Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

2024     03        15                                                   2024/ДШМ/04               

 

Ө.*******од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Г.*******,

Шүүгдэгч Ө.*******,

нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******од холбогдох 2330000000218 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

2. Монгол Улсын иргэн, 1985 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг ******* задгай тоотод оршин суух,

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн /рд: *******/ Дарам ургийн овогт Өөдөсийн *******.

3. Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан Овоо” гэх газарт Тоёота пробокс маркийн 71-20 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4.б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 3.7 а/ Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн замаар зорчиж явсан Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль осолдож Д.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

   4.Хяналтын прокурор Г.******* нь шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 5.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  1. Сүхбаатар аймгийн Прокуророос шүүгдэгч Ө.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ө.*******од холбогдох 2330000000218 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүхийн шатанд шүүгдэгч Ө.*******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар энэ хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******оос 680,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд оруулж, шүүгдэгч Ө.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч Ө.*******оос иргэний нэхэмжлэгч Б.Солонгод 700,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Д.*******, иргэний нэхэмжлэгч Б.Солонго, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь өөрт учирсан бусад хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******од холбогдох 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, В, С ангиллын 1022346 дугаартай Жолооны үнэмлэхийг шүүгдэгч Ө.*******од буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

   6. Прокурор Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.******* би эрүүгийн 2330000000218 дугаартай Ө.*******од холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд хэргийн баримтаар шүүгдэгч Ө.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул Ө.*******од холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

  Цагаатгах тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудаас хэргийн үйл баримтын нэг хэсэг болох зөвхөн цагаатгах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүх гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй, яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй болно.

Шүүхээс хэрэгт авагдсан хэргийн жинхэнэ байдлыг тогтооход ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг нотлох баримтууд нь хэргийн жинхэнэ байдлыг үндэслэлтэй тогтооход хүрэлцэхгүй, учир дутагдалтай хийгээд эдгээрийг үндэслэн гаргасан мөрдөгчийн магадалгааг яллах баримтаар тооцож үнэлсэн нь нотолгооны ач холбогдлын хувьд эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” буюу “in dubio pro reo” зарчимд нийцэхгүй байна. Учир нь: Шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотолгооны стандартыг алдагдуулж “in dubio pro reo” зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, үгүйсгэх аль нэг шийдвэрийг гаргахын тулд үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгох үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотолгооны стандартыг нарийвчлан тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон олон улсын түвшинд тогтсон ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаардана. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан байхад гэмт хэргийн шинж хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүйг үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна.

Хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэх заалтын дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст шүүх шийдвэрээ гаргах боломжтой байсан бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгалгүйгээр /тухайлбал: техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах, мотоциклын жолооч Б.Алтантүлхүүрээс дахин мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийлгүүлэх/ хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ө.*******од холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, түүнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.  Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

7.Хяналтын прокурор Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Ө.*******од холбогдох эрүүгийн хэргийг  түүгээр  хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

9. Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй учир прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

10. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх гэдэгт эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа процессын хуулийн хэм хэмжээний бүх шаардлагад болон материаллаг хуулийг  үйл баримтад зөв зүй зохистой нийцүүлж хэрэглэснийг, үндэслэлтэй байх гэдэгт оролцогчдыг шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийн бодит байдал буюу үйл баримтыг  бүрэн тогтоохыг  тус тус ойлгодог.

11. Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ө.******* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу өөрөөр хэлбэл шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан Овоо” гэх газарт “Тоёота пробокс” загварын 71-20 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-ын Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, “3.4.б-ийн хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “3.7а-ын Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, “11.14-ийн жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Алтантүлхүүрийн жолоодон явсан “Хаужи” загварын улсын дугааргүй мотоцикл осолдож зорчигч Д.*******ы эрүүл мэндэд буюу зүүн эгэмний яс хугарч гэмтлийн хүндэвтэр зэргийн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, өөр хүнийг шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэхээр 2330000000218 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал: а/. Шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан Овоо”-ны тахилгын үеэр хүмүүстэй маргаж, муудаад байхаар нь хамаатан Д.******* шанаанд нь цохисон ба өөрийн “Тоёота пробокс” загварын 71-20 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэр лүүгээ харих замдаа урд яваа Б.Алтантүлхүүрийн мотоциклын ард сундалдан явсан *******тай уулзаж яагаад намайг цохисон талаар асуух зорилго агуулан ард нь явж байхад мотоцикл зүүн тал руугаа дараад унахад зам тээврийн аюул осол буюу дайрахаас урьдчилан сэргийлж, самбаачлан баруун тал руугаа дартал машин шарваж хөндөлсөөд хажуу талаараа ойчсон нөхцөл байдал тогтоогдсон.

б/. Хохирогч Д.*******ы:“... Алтантүлхүүр ахын мотоциклын ард суугаад зүүн урагш явсан. Нэг харахад ******* араас зайтай машинтайгаа явж байсан. Гэнэт Алтантүлхүүр ахын мотоциклынх нь гар салгалаад ойчих шиг болсон. Тэгээд босож ирээд харсан чинь *******ын машин хажуу талаараа онхолдсон байсан” гэх /хх-18-20х/, гэрч Б.Алтантүлхүүрийн: “... саахалт айлын ******* миний мотоциклын ард суугаад явъя гэхээр нь суулгаад гэрийн зүг явж байтал араас пробокс маркийн машин ойртож байгаа харагдсан. Мотоциклын руль булаагдаад хажуу талаараа онхолдсон. Миний ард явсан пробокс машин бид хоёрын хажуу талаараа унасан байсан” гэх /хх-32-33х/ мэдүүлгүүдээс дүгнэхэд Алтантүлхүүрийн мотоциклын хажуугаар ******* машинтай орж ирээд “зогс” гэж хэлсэн, ******* нь *******д шанаандаа цохиулсандаа шаралхан түүнтэй уулзахаар машинтай араас нь хурдтай хөөж явааг мэдсэний улмаас сандралд орж, хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй аюул, осол бий болж, түүнээс зайлан холдохын тулд замаас гарахаар мотоциклоо зүүн гар тийш дарж унагасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

в/. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоохын тулд ач холбогдол бүхий нотлох баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг байдаг ба энэ хэрэгт хэргийн газрын үзлэгийг шөнийн цагаар үзэгдэх орчин муу, хязгаарлагдмал орон зайд явуулснаас Ө.******* нь замын нөхцөл байдалтай хурдаа хэрхэн тохируулж, хэдэн километрийн хурдтай явсан, мотоцикл унахад машин хэдий зайнаас замаас гарсан, тэдгээрийн явж байсан хоорондын зай зэргийг тодорхойлох боломжгүй болсон.

12. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэх ойлголт нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаарах бөгөөд гэмт хэргийн объектив талд гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо байхын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг зайлшгүй багтаасан бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ шинжгүй бол гэмт хэрэг үгүйсгэгдэнэ. Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол. Харин тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоогүй болно.

13. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба гэм буруугийн бодит хамаарал буюу Б.Алтантүлхүүрийн мотоциклоо унагасны улмаас хохирогч Д.*******д хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд  Ө.*******ын барьж явсан машин ард ойртон ирсэнтэй шалтгаант холбоогүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                 ШҮҮГЧИД                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                              Ц.ЭРДЭНЭЗУУ