Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 63

 

                   

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Цэдэндонровын Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810000760057 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 21 дүгээр гудамж, 723 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигин овогт Ц-ын Э

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 20-716 тоотод хохирогч Г.Нтэй маргалдан түүний баруун гуянд хутгалж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Э: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул  нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э бид хоёр айлын гэр барихаар явсан. Гэрээ бариад дууссаны дараа Тамир Э бид хоёр 0.75 литрийн савалгаатай нэг шил архи өгснийг хувааж уугаад 03 цагийн үед Яармагт ирсэн. Яармагийн эцсээс 0.5 литрийн нэг шил архи аваад манай гэрт очиж уусан. Би Эт дүү нь урьд нь алдаж онож явсан, одоо хүн шиг мөрөөрөө амьдармаар байна гэж ярихад Э ах “Ах нь 9 дүүрэгт эрүүгийн төлөөлөгч танина” гэж хэлсэн. Тэгэхээр нь би таны танилтай байх чинь надад ямар хамаатай юм бэ, цагдаа энэ тэр ярьмааргүй байна гээд боссон. Босоод зогссоны дараа Э ах ширээн дээрээс талх зүсэж байсан хар хутгыг аваад миний баруун гуя руу нэг удаа хутгалсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр зүс таних Нараа гэх залуугийн хамт Тамираа гэх эмэгтэйн гэрийг барьж өгөхөөр Толгойт руу явсан. Гэр барьж дууссаны дараа Тамираа баярлалаа гээд 0.75 литрийн архи авч өгсөн. Бид хоёр тэр архиа хувааж уугаад, Тамираагийн машинаар Яармаг хүртэл явсан. Яармагт буусны дараа Н “Ах, дахиад нэг шил архи уух уу” гэхээр нь зөвшөөрч 0.5 литрийн архи аваад Нараагийн гэрт очиж уусан. Архи ууж байх үед Нараа “Дүү нь урьд нь алдаж онож явсан, одоо л хүн шиг амьдарья, урьд нь шоронд байсан” гээд шорон яриад томроод байхаар нь би Баянголын эрүүгийн цагдаад танилтай гэж хэлэхэд Нараа гэнэт босоод ирсэн. Тэгэхээр нь Нарааг намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод ширээн дээр байсан хар хутгыг авч түүний баруун талын гуя хэсэгт нэг удаа хутгалсан...” /хх-ийн 18-19/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1010 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Нийн биед баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-ийн 32-33/ зэрэг болно.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед согтуугаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 20-716 тоотод хохирогч Г.Нтэй маргалдан түүний баруун гуянд хутгалж, биед нь баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Нийн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э бид хоёр айлын гэр барихаар явсан. ...Яармагийн эцсээс 0.5 литрийн нэг шил архи аваад манай гэрт очиж уусан. Би Эт дүү нь урьд нь алдаж онож явсан, одоо хүн шиг мөрөөрөө амьдармаар байна гэж ярихад Э ах “Ах нь 9 дүүрэгт эрүүгийн төлөөлөгч танина” гэж хэлсэн. Тэгэхээр нь би таны танилтай байх чинь надад ямар хамаатай юм бэ, цагдаа энэ тэр ярьмааргүй байна гээд боссон. Босоод зогссоны дараа Э ах ширээн дээрээс талх зүсэж байсан хар хутгыг аваад миний баруун гуя руу нэг удаа хутгалсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,

Шүүгдэгч Ц.Эын “...Яармагт буусны дараа Н “Ах, дахиад нэг шил архи уух уу” гэхээр нь зөвшөөрч 0.5 литрийн архи аваад Нараагийн гэрт очиж уусан. Архи ууж байх үед Нараа “Дүү нь урьд нь алдаж онож явсан, одоо л хүн шиг амьдарья, урьд нь шоронд байсан” гээд шорон яриад томроод байхаар нь би Баянголын эрүүгийн цагдаад танилтай гэж хэлэхэд Нараа гэнэт босоод ирсэн. Тэгэхээр нь Нарааг намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод ширээн дээр байсан хар хутгыг авч түүний баруун талын гуя хэсэгт нэг удаа хутгалсан...” /хх-ийн 18-19/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №1010 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Нийн биед баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нийн биед “баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн /хх-ийн 12-13, 44/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүх, шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810000760057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн пивор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчийн төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигин овогт Ц-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн пивор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 1810000760057 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР