Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

2024     03         15                                                   2024/ДШМ/03               

                 

Ж.*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Ө.*******,

Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

1.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох эрүүгийн 2230002310019 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

2.Монгол Улсын иргэн, 1988 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг **************ны 0 тоотод оршин суух, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулан тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,  Хатгин овогт Жаргалсайханы ******* /РД:*******/

3. Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Billion” баарны урд талын зам дээр Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, Б.*******ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж, зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   4.Хяналтын прокурор Ө.******* нь шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

   5.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хатгин овогт Жаргалсайханы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Прокуророос газраас шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд шүүгдэгч Ж.*******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “цулгай цагаан өнгийн 1 ширхэг CD диск”, “цагдаагийн алба хаагчийн хар өнгийн энгэрийн камер 1 ширхэг”-ийг хэргийн хамт Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

   6.Прокурор Ө.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.******* би эрүүгийн 2230002310019 дугаартай Ж.*******т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаартай цагаатгах тогтоолоор “Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Ж.*******ыг “2022 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Биллион баар”-ны ертөнцийн зүгээр урд талд зам дээр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдаж улмаар Б.*******ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдохгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн шүүгдэгч  Ж.*******т холбогдох Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй байдаг.

- Шүүх хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудаас хэргийн үйл баримтын нэг хэсэг болох цагаатгах талын ямар нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүх яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй болно. Тухайлбал:

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...00 цаг 15 минутын үед “Billion” баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага ирсэн. ...******* гэх эмэгтэй хүний араар орчхоод хэл амаар доромжлоод байсан. ...Тэр үед ******* нь ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ж.******* нь хажуугаас орж ирээд “та нар яагаад торгоно” гээд байгаа юм. Та нар бид нарт үйлчлэх ёстой хүмүүс байж торгоно гэх юм. Би торгууль авъя” гээд байсан. Би “танд ямар ч хамаагүй” гэж хэлэхэд над руу нулимаад “түй май” гээд 3 удаа салаавч өгсөн. Гурав дахь салаавч өгөхөд нь “та яагаад намайг доромжлоод байгаа юм, би ажлаа хийж байна” гэж хэлээд гараас нь бариад авахад өөрөө гараа татахад хувцас нь урагдсан. Тэгээд би түүнийг тавихад миний урд байсан хүнийг давуулаад намайг цохисон. Би тухайн үед намайг гараараа цохисон гэж бодож байсан. Би цохиулаад нүүрээ дараад станцаа газар тавиад тонгойж суугаад “энэ хүн намайг цохичихлоо, байлгаж байгаарай “ гээд хашхирсан. Яг тэр миний очих гэж байсан дуудлагад Шаравдорж, Алтансүх нар очиж зохицуулаад бид нарыг хараад ирж байгаад таарсан. Тэгээд Алтансүх “энэ хүн пивоны шилээр цохичихлоо” гэж хэлсэн. Пивоны шилийг нь Алтансүх хаяулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд явж очиход нэг зүс танихгүй эмэгтэй эргүүлийн цагдаа Б.*******ын нүүр лүү нь шилээр цохиж байсан. ...Тэгээд би тэр эмэгтэйн гараас цохисон шилийг нь татан авч “цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учрууллаа, та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Алтансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Очиход дэд ахлагч *******ыг ******* гэх эмэгтэй пивоны шилээр цохиж байсан. Тэгээд би пивоных нь шилийг авч хаясан. Би “та цагдаагийн биед халдлаа” гэж хэлэхэд тэр эмэгтэй “би ойлгож байна. Намайг уучлаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Бат-Очирын “...Ер нь бол тухайн үед миний санаж байгаагаар Б.******* нь Ж.*******т цохиуллаа гээд яриад яваад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Одончимэгийн “...Тэр хооронд Отгонзаяа, Ж.******* хоёр ирээд цагдаа нартай муудаж байсан. Отгонзаяа, ******* хоёр тухайн үед газар шавхайн дээр унасан байсан. Тэгэхэд өндөр туранхай шар царайтай залуухан цагдаа ирээд “танай найз ******* намайг шилээр цохичихлоо” гэхээр нь “наад асуудал чинь надад ямар хамаатай юм, би чамайг цохисныг хараагүй” гэхэд тухайн цагдаа яваад өгсөн” гэх мэдүүлэг,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн 2 минут 59 дэх секундэд “хохирогч Б.*******ын наад хүн чинь пивоны шилээр цохичихлоо” гэх бичлэг зэрэг яллах талын нотлох баримтууд авагдсан байхад шүүх уг нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй бөгөөд шүүгдэгч Ж.*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй бөгөөд хохирогч Б.*******ын биед хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Ж.*******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл буюу дээрх үйл баримтын хооронд гэм буруугийн бодит хамаарал тогтоогдоогүй гэж үзсэн болно гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан.

Гэтэл цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт /цагаатгах тогтоолын 14-р тал/-д “2. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад 2022 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Биллион”  баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж маргалдан, Б.*******ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт болсон болох нь тогтоогдсон” гэж шүүхийн гэм буруу, хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, ойлгомжгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Хэргийн газрын үзлэг хийх, хохирогчийн биед халдахдаа ашигласан гэх пивоны шилийг эд мөрийн баримтаар хураан авах, тухайн үйлчилгээний байгууллагын камерын бичлэгт үзлэг хийх зэрэг хэрэгт хийгдвэл зохих зарим ажиллагааг мөрдөн шалгах хойшлуулшгүй  ажиллагаагаар хийж гүйцэтгээгүй байх боловч энэхүү ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, гэм бурууг тогтоох боломжтой байсан. Хэрэгт хохирогч, гэрч нар тухайн үед гартаа шилтэй пиво барьж явсан, пивоны шилээр цохисон, пивоны шилийг авч шидсэн гэх мэдүүлгүүд болон зарим гэрч нарын Ж.******* нь Б.*******ын биед халдаж байх яг тухайн агшинг хараагүй байх боловч Б.******* нь Ж.*******т цохиулсан талаараа үйл баримт болсон цаг хугацаанд хэлж байхыг сонссон талаарх мэдүүлгүүд нь тогтвортой бөгөөд зөрүүгүй байна.

Шүүхээс яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй атлаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаагаас гадна, тухайн хэрэг болсон гэх “Billion” баарны гаднах орчинд хэргийн газрын үзлэг хийгээгүй, хохирогч, гэрч нар тухайн үед гартаа шилтэй пиво барьж явсан, пивоны шилээр цохисон, пивоны шилийг авч шидсэн гэж мэдүүлсэн байхад пивоны шил байсан эсэхийг тогтоох, байсан бол эд мөрийн баримтаар хураан авч, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй нь хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хэргийг бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хийгдээгүй байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь хохирогч, шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******ыг цагаатгаж, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. /Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан байхад шүүх мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэх заалтад заасан холбогдох шийдвэр гэдэг зөвхөн яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол биш тухайн шүүгдэгчтэй холбоотой бүх мөрдөн шалгах ажиллагаа хамаарах юм. Гэтэл шүүгдэгч Ж.*******т холбогдох бүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох байтал зөвхөн прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

7.Хяналтын прокурор Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

  8.Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Ж.*******т холбогдох эрүүгийн хэргийг  түүгээр  хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

10. Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

11. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх гэдэгт эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа процессын хуулийн хэм хэмжээний бүх шаардлагад болон материаллаг хуулийг  үйл баримтад зөв зүй зохистой нийцүүлж хэрэглэснийг, үндэслэлтэй байх гэдэгт оролцогчдыг шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийн бодит байдал буюу үйл баримтыг  бүрэн тогтоохыг тус тус ойлгодог.

12. Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Биллион” баарны урд талын засмал зам дээр Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, доромжлон маргалдаж, гартаа барьж явсан пивоны шилээр цохиж, зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Тодруулбал: Энэ үйл явдал шөнийн цагаар үзэгдэх орчин муу, хязгаарлагдмал орон зайд болсон, гэрч Э.Алтансүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  “... баарнаас урагш явж очиход танихгүй эмэгтэй *******ын нүүр рүү пивоны шилээр  цохихоор гарнаас  нь шилийг  авч хаясан, мөн машинаас буухад танихгүй эмэгтэй *******ыг цохиж байхыг харсан” гэж хоёр өөрөөр мэдүүлэг өгсөн, анхан шатны шүүхээс эргүүлийн цагдаа нараас бичлэг хийсэн гэх энгэрийн хяналтын камерыг эд мөрийн баримтаар хураан авах, түүнд агуулсан бичлэг устгагдсан бол сэргээх зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасан ба цагдаа Б.Сайнбаяраас бичлэг хийсэн гэх нэг “police” гэсэн бичиглэлтэй энгэрийн хяналтын  камерыг  хураан авч, шинжилгээ хийлгэхэд шинжээч Э.Дарханбаярын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3361 дүгээр “төхөөрөмжөөс дүрс бичлэг сэргээх боломжгүй” гэх дүгнэлт гарсан, гэрч Э.Алтансүхийн “*******ын гараас авч шидсэн” гэх пивоны шилийг маргааш нь тухайн газарт очиж, хэргийн газрын үзлэг хийн эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан авсан 4 минут 46 секундын дуу-дүрсний бичлэг агуулсан диск нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойших үйл явцыг харуулсан зэргээс үзэхэд шүүгдэгч Ж.*******ын гэм буруутайг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн учир гэм буруутай эсэхийг буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлох боломжгүй байжээ. /1хх-58-59, 2хх-30-36, 48-56,106х/

13. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үндэслэвэл: Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******ыг эргүүлийн үүргээ гүйцэтгэж байхад нь жижүүрийн шуурхай албанаас 2022 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих 00 цаг 15 минутын үед “Баруун-Урт сумын 3 дугаар баг “Billion” баарны гадаа хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу олон нийтийн цагдаа Б.Бямбажавын хамт эхэлж очсон, дараа нь бусад цагдаа Г.Шаравдорж, Э.Алтансүх, Н.Өвгөндамдин, Б.Сайнбаяр нар нь богино станцаар холбогдон очицгоосон ба эхэлж очсон хоёр цагдаа “Billion” баарнаас урагш засмал замын хажууд такси барихаар зогсож байсан Ч.Одончимэг хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалтай хөгжлийн бэрхшээлтэй дүү Б.Доржпалам нар руу очиж цагдаа Б.******* нь “Доржпаламыг бусдын амгалан тайван байдал алдагдуулсан учир цагдаагийн газар руу авч явна гэхэд нь Одончимэг явуулахгүй” гээд байж байхад С.Бат-Очир, Ж.******* нар очиж, Ж.******* “та нар ард түмэнд үйлчлэх ёстой, цагдаагийн газар руу явуулахгүй” гэж хэлж эсэргүүцэхэд өөрийг нь авч явна гэж хоорондоо зууралдацгааж, түүний өмсөж байсан савхин хувцасны зүүн суга урагдаж, улмаар Ж.*******, Б.Отгонзаяа нар эрүүлжүүлэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон.

          14. Энэ хэрэгт өөр хүнийг шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэх шаардлагагүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгохоор өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаартай цагаатгах тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

    1. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн прокуророос газраас шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийг тус аймгийн прокурорын газарт буцаасугай” гэснийг хүчингүй болгосугай.
    2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                 ШҮҮГЧИД                         Г.УРТНАСАН

                                                                                              Ц.ЭРДЭНЭЗУУ