| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00064/И |
| Дугаар | 141/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2025/00087
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: .....тоотод оршин суугч Х овогт Рийн Пын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....оршин суугч Гын Ид холбогдох “Нэр төр сэргээлэх, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Р овогтой П нь 1990 оны 10 дугаар сарын 11-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Ам бүл 5-уулаа нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Нөхөр болох Б.А нь хувиараа бизнес эрхэлдэг. Бид хоёр гэрлээд 11 жил хамтдаа тогтвор суурьшилтайгаар хамтран амьдарсан. Гэтэл 2 жилийн өмнөөс нөхрийн ааш араншин эвдэрч шалтгаангүйгээр уурлах, хардах, муу үгээр доромжлох гэх мэт үйлдлүүд байнга гаргаж эцэст нь зодож гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчилгаанд орсон. Энэ бүх нь юунаас болж байгааг тодруулахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Г овогтой И нь миний нөхөр болох Ад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Э.Мтай явалдаж хүүхдийг нь хүртэл төрүүлж өсгөж байгаа мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж гэр бүлийг минь салах дээр тулгаж байна. П миний бие Мын эхнэр М.Стэй найз ажлын хамтрагч бөгөөд Мтай мэндийн үгтэй л харьцдаг ийм учраас нэр төрийг минь сэргээж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.И нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Г.И нь Р.Пд 2,000,000 төгрөг өгөөд эвлэрэх хүсэлтэй байна. Уг мөнгөө 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөгийг өгөх хүсэлтэй байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Мөн нэхэмжлэгч Р.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Р.П нь Г.Ид холбогдуулан нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж хариуцагчаас гаргасан тайлбарын дагуу 2,000,000 төгрөг болгож багасгаж эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй. Иймд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.П нь хариуцагч Г.Ид холбогдуулан “Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг барагдуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.И нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Г.И нь Р.Пд 2,000,000 төгрөг өгөөд эвлэрэх хүсэлтэй байна. Уг мөнгөө 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөгийг өгөх хүсэлтэй байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн нэхэмжлэгч Р.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Р.П нь Г.Ид холбогдуулан нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж хариуцагчаас гаргасан тайлбарын дагуу 2,000,000 төгрөг болгож багасгаж эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй. Иймд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иймд талуудын тус тусдаа гаргаж ирүүлсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг төлөх хугацааны талаар тохиролцсон байх тул талуудыг эвлэрэн хэлэлцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ...багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж,
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...хариуцагч нь ...эвлэрэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.П нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, зарим нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагч Г.И нь нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж тохиролцон тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийн тал хувь болох 164,075 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 164,075 төгрөг, хариуцагч Г.Игаас 164,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Пд олгох нь зүйтэй байна.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Пын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ид холбогдох “Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Р.П нь “Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлээсээ татгалзаж, “Сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,000,000 төгрөг болгон, хариуцагч Г.И нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийн тал хувь болох 164,075 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 164,075 төгрөг, хариуцагч Г.Игаас 164,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Пд олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Г.И нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ