Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01253

 

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01253

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01345 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ү ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал бууруулсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оноос Ү ХХК-д ажилтан, албаны ахлах ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2019 оны 8 дугаар сараас эхлэн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилгүйгээр өөрийн хийж гүйцэтгэх үүргээ сайн гүйцэтгэсэн. 2020 онд миний ахалж байсан Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы алба маань байгууллагын шилдэг албаар шалгарч, хагас жилийн ажлаар миний бие албаны шилдэг дарга болсон гэх мэтээр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлыг сайн гүйцэтгэсэн ба үүнийг байгууллагаас дүгнэж байсан. 2021 оны 3 дугаар сард хуучин захирал маань ажлаас чөлөөлөгдөн, шинэ захирал болох Ш.Л томилогдсон. Ш.Л захирал нь өмнө манай байгууллагад ажиллаж байсан. Захирал ажлаа хүлээн авсны дараа надтай уулзаж ярилцсан зүйл байхгүй. Гэтэл ажлын байртай холбоотойгоор зөвшилцөж, надад мэдэгдэхгүйгээр миний ажлыг өөрчилсөн. Захирлын туслах нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалыг орой 18:00 цагийн үед танилцуулсан. Би Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.А тай уулзаж тушаал ямар үндэслэлээр гарсан, би тушаалыг харлаа миний зүгээс ямар нэгэн зөрчилтэй холбоотой зүйл байхгүй байна. Надад мэдэхгүйгээр гэнэт тушаал гаргасан нь ямар учиртай вэ гэж тодруулж асуухад Ж.А дарга чи захиралтай уулз, би бол мэдэхгүй гэсэн. Хэд хоногийн дараа захирал Ш.Л тай уулзаж ямар үндэслэлээр уг тушаалыг гаргасан, би ажил үүргээ алдаа, дутагдалгүй гүйцэтгэсэн. Би ядаж албандаа ажилламаар байна гэхэд надад үгүй гэдэг хариулт хэлсэн. Захирал Ш.Л нь яриан дундаа өмнө нь өөрийг нь ажлаас халагдахад нь намайг өрөөнд нь орж суусан талаар өс хонзонгийн шинжтэй зүйл ярьсан. Гэвч би үүнийг нь хүлээж аваагүй. Тухайн үед удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу тэр өрөөнд орж суусан, түүнээс надад ямар нэгэн хувийн шалтгаан байгаагүй. Би ажилдаа эгүүлэн томилуулмаар байна, хэрвээ та үгүй гэж байгаа бол би шүүхийн байгууллагад хандаж үнэн, зөвийг нь тогтоолгоно гэж хэлээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд намайг хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул хуучин ажиллаж байсан Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний бие цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан. Б/20 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг нь заагаагүй бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд өөр албан тушаалд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байгаагүй болох нь, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Эрүүгийн цагдаагийн газарт нэхэмжлэгчтэй холбоотой шалгагдаж байгаа үйл баримт тогтоогдсонгүй. Сангийн яамнаас ирүүлсэн чиглэл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан шалгалтын удирдамжийн дагуу ямар нэгэн дүгнэлт гараагүй. Ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь ажлын шаардлага гэж байгаа боловч ажлын шаардлагатай холбоотойгоор ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэх мэт баримтгүй, ийм үндэслэлээр Б.Б г чөлөөлөөгүй гэдэг нь нотлогдсон. Тушаал нь өөрөө эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, уг хуулийг үндэслэсэн байх ёстой бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлийн аль нэгээр нь чөлөөлөх ёстой. Ингэж чөлөөгүй тохиолдолд тухайн тушаал нь эрх зүйн үндэслэлгүй байдаг бөгөөд ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл гэж үзнэ. Хэдийгээр хариуцагч нь ТУЗ-ийн өмнөх даргатай амаар зөвшилцсөн гэдэг боловч энэ үйл баримтыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. ТУЗ-ийн дарга нь ТУЗ-ийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш. Тус компанийн бүтцээр Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны дарга буюу албаны захирал нь нэг албан тушаал мөн гэдгийг хариуцагч хэлсэн. Үүнээс өөр албанд, албан тушаалыг нь бууруулж ахлах ажилтнаар томилсон гэдгийг ч хариуцагч зөвшөөрч байгаа. Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд заасан компанийн дүрмийн 8.1, 8.19.-т зааснаар бол гүйцэтгэх захирал тушаал гаргах эрх хэмжээг нь тодорхойлсноос биш нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон заалт биш. Дүрмийн 3.14, 3.16 дах заалт нь ажил хүлээлцэхтэй холбоотой заалтууд байгаа. Ажил хүлээлцэнэ гэдэг бол хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтантай ажил хүлээлцэх ажиллагааг зохицуулсан байдаг. Иймээс ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хууль зүйн үндэслэлгүй цуцалсан. Ингэхдээ өөр ажлын байранд үндэслэлгүйгээр томилж байгаа нь Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргаар ажиллаж байсан миний хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 24-ний Б/20 тоот тушаалаар нэхэмжлэгч Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны дарга Б.Б г Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны албаны мэргэжилтнээр, 1 400 000 төгрөгийн үндсэн цалинтай ажил үүрэгт томилсон байсан. Уг тушаал гарсаны дараа Б.Б надтай уулзсан. Би захиралтай уулзаж, манайх Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаггүй, Төрийн албаны тухай хуулийг дүйцүүлэх дүрмээр албаны дарга байсан хүнийг мэргэжилтэн болгоод цалинг бууруулах боломжгүй байна. Ийм учраас уг тушаалаа өөрчлөх талаар захиралд хэлсэн. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б/20 тоот тушаалд өөрчлөлт оруулан, Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны албаны судалгаа шинжилгээний ахлах ажилтан болгож, мөн үндсэн цалингийн хэмжээг өмнө авч байсан албаны даргын цалингаар буюу 1 700 000 төгрөгөөр тогтоосон. Гэхдээ тушаалын он, сар, өдөрт өөрчлөлт оруулаагүй. Ү ХХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн дагуу компанийн гүйцэтгэх захирал нь албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд Б.Б г гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлж өөр ажилд томилсон. Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам байдаг бөгөөд 2021 оны 4 дүгээр сард багтаж Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах ёстой байсан. 2021 оны 5 дугаар сард уг хурлаар ТУЗ-өөс баталсан 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлт, 2021 оны зорилтот түвшин, хэрвээ бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаа бол энэ өөрчлөлтийг хэлэлцэж батлах ёстой. Энэ агуулгаараа бид Ү ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг өөрчлүүлэхээр 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нийт 3 удаа ТУЗ-д саналаа явуулсан боловч тухайн үед ТУЗ хуралдаж шийдвэр гаргаагүй. Манай компанийн үйл ажиллагааг сайжруулах, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын үнэт цаас, хадгаламжийн үйл ажиллагааны сонгодог практик руу оруулах зайлшгүй шаардлага байгаа. Компанийн үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэх зорилтот шаардлага байгаа. Би үүнийг нотлох зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8-1/784 тоот Чиглэл өгөх тухай албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулаад хавтаст хэрэгт өгсөн байгаа. Уг албан бичигт Эрүүгийн цагдаагийн газарт танай компанийн нэр бүхий ажилтнууд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх, дотоод мэдээлэл ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулсан, гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэх зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 18.8 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн үйлдэл байгааг дурдаж, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн шалгаж байгаа тухай бичсэн байдаг. Үүний дагуу дээрх гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, урьд үйлдэгдсэн нуугдмал гэмт хэргүүдийг илрүүлэх зорилгоор 7 чиглэлээр арга хэмжээг нэн яаралтай авч ажиллахыг манай байгууллагад анхааруулж даалгавар өгсөн. Үүнээс үзэхэд манай компанийн үйл ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчигддөг, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл задардаг, түүнийг хувийн ашиг сонирхлоор ашигладаг үйлдлүүд бодитой байна гэж үзсэн. Үнэт цаасны зах зээл бол тусдаа зохицуулсан хуультай, төрийн чиг үүрэг болох үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааг Зохицуулалттай этгээд буюу манай компанид хуулиар хариуцуулан гүйцэтгүүлж байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигч Сангийн яам, Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө Компанийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмын хэрэгжилтийг хариуцах субъект юм. Иймд компанийн хэвийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл, нууцлалыг хариуцан, ажлыг сайжруулах, байгууллагад гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг арилгах, хуулиар хориглосон үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор өөрийн бүрэн эрхийн хүрээнд зарим эрх бүхий албан тушаалтнуудыг солих шийдвэрүүдийг гаргасны нэг нь нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаал болно. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан шалгалтын удирдамжид тус компанид үүсэж болохуйц эрсдэлийг тодорхойлсон. Энэ нь Ү ХХК дээр тодорхой хэмжээний эрсдэл үүсгэсэн үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжоор хориглосон үйлдлүүдийг үйлддэг гэдэг нь нотлогдож байгаа. Ийм нөхцөл байдлууд үүссэн учраас компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилье, удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх шаардлагатай гэж гүйцэтгэх захирал үзсэн учраас Б/20 тоот тушаал гарсан. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэг зүйл, хэсгийг зааж гаргаагүй учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй. Ү ХХК-ийн албаны даргыг сольж, ахлах ажилтнаар томилсонд гомдол гаргаж байгаа нь хэдийгээр хувь хүний эрхийн асуудал боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж улс орны хөрөнгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хангах, үнэт цаасны хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэл, кастодиан, үнэт цаасны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд мэдээллийн нууц алдагддаг, хувийн ашиг сонирхлоор ашигладаг асуудлыг цэгцлэх, хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах зайлшгүй шаардлага, улсын хэмжээний болон үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалтай шууд холбогдож байдаг. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б г урьд эрхэлж байсан Ү ХХК-ийн Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны даргын ажилд ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь тушаал буурсан хугацааны цалин зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт, түүний үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Ш.Л гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиглогдсон байсан. Миний бие Ж.А Ү ХХК-ийн Захиргаа санхүүгийн албаны даргаар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар томилогдон ажлаа хүлээж авахад тус компани дээр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн N241/01-11 тоот Хамтарсан шалгалтын удирдамж батлах тухай тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шалгалт явагдаж байсан. Тушаалаар батлагдсан Зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хийх хамтарсан шалгалтын удирдамж-ийн 1.1-д ...хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, учирч болзошгүй эрсдлийг тогтоох, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үүрэг даалгавар, заавар зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зөрчил, дутагдалд хариуцлага хүлээлгэхэд оршино гэж заасан. Мөн Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Чиглэл өгөх тухай 8-1/784 албан тоот ирсэн. Уг албан тоотод Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд танай байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8 дугаар зүйлийн 2.1-д заасан Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээлэл ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулсан, 18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан Гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө, мөнгө орлого гэж мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон авиваа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн... гэх зэрэг үйлдлүүдийг дурдаад ...гэмт хэргийн шалтгааныг арилгах талаар чиглэл өгсөн. Ү ХХК-ийн үйл ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчигддөг, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл задардаг, түүнийг хувийн ашиг сонирхлоор ашигладаг үйлдлүүд бодитойгоор байна гэж үзэх бүрэн үндэслэл байна. Бид нэхэмжлэгч Б.Б г энэ хэрэгт холбоотой гэж дүгнэлт хийгээгүй. Тийм ч эрх бидэнд байхгүй. Гагцхүү Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа бол Төрийн онцгой, хариуцлагатай үүрэг, функцуудийн нэг мөн. Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжийн нууцлалтай шууд харьцаж байдаг, дотоод мэдээлэл гэж хуулиар тогтоосон мэдээллүүд Ү ХХК-ийн мэдээллийн баазад цахим болон цаас хэлбэрээр хадгалагдаж байдаг.

Компанийн хэвийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл, нууцлалыг сайжруулах, байгууллагад гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг арилгах, хуулиар хориглосон үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор 2021 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Компанийн бүтцийг өөрчлөх тухай шийдвэрийн төслийг, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор компанийн зарим эрх бүхий албан тушаалтнуудыг солих шийдвэр гаргасан. Иймд Б.Б-ийн нэхэмжлэл гаргаж албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг үл зөвшөөрч байгаа болно. Б.Б г Стратеги, эрсдлийн удирдлага, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтнээр томилж үнэт цаасны хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэл, кастодианы албаны ахлах ажилтнаар томилсон. Нэхэмжлэгч Б.Б г ажлаас чөлөөлж халаагүй, цалинг нь өмнөх авч байсан хэмжээнд нь тогтоож өгсөн, албаны даргын албан тушаалаас ахлах ажилтнаар томилсон байхад албан үүргээ биелүүлээд удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудаа танилцуулаад ажиллаж болохгүй байгааг ойлгохгүй байна. Ү ХХК-ийн албаны даргыг сольж, ахлах ажилтнаар томилсонд гомдол гаргаж байгаа нь хэдийгээр хувь хүний эрхийн асуудал боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж улс орны хөрөнгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хангах, үнэт цаасны хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэл, кастодиан, үнэт цаасны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд мэдээллийн нууц алдагддаг, хувийн ашиг сонирхлоор ашигладаг асуудлыг цэгцлэх, хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах зайлшгүй шаардлага, улсын хэмжээний болон үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалтай шууд холбогдож байгаа гэдгийг анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал бууруулсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаал бууруулсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичиж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Б.Б 2009 оноос хойш тус байгууллагад ажилласан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Ү ХХК-ийн Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргаар томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалаар Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн Стратеги, эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албанд ахлах стратеги, судалгаа шинжилгээний ажилтнаар томилсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх5-9, 58 дах тал/

 

Нэхэмжлэгч нь сард 1 700 000 төгрөгийн үндсэн цалинтай, Стратеги, эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албаны ахлах стратеги, судалгаа шинжилгээний ажилтнаар томилогдож, уг ажил үүргийг гүйцэтгэж байгаа талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Б.Б Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажил албан тушаал бууруулсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1, Ү ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.9, хөдөлмөрийн дотоод журмын 3.14, 3.16 дах хэсэгт заасныг тус тус баримталжээ.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.9-д төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, өөрчлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн дотоод журам заавар гарган мөрдүүлэх болон эрх хэмжээний бусад асуудлаар журам батлах гэж зохицуулсан байна.

 

Мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.14-т захиргаа ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд ажил бүрэн хүлээлцсэнээр буюу өөрийн хариуцаж байсан эд хөрөнгө, албан баримт бичиг, шаардлагатай ажлын файл, бусад холбогдох материалыг ажил хүлээн авч байгаа ажилтан эсхүл ажил хүлээлцүүлэх комист картаар хүлээлгэн өгч тойрох хуудсаар санхүүгийн тооцоо хийсний дараа нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг олгоно, 3.16-д ажлаас чөлөөлөгдсөн этгээдийн ажлыг хүлээлцүүлсэн тухай тайланг ажил хүлээлцүүлэх комисс 2 хувь үйлдэн ажилтан болон захиргаанд тус тус хүлээлгэн өгч хадгалуулна гэж тус тус заажээ.

 

Дээрх тушаалд баримталсан Компанийн тухай хууль болон тус компанийн дүрмийн заалтууд нь ажилтныг өөр ажилд шилжүүлэх болсон хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд зааснаар ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар эсхүл сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэхээр зохицуулсан. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх хуульд заасан 3 үндэслэлээс хариуцагч тал ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардах эрхтэй байх үндэслэл нь ажлын зайлшгүй шаардлага бий болох юм. Өөр ажилд шилжүүлэх болсон ажлын зайлшгүй шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлэхээр зохицуулснаас үзвэл хариуцагчийн энэ талаарх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Б г хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн Стратеги, эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албанд ахлах стратеги, судалгаа шинжилгээний ажилтнаар томилсон тушаалаас үзвэл хуульд заасан үндэслэлээр өөр ажилд шилжүүлсэн бус, хуульд заагаагүй үндэслэлээр өөр ажил албан тушаалд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж томилсоныг ажлаас халсантай адилтган үзэж хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтны санаачилгаар, мөн хуулийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг тус тус цуцлахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заасан байна.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан шалтгаан нөхцөл үндэслэл бүрдсэн тохиолдолд л гэрээг цуцлах санаачилгыг ажил олгогч гаргах учиртай.

 

Хариуцагч байгууллага нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалаар Б.Б г Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын албан тушаалаас чөлөөлж ажлаас чөлөөлж, Стратеги, эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албаны ахлах стратеги, судалгаа шинжилгээний ажилтнаар томилсон тушаалд ажилтныг ажлаас чөлөөлж өөр ажил албан тушаал бууруулан томилсон үндэслэлээ заагаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тодорхойгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн гүйцэтгэж байсан Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын орон тоо хасагдсан, тухайн албыг татан буулгасан гэх нөхцөл байдал болон Б.Б нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон баримтгүй, тэрээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан талаар баримтууд хэрэгт авагдаагүй тул Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч нь тус компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажлыг сайжруулах, гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг арилгах, хуулиар хориглосон үйлдүүдийг таслан зогсоох зорилгоор компанийн зохион байгуулалт бүтцийг өөрчлөх, хяналтын тогтолцоог сайжруулах, зарим эрх бүхий албан тушаалтныг солих шаардлагатай байсан гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч хариуцагчийн дээрх тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй болно.

 

Иймд Б.Б г Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Стратеги, эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албаны ахлах стратеги, судалгаа шинжилгээний ажилтнаар томилсон Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/20 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэгч Б.Б г урьд эрхэлж байсан Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б нь тушаал буурсан хугацааны цалин зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8-1/784 тоот Чиглэл өгөх тухай албан бичигт нэхэмжлэгч Б.Б г эрхэлж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан шалгасан, буруутгасан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ