Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0468

 

2025         06       18                          128/ШШ2025/0468

         

                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А, Б.У, Д.Д

Маргааны төрөл: М.Бг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Улсын бүртгэлийн газрын даргын шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Нэхэмжлэгч М.Бгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлжээ.

2. Анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/578 дугаар тушаалаар М.Бг 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1318 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Албан хаагчдыг томилох тухай Б/297 дугаар тушаалаар Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт томилогдон ажиллаж байжээ.

3.Улсын бүртгэлийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Итгэх хуудас, Улсын бүртгэлийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 135 дугаар дотоод албан бичиг, Тамгын газрын 2025 оны 01 дүгээр 22-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2/11 дүгээр илтгэх хуудас зэргийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсож ажиллагаа явуулж,

Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн М.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаараар ...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргажээ.

4.Мөн маргаан бүхий дээрх сонсох ажиллагааны тэмдэглэл, тушаал зэрэгт 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонсох ажиллагааны тэмдэглэлийн агуулгыг залруулах тухай мөн Улсын бүртгэлийн газрын даргын Тушаалд завсар оруулах тухай Б.164 дүгээр тушаалаар ...тушаалыг албаны хэвлэмэл хуудаст буулгах үед бичилтийн алдаа гарсан тул үндэслэх хэсэгт ...48 дугаар ... гэснийг 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, гэж засвар оруулсугай гэж тус тус завсар оруулжээ.

5.Нэхэмжлэгч актуудыг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...М.Б би 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр, 2014 оны 10 дугаар сарын 01 өдрөөс Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр томилогдож, нийтдээ 12 жил тасралтгүй улсын бүртгэлийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан. Улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа хамт олондоо нэр хүндтэй, жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээгээр А буюу Маш сайн гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдэж, цалингийн урамшууллаар шагнагдаж, эрхэлсэн ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж байсан.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар М.Б намайг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалаас сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Надад халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/73 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" удирдамжийг баталж, тус удирдамжаар 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд шалгалт хийсэн. Удирдамжид зааснаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор шалгалтын дүн гарч, илтгэх хуудсаар Ерөнхий газрын даргад танилцуулах байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт илэрсэн зөрчлүүдэд холбогдох тайлбарыг гаргаж өгсөн. Хяналт шалгалтын ажиллагаа ерөнхий газрын даргад (10 дугаар сарын 07-ны өдөр илтгэх хуудас өгснөөр дуусгавар болсон ба энэхүү илтгэх хуудсаар сахилгын зөрчил ажилчдад ногдуулах шаардлагагүй гэж үзсэн байдаг. Гэтэл 2025 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга солигдож даргын үүргийг түр гүйцэтгэгч томилогдсоны дараа дууссан хяналт шалгалтын ажил дээр сонсох ажиллагаа хийж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 оны 10 дугаар сард уг шалгалтын хариу гарч, тайлбар аваад хууль, болон бүртгэл хөтлөх журмаа баримталж ажиллахыг сануулаад өнгөрсөн байхад дахин 2025 онд уг шалгалтын дүнгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Удирдамжгүй, зохих журмын дагуу хийгдээгүй, процессын алдаатай тушаал гэж үзэж байна.

2. Хамгийн гол нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.10.11 дэх хэсэгт заасан "Сахилгын зөрчил давтан гаргасан" үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие өмнө сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй буюу давтан зөрчил гаргасан үйлдэл надад байхгүй болно.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.4.2-д сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх ёстой. Гэтэл иргэд хоорондоо Иргэний хуульд заагдсан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулаад, эсхүл тухайн үнэлгээгээрээ ипотекийн зээлд хамрагдсан гээд материалаа бүрдүүлээд ирдэг. Мөн Улсын бүртгэлийн мэдээллийн санд зарим тохиолдолд үнийн дүн тусгагдаагүй байдгаас шалтгаалан үнийн дүн буурсан бүртгэл хийгдэх тохиолдол гардаг. Уг шийтгэл ногдуулах болсон зөрчлийн шинж нь халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохуйц үр дагавар бүхий биш юм.

3. Мөн журмын 3.2-т Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-Т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 3.3-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ, 3.3.1. зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар; 3.3.2. гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр; 3.3.3. албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал; 3.3.4. бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл; 3.3.5. өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх; 3.3.6. гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал зэргийг харгалзах ёстой. Ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа миний гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүй, сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэлийн үнэлгээгээр А буюу маш сайн үнэлэгдэж байсан. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалуулж авахгүй байлаа ч гэсэн сануулах арга хэмжээ, цалин бууруулах, халах арга хэмжээнүүдээс зөрчилтэй нь холбоотойгоор сонгох санкци байхад хамгийн хүнд сахилгын шийтгэлийг ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар "М.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагаа 2 агуулгаар гаргаж байгаа. Тухайн акт эрх зүйн үндэслэлгүй, актад дурдаад байгаа зөрчлүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхгүй халахгүй байх баталгаатай болно гээд заасан. Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр хална гэдэг баталгааг олгосон, мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ямар үндэслэлээр халах гэдгийг дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д 3 ба түүнээс дээш удаа албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь маргааны агуулгад хамааралгүй үндэслэл болж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь агуулгын хувьд таарахгүй байгаа. Маргаан бүхий захиргааны акт 1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд байгаа. Ямар үндэслэлээр М.Б гэдэг хүнийг халаад байгаа гэдэг нь байх ёстой. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн маргаан бүхий акт 2 дугаар хавтаст хэргийн 172-177 дугаар хуудсанд авагдсан. Б/164 дүгээр тушаалд өөрчлөлт оруулах тухай актыг акт гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа. Ажилтныг Төрийн албаны тухай хуульд заагдсан үндэслэлгүйгээр халагдсан байна гэдгийг нотолж байгаа баримт. Шүүхэд өгсний дараа актын үндэслэлээ засна гэдэг ойлголт байхгүй. Харин засаад байгаа нөхцөл байдал тухайн актыг үндэслэлгүй гэдгийг нотлох баримт болж байна. Ноцтой зөрчил гаргаад сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр буруутгаад байгаа гэж ойлгож байгаа. 2 дугаар хавтаст хэрэгт албан тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг уншихаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг агуулга харагдаад байгаа. Манай үйлчлүүлэгч сахилгын давтан зөрчил гаргасан уу, нотлох баримтаар тогтоогдож байна уу гэдгийг хуулийн шаардлага буюу саяын дурдаад байгаа урьдчилсан нөхцөлүүдийг хангаж байгаа юм уу гэдэг хүрээнд шалгаад үзэхэд тогтоогдохгүй байгаа. Захиргааны актад манай үйлчлүүлэгчийг зөрчил гаргасан гэж байгаа. Тухайн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон зөрчил түүнд холбогдох баримтыг явуул гэдэг байдлаар албан тоот илгээсний дагуу тухайн ажлаас халах үндэслэл болсон зөрчлүүдийн жагсаалтыг гаргаад тэр зөрчилтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн архивд байгаа баримтуудыг нотлох баримтаар өгч явуулсан байдаг. Зөрчлийн жагсаалтад нийт 12 сахилгын зөрчил гаргасан гэж байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлд тооцож болохгүй гэж заасны дагуу 12 зөрчлөөс 12 сарын хугацаанд үйлдэгдсэн гэж үзээд байгаа хэдэн зөрчил гарсан бэ гэхээр 6 зөрчил гарсан байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү22, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ү2*******, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ү220 гэсэн 3 бүртгэлийг үнийн дүн буурсан, үлдсэн 3 зөрчил нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариутай албан тоотын хариуг өгөөгүй, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээний хуулбарыг мэдээллийн санд оруулаагүй, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ү22 өмчлөгчийн хувийг гэрчилгээнд тусгаагүй гэдэг байдлаар буруутгаж байгаа. Бусад зөрчлүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 1 дүгээр хавтаст хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх болон Баянгол дүүргийн бүх албан хаагч нарт явуулсан хугацаатай зөрчлүүд илэрлээ. Энэ зөрчлүүдээ арилгаж илтгэх хуудсаар мэдэгдэнэ үү гэдэг албан шаардлага байгаа. Энэ зөрчил дээрх хариу мэдэгдэх хуудас маань 1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудсан дээр байгаа, зөрчил арилсан гэдэг статустай явагдаж байгаа. Арилсан зөрчлийг ажлаас халах зөрчил болгож давтан байдлаар энэ тушаалыг гаргаад байгаа нь үндэслэлгүй гэдэг агуулгаар маргаж байгаа. Хариутай албан тоотод хариу өгөөгүй гэж байгаа боловч сүүлд нотлох баримт шинжлэн судлахад яг тухайн өдрөө хариу болох албан тоотоо үйлдээд хүнд хүргүүлсэн бичгийн дэвтрээр бол хөтөлсөн нь тогтоогддог. Гэтэл хариугаа цахимаар канондож оруулаагүй гэдэг үйлдлээр буруутгаад байна. Бэлэглэлийн гэрээг канондоод мэдээллийн санд канондож оруулаагүй гэдэг байдлаар бас сахилгын шийтгэл ноогдуулаад байна. Ажлаас халах тушаалыг гаргаж байгаа зөрчлийн шинж байдлын хувьд ажлаас халах тушаалд тохирохгүй гэж үзэж байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү22 дугаартай бүртгэлтэй холбоотой баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 46-47 хуудсанд гэрчилгээ дээр гарын үсэг зураад шивээд гаргасан мэдүүлгийг нь өөр улсын байцаагч авсан байдаг. Улсын бүртгэгч Энхтуяа мэдүүлгийг хүлээж аваад ар талынх нь хуудсан дээр системээс автоматаар буудаг систем дээр 85.500.000 төгрөгөөр буугаад нотариатын үнийн дүнтэй таарангуут мэдүүлгийн баримтуудыг дамжуулж өгсөн. Анхнаасаа тэр бууруулсан үнийн дүн нотариатын улсын бүртгэлд 85.500.000 төгрөгөөрөө байсан ерөөсөө бууруулж программд шивээгүй. Ү дугаартай бүртгэлд 80 саяыг 75 сая төгрөг болгож бууруулсан гэдэг үйлдэл давхцаж байгаа. Ү0 улсын бүртгэл саяынхтай адилхан. 6 үнийн дүн бууруулах бүртгэлийг хийсэн үйлдэл манай үйлчлүүлэгч дээр программын хувьд ч баримт бичгийн хувьд ч идэвхтэй үйлдэл гараагүй. Үнийн дүн бууруулсан гэж буруутгаад байгаа үйлдэл нотлогдохгүй байгаа. Гол үндэслэл нь зөрчил нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож ажилд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэж өгөөч мөн холбогдох үр дагаврыг мөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны Бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хамарсан хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийсэн. Үүнд: Иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Бүртгэлийн цахимжуулалтын үйл ажиллагаа, Хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд хийсэн байдаг.

Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч тал болох Б.Б нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажилладаг байсан бөгөөд тухайн шалгалтаар Нотлох баримтаар хавсаргаж гаргаж өгсөн зөрчлүүд илэрсэн байдаг.

Илэрсэн зөрчлийг арилгуулах тухай хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай албан шаардлагыг явуулахад улсын бүртгэгч байсан Б.Б нь 13 зөрчлөөсөө 3 зөрчлийг арилгаж, бусад зөрчлийг арилгаагүй бөгөөд, энэ талаараа ирүүлсэн илтгэх хуудастаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн илтгэх хуудаст тодорхой дурдагдсан байгаа... гэжээ.

 

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн захиргааны актын 48 дугаар зүйлийн 48.1.4-д үйлчлүүлэгчийг халсан байна гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан Баянгол Баянзүрх дүүргийн үйл ажиллагаанд хийсэн удирдамжийн дагуу хяналт шалгалтын дүн гарч байгаа, дүнгээс гарсан саналыг М.Б******* гэдэг эрх бүхий албан тушаалтан байгууллагын даргын түр орлон гүйцэтгэгчид албан ёсоор тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ноогдуулах тухай илтгэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн дагуу захиргааны акт гарсан. Төрийн албаны тухай төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн байгаа гэжээ.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 09 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын удирдамжаар Баянгол дүүрэг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлд хийсэн хяналт шалгалтыг хуулийн этгээдийн бүртгэл эд хөрөнгийн бүртгэл иргэний бүртгэл болон улсын бүртгэлийн бүртгэл нь хэрхэн цахимжсан зөв цахимжсан уу гэдэг байдлаар хяналт шалгалт хийсэн байдаг. Яг өнөөдрийн байдлаар бүртгэлийн зөрчлийг нэхэмжлэгч тал өөрөөр яриад байна. Бүртгэлийн зөрчил гэдэг улсын бүртгэлийн мэдээлэл үнэн зөв байх мэдээллийг худалдан авагч өмчлөгч гуравдагч этгээд өв залгамжлагч нар үнэн зөвөөр авч явах ёстой нотлох баримтад үндэслэж хийгддэг байх ёстой сүүлийн 5,6 жил бол дандаа цахим байдлаар хийдэг болчихсон. Хяналт шалгалтын хүрээгээр нэхэмжлэгч Б бүртгэлийн 13 зөрчил гаргасан байсан. Төрийн албаны хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаараад бусад хамаарахгүй гээд яриад байдаг яг мөн чанартаа бол удирдамжид бүртгэлийн зөрчлийг бол 2023,2024 оны зөрчил хийгдсэн байгаа байх бүртгэлийн хэрэг маргаан бол 2024 онд хөөн хэлэлцэх хугацаанд бүүр хамаарчихсан бүртгэлийн зөрчил бол хэрэг маргаан үүсээд 2017, 2018 онд одоо зөрчил гаргачихсан бүртгэлд хэрэг маргаан үүсдэггүй гэсэн юм байхгүй 2015,2016 оны бүртгэл дээр ч гэсэн дүгнэлт гаргаад Захиргааны шүүхэд хэрэг маргаан үүсээд явдаг бүртгэлүүд зөндөө байдаг. М.Б нь 2023 онд 2 зөрчил 2024 онд үндсэн 11 зөрчлөө гаргасан байдаг Улсын бүртгэлийн тухай хуулийн 2023 оны 12дугаар сарын 7-нд нэмэлт өөрчлөлт орсон үнийн дүнг тусгана, тусгахдаа анхны бүртгэлийн үнийн дүн болон өмчлөх эрх шилжих тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлсэн үнийн дүнг заавал өмчлөх эрхийн гэрээ хэлцлийн үнийн дүнг мэдээллийн санд тусгаж авдаг. Бүртгэчихсэн үнийн дүн дараагийн хүнд шилжүүлж бүртгэхдээ зуу болон зуугаас дээш гэрээ хийгдсэн л байхгүй бол манайх бүртгэх боломжгүй бүртгэхээс татгалзах хүсэлтэй байсан. Энэ талаар би хувь хүний иргэний хариуцлагын хүрээнд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Үндсэн хуулийн цэцэд гомдлыг тухайн үед 2024 оны хавар гаргаж байсан Үндсэн хууль зөрчөөгүй байна хэрэг маргаан үүсэхээс бол татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн үед шийдвэрлэж байсан 6 төрлийн зөрчил, хамгийн сүүлд Улсын бүртгэлийн ерөнхий газар маш их цахимжиж байгаа, бүртгэлээ цахимжуулж байгаа, бүртгэлийн оруулж байгаа э-монголиагаас хөрөнгийнхөө мэдээллийн хуулбарыг сангаас татаж авдаг хэлбэрт орчихсон нь сүүлийн нэг жил хэрэгжиж байна. Гэрчилгээний хуулбарыг цахим мэдээллийн сан руугаа оруулаагүй нь хяналт шалгалтын хүрээгээр шалгахаар оруулаагүй нь зөрчил болоод тооцоод явах нь ойлгомжтой юм. Хариутай албан бичгийн хариуг мэдээллийн санд тухайн үед оруулаагүй болохоор 2024 оны 07 дугаар сарын 16-нд оруулаагүй, албан шаардлага өгөнгүүт мэдээллийн санд хасаад оруулчхаж байгаа. 2 зөрчлийг бол арилгасан хяналт шалгалтын явцад гарч ирсэн зөрчил дээр албан шаардлага явуулсан зөрчлийнхөө 3-г нь арилгаад бусдыг нь арилгаагүй. Нэг зөрчлийг удаа дараа давтаж гаргаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм уу гэдэг үүднээс Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг баримтлах ёсгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс яваад байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 221 дүгээр тогтоолын хавсралтаар зөвшөөрөгдөж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А1335 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албан тушаалын тодорхойлолтын хоёрдугаар зорилтын чиг үүрэгт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хөтөлж иргэн хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх хоёрт улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн баяжилтыг холбогдох хууль журмын дагуу хийх гэдэг чиг үүргийн зорилтыг хэрэгжүүлж ажилладаг. Албан тушаалын тодорхойлолтын оролцооны хэлбэр гэдэг дээр гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд сонгож батлагдсан гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй 13 зөрчил гэж үзэж байгаа. Уг зөрчлүүд хяналт шалгалтын хүрээнд улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж н.Б*******д танилцуулсан илтгэх хуудсыг шууд үндэслэн сахилгын шийтгэл ноогдуулаагүй. Монгол улсын Сайд засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.3-д сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ зөрчил гаргасан нөхцөл байдлын үр дагавар гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл эс үйлдэхүй хоорондын хамаарал бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх энэ бүхнийг харгалзан үзэж энэ журмын 2.3-д заасан хугацаанд сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл бүхий хяналт шалгалтыг 28 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх журмын заалттай. Үүний дагуу хийсэн хяналт шалгалтыг үндэслэл бүхий тамгын газраас даргын албан үүрэг гүйцэтгэгчийн цохолтын дагуу өгсөн шийдвэрийн дагуу гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын хуудас нь 2025 оны 1 дүгээр сарын 22-ны 2/11 дүгээр тушаалын хугацаанд илэрхийлэгдэж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зөрчлийн шинж байдлыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж байгаа. Яагаад дэс дараалан хэрэглээгүй гэхээр шинж байдлуудыг харгалзан үзэж тамгын газрын хүний нөөцийн ажилтнаас халах саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн байгууллагад улсын бүртгэгчээр ажилласан ажлын арвин туршлагатай хүн гэтэл нэг төрлийн алдааг богинохон хугацаанд 13 удаа үйлдэгддэг нь мэдлэг ур чадваргүй улсын бүртгэгч байна, мөн гэм буруугийн санаатай болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхгүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлд дурдсан байгаа. Эд хөрөнгийн улсын бүртгэгч М.Б хяналт шалгалтаар тогтоолгосон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бол 248.000.000 төгрөгийн зөрчил өгсөн. Шууд бусаар бидний зүгээс тогтоох эрх мэдэл хүрэхгүй шууд бус өрхийн хэмжээгээр юугаар ч илэрхийлэгдэж болно монгол улсад ноогдох татварын хэмжээгээр илэрхийлэх, банк санхүүгийн байгууллагуудаас олгодог ипотекийн болон бусад төрлийн зээлүүдэд хамрагдаж болно, орон сууц бусад үл хөдлөх хөрөнгөд зориулалтын болон зориулалтын бусаар ашиглах ийм хор уршигт хүргэж болно энийг улсын бүртгэлийн байгууллага тэр тусгай хяналтын улсын байцаагч захиргааны албан хаагчдаас тогтоох эрх хэмжээг хүргэхгүй байгаа учраас Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулж байгаа. Нотлох баримтын хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Тамгын газрын дарга Цолмонгийн гарын үсэгтэй мэдэгдэх 04 хуудас хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд байгаа юм шиг байна. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн улсын бүртгэгчийн албан тушаалаас чөлөөлж иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчдийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл байгаа гэхдээ харамсалтай нь энэ мэдэгдлийн захиргааны шийдвэр эцэслэн гарч чадаагүй. Шалтгаан нь нөлөөлөл болдог улс төрд нөлөө бүхий этгээд болгон ямар нэгэн хувийн байдлаар шийдвэр гаргагчид нөлөөлснөөр гардаггүй. Баянгол дүүргийн гурван улсын бүртгэгч мэдэгдлийг авсан байгаа. Улсын бүртгэгч нар нь сахилгын шийтгэл хүлээхгүй өөр газар иргэний улсын бүртгэл хийхгүй гэдэг үндэслэлээр өөрсдийн хүсэлт дээр ажлаас чөлөөлөгдсөн ганцхан М.Бд ямар ч захиргааны шийдвэр гараагүй, ингээд зогсохгүй 2021 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн сануулах хуудас гарсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлд хавсаргасан баримтууд, хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгч М.Бгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ.

1.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 20.1.1 дэх заалтад ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж тус тус заасан.

1.3.Нэхэмжлэгч М.Б нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б /164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон үлдэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

1.4.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн татгалзсан шаардлагатайгаа холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Нэхэмжлэгч М.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/297 дугаар тушаалаар нийслэлийн Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан.

2.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжаар Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан хэрэгжүүлэх агуулга бүхий зорилтын хүрээнд хяналт шалгалтыг цахим хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд газар дээр нь биечлэн очиж хийх, ингэхдээ 2023 он, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хамааруулахаар зааж, улмаар шалгалтын дүнг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий байцаагчид илтгэх хуудсаар танилцуулахаар баталсан байна.

2.3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай 46 дугаар албан шаардлагыг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсний дагуу улсын байцаагч нараас зөрчлийг арилгасан талаарх хариу тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаар албан бичгээр алдаа зөрчил арилсан талаарх хариуг тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хүргүүлжээ.

2.4.Тус удирдамжаар байгуулагдсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б*******д танилцуулсан.

2.5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын шалгалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаар албан бичгээр ...төлөвлөгөөт шалгалтыг хийж, дүнгийн талаар илтгэх хуудсаар танилцуулсан ... илтгэх хуудаст дурдсан нэр бүхий албан хаагчид ... хариуцлага тооцох санал хүргүүлсэн.

2.6.Сонсох ажиллагааны 2025.02.06-ний өдрийн №Н-3 дугаар тэмдэглэлд ... Илтгэх хуудасны 15 дугаар хуудасны 8 дугаар хүснэгт дэх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гаргасан зөрчлүүд хамаарна ... нийт 13 удаагийн зөрчлөөс 6 зөрчил нь ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... 7 зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байна гэжээ.

2.7.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 ... М.Б албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон ... 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1.Маргаан бүхий акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 48 дугаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.3.3, 6.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.1, 10.9, 10.10.11 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Бг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/164 дүгээр тушаалаар ... 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалын үндэслэх хэсэгт ... 48 дугаар ... гэснийг 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт гэж хуулийн хэсэг, заалтыг бичээгүй, орхигдуулсан техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргаснаа зөвтгөн засварласан байна.

3.3.Нэхэмжлэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалыг үндэслэлгүй, илтгэх хуудсаар сахилгын зөрчил ногдуулах шаардлагагүй гэж үзсэн, зөрчлийг давтан гаргаагүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзээгүй ... гэх,

3.4.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй 13 зөрчил гаргасан, үүнээс 7 зөрчилд нь арга хэмжээ авсан гэсэн үндэслэлээр тус тус маргаж байна.

3.5.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гээд сахилгын шийтгэлийг нэрлэн заасан, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус заасан.

3.6.Өөрөөр хэлбэл удирдлагаас албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж тохирсон шийтгэл ногдуулах бөгөөд удаа дараа зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд халах сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

3.7.Хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн тухайд дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн 13 зөрчлийн 7 зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа гэж тайлбарлан сонсох ажиллагааг хийж, албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь сонгох боломжийг[1] хариуцагч буруу хэрэглэсэн байна.

3.8.Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн, хэдийгээр зөрчил гаргасантай нь холбогдуулан төрийн албан хаагчийг хуульд зааснаар хариуцлага тооцох эрхтэй ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд тухайн төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрх, мөн хариуцагчид хориглосон хуулийн заалтыг зөрчихгүйгээр захиргааны актыг гаргах ёстой боловч уг маргаан бүхий акт нь хуульд нийцэж гараагүй байна.

3.9.Маргаан бүхий актад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж тусгасныг авч дүгнэхэд энэхүү тохиолдлыг Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулах, ийнхүү бууруулах тохиолдолд хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ., 55 дугаар зүйлийн 55.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална гэж тус тус заасан.

3.10.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-аар зохицуулахаар заасан байх ба уг журамд 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлаас нь халахаар зохицуулсан байна.

3.11.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч М.Б нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2024 оны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас-аар үнэлж, 94.78 буюу маш сайн үнэлгээний ангилалд хамруулан дүгнэжээ.

3.12.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай 46 дугаар албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгасан талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Аын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаар албан бичгээр ... Баянгол дүүргийн УБХ-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч нарын 65 зөрчлийн хүрээнд арилгах арга хэмжээ авч, улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн ажилласан байна /хавсралтаар тайлан хүргүүлэв/ хүргүүлсэн байхад 2024 оны 11 дүгээр сарын 19-ний илтгэх хуудсаар 13 зөрчил арилаагүй, тухайн илтгэх хуудсыг Улсын бүртгэлийн ерөнхий албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид танилцуулсны дагуу эрх бүхий этгээдээс актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ... /захиргааны үйл ажиллагаа нь/ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа тухайн алдаа зөрчил арилсан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

3.13.Сонсох ажиллагааны 2025.02.06-ний өдрийн №Н-3 дугаар тэмдэглэлд ... Илтгэх хуудасны 15 дугаар хуудасны 8 дугаар хүснэгт дэх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гаргасан зөрчлүүд хамаарна. Y-22******* Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.3-ийг зөрчсөн, Y-22******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өмнө нь 100 сая байхад 72 сая гэж бүртгэсэн, 2024 оны 07 дугаар сарын 16-нд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4 зөрчсөн, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.4, 4.1.5-ийг зөрчсөн, эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.3-ийг зөрчсөн, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг бүртгээд, гэрчилгээний хуулбарыг мэдээллийн санд оруулаагүй ... нийт 13 удаагийн зөрчлөөс 6 зөрчил нь ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... 7 зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байна., гэх боловч сонсох ажиллагааны тэмдэглэлд 6 зөрчлийн талаар дурдаж нэхэмжлэгч М.Бд танилцуулж, гарын үсэг зуруулсан.

3.14.Дээрх сонсох ажиллагааны тэмдэглэлийг 2025.04.04-ны өдөр ... Н-3 дугаартай тэмдэглэл ... 2 дугаар хуудасны 18 дугаар мөрөнд дурдагдсан ... Y-22******* ... гэснийг ... Y-22******* мөн 21 дүгээр мөрний ... Y-2*******... гэснийг Y-22******* гэж тооны зөрүүтэй алдаа гэж сонсох ажиллагааны тэмдэглэлийг залруулсан байна.

3.15.Үүнээс үзвэл 6 зөрчлийн 3 нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасныг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнг бууруулж бүртгэсэн зөрчлийн тухайд:

3.16.Эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгийн маягт (2-хх107-108х)-д эд хөрөнгийн үнэ 20,000,000, хүлээн авсан ажилтан Л.Н*******, худалдах, худалдан авах гэрээнд үнийн дүн 14,100,000 гэж нотариатчаар гэрчлүүлсэн, эрхийн улсын бүртгэлийн Y-2******* дугаартай 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг маягт (2-хх125-126х)-д эд хөрөнгийн үнэ 71,297,500 хүлээн авсан ажилтан Л.Н*******, бэлэглэлийн гэрээнд үнийн дүн 72,000,000 гэж нотариатчаар гэрчлүүлсэн, эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаартай, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг маягт (2-хх144-145х)-д эд хөрөнгийн үнэ 3,240,000, бэлэглэлийн гэрээнд үнийн дүн 75,000,000 нотариатчаар гэрчлүүлсэн баримтууд болон уг мэдүүлгийг хүлээн авч, үнийн дүнг бүртгэсэн нь өөр улсын байцаагч байхад нэхэмжлэгчийг шууд буруутгаж үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа үндэслэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.7 дахь заалтад эх нотлох баримт бичиг" гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг, 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна гэж заасанд нийцээгүй байна.

3.17.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэхгүй.

 

3.18.Мөн эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаартай бүртгэлд албан бичгийн хариу цахимжуулаагүй, Y-******* дугаартай бүртгэлд гэрчилгээний хуулбарыг цахимжуулаагүй, Y-22 дугаартай эрхийн улсын бүртгэлийн өмчлөгчийн хувийг гэрээний дагуу тодорхойлж өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгаагүй гэх зөрчлүүдийн тухайд;

3.19.Эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаартай болон Y-******* дугаартай бүртгэлийн цаасан мэдээллийг нөхөн оруулсан, Y-22 дугаартай бүртгэлд өмчлөгчийн хувийг тусгах талаар иргэнээс тодруулсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нараас зөрчлийг арилгасан талаарх хариу тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Аын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаар албан бичгээр ...улсын бүртгэгч нарын 65 зөрчлийн хүрээнд арилгах арга хэмжээ авч, улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн ажилласан талаарх хариуг тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хүргүүлсэн байхад түүнийг харгалзан үзэхгүйгээр шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.

3.20.Мөн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсаас үзвэл, шалгалтын үйл ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд цахимаар хийж гүйцэтгэсэн талаар илтгэх хуудаст даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан.

 

3.21.Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн У.Б*******гээр түр орлон гүйцэтгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаал хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

3.22.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Бг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул
уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

5.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан тушаал гарсан өдрөөс буюу 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн албан тушаалд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож, түүнийг дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар М.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ