| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0436/З |
| Дугаар | 128/ШШ2025/0491 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороо
Маргааны төрөл: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ныз өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар шийдвэр гаргах үндэслэл болсон үнэлгээний хорооны манай компанийн тендерийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин хуульд нийцүүлэн хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай “*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас явуулсан “Нийтийн эзэмшлийн, гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ /Өнөр хорооллын ар, залуус, Барилгачин гудамжны зам/” тоот тендер шалгаруулалтад оролцсон боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлага хангаагүй болохыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар мэдэгдлээр мэдэгдсэн.
Хуулийн дээр зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Тендерээс татгалзсан үндэслэлээ
| № | Захиалагчийн тавьсан шаардлага | Оролцогчийн санал | Шалгараагүй тухай тайлбар |
| 1. | ТШЗ 19.2 Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: “Шаардана” Бусад нотлох баримт бичгийн шаардлага: “Шаардана” Машин техникийн засвар, тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх /Фото зураг, Түрээсийн болон түрээсийн гэрээ, бусад нотлох бичиг баримт/ Үйлчилгээг үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалыг маягт 5 хэсэгт баталгаажуулан ирүүлэх | “ ” ХХК-тай байгуулсан засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан | Тус засварын ажлын гэрээ нь 19.2-т заагдсан Машин техникийн засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх /фото зураг, түрээсийн болон түрээсийн гэрээ ирүүлэх/ гэсэн шаардлагыг хангаагүй дүгнэгдсэн. |
гэжээ.
Манай тендер нь ТШЗ-ийн 19.2-т заасан дээрх шаардлагыг хангасан байхад шаардлага хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, тус тендерт манай компани өмнө нь оролцоход хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлага хангаагүй болохыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар мэдэгдлээр мэдэгдсэн ба үндэслэлээ
| № | Захиалагчийн тавьсан шаардлага | Оролцогчийн санал | Шалгараагүй тухай тайлбар |
| 1 | ТШЗ 19.2 Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: “Шаардана” Бусад нотлох баримт бичгийн шаардлага: “Шаардана” Машин техникийн засвар, тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх /Фото зураг, Түрээсийн болон түрээсийн гэрээ, бусад нотлох бичиг баримт/ Үйлчилгээг үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалыг маягт 5 хэсэгт баталгаажуулан ирүүлэх | Шаардлага хангаагүй | Санал ирүүлсэн машины грашийн мэдээлэл нь ТШЗ-ийн 19.2-т заасан Машин техник засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх шаардлага хангаагүй |
гэсэн байдаг ба уг шийдвэрт хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргахад тус яамны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр захиалагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хуульд нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн боловч тендерийн үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэхдээ мөн адил ТШЗ 19.2-т заасан шаардлагыг үндэслэлгүйгээр хангаагүй гэж дахин шийдвэр гаргажээ.
Нэг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны Манай компанийн тендерийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг үнэлгээний хороо явуулахаар хуульчилсан байх ба уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй юм. Гэтэл үнэлгээний хороо удаа дараалан хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Ийм учраас үнэлгээний хороонд энэхүү шаардлагын манай тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага хамааралтай юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасан ба захиалагч Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй удаа дараалан татгалзсан шийдвэр гаргаж буй нь дээрх заалтад нийцэхгүй юм.
Мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаад дээд шатны эрх бүхий байгууллагаас Санал ирүүлсэн машины грашийн мэдээлэл нь ТШЗ-ийн 19.2 д заасан Машин техник засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх шаардлагыг хангаагүй гэх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь төрийн зарчмыг мөн адил зөрчиж байна.
Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.2 Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: “Шаардана”, Машин техникийн засвар, тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх, /Фото зураг, Түрээсийн бол түрээсийн гэрээ, бусад нотлох бичиг баримт/ үйлчилгээг үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалыг маягт 5 хэсэгт баталгаажуулан ирүүлэх гэж шаардсаны дагуу манай компани “Түрээсийн бол түрээсийн гэрээ” гэж сонгох боломжийн дагуу засварын төв, Авто баазтай холбоотойгоор 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Түрээсийн гэрээ, Түрээслүүлэгчийн өмч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар Дулаан гражийн түрээсийн гэрээ, засварын төв, баазын фото зураг, 2025.02.10-ны өдрийн ******* дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зургийг хавсарган хүргүүлсэн нь Тендерийн баримт бичгийн засварын төв, баазтай байх шаардлагыг хангана.
“ ” ХХК-тай байгуулсан засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь манай компани өөрөө засвар, үйлчилгээ хийх боломжгүйдээ гэрээ байгуулаад байгаа зүйл биш бөгөөд зарим тохиолдолд тусгай мэргэшсэн инженерийн зөвлөгөө, үйлчилгээ шаардлагатай болдог. Тодруулбал, тээврийн хэрэгслийн мотор цохих, кроп эвдрэх гэх мэт том гэмтлийг оношлоод засварлаж болохоор байна уу эсхүл солих уу гэдэг тал дээр цаг хугацаа алдахгүйн тулд манай инженер, техникийн ажилчидтай хамтран үзлэг, оношилгоо хийгээд шийдвэр гаргах, засварлах ажиллагааг хамтран гүйцэтгэх зорилгоор энэхүү гэрээг байгуулсан.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж нь үйл ажиллагааны элэгдэл, хорогдол бий болдгоос үүдээд ажил гүйцэтгэж байх үед хэдийд ч, хаана ч эвдрэх, гэмтэх, өөрөө явах боломжгүй болох тохиолдлууд гардаг ба тухайн үед нь цаг хугацаа алдалгүй, хурдан, шуурхай засварын үйл ажиллагааг явуулж буцаан ажилд нь оруулах шаардлагатай болдог бөгөөд уг гэрээ нь засварын төвтэй байх шаардлагад нийцнэ.
Хэрэв тендерийн үнэлгээний хороо дээрх гэрээг ирүүлснээс үүдээд шаардлага хангахгүй гэж үзэж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэхээр байна.
Тендерийн баримт бичгийн үндсэн шаардлага нь засварын төв, баазтай байхыг шаардаж байгаа ба уг шаардлагыг хангасан байхад гэрээгээр шалтаглаж шаардлага хангахгүй гэж үзэж буй нь хууль зүйн хувьд тендерийн шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах үндэслэл болохгүй юм.
Эдгээр хууль бус шийдвэрүүд нь манай компанийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хэрэв дээрх хууль бус шийдвэрүүд гараагүй бол манай компани хамгийн сайн тендер ирүүлсэн шийдвэр гарч, гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, тус тендерт зөвхөн манай компани оролцсон байсан юм.
Хоёр. Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин хянан үзэж “*******” ХХК-ийн тендер “шаардлагад нийцсэн тендер” гэх үнэлгээний шатанд хамгийн сайн тендерээр шалгаруулсан тэмдэглэл /зөвлөмж/ гаргахыг даалгах тухай, тус тэмдэглэл /зөвлөмж/-ийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрыг гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:
Шаардлагын үндэслэлийн нэгд дурдсанаар Захиалагч болон үнэлгээний хороо хууль зөрчсөн учир Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин хянан үзэж, үнэлэх "*******" ХХК-ийн тендер "шаардлагад нийцсэн тендер" гэх тэмдэглэл /зөвлөмж/ гаргахыг, мөн тус тэмдэглэл /зөвлөмж/-ийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрыг гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг тус тус даалгах шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бүрэн сэргэх боломжтой юм.
Манай компани Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр 22-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүлээн аваад хуулийн 59 дүгээр 59.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай бичгээр хуулийн ...хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэсэн зохицуулалтын дагуу хариу өгсөн учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Манай компанийн хувьд шаардлагад хангасан тендер хүргүүлээд шаардлагад хангаагүй гэх үндэслэлгүй шийдвэр гаргаад байгаа нь манай компанийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа нь нийт жилийн төсөвт өртгөөрөө 4,, төгрөг, 2025 онд санхүүжих дүн ,, төгрөг, 2026 онд санхүүжих нь ,, төгрөг тус тус болох байсан ба манай хууль ёсны эрх, ашиг сонирхолд тус хууль бус шийдвэрүүд шууд нөлөөлж байна,
Мөн манай компани Нийтийн эзэмшлийн, гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг 2023 оноос тогтвортой тендерт оролцож, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан ба Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хяналт шалгалтын газраас тогтмол "Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эдэлбэр газар, зам талбайн цэвэрлэгээ эрхлэгч байгууллагын үйл ажиллагаа, засварын төв, бааз болон нөөцөд" тогтмол хяналт, шалгалт хийдэг байсан ба хяналт шалгалтдаа үнэлгээ өндөртэй байдаг байсан. Тухайлбал, Нийслэлийн хяналт шалгалтын газраас 2025 оны баазын тавигдах шаардлага үйл ажиллагааны талаарх шалгалтад "бага эрсдэлтэй буюу 87 хувь үнэлсэн улсын байцаагчийн шаардлагыг хавсаргав"
Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тухайд: Тус шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэжээ. Үндэслэлээ "аль нэхэмжлэлийн шаардлага нь аль хариуцагчид холбогдож байгаа нь тодорхойгүй байх тул ... 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу томъёолоогүй байна" гэжээ.
Нэг. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин хуульд нийцүүлэн хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгах тухай" гэж тодорхойлон үнэлгээний хороонд холбогдуулан гаргаж байна. Учир нь Хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2. дахь хэсэгт "тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх" эрхийг Үнэлгээний хороонд хууль тогтоогч олгож шийдвэрлэжээ. Иймд тус шаардлага нь үнэлгээний хороонд хамаарах юм.
Хоёр. "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай" шаардлагыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан. Учир нь тус мэдэгдэл шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргасан байдаг ба түүнийг захиалагч гэж үзэхээр байдаг.
Хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрх, үүрэгтэй гэж заасны дагуу хяналт тавихгүйгээр шийдвэр гаргасан. Иймд уг шаардлагад захиалагч буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар хамаарах юм.
Гурав. "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025.04.22-ны өдрийн дугаар шийдвэр гаргах үндэслэл болсон үнэлгээний хорооны Манай компанийн тендерийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай" шаардлагын тухайд үнэлгээний Хороонд холбогдуулж гаргасан болно. Учир нь Хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний хороо тендерийг нээж, хянан үзэх ажиллагааг хийсэн.
Үнэлгээний хороо нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тендерийн баримт бичиг, Сангийн яамны шийдвэрийг зөрчиж хэрэгжүүлсэн учир хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага нь түүнд хамаарах юм. Иймд хууль зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус албанд Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгийн урсгал зардлаас 2025 онд хэрэгжүүлэхээр батлагдсан “Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээ (Өнөр хорооллын ар, залуус, барилгачин гудамжны зам)" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт зохион байгуулах Дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний хороо байгуулах тухай дугаар захирамж, үйлчилгээний ажлын даалгавар албан бичгээр Засаг Даргын Тамгын газраас ирүүлсэн.
Тус тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах хурлыг дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь 100 хувийн ирцтэй хуралдан хэлэлцэж, Захиалагчаар батлуулан тендерийг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр www.tender.gov.mn сайтаар нээлттэй зарлаж, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 20 минутад нээлт хийсэн.
Тус тендерийн нээлтийг хийхэд 1 оролцогч буюу “*******” ХХК үнийн санал ирүүлсэн. Дүүргийн Засаг даргын 2025 оны дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хороо тендерийг хянан үзэхэд ******* ХХК нь компанийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр машин техникийн засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий түрээсийн машины дулаан зогсоол, засварын төв, баазтай тухай мэдэгдэл, 2023 онд иргэн Б.Х******* байгуулсан ******* дугаартай 642м2 талбай бүхий байрыг машины дулаан зогсоолын зориулалтаар ашиглах 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр түрээсийн гэрээ ирүүлсэн. Мөн 2025 онд “ " ХХК-тай байгуулсан ******* дугаартай үйлчилгээний машинуудад тогтмол, хурдан, шуурхай, чанартай засвар үйлчилгээ үзүүлэх "Ажил гүйцэтгэх” гэрээ ирүүлсэн хэдий ч тухайн засварын газар үйлчилгээнд ашиглах машин мехназмыг засварлах боломжтой эсэх фото зураг буюу нотлох баримт ирүүлээгүй нь техникийн засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх гэсэн шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3 дахь заалтын дагуу тус тендерээс татгалзсан.
Уг тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд дагуу Сангийн яаманд оролцогч байгууллага болох “*******” ХХК-иас гомдол гаргасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалт түдгэлзүүлэх тухай дугаартай албан бичиг ирүүлсэн.
Манай албанаас холбогдох материалыг хүргүүлсэн бөгөөд гомдол хянасан тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн.
Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т “Машин техникийн засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх. /Фото, зураг, Түрээсийн бол түрээсийн гэрээ, бусад нотлох бичиг баримт/” гэж заасны баазын мэдээлэл ирүүлээгүй нь шаардлага хангаагүй тул үнэлгээний хороо дахин нягталж, үзээд шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй байна гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу тус оролцогчийн тендерээс татгалзаж 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот мэдэгдэл хүргүүлэн үр дүнг www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулсан.
Манай албаны зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй гэж үзэн тус нэхэмжлэхээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Сагийн яамны шийдвэрийг хэрэгжүүлж дахин үнэлгээг хийсэн. Мөн хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Засварын төв, бааз гэдэг нь өөрөө нэг ойлголт юм. Бид ирүүлсэн баримт бичгийн хүрээнд л үнэлгээ хийсэн. 4 гэрээ ирсэн гэж хэлж байгаа. 4 гэрээ иж бүрэн хүчин төгөлдөр байж тухай шаардлагыг хангаж байна гэж үзнэ. Танайх базтай юм уу, засварын төвтэй юм уу гээд үзэхэд “ ” ХХК-тай хийсэн гэрээ гарж ирсэн. Засварын төвтэй юм байна тэгвэл хавсралт нь байна уу, үйлчилгээ үзүүлэх салбар, машины жагсаалт хаана байна гэсэн. Гэрээнд тусгасан материалын хавсралтууд нь байхгүй гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй. “ ” ХХК-тай хийсэн “Д ”-ийн фото зураг байхгүй байсан. Энэ гэрээ шаардлага хангаагүй. Ирүүлсэн 4 гэрээг бүгдийг нь үзсэн. Ирүүлсэн гэрээнээс шаардлага хангаж байгаа нэг ч гэрээ байхгүй байна гээд бид шийдвэр гаргасан. Засварын төв, базын фото зураг ирүүлсэн гэж байгаа юм энэ зураг нь дулаан гараашны зураг байсан. Яг тэр машиныг өргөх хэмжээний данхраад, тоног төхөөрөмж, засвар хийх багаж хэрэгсэл бүхий засварын зураг хаана байгаа юм гэж бид шаардаж байгаа.
Автобааз, засварын төвийг Үнэлгээний хороогоороо нэг ойлголт гэж үзэж байгаа. “ ” ХХК-ийн “Д ”-тэй хийсэн гэрээнд хавсралт ч байхгүй, зураг нь ч байхгүй. Үнэхээр энэ газраар засвараа хийлгэх юм бол сайн байна. Гэтэл үүний зураг хаана байгаа юм. Үүнийг нотлох баримт, хавсралт байхгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэгэн зэрэг бүр шаардлагыг хангасан юм уу гэхэд бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй. Сангийн яамны гомдол хянасан албан бичигт дулаан гараашны зураг ирүүлсэн байна гэсэн. Бид дахин хянаж үзсэн гэтэл тэр дулаан гараашинд “ ” ХХК-ийн “Д ” тоног төхөөрөмжөө авчраад засвар үйлчилгээ хийх тийм логикгүй зүйл байж болохгүй. Гэрээнд бүх зүйл байх ёстой бол бид үүнийг нь хүлээгээд л авна” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Үнэлгээний хороонд Тендерийг дахин хууль нийцүүлэн хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дугаар зүйлд зааснаар Засаг даргын ажлын албаны чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэжээ.Дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу худалдан авах ажиллагаа явуулдаг аливаа төрийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүнээс хараат бусаар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. ХХК-ийн Делукс засварын газрын хүнд машин механизмыг засах зураг нь байхгүй. Бид тоног төхөөрөмжийн зургийг л шаардсан. Бид дулаан гараашны зураг шаардаагүй учраас тендерийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, тендер хянан үзэх, үнэлэх, хяналт тавих, тайлагнах, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа, түүнчлэн албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг тус тус мэдэгдэх үүргийг хүлээнэ, 52.4 дэх хэсэг Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно...гэжээ.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрх хэмжээ нь Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газарт хамааралгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар шийдвэр гаргах үндэслэл болсон үнэлгээний хорооны манай компанийн тендерийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин хуульд нийцүүлэн хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ******* тоот албан бичгээр “Тус засварын ажлын гэрээ нь 19.2-т заагдсан Машин техникийн засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх /фото зураг, түрээсийн болон түрээсийн гэрээ ирүүлэх/ гэсэн шаардлагыг хангаагүй дүгнэгдсэн” гэж үзэж, тус тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ /Өнөр хорооллын ар, залуус, барилгачин гудамжны зам/ ажлын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр “нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж, тус тендерээс татгалзаж” шийдвэрлэсэн байна.
Тус тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2-т “Машин техникийн засвар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн засварын төв, баазтай байх. /Фото, зураг, Түрээсийн бол түрээсийн гэрээ, бусад нотлох бичиг баримт/” гэсэн шалгуурыг тавьсан байна.
Сангийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Гомдол хянасан тухай” ******* тоот албан бичгээр “*******” ХХК-ийн тендерт тус компанийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр машин техникийн засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий түрээсийн машины дулаан зогсоол, засварын төв, баазтай тухай мэдэгдэл, 2023 онд иргэн Б.Х******* байгуулсан ******* дугаартай 642 м.кв талбайтай байрыг дулаан машины зогсоолын зориулалтаар ашиглах 2023 он оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр бүхий түрээсийн гэрээ, холбогдох зураг, 2025 онд “ ” ХХК-тай байгуулсан ******* дугаартай үйлчилгээний машинуудад тогтмол, хурдан, шуурхай, чанартай засвар үйлчилгээ үзүүлэх “Ажил гүйцэтгэх гэрээ” /1 жилийн хугацаатай/-ний хуулбар зэрэг материалын хавсарган ирүүлсэн байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд... тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх Сангийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Гомдол хянасан тухай” ******* тоот албан бичиг хүчин төгөлдөр байна.
Гэтэл дээрх Сангийн яамны 2025 оны ******* тоот албан бичгээр ““ ” ХХК-тай байгуулсан ******* дугаартай үйлчилгээний машинуудад тогтмол, хурдан, шуурхай, чанартай засвар үйлчилгээ үзүүлэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар зэрэг материалын хавсарган ирүүлсэн байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн байтал Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 55.1.5-д “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах” гэж тус тус заасан ба уг зохицуулалтын дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1.3-д “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасан.
Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан цахим нотлох баримт /СD/-уудаас үзэхэд, нэхэмжлэгч нь “ ” ХХК /Д /-тай байгуулсан ******* дугаартай үйлчилгээний машинуудад тогтмол, хурдан, шуурхай, чанартай засвар үйлчилгээ үзүүлэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тендертээ хавсарган илгээсэн болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “ ” ХХК “Д ” засварын төвтэй манайх гэрээ байгуулсан, “Д ” нь нийслэл хотод олон салбартай, интернэтээс хайгаад үзэхэд л “Д ” гэж гарч ирнэ, бодит байдалд нөхцөл байдал ийм илэрхий байхад манай тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, “Д ” гэдэг засварын төв бодит байдал дээр үйл ажиллагаа явуулдаг эсэхийг хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасан зохицуулалтын дагуу тодруулга авах, тодруулах боломжтой байсан байна.
Иймд ““Д ” гэдэг засварын төв бодит байдал дээр үйл ажиллагаа явуулдаг эсэхийг хариуцагч тодруулах боломжтой байсан атлаа энэхүү хэлбэр төдий, үл ялих шалтгаанаар манай тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр:
1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах
2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ /Өнөр хорооллын ар, залуус, барилгачин гудамжны зам/ ажлын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин хуульд нийцүүлэн хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгах шаардлагын тухайд:
Шүүх нэхэмжлэлийн 1 болон 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул тус шаардлагуудтай шууд уялдаа холбоо бүхий “*******” ХХК-ийн тендерийг дахин хуульд нийцүүлэн хянан үзэж, үнэлгээ хийхийг даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 55 дугаар зүйлийн 55.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ******* тоот албан бичгийг болон Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ /Өнөр хорооллын ар, залуус, барилгачин гудамжны зам/ ажлын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, тус тендер шалгаруулалтад ирүүлсэн “*******” ХХК-ийн тендерийг дахин үнэлэхийг тус тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ