Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 93

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Зуутраг овогт Б-ын Т-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180000000078 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, Зуутраг овогт Б-ын Т

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь С.Нтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цорс нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд иргэн Ч.Мийн эзэмшлийн 1.280.960 төгрөгтэй Хаан банкны картыг хулгайлан авч Ч.Мд 1,280,960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Т: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв. 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед найз Даваа-Очиртой уулзаад өөрийнхөө картнаас 50,000 төгрөг аваад Даваа-Очирт өрөндөө өгөөд бид хоёр РС тоглоомын газар орж тоглосон. Даваа-Очир хоёр охинтой уулзах уу гээд бид хоёр Нисэхэд 18 цагийн үед ирээд 2 охинтой уулзсан. Тэр хоёр охиныг би танихгүй, харин Даваа-Очир таньдаг байсан. Бид 4 караокед ороод би хоёр охинтой танилцсан, нэг охин нь нэрээ Аялгуу, нөгөө охин нь Ариука гэж хэлсэн. Бид 4 цаг гаруй дуулаад пиво ууцгаасан. Цагаа дуусгаад караокеноос 20 цагийн үед гараад Нисэхийн Цорс нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд орсон. Буудал руу  орохоос өмнө Аялгуу гэж нэрээ танилцуулсан охин гэртээ харьчихаад ирье гээд манай найз Даваа-Очироос 16,000 төгрөг аваад явсан. ...Тэр охиныг гарсны дараа Даваа-Очир бид хоёр дэлгүүр лүү явж 1 шил архи, ундаа, талх аваад буцаж буудал руугаа ороод Ариука гэж өөрийгөө танилцуулсан охинтой архиа хувааж уусан. Би гэхдээ архинаас бараг уугаагүй. Архи дуусаад дахиад архи авч ууя гээд миний Хаан банкны картыг аваад найз Даваа-Очир, Ариука нэртэй охинтой хамт гарсан. Би тэр хоёрыг гарахад картныхаа нууц дугаарыг хэлсэн. Тэр хоёр архи ундаа аваад буцаад ороод ирсэн, архиа задлаад сууж байхад Аялгуу гэдэг охин орж ирсэн. Даваа-Очир архинаас 1 хундага уугаад тасраад унтаад өгсөн. Надад Аялгуу гэдэг охин нь орж ирсэнээсээ хойш архи хундгалж 2 удаа дүүрэн хундагатай архи өгсөн. Би архийг нь уучихаад ухаанаа алдаад юу ч санахгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь өглөөний 6 цаг өнгөрч байсан. Сэрээд хартал манай найз Даваа-Очир хажуу талын орон дээр унтаж байсан, харин нөгөө 2 охин өрөөнд байхгүй байсан. Би найзыгаа сэрээгээд гар утас, Хаан банкны карт хаана байна гэж асуутал мэдэхгүй гэсэн. Өрөөн дотор хайгаад өрөөний хаалга онгорхой байхаар нь түгжсэн. Удалгүй өрөөний хаалга хүн цохисон. Би онгойлготол шар курткиктай танихгүй охин өрөөнд орж ирээд манай хоёр найз Ариука, Аягуу хоёр энд байна гэсэн хаашаа явсан юм бол, би аав, ээжтэй нь хамт хайж байна, гадаа машинд аав, ээж хоёр нь хүлээгээд байж байна гэж хэлээд ширээний урд талд буюу пааран дээр хагас суугаад зогсож байсан.  Даваа-Очир бид хоёр мэдэхгүй байна, эндээс гараад явсан гэтэл тэр охин юм хэлэхгүй өрөөнөөс гарах гэхээр нь Даваа-Очир чи ямар учиртай юм бэ, чамайг хэн гэдэг юм бэ хоёр найзыгаа энд байсан гэдгийг хаанаас мэдсэн юм бэ гэж асуухад намайг Солонго гэдэг, манай  найз Аялгуу над руу залгаанд энд Ариука хүнд зодуулаад байна гэж хэлсэн, намайг утсаар ярьж байхад Ариука цаанаас нь авраарай гээд орилоод  байсан, тэгээд аав ээжтэй нь хамт 2 буудлаар хайлаа гэж хэлчихээд хэлсэн үгээ өөрчилөөд манай хоёр найз над руу залгаад энэ буудлын 204 тоот өрөөнд нь байна гэж хэлсэн гээд дахиад өөр юм яриад байсан. Тэгээд тэр охины гар утсыг аваад Даваа-Очир өөрийнхөө утас руу залгатал 89161255 гэсэн дугаар гарч ирсэн. Тэр охин өрөөнөөс гараад явсан, тэр охины зогсож байсан паарны доод талд миний банкны карт унасан байсан. Гар утас орны доод талд байхгүй байсан боловч тэр охиныг гарсны дараа миний гар утас орны доод талд байсан. ...Гар утсаа асаагаад би картныхаа үлдэгдлийг шалгатал 679,260 төгрөг байсан. Миний картанд 1,280,960 төгрөг байсан юм, энэ мөнгөнөөс 601,000 төгрөг алга болсон. ...Би хохирол 601,000 төгрөгөө бүрэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 23-27/ гэсэн,

 

Өсвөр насны гэрч Б.Соёлмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Т өөрийнхөө утаснаас миний 89161255 дугаарын утас руу залгаад Н бид хоёр Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд байна, бид 2 найзуудтайгаа хамт байна, чи надтай найз л юм бол ирээд авчих гээд үг хаяад байсан. Тэгтэл утсаар ярьж байхад цаад талаас Н согтуу наад пизда гээд орилсон, би юу болоод байгаа юм бэ гэж асуухад бид хоёр энд хүнд зодуулаад байна гэж Т хэлсэн. ...1 цагийн дараа буюу 00 цаг өнгөрч байхад дахиад Т өөрийнхөө утаснаас миний утас руу залгаад Н бид хоёр хүний картнаас 300,000 төгрөг хулгайлчихлаа, одоо шоронд орох нь ойлгомжтой, тодорхой болсон, чи найз юм бол бид хоёртой сүүлийн удаа гарч ирээд уулз гэсэн. ...Т надад хандаж би өнөөдөр чамд агсам тавих гэж дуудсан юм гэж хэлэхэд би уйлаад та хоёр яах гэж дахиж ийм зүйл хийж байгаа юм бэ, түрүүнийхээ асуудлаас салж дуусаагүй байж гэтэл Н би жирэмсэн, хүүхдээ авахуулах хэрэгтэй, зулбуулдаг эм авч ууна, эсвэл аборт хийлгэнэ, надад хэцүү байна, чи намайг ойлгож байна уу гээд уйлаад байсан. Бид гурав Цамбагарав гэдэг газар луу очоод Рич нэртэй бааранд ороод удаагүй байж байтал Т, Н хоёр шөнийн зах орж хувцас авъя гээд баарнаас хамт бид 3 гараад такси бариад шөнийн зах дээр очсон. ...Шөнийн захаас буцаад Рич нэртэй бааранд бид 3 ороод 500 граммтай Соёрхол архи 1 шилийг авч уусан. ...Т чи гэртээ харих замдаа энэ картыг Цорс буудлын 204 тоот өрөөнд оруулаад хаана нэг газар луу нууцаар шидчих гэж хэлээд Хаан банкны карт гаргаж өгсөн....” /хх-ийн 40-44/ гэсэн,

 

Гэрч Н.Даваа-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...би фэйсбүүк цахим хуудас руугаа ороод урьд чатаар  танилцсан Ариука гэдэг охинтой чатлаад уулзахаар болсон. Ариука Аялгуу гэдэг найз охинтойгоо хамт ирнэ, намайг найзыгаа дагуулаад ир гэсэн учраас би Мтэй хамт Нисэх рүү очиж 18 цагийн үед тэр хоёртой уулзсан. ...Архи дууссаны дараа дахиад архи ууя гээд Ариука бид хоёр Мын Хаан банкны картыг аваад дэлгүүр гарсан. Архи, ундаа зайрмаг аваад би картыг нь уншуулахдаа нууц кодыг нь чанга хэлчихсэн. Тэр үед кодыг нь Ариука цээжилсэн байх. Дэлгүүрээс гараад буудал руу ортол Аялгуу яг орж ирж таарсан. Бид нар архи задлаад би ууж амжилгүй тасраад унтаад өгсөн. Өглөө 6 цагийн үед М намайг дуудаж сэргээд миний гар утас, банкны карт хаана байна гэж асуусан. ...Хэдхэн минутын дараа хаалга нүдсэн. Танихгүй охин өрөөнд орж ирээд шууд Аялгуу, Ариука хоёрын найз байна, манай хоёр найз хаана байгаа юм бэ, би аав ээжтэй нь хамт хайгаад явж байна гэхээр нь тэр охиноос чи Ариука, Аялгуу хоёртой яг ямар холбоотой юм бэ, нэрийг чинь хэн гэдэг юм бэ гэж асуухад намайг Солонго гэдэг Аялгуу над руу залгаад Ариукаг хүн зодоод байна хүрээд ир гэж ярьсан, утсаар ярьж байхад цаана нь Ариука авраарай гээд орилоод байсан, заза би явлаа гээд гарах гэж байхад нь би тэр охины утсаар өөрийн утас руу залгуулж дугаарыг нь мэдэж аваад явуулсан. Тэр охин гарсны дараа яг зогсож байсан газрынх нь доод талд нь манай найз Мийн банкны карт байсан. ...Аялгуу утсаа аваад Ариука хүнд хутгалуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан, би айгаад өөр газар байна, Ариукагийн аав, ээж хайгаад наана чинь очвол энд орж ирээгүй, мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлээд утсаа салгачихсан. ...Солонго гэдэг охин гар утсыг орон доогуур хийгээгүй байх, яагаад гэвэл яг бид хоёртой юм яриад зогсож байсан, гар утсыг орон доогуур хийвэл чимээ гарах байсан. М утсаа орон доор байхыг нь өөрөө хараагүй байж байгаад дараа нь олсон. Угаасаа их согтуу байсан...” /хх-ийн 50-52/ гэсэн,

 

С.Н мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Нисэхэд Даваа-Очир гэх залуутай уулзсан, Даваа-Очир найз Мтэйгээ хамт ирсэн. Бид дөрөв караоке орж дуулаад 20 цагийн үед Нисэхийн Цорс зочид буудалд орсон. Т гэртээ харьчихаад ирье гээд явсан. Явсан хойгуур нь бид гурав 1 шил архи хувааж уусан. Архи дуусаад дахиад дэлгүүр луу Даваа-Очир бид хоёр Мийн банкны картыг аваад архинд явсан. Даваа-Очир дэлгүүрээс юм аваад Мийн картыг уншуулж байхад нууц кодыг нь чанга худалдагчид хэлэх үед нь би кодыг нь цээжилсэн. ...Мд Т албаар их хэмжээтэй хийж өгөөд байсан. ...Мийг тасраад унтангууд нь банкны картыг нь орон дээрээс нууцаар аваад Т бид хоёр гарсан. Нисэхийн Янгир хайрхан дэлгүүрийн АТМ-аас 300,000 төгрөг аваад такси бариад Соёлмааг очиж авсан. Тэндээс бид гурав Рич нэртэй бааранд орсон. Хүмүүс гоё хувцастай бүжиглээд байхаар нь Тд хувцас авч өмсөх үү, шөний зах руу явах уу гэж асуухад Т зөвшөөрөөд бид гурав такситай шөнийн зах орсон. Таксин дотор Соёлмаа сууж үлдээд Т бид хоёр зах руу орж хувцас авсан. Хувцас авах мөнгө дутаад би шөнийн зах дотор байдаг АТМ-аас 100,000 төгрөг аваад хувцаснуудаа авч дуусаад бие засах өрөөнд орж солиод буцаад бид гурав Рич нэртэй бааранд орж архи, виски, самар, шоколад, чипс зэрэг идэх юм аваад бүжиглээд баар хаах цаг болоод бид нар 03 цаг өнгөрч байхад буудалд орж тахиа захиалж идсэн. Т руу М залгаад хаана байна гэхэд Т намайг хүнд хутгалуулаад гэмтлийн эмнэлэг явсан гэж худлаа хэлээд утсаа тасалсан. Соёлмаа гэртээ харилаа гээд явах үед нь Т банкны картыг Соёлмаад өгөөд явуулъя, картыг нөгөө хоёр залуугийн өрөөнд нь оруулаад нууцаар дэрэн доор нь хийчих гэж хэлсэн. ...Би жирэмсэн болчихоод аав, ээж болон бусад хүмүүст хэлж чадахгүй айгаад байсан юм. Тэгээд аргагүй эрхэнд абортонд орох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор хулгай хийсэн...” /хх-ийн 61-65/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...Намайг буудлын өрөө рүү ороход М гэдэг залуу ганцаараа сууж байсан. Н Даваа-Очир гэх залуутай дэлгүүрээс 1 шил архи, ундаа, зайрмаг аваад орж ирсэн. ...Даваа-Очир гэх залуу 1-2 хундага уугаад орон дээрээ унтаад өгсөн. Ныг явъя гэхэд явахгүй байсан. Нөгөө залуу нь бас та хоёр битгий яв л даа гээд явуулахгүй байхаар нь би тэр залууд хоёр аягаар дүүрэн архи хийж өгөөд албаар тасалчихсан. ...Бид хоёр явахаар болоод мөнгөгүй байсан учраас М гээд залуугийн банкны картыг орон дээр байхад нь авсан. Авахаасаа өмнө хоорондоо энэ картыг авъя гэдгээ тохирсон. ...Янгир Хайрхан дэлгүүрийн АТМ  ороод картанд хэдэн төгрөг байгааг үзтэл 1 сая гаруй төгрөг байсан санагдаж байна. Н бид хоёр хоорондоо яриад ...Н жирэмсэн байсан учраас хүүхдийг нь авахуулах мөнгө, шоудмаар санагдаад байсан учраас эхэлж 300,000 төгрөг авсан. ...Бид нар Цамбагарав гэдэг нэртэй газрын хажууд байдаг Рич баар ороод жаахан архи ууж байгаад бүжиглэх гэсэн чинь муухай хувцастай байсан учраас Н бид хоёр гарч хувцас авъя гэж тохироод гурвуулаа шөнийн зах орсон. ...Захаас хувцас авахад мөнгө хүрэхгүй байсан учраас Н  АТМ руу очиж нөгөө хүний картнаас дахиад мөнгө авч ирсэн. Хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй байна. Тэндээсээ буцаж Рич бааранд очоод архи ууж байгаад бүжиглэсэн. Бааранд байхад Н нөгөө картаа уншуулаад тооцоогоо хийсэн. Нэлээд согтуу гурвуулаа зочид буудал ороод дуудлагаар шарсан тахиа захиалж идсэн. Өглөө үүр цайхаар Соёлмааг чи энэ картыг Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд нууцаар тавьчих, тэгэхгүй бол доторх мөнгийг нь хэдүүлээ үрж дуусгалаа гэж хэлсэн. ...17 настай гээд үнэнгээ хэлчихвэл жаахан хүүхдүүд байж ямар замбараагүй юм бэ гэж бодох байх гэж бодсон. Надад Аялгуу гэдэг нэр таалагддаг учир нэрээ тэгж хэлсэн. ...Би цагийг зугаатай өнгөрүүлмээр санагдаад тэр хоёр ахтай уулзсан. Өөр санаа байхгүй...” /хх-ийн 68-76/ гэсэн мэдүүлгүүд,

- Хаан банкны хуулга /хх-ийн 18-19/,

- Банкны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21/,

- Шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 82, 85-86/,

- Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 93/,

- Б.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/,

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-105/,

- Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 106-112/,

- Хохирол төлсөн тухай баримтууд /хх-ийн 124, 125/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.     

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь С.Нтай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цорс нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнөөс иргэн Ч.Мийн эзэмшлийн 1.280.960 төгрөгтэй Хаан банкны картыг хулгайлан авч, 1.280.960 төгрөгийн хохирол учруулан бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Мийн “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед найз Даваа-Очиртой уулзсан, ...Даваа-Очир хоёр охинтой уулзах уу гээд бид хоёр Нисэхэд 18 цагийн үед ирээд хоёр охинтой уулзсан. ...Бид дөрөв нийлээд нэг цаг гаруй дуулаад пиво ууцгаасан. Цагаа дуусгаад караокеноос 20 цагийн үед гараад Нисэхийн Цорс нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд орсон. ...Архи дуусаад дахиад архи авч ууя гээд миний Хаан банкны картыг аваад найз Даваа-Очир, Ариука нэртэй охинтой хамт гарсан. Би тэр хоёрыг гарахад картныхаа нууц дугаарыг хэлсэн. Тэр хоёр архи ундаа аваад буцаад ороод ирсэн, архиа задлаад сууж байхад Аялгуу гэдэг охин орж ирсэн. Даваа-Очир архинаас 1 хундага уугаад тасраад унтаад өгсөн. Надад Аялгуу гэдэг охин нь орж ирсэнээсээ хойш архи хундгалж 2 удаа дүүрэн хундагатай архи өгсөн. Би архийг нь уучихаад ухаанаа алдаад юу ч санахгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь өглөөний 6 цаг өнгөрч байсан. Сэрээд хартал манай найз Даваа-Очир хажуу талын орон дээр унтаж байсан, харин нөгөө 2 охин өрөөнд байхгүй байсан. Би найзыгаа сэрээгээд гар утас, Хаан банкны карт хаана байна гэж асуутал мэдэхгүй гэсэн. Өрөөн дотор хайгаад өрөөний хаалга онгорхой байхаар нь түгжсэн. ...Тэгээд тэр охины гар утсыг аваад Даваа-Очир өөрийнхөө утас руу залгатал 89161255 гэсэн дугаар гарч ирсэн. Тэр охин өрөөнөөс гараад явсан, тэр охины зогсож байсан паарны доод талд миний банкны карт унасан байсан. Гар утас орны доод талд байхгүй байсан боловч тэр охиныг гарсны дараа миний гар утас орны доод талд байсан. ...Гар утсаа асаагаад би картныхаа үлдэгдлийг шалгатал 679,260 төгрөг байсан. Миний картанд 1,280,960 төгрөг байсан юм, энэ мөнгөнөөс 601,000 төгрөг алга болсон. ...Би хохирол 601,000 төгрөгөө бүрэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 23-27/ гэсэн,

Өсвөр насны гэрч Б.Соёлмаагийн  “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Т өөрийнхөө утаснаас миний 89161255 дугаарын утас руу залгаад Н бид хоёр Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд байна, бид 2 найзуудтайгаа хамт байна, чи надтай найз л юм бол ирээд авчих гээд үг хаяад байсан. ...00 цаг өнгөрч байхад дахиад Т өөрийнхөө утаснаас миний утас руу залгаад Н бид хоёр хүний картнаас 300,000 төгрөг хулгайлчихлаа, одоо шоронд орох нь ойлгомжтой, тодорхой болсон, чи найз юм бол бид хоёртой сүүлийн удаа гарч ирээд уулз гэсэн. ...Т надад хандаж би өнөөдөр чамд агсам тавих гэж дуудсан юм гэж хэлэхэд би уйлаад та хоёр яах гэж дахиж ийм зүйл хийж байгаа юм бэ, түрүүнийхээ асуудлаас салж дуусаагүй байж гэтэл Н би жирэмсэн, хүүхдээ авахуулах хэрэгтэй, зулбуулдаг эм авч ууна, эсвэл аборт хийлгэнэ, надад хэцүү байна, чи намайг ойлгож байна уу гээд уйлаад байсан. Бид гурав Цамбагарав гэдэг газар луу очоод Рич нэртэй бааранд ороод удаагүй байж байтал Т, Н хоёр шөнийн зах орж хувцас авъя гээд баарнаас хамт бид 3 гараад такси бариад шөнийн зах дээр очсон. ...Шөнийн захаас буцаад Рич нэртэй бааранд бид 3 ороод 500 граммтай Соёрхол архи 1 шилийг авч уусан. ...Т чи гэртээ харих замдаа энэ картыг Цорс буудлын 204 тоот өрөөнд оруулаад хаана нэг газар луу нууцаар шидчих гэж хэлээд Хаан банкны карт гаргаж өгсөн....” /хх-ийн 40-44/ гэсэн,

Гэрч Н.Даваа-Очирын “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...би фэйсбүүк цахим хуудас руугаа ороод урьд чатаар  танилцсан Ариука гэдэг охинтой чатлаад уулзахаар болсон. Ариука Аялгуу гэдэг найз охинтойгоо хамт ирнэ, намайг найзыгаа дагуулаад ир гэсэн учраас би Мтэй хамт Нисэх рүү очиж 18 цагийн үед тэр хоёртой уулзсан. ...Архи дууссаны дараа дахиад архи ууя гээд Ариука бид хоёр Мын Хаан банкны картыг аваад дэлгүүр гарсан. Архи, ундаа зайрмаг аваад би картыг нь уншуулахдаа нууц кодыг нь чанга хэлчихсэн. Тэр үед кодыг нь Ариука цээжилсэн байх. ...Хэдхэн минутын дараа хаалга нүдсэн. Танихгүй охин өрөөнд орж ирээд шууд Аялгуу, Ариука хоёрын найз байна, манай хоёр найз хаана байгаа юм бэ, би аав ээжтэй нь хамт хайгаад явж байна гэхээр нь тэр охиноос чи Ариука, Аялгуу хоёртой яг ямар холбоотой юм бэ, нэрийг чинь хэн гэдэг юм бэ гэж асуухад намайг Солонго гэдэг Аялгуу над руу залгаад Ариукаг хүн зодоод байна хүрээд ир гэж ярьсан, утсаар ярьж байхад цаана нь Ариука авраарай гээд орилоод байсан, заза би явлаа гээд гарах гэж байхад нь би тэр охины утсаар өөрийн утас руу залгуулж дугаарыг нь мэдэж аваад явуулсан. Тэр охин гарсны дараа яг зогсож байсан газрынх нь доод талд нь манай найз Мийн банкны карт байсан...” /хх-ийн 50-52/ гэсэн,

С.Нын сэжигтэн яллагдагчаар өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Нисэхэд Даваа-Очир гэх залуутай уулзсан, Даваа-Очир найз Мтэйгээ хамт ирсэн. Бид дөрөв караоке орж дуулаад 20 цагийн үед Нисэхийн Цорс зочид буудалд орсон. Архи дуусаад дахиад дэлгүүр луу Даваа-Очир бид хоёр Мийн банкны картыг аваад архинд явсан. Даваа-Очир дэлгүүрээс юм аваад Мийн картыг уншуулж байхад нууц кодыг нь чанга худалдагчид хэлэх үед нь би кодыг нь цээжилсэн. ...Мд Т албаар их хэмжээтэй хийж өгөөд байсан. ...Мийг тасраад унтангууд нь банкны картыг нь орон дээрээс нууцаар аваад Т бид хоёр гарсан. Нисэхийн Янгир хайрхан дэлгүүрийн АТМ-аас 300,000 төгрөг аваад такси бариад Соёлмааг очиж авсан. ...Соёлмаа гэртээ харилаа гээд явах үед нь Т банкны картыг Соёлмаад өгөөд явуулъя, картыг нөгөө хоёр залуугийн өрөөнд нь оруулаад нууцаар дэрэн доор нь хийчих гэж хэлсэн. ...Би жирэмсэн болчихоод аав, ээж болон бусад хүмүүст хэлж чадахгүй айгаад байсан юм. Тэгээд аргагүй эрхэнд абортонд орох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор хулгай хийсэн...” /хх-ийн 61-65/ гэсэн,

Шүүгдэгч Б.Тгийн “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...Намайг буудлын өрөө рүү ороход М гэдэг залуу ганцаараа сууж байсан. Н Даваа-Очир гэх залуутай дэлгүүрээс 1 шил архи, ундаа, зайрмаг аваад орж ирсэн. ...Бид хоёр явахаар болоод мөнгөгүй байсан учраас М гээд залуугийн банкны картыг орон дээр байхад нь авсан. Авахаасаа өмнө хоорондоо энэ картыг авъя гэдгээ тохирсон. ...Янгир Хайрхан дэлгүүрийн АТМ  ороод картанд хэдэн төгрөг байгааг үзтэл 1 сая гаруй төгрөг байсан санагдаж байна. Н бид хоёр хоорондоо яриад ...Н жирэмсэн байсан учраас хүүхдийг нь авахуулах мөнгө, шоудмаар санагдаад байсан учраас эхэлж 300,000 төгрөг авсан. ...Өглөө үүр цайхаар Соёлмааг чи энэ картыг Цорс зочид буудлын 204 тоот өрөөнд нууцаар тавьчих, тэгэхгүй бол доторх мөнгийг нь хэдүүлээ үрж дуусгалаа гэж хэлсэн...” /хх-ийн 68-76/ гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны хуулга /хх-ийн 18-19/,  банкны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тг бусадтай бүлэглэн шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1.280.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, ингэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...бүлэглэж үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Тд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Прокурорын яллах дүгнэлт шүүгдэгч Б.Тг “...бүлэглэн...” гэж бичсэн бөгөөд энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн бүрэлдэхүүн болон 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд заагаагүй учир 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “бүлэглэн гүйцэтгэх” талаар хуульчилсныг журамлан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, энэ зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч хохирогч Ч.Мийн 1.280.960 төгрөгтэй Хаан банкны картыг хулгайлсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь картнаас 601.000 төгрөгийг бэлнээр авч хэрэглэсэн, картнаас авч хэрэглэсэн 601.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчид буцаан өгсөн /хх-ийн 124/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохиролгүй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх тухай нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 03 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.  Шүүгдэгч Б.Т нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн, өмнөх шийтгэх тогтоол гарах үе буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс дахин санаатай гэмт хэрэг үйлдэх хугацаа буюу 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хасаж тооцоход 2 жил 2 сар 18 хоногийн хорих ял үлдсэн байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг биечлан эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.

 

Өөрөөр хэлбэл энэ шийтгэх тогтоолоор шүүх шүүгдэгч Б.Тд 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын найман цагийг нэг хоногоор тооцож /264:8=33/ 33 хоногийг хорих ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 21 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн 180000000078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг дүйцүүлэн хасаж, Б.Тд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын хамгийн бага хэмжээгээр тооцон ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль буцаан хэрэглэх” тухай зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар бүлэгт заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх зохицуулалттай хамааралтай бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг энэ шийтгэх тогтоолоор засах, өөрчлөх, хууль буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл зохицуулалт байхгүй юм.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-д  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Зуутраг овогт Б-ын Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуутраг овогт Б-ын Т-д 264 /хоёр зуун жаран дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 18 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож /264:8=33 хоног/ 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Т-гийн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногоор хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 02 жил 03 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн 180000000078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР