шалгалт хийгдээд Д.Бг захиргааны арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. ...Д.Б нь техникийн нөхцөл гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Техникийн нөхцөлийг техникийн бодлогын хэлтсээс Ерөнхий инженерийн зөвшөөрлөөр гаргадаг юм. Д.Бгийн ажлын чиг үүрэгтэй ямар ч холбоогүй асуудал юм. Д.Б нь тоолуурын заалт тэмдэглэж аваад явж байх үедээ зөрчил илрүүлсэн байсан. ...” /1хх 60-61/,

гэрч Б.Нын “... Ж-г Д.Бтэй анх уулзуулсан. Д.Б зөрчилтэй гээд тог салгаад явсан байсан. Манай компани өмнөх шонгоо сольсон болохоор бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой байсан. Ингээд Жаргалмаа очоод уулзсан чинь танай компанийг торгоно, нөгөө талын тэжээлийг бас салгана гэж хэлээд явуулсан байхаар нь би сандраад 2022 оны 5, 6 сарын үед Д.Бтэй түүний ажлын байран дээр нь очиж уулзахад Д.Б танай компанитай гэрээ байгуулахгүй, тог тасална, танай компанийг 50.000.000 төгрөгөөр торгоно, энэ бол наад захын асуудал гэж хэлсэн. ...2022 оны 9 дүгээр сард Д.Бтэй утсаар яриад манай компанид техникийн нөхцөл гарахгүй гэж байна, яах уу гэсэн чинь наад асуудлыг чинь зохицуулдаг хүн байна, 4.000.000 төгрөг болно гэхээр нь би эргээд ярина гэсэн. Ингээд 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр Д.Бтэй яриад цахилгааны нэг эх үүсвэрээ холдуулчихмаар байна гэхэд Д.Б өвөл танай асуудлыг ярьж байсан хүүхэд чинь, та нарыг ярихгүй болохоор больчихсон, одоо 4.000.000 төгрөг гэхгүй байх, арай өөр үнэтэй ярих байх гээд байсан. ... энэ асуудлаар би 2 жил явсан, очоод уулзахаар загнаад дарамтлаад байдаг, харилцааны соёл байхгүй, танай асуудал бол хэцүү, хүнд асуудал, надад хамаагүй гэх зэргээр ярьдаг байсан. Би танай компанийг 50.000.000 төгрөгөөр торгоно, үлдсэн нэг эх үүсвэрийг чинь тасална гэдэг байсан. ...” /1хх 63-64, 194/,

гэрч Р.Ды “...Манай компанид 2023 оны 5 дугаар сарын сүүлээр нэг сэтгүүлч танай ажилтан ёс зүйгүй үйлдэл гаргасан байна, шаардлагатай бол надад баримт байгаа гэж байсан. Ингээд дотоод хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Хяналтын дарга Ганзориг ярианы бичлэг сонслоо гэж байсан. Д.Бд ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Авилгатай тэмцэх газарт мэдэгдсэн. Д.Бгийн хувьд өөрөө надтай ирж уулзсан, би буруу үйлдэл хийснээ ойлгож байна, би байнга ингэдэг хүн биш, зөв ойлгоорой гэж байсан. ...” /1хх 68/,

гэрч Б.Аийн “... цахилгааны тоолуурын бичилт хийж шалгадаг хүн нь шаардлага тавьсан. Ингээд трансформаторыг шинэчилж хайрцагт хийсэн. Энэ ажлыг манай инженер техникийн асуудал хариуцсан Б.Н хариуцаж хийлгэсэн. Ямар компаниар хийлгэсэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн ажлыг гүйцэтгэсэн компани нь цахилгаанд холбох эрхийг нь буюу техникийн нөхцөлийг нь гаргаж өгөх ёстой гэж ойлгосон. 2023 оны 4 билүү 5 дугаар сард үйлдвэрийн цахилгаан тасалдаад хэвийн ажиллагаа доголдсон. Ямар учраас доголдсон талаар тодруулахад техникийн нөхцөл байхгүй гэж байсан. Б.Н нь энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж тухайн ажлыг хийлгэсэн хүмүүсээс шаардсан юм байна лээ. Нөгөө цахилгааны ажил хийсэн компани нь болохоор техникийн нөхцөл хүссэн бичгээ өгчихсөн, хүлээгдэж байгаа гэсэн юм байна лээ. Энэ бол Б.Нын хэлж байгаа тайлбар юм. Б.Н нь цаашаа хэнтэй юу ярьж байсныг нь мэдэхгүй...” /1хх 70/,

гэрч О.Жгийн “... 2022 оны 5 сард Д.Б нь утсаар яриад танай тогийг тасаллаа, гэрээ байгуулаагүй байна гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрөө Д.Бтэй нь өрөөнд нь очиж уулзсан. Танай компани хулгайн тог ашиглаж байна гээд надад мэргэжлийн зөвлөгөө өгөлгүйгээр уурлаад байсан. Танай компанийн 2 талын тогийг тасална, өмнө нь нэг удаа тасалсан чинь дахиад холбоод ашигласан байна гээд уурлаад байхаар нь би та тэгж болохгүй шүү дээ, асуудалтай байгаа бол тэр тогоо тасална биз, нөгөө талынх нь тогийг тасалж болохгүй шүү дээ, үйлдвэр зогсох юм бол олон хүн ажилгүй болно гэж хэлтэл чи хүнээ бодож байгаа бол би бас ажилчдаа бодож байна гээд уурлаад байсан. Цахилгааны 2 эх үүсвэрийн нэг нь ямар ч асуудалгүй байсан юм. Тэрийг бол тасалж болохгүй байхад тасална гээд байсан. Мөн 50, 60 сая төгрөгийн торгууль тавина, чи торгуулийг нь дааж гарын үсэг зур, удирдлагууддаа очиж хэл гээд байсан... Б.Н даргатай очиж уулзаад болсон зүйлийг хэлсэн. Б.Н дарга Д.Бтэй утсаар ярихад нэг хүний утас өгөөд энэ хүнтэй ярь гэж байсан. Тэр хүнийг нь ямар хүн байсныг нь мэдэхгүй. Тэр хүн нь зөвлөгөө өгнө гэж байсан...” /1хх 71/,

гэрч Д.Лгийн “...Д.Бтэй холбоотой асуудалд дотоод хяналт шалгалт хийсэн. Энэ асуудал нь анх иргэний өргөдөл, гомдлоор ярианы бичлэгтэй манай компанид ирсэн байсан. Үүнтэй холбоотой Д.Б тайлбар бичсэн. Аж ахуй нэгжүүд буюу дэд станц дээрх тоолуурыг инженер үзэж заалтыг нь бичдэг, харин айл өрхүүд болон өөр дээрээ тоолууртай аж ахуй нэгжүүдийг тоолуурын заалт тэмдэглэгч нар бичдэг. Д.Бгийн бичсэн тайлбарыг уншиж танилцахад анх 2022 оны 5 дугаар сард инженер Д.Б бичилт хийх ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа АТП 1829 дэд станцын бЗ ква трансформаторыг КТПН 400 ква болгож холбосон байсан зөрчлийг илрүүлсэн байсан. Энэ нь техникийн нөхцөлгүй буюу манай компаниас зөвшөөрөл аваагүй, мөн улсын комисст хүлээлгэж өгөөгүй, тоолуур хэмжих хэрэгслийн лац хөндсөн зэрэг зөрчлийг илрүүлсэн байсан. Энэ талаар “Г” ХХК-ийн инженер Б.Нтай газар дээр нь уулзаад тодруулаад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баруун түгээх төвийн мастер Энхсайханаар хийлгэсэн гэж Б.Н нь хэлсэн байсан. Би өөрөө Энхсайхантай уулзаагүй... Энхсайхан нь бас бичгээр тайлбар бичиж өгсөн байсан. Энэ тайлбартаа муфт буюу 2 кабелийг хооронд нь холбож өгсөн гэсэн байсан. Энхсайхантай холбоотой асуудлыг шалгаж байгаа, дүн гараагүй байгаа. Харин Д.Бгийн асуудал нь болохоор хэрэглэгчийг дарамталсан, мөнгө нэхсэн гээд тусдаа асуудал байсан. Д.Б нь зөрчлийг илрүүлсэн бол тухайн хариуцсан нэгжид нь мэдэгдэх ёстой байсан, гэтэл мэдэгдээгүй байсан, энэ процесс хийгдээгүй байсан. Дур мэдэн ажилбар хийсэн байсан. Ярианы бичлэгийг сонсоход хэрэглэгчийг дарамталсан, мөнгө нэхсэн байсан...” /1хх 74/,

гэрч Т.Нын “...Анх “Г и” ХХК-ийн менежер Б.Н нь надтай холбогдсон юм, манай компани тогоо таслуулчихлаа, үүнийг янзлаад модон суурьтай станцыг төмөр хайрцагт хийж өгнө үү гэж хэлсэн. Миний утасны дугаарыг хэнээс авсан гэдгийг нь ёстой мэдэхгүй, би танихгүй. Ингээд гэрээ байгуулаад 30 орчим сая төгрөгийг авсан. Хуучин станцыг нь засвар үйлчилгээ хийж өгсөн. Модон тулгуур байсныг нь төмөр хайрцагт хийсэн, кабелиар дээш нь холболт хийж өгсөн. Муфт буюу цахилгааны үзүүрийг О.Энхсайханаар хийлгэсэн. Тогийг нь холбож өгөөгүй, бичиг баримтаа харьяа түгээх төвдөө үзүүлж байж холбох байсан. Сүүлд харин над руу “Г и” ХХК-ийн захирал нь надтай яриад техникийн нөхцөл байхгүй гээд манай тогийг салгачихлаа гэж ярьсан, тэгэхээр нь би гайхаад техникийн нөхцөлгүй бол анхнаасаа та нар чинь яаж тогны мөнгөө төлөөд ажиллаад яваад байсан юм бэ гэхэд тусдаа өөр компани байсан ч гэлүү нэг тайлбар хэлж байсан. Мөн манай хийсэн бичиг баримтыг авч очоод техникийн нөхцөлөө авахгүй юу гэж би хэлсэн. Намайг чи өөрөө учрыг нь ол гэж захирал хүүхэн надтай ярьсан. Миний ойлгосноор тэр компаниас хүн мөнгө нэхсэн юм шиг байна лээ, мөнгө өгвөл техникийн нөхцөл гаргаж өгье гэж ярьсан юм шиг байсан. Тэгэхээр нь би ямар ч хүнд мөнгө өгөх шаардлага байхгүй, та нар бичиг баримтаа бүрдүүлээд техникийн нөхцөлөө гаргуулаад ав гэж хэлсэн...” /1хх 175/,

гэрч О.Э-ы “...2020 билүү 2021 онд “Г” ХХК-ийн станц нь болохгүй байсан юм шиг байна, модон хийцлэлтэй байсныг төмөр хийцлэлтэй болгосон байсан. Манай 10 жилийн найз болох Наранбаатар энэ ажлыг хийсэн. Наранбаатар эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компанитай. “Г” ХХК-ийн дээрх ажлыг гүйцэтгэж байхдаа намайг хүрээд ирээч гэж дуудаад үзүүрийн муфтыг нь хийгээд өгөөч гэсэн. Би очоод 2 үзүүрийг нь хийж өгсөн. Энэ бол 2020, 2021 онд болсон асуудал. Ийм л зүйл болсон. 2022 оны 5, 6 сарын үед “Г” ХХК-ийн ажилтан Б.Н над руу утсаар яриад манай компанийн цахилгааныг залгаж өгөхгүй байна, ямар учиртай юм бол, чи Д.Бтэй нэг яриад ойлгуулаад хэлээд өгөөч гэхээр нь би Д.Бгийн ажил дээр нь очиж уулзсан. Тэр үед “Г” ХХК-ийн ажилтан бас нэг охинтой хамт очсон. Тэгэхэд техникийн нөхцөл байхгүй, газрын гэрчилгээ, гүйцэтгэлийн бичиг баримт шаардсан. Хуучин техникийн нөхцөл нь 63 ква гэж байсан, Д.Б болохоор 400 ква техникийн нөхцөл байх ёстой гэсэн. Ингээд Д.Б нь нэлээн уурлаад байсан, надтай хамт очсон охин уйлсан. Үүнээс хойш бичиг баримт нь болохгүй байна гээд цахилгааныг нь холбож өгөөгүй байсан, “Г” ХХК-ийн хүмүүс ч чимээгүй болсон. Д.Бтэй очиж уулзахаас өмнө байхаа намайг Д.Б цахилгааныг нь салга гэж хэлсний дагуу би очиж салгаж байсан...” /1хх 177-179/,

гэрч Т.Т-ын “...Д.Бтэй ...“Г и” ХХК-ийн талаар ярьсан, ажлын зураг зураад, улсын комиссоор орох юмыг нь хийлгэж болохгүй юм уу гэсэн. Түүнээс өмнө нь тэр компанийн нэг эрэгтэй хүнтэй нь утсаар ярьж байсан. Хамгийн анх Д.Б эгч надтай яриад нэг ажил байна гэсэн, үүний дагуу нь би тэр компанийн хүнтэй нь холбогдсон. Намайг очиж үзэх үед агаарын модон шонгоос нь буулгаад төмөр хайрцагт хийсэн гэж байсан. Харахад бол төмөр хайрцагтай дэд станц байсан. Иж бүрдмэл дэд станц гэж явдаг юм. Тэгэхээр нь би агаарт байж байгаад төмөр хайрцагт хийсэн юм чинь улсын комиссоор орно, ажлын зураг хийлгэнэ, техникийн нөхцөл авна гэж хэлсэн, 4.000.000 төгрөг болно гэсэн ажлын зураг 2.000.000, техникийн нөхцөл авахад 2.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Тийм л яриа болсон. Сүүлд нь над руу залгаад 2.000.000 төгрөг өгье гэхээр нь би үгүй гэсэн, түүнээс хойш яриагүй. Энэ явдал яг хэзээ болсон гэдгийг нь санахгүй байна... ...Би тухайн үед Д.Б эгчээс 3.300.000 төгрөг авсан, үлдсэн мөнгийг техникийн нөхцөл гарсны дараа тоолуур болон бусад зардалд зарцуулья гэж бодсон. Үлдэгдэл 700.000 төгрөгийг би аваагүй, Д.Б эгчээс авсан 3.300.000 төгрөгийг Ө.Б гэж хүн рүү шүүх хурал болохоос өмнө буцааж өгсөн. Д.Б эгчээс авсан 3.300.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Компанийн дансаар зарим нэг гүйлгээг хийдэггүй, хувийн дансаар хийдэг, учир нь татвар тооцоод байдаг юм. Хэн нэгэн хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, техникийн нөхцөл гарахаар техникийн нөхцөлөө тусгаж байгаад хамтран ажиллъя гэж бодсон. Миний хувьд 3.300.000 төгрөгт ажлын зураг, газардуулга, газардуулгын туршилт протокол, мэдээллийн сан, холболтыг протокол зэргийг ажлын хөлс багтана гэж тооцоолсон. “А” ХХК-ийн хашааг Д.Б эгчээр заалгаад ганцаараа очсон ба тухайн үед Д.Б эгч хэлэхдээ наад компани чинь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цахилгааны эх үүсвэр татах боломжгүй юм байна, ДЦС-4-н шугам ойрхон байгаа байх гэж хэлсэн. Ингээд би газраа үзээд дараа нь ДЦС-4 компаниас цахилгааны эх үүсвэр татах тухай албан бичиг хүргүүлсэн. Тодорхой санавал мөнгөө аваад дээрх ажлыг хийсэн. Нийт 2 албан бичиг өгсөн... “А” ХХК-ийг техникийн нөхцөл гаргуулахад шаардагдах ажлыг миний бие хариуцаж байсан...” /1хх 181, 3хх 11-12/,

гэрч Н.Б-ийн “...Шинээр хүчин чадал нэмэгдүүлэх, станцын хийц өөрчлөх тохиолдолд техникийн нөхцөл авч, ажлын зураг хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байдаг. Дээрх манай компаниас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлын хувьд бол арай өөр байдаг. Яагаад гэвэл олон жилийн өмнө манай хэрэглэгч болчихсон, манай компанитай тооцоогоо хийдэг гэрээт хэрэглэгч байгаа бол техникийн нөхцлөө нөхөж авч болдог, шинээр техникийн нөхцөл хийлгэх, ажлын зураг гаргуулах шаардлагагүй. Мөн тухайн хийц өөрчлөх ажил нь нэгэнт хийгдчихсэн байхад нөхөж ажлын зураг гаргуулах шаардлагагүй байдаг. Техникийн нөхцлөө нөхөж аваад л болох асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл “Г” ХХК-ийн “Агь” ХХК нь өмнө нь 2004 оноос хойш манай хэрэглэгч байсан, 63 ква байсан, 2009 оноос хойш 400 ква болгож өөрчилсөн байна. Ингээд тухайн үедээ техникийн нөхцөл байгаагүй ба сая буюу 2023 оны 6 сард нөхөж техникийн нөхцөл олгож байгаа юм. Яагаад гэвэл олон жил 400 ква хүчин чадалтай цахилгаан хэрэглэж ирсэн байхад бид нар техникийн нөхцөл нөхөж өгөхөөс өөр арга байхгүй. Яагаад гэвэл манай байгууллага 2009 оноос хойш цахилгааны төлбөрөө авахдаа 400 ква хүчин чадалтай цахилгааны төлбөр авсан гэсэн үг. Тийм учраас техникийн нөхцөл нөхөж олгож байгаа. Ийм тохиолдол маш олон байдаг...” /1хх 196/,

гэрч Э.Н-ийн “...Д.Б нь энэ оны 3, 4 дүгээр сарын үед байх хамт яваад өгөөч гээд Ганболд бид хоёр хамт явсан. ТЭЦ-2-ын ард байрлалтай нэрийг нь мэдэхгүй байна, нэг аж ахуйн нэгжийн хашаан дотор очсон. Тухайн хашаан дотор байсан цахилгааны станцыг онгойлгож үзэхэд цахилгаан тасархай байсан. Өндрийн тулгуур дээрээ тасархай байна уу гэдгийг нь харсан. Тэр үед тасархай байсан...” /2хх 2/,

гэрч Д.Г-ын “...Би одоо хэзээ гэдгийг нь санахгүй байна, Д.Б нь Н бид 2-т хэлэхдээ ТЭЦ-ын урд нэг газар дээр очоод үзнэ гээд дагуулаад явсан. Ганцаараа эмэгтэй хүн үзэж чадахгүй гээд бид 2 хамт явсан. Тэгээд яг одоо сайн хэлж мэдэхгүй байна, тэр газар дээр нь очиход 0470 буюу тоолууртай хэсгийг онгойлгож үзчихээд буцаад явсан. Тэр үед бол тасархай байсан. Бид нар тог таслах эрхгүй байдаг. Өөр ямар ч мэдэх зүйл байхгүй...” /2хх 4/,

гэрч Х.М-ийн “...Ө.Б хангамжийн менежерээр манай компанитай гэрээний дагуу ажилладаг юм, манай компанийн албан ёсны үндсэн ажилтан биш. “А” ХХК нь авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм, оффис нь Циркийн урд талд байдаг, харин аж ахуйн хашаа нь ТЭЦ-4-ийн урд талд байдаг юм. Аж ахуйн хашаа маань тог байхгүй, мотор генератор ажиллуулж байгаа. Ө.Б нь яг тухайн үед надад юм яриагүй, харин тог тавиулах гэж байгаа, материал авна, албан ёсоор тог авахаар болсон гэсэн зүйл ярьж байсан. Ингээд компаниас 3, 4 сая төгрөг авч байсан санагдаж байна, Ө.Б нь өөрөө яваад сэлбэг авчихдаг юм. Яг хэнд хэдэн төгрөгөөр тог залгуулах болсон талаар нь би мэдэхгүй, тэр болгоны ажилд нь би оролцоод байх завгүй байдаг юм...” /2хх 6/,

гэрч Д.Х-ийн “... 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би ажил үүргээ гүйцэтгэж яваад шинэ хэрэглэгч манай ТӨХК-ийн өмнөд 2 хаалттай хуваарилах байгууламжийн 04 кв агаарын шугамаас зөвшөөрөлгүй аж ахуй нэгж холболт хийсэн байхыг нь илрүүлсэн. ...хаанаас ямар аж ахуй нэгж тог холбосон байна гэж шалгахад “А” ХХК гэж байсан. 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ерөнхий инженер П.Болдбаатарын гарын үсэгтэй Цахилгаан эрчим хүчний хулгай гарсан асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан бичгээр БГД-ийн цагдаагийн хэлтэст хандсан юм. Тухайн өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн огноотой Эрчим хүчээр хангах зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг ТЭЦ-4 ТӨХК-д гэж хаяглан ирүүлсэн байсан. Энэ бичиг нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариу төлөвлөх гэж над дээр цохогдож ирсэн. Үүний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр албан хүсэлтийн хариуг нь боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн. Гэтэл “А” ХХК-аас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дахиад албан хүсэлт ирүүлсэн байхаар нь би компанийн 8810-тай утастай “А” ХХК-ийн хүнтэй нь утсаар дахиад хүсэлт өгсөн байна, боломжгүй талаар албан бичгээр хариу өгсөн гэхэд за гэж байсан. Гэтэл “А” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дээрх албан хүсэлт дахиад ирүүлсэн байсан. Үүний хариуг нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр чадлын хэтрэлттэй тул боломжгүй гэсэн хариу өгсөн болно...” /2хх 9/,

гэрч Н.Бгийн “...Б.Н одоогоос жилийн өмнө надад хэлэхдээ намайг хүн дарамтлаад байна гэж байсан, үүнээс хойш хэд хэдэн удаа дахиад нөгөө хүн дарамтлаад байна, би яг яахаа мэдэхгүй байна гэж байсан. 2023 оны 5 дугаар сарын үед Б.Н надад хэлэхдээ тушаал гараад ажилгүй болох гэж байгаа, манай компанийн цахилгааны асуудал шийдэгдэхгүй байгаа юм, би Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтныг гуйдаг юм, тэр Д.Б хэлэхдээ 50-60.000.000 төгрөгөөр торгоно, эсхүл 5.000.000 төгрөг өгөөд сал гээд байна гэж байсан. Тэгэхээр нь би танай компани торгуулах ямар буруу юм хийсэн юм бэ гэхэд манай компани цахилгааны дэд станцаа янзлуулсан, хайрцагт хийсэн юм. Тэгсэн чинь дураараа хайрцагт хийсэн гээд байгаа гэж байсан. Тэр Д.Б нь зан аашны хувьд их хэцүү, улам зуугаад байх юм болов уу гэж бодоод би юу ч хэлж чадахгүй байна, манай компаниас цахилгааны асуудлаа шийдэж чадахгүй гээд байгаа, тэгээд би удирдлагууддаа 5.000.000 төгрөг өгөх юм бол болно гэж байна гэдгийг нь хэлсэн чинь юу гэж авлига өгдөг юм, явдаг ном журмаараа яв гээд байна гэж байсан. Нэгэнт л би ажлаасаа гарч байгаа юм чинь хэвлэл мэдээлэлд энэ Д.Бг өгмөөр байна гэхээр нь баталгаажуулаад мөнгө нэхэж байгааг нь бичээд ир гэхэд надад хийсэн бичлэг нь байгаа гэж байсан. Сүүлд дахиад нэг бичлэг надад өгсөн. Тэр ярианы бичлэгийг нь сонсоход утсаа авахгүй байж байгаад ярьж байсан, цалингийн зээл аваад ч хамаагүй цахилгаан холбоод өг гэж ярихад Д.Б нь 4.000.000 төгрөгөөр яах юм, хамгийн багадаа 5.000.000 гэсэн зүйл яриад байсан, бас та нар янз янзын юм яриад яваад байхгүй биз дээ, цааш нь бас нэг хүнд өгнө гэсэн зүйл яриад байсан. ...” /2хх 19/,

гэрч А.О-рын “...Д.Б надад өдөр тутмын ажлаа танилцуулах ёстой байдаг. 2023 оны 5 сарын сүүлээр билүү 6 сарын эхээр байсан, гүйцэтгэх захирал Дагдан нь манай ХҮТ-ийн даргад үүрэг өгсөн юм байна лээ. Ингээд Д.Бгээс энэ талаар асуусан, хэрэглэгчээс мөнгө нэхсэн байна ямар учиртай юм бэ, ямар үндэслэлээр мөнгө нэхсэн бэ гэж асуусан. Тэр үед хэлэхдээ би бол мөнгө аваагүй, мөн нөхөн тооцоо хийнэ гэдэг зүйлийг бол хэлсэн гээд байсан. “УБЦТС” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн ХҮТ-ийн борлуулалтын хэсгийн инженер Д.Б ямар ч тохиолдолд иргэнээс, хэрэглэгчээс мөнгө авах эрх байхгүй. Торгууль тавих ч эрхгүй байхгүй. “УБЦТС” ТӨХК-ийн хэмжээнд 3 албан тушаалтан торгох эрхтэй байдаг. Харин Д.Б нь нөхөн тооцоог бичиж болно. Мөнгийг нь бас шууд авах эрхгүй... Техникийн нөхцөл албан ёсоор авах ёстой. Хэрэв техникийн нөхцөл олгох боломжгүй, нөгөө айл нь хүчин чадлын хэтрэлттэй бол болохгүй...” /2хх 21/,

гэрч Д.Тын “...Ө.Б компанийн аж ахуйн хашаанд цахилгаан хэрэгтэй байна гэхээр нь би Ө.Быг Д.Бтэй холбож өгсөн. Хариуцсан инженер нь Д.Б байсан. Ө.Б надад хэлэхдээ Д.Бтэй уулзсан, тог холбож болно гэж байна, чамд тог холбоод өгчих хүн байна уу гэж хэлэхээр би монтёр Батмөнхөд цахилгаан холбох ажил байна, чи ажлын бус цагаар хийх юм уу гэж хэлсэн. Ингээд Батмөнх цахилгааныг нь холбож өгсөн. ...маргааш нь “А” ХХК-д ТЭЦ-4 ТӨХК-аас бичиг ирсэн гээд цахилгааныг нь буцаагаад тасалсан. Ингээд би Д.Бд чи зөвшөөрөлгүй цахилгаан залгуулчихсан байна, бичиг ирсэн байна гэсэн чинь Д.Б өө тэгвэл цахилгаанаа буцаагаад салгачих, би мэддэг хүнээс нь асууя гэж байсан. Би өөрөө ч гуйж очсон, та нар ямар юм хийгээд байна гээд очсон. Тэр өдөр нь зөвшөөрөлгүй тог залгасан гээд акт тогтоолгоод тэр мөнгийг нь ТЭЦ-4 ТӨХК-д тушаалгасан... Д.Б нь надад хэлэхдээ 4.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Энэ мөнгө нь зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг гэж хэлсэн, би үүнийг нь Ө.Бд хэлсэн төдий... Дараа нь Д.Бтэй ярихад Ө.Бы цахилгаан татсан газрын техникийн нөхцөл нь гарчихсан байгаа гэж хэлсэн боловч гараагүй байсан. Миний ойлгосноор Д.Б Ө.Бд хаанаас цахилгаан татах газрыг зааж өгсөн, гэтэл техникийн нөхцөл нь гараагүй газраас цахилгаан татуулсан байсан. ...” /2хх 23-24, 231-232/,

гэрч Г.Б-ийн “...2023 оны 4 дүгээр сард намайг гэртээ байж байхад Т над руу утсаар яриад ТЭЦ-4 дээр цахилгааны холболтын ажил хийгээд өгөөч бичиг баримт нь болчихсон юм байна гэхээр нь би маргааш нь “А” ХХК дээр очиж Ө.Б гэх хүнтэй уулзаад цахилгааныг холбоход шаардлагатай материалын жагсаалтыг гаргаж өгсөн. Ингээд би цахилгааныг нь холбож өгсөн. Зөвшөөрөлгүй байсан гэдгийг нь би тухайн үөд мэдээгүй. Тайван-Од надад хэлэхдээ зөвшөөрөл нь гарчихсан гэсэн гэж хэлсэн. Тэгээд би холбох ёстой юм байна гэж ойлгоод цахилгааныг нь холбож өгсөн. Д.Б нь техникийн нөхцөл гаргах эрхгүй, мөн тог цахилгаан холбох эрхтэй эсэхийг нь мэдэхгүй...” /2хх 26/,

гэрч Т.А-ийн “...”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтод “Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерийн албан тушаалтан нь цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажлыг зүй бус алдагдал багатайгаар борлуулах, хариуцсан шугам тоноглолын худалдан авсан цахилгааны гүйцэтгэлд ногдох төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, хариуцсан станцын борлуулалтын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, хяналтын ажлыг оновчтой үр дүнтэй гүйцэтгэх, монтёрын өдөр тутмын ажилд хяналт тавих, өөрийн хариуцсан цэгүүдийн тоолуурын заалтыг хугацаанд нь үнэн зөв авах, бичилт хийгдээгүй цэг, хэрэглээ хэлбэлзсэн аж ахуй нэгжид хяналт тавих, шинээр баригдаж байгаа обьектуудад байнгын хяналт тавих, цахилгаан эрчим хүчний баланс барихгүй байгаа дэд станцуудын шалтгааныг тодруулах, хэрэглэгчдийн хэрэглээг шалгах, шаардлагатай тохиолдолд нөхөн бичилт хийх, хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах, шаардлага өгөх, шаардлагатай тохиолдолд техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх, шаардлага тавих, ажлын захиалгын дагуу борлуулалтын нөхцлийг газар дээр нь очиж шалган шалтгааныг тогтоох, нөхөн тооцоололт хийх, борлуулалтыг нэмэгдүүлэх, техникийн зүй бус алдагдлыг бууруулах талаар ажил зохион байгуулах, санал боловсруулах, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шалгасан аж ахуйн нэгжийн тоолуур хэрэгслийн заалт, хэмжилтийн үр дүнгээр гарч байсан зөрчлийн талаар тусгай тэмдэглэл хөтөлж, мэдээллийн бааз байгуулан ажиллах, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах, бригадын гишүүдийг мөрдүүлэх гэсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг баталсан ба уг дүрмийн 1.3-д “цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холболт хийх, цахилгааны ачааллыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бүрт иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна” гэж тодорхойлсон. Техникийн нөхцөл олгох үйлчилгээний төлбөрийг “УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4/206 тоот тушаалаар тооцдог. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм болон Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ыг үндэслэн техникийн нөхцөл олгодог. ...” /2хх 242-243/,

Д.Бгийн яллагдагчаар өгсөн "...Б.Н над руу яриад туслаач гээд байхаар нь би энэ хүнтэй яриад үз гээд Төмөрбаганы утасны дугаарыг өгсөн. Ажлын хөлс дээрээ тохироогүй гээд 2023 оны 5 дугаар сарын эхээр манай инженер Тамир надаас энэ компанийн талаар асуусан, би учир байдлыг нь хэлсэн чинь намайг учрыг нь олоод өгөөч гээд байна гэж байсан. 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Н над руу утсаар яриад чи туслаач, би 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авах гэж байгаа гэж байсан, би чадахгүй танай удирдлагууд өөрсдөө шийдэх байх гэж хэлэхэд манай удирдлагууд ойлгохгүй байна, ажлаас халах гээд байна надад туслаач гээд байхаар би Т руу утсаар яриад 4.000.000 төгрөгөөр хийлгэе гэж хэлсэн чинь чадахгүй гэж байсан. Б.Н нь ярихаараа дандаа бүтэлгүй юм ярьдаг, чи л надад туслах хэрэгтэй гээд байхаар нь би 5.000.000 төгрөг гээд хэлчихвэл надаас холдох юм байна гэж бодоод 5.000.000 төгрөг өг гээд хэлчихсэн. Ингээд хэлчихвэл цалингийн зээл нь 4.000.000 төгрөг юм чинь надаас холдох байх гэж бодсон, гар утасны яриагаа бичиж байна гэж надад хэлээгүй, би ийм муухай юм хийдэг юм байна гэж мэдээгүй... 2023 оны 4 сарын эхээр Тайван-Од холбогдоод манай найзын компани байгаа юм, туслаач, юу бүрдүүлж яахаа мэдэхгүй байна гэсний дагуу ТЭЦ-4 ТӨХК- д албан ёсоор хүсэлт гаргаж техникийн нөхцөл өгөх, газардуулга хийх протокол авах, холболтын протокол авах, зураг зурах, тоолуур авах. Ингээд нийт ажлын хөлсийг нь 4.000.000 төгрөг болж байна гэж хэлсний дагуу Т бид 2 эхний ээлжид ТЭЦ-4 ТӨХК-д техникийн нөхцөл хүсэх тухай хүсэлт гаргасан, энэ тухайгаа буцаж хариу мэдэгдсэн, ойлголтын зөрүү гарсан байсан, “А" ХХК нь ТЭЦ-4-ийн шугам сүлжээнд цахилгааныг холбуулчихсан байсан. ТЭЦ-4 ТӨХК-аас зөвшөөрөлгүй холбосон байна гээд таслуулсан. Бид нар дахиад хүсэлт гаргасан байгаа. Хүсэлт гаргаснаас хойш 1 cap гаруй болж байна хариу нь гараагүй. Ө.Баас авсан 4.000.000 төгрөгөөс 3.300.000 төгрөгийг нь Тд шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь тухайн үед надад хэрэг болоод хувьдаа зарцуулсан. Гэхдээ одоо тоолуур авах мөнгө нь надад байгаа. Агаарын станцын бүтцийг өөрчлөх шаардлагыг би өгөөгүй. Энхсайханыг өгсөн гэж бодож байна. Үүний дагуу Энхсайханы найз тэр станцыг барьсан юм шиг байна лээ. Ашиг сонирхлын зөрчил байна гэж би хараад байгаа. Миний бичих гэж байсан 50-60 сая төгрөгийн нөхөн тооцоо бичих ёстой, тэр одоо хүртэл бичээгүй байна. ...” /1хх 154-155, 238-239/,

Ө.Бы яллагдагчаар өгсөн “...цахилгааны тог холбуулахтай холбоотой бичиг баримт, ажлын зураг хэмжилт юу байдаг юм холбоотой материал бүрдүүлэх ажлыг хийлгэх зорилгоор 4.000.000 төгрөг өгсөн. Техникийн нөхцөл гаргуулж, гэрээ байгуулах хэмжээнд аваачиж өгөх гэсэн зорилгоор 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө хөөцөлдье гэхээр цахилгааны талаар ямар ч ойлголт мэдлэг байхгүй, манай компанид цахилгаан хариуцаж байсан хүн байгаагүй. Ингээд мэргэжлийн хүн олоод өгөөч гээд найздаа хүсэлт тавьсан. ...мөнгө шилжүүлэх үед би Д.Бг хаана ажилладаг гэдгийг мэдээгүй. Тайван-Од надад хэлэхдээ танай техникийн нөхцөл хөөцөлдөж байсан хүн нь ажлаасаа гарсан гээд утасны дугаарыг нь өгсөн. Одоо тэр хүн нь ямар ажил хийдгийг нь мэдэхгүй, би цуг ажилладаг юм байна гэж ойлгосон. Д.Б хөөцөлдөөд өгье гэж байна гээд ажлын хөлс нь 4.000.000 төгрөг гэхээр нь шилжүүлсэн...” /1хх 245/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Д.Бгийн хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ө.Бы хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан, мөн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхльн үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Быг өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас “... хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах ...” агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтнаас гадна улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтанд тооцох бөгөөд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно. Төрийн албаны тухай  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ" хэмээн тодорхойлсноос гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18, 19, 20, 22 дугаар зүйлд зааснаар Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулж, энэ хуульд тусгайлан заасан шалгуур хангасан хүнийг захирлаар томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуульчилжээ.

Хахууль авах гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, хийхийг амлаж хахууль авдаг.

Харин хахууль өгөгчийн ашиг сонирхол гэж хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт нь сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзэл юм.

Хахууль өгөхийг шаардсан болон хахууль авсан гэж албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан иргэн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлэх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх санал тавих, шаардах үйлдлийг болон авсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Бгийн хувьд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа тус төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх”, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3-т “хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх шаардлага тавих” гэж заасныг тус тус зөрчиж, техникийн нөхцөл гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан биш атлаа өөрийн ажлын чиг үүрэгтэй ямар ч холбоогүй асуудлаар бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх хавчин гадуурхаж, хясан боогдуулах замаар бусдаас хахууль өгөхийг шаардсан, Ө.Баас 4.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн,

шүүгдэгч Ө.Б нь өөрийн ажиллаж буй компанид давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 4.000.000 төгрөг шилжүүлсэн нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнгэлт хийж, шүүгдэгч Д.Б, Ө.Б нарыг авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх Д.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон 4.000.000 төгрөгийг улсын орлого болгож, Д.Бгээс гаргуулах шийдвэр гаргаагүй нь хуульд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ц, шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Бгээс гаргуулж, улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ц, шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                               ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ