Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 59

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Г.Соронзонболд, улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Захнайм овогт А-гийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710012060013 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1960 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Би Би Секрит” гоо сайхны салонд үйлчлэгч ажилтай, ам бүл 7, нөхөр, хоёр охин, зээ нарын хамт 2005 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны “тэргүүний ажилтан” цол тэмдэг,  2010 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2011 онд “Алдарт эх” 2 дугаар одонгоор шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Захнайм овогт А-гийн М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.М нь 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Уан эвэнт халл” /One event hall/ ресторанд болсон “Их амар групп” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Д.Өын ширээн дээр байсан 650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.М: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” ресторанд “Их амар групп” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээ болсон. Арга хэмжээ дуусах үеэр буюу 00 цаг 30 минутын үед ширээндээ нөхөр Золбоот болон үйлчлэгч А.М нарын хамт сууж байгаад гарсан. Цүнх, эд зүйлээ машинд үлдээгээд ажлынхантайгаа караоке руу орчихоод дараа нь гэртээ хариад цүнхэнд байсан эд зүйлсээ шалгахад миний шагнал болох дугтуйтай мөнгө байхгүй байсан. ...Арга хэмжээ болсон ресторанд очиж камерын бичлэг шүүлгэхэд үйлчлэгч М эгч ширээн дээрээс дугтуйтай шагналын мөнгийг авч цүнхэндээ хийж байгаа харагддаг...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17:00 цагт “Их амар групп” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Шөнө 00 цагийн үед арга хэмжээ өндөрлөхөд миний сууж байсан ширээн дээр Ө байгууллагаас шагнуулан мөнгөө тавьчихсан, нөхөртэйгөө юм яриад нилээн халамцуу байдалтай сууж байхаар нь гарахдаа ширээн дээрээс дугтуйтай мөнгийг авч цүнхэндээ хийсэн. Тэгээд гэртээ очиж дугтуйтай мөнгийг шалгахад 10.000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг нийт 650.000 төгрөг байсан...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

 

           - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6/

- Шүүгдэгч А.М-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 13-15/,

- Шүүгдэгч А.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-32/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч А.М нь 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Уан эвэнт халл” /One event hall/ ресторанд болсон “Их амар групп” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Д.Өын ширээн дээр байсан 650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Өын “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ хариад цүнхэнд байсан эд зүйлсээ шалгахад миний шагнал болох дугтуйтай мөнгө байхгүй байсан. ...Арга хэмжээ болсон ресторанд очиж камерын бичлэг шүүлгэхэд үйлчлэгч М эгч ширээн дээрээс дугтуйтай шагналын мөнгийг авч цүнхэндээ хийж байгаа харагддаг...” /хх-ийн 20-21/ гэсэн,

Шүүгдэгч А.М-ийн “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17:00 цагт “Их амар групп” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Шөнө 00 цагийн үед арга хэмжээ өндөрлөхөд миний сууж байсан ширээн дээр Ө байгууллагаас шагнуулан мөнгөө тавьчихсан, нөхөртэйгөө юм яриад нилээн халамцуу байдалтай сууж байхаар нь гарахдаа ширээн дээрээс дугтуйтай мөнгийг авч цүнхэндээ хийсэн. Тэгээд гэртээ очиж дугтуйтай мөнгийг шалгахад 10.000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг, нийт 650.000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.М-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Өд 650.000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 34/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.  

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүх, шүүгдэгч А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч А.М нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1710012060013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СиДи-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна .

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Ө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Захнайм овогт А-гийн М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд А.М-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг  хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг А.М-т анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 1710012060013 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч  Д.Ө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон А.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР