| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2025/0043/З |
| Дугаар | 128/ШШ2025/0453 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0453
2025 06 10 128/ШШ2024/0453
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх би, Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн захирал А.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Манай компаниас тус шүүхэд хандан Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн Г******* ХХК-аас өргөдөл гаргасан Давст нэртэй хайгуулын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөл-ийн хурлын 03 дугаар шийдвэрээр Г******* ХХК-г нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлээ татсан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, мөн хуулийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлснээр түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэлт зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Б******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуулаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлд холбогдуулан гаргасан Давст нэртэй хайгуулын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ О.БАТСҮХ